Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ХШТ/24

 

С.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Цэргийн дээд шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолтой, С.Дд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1939 оны байдлаар С.Д нь Улаанбаатар хотын төрсөн, 29 настай, эрэгтэй, Хэнтий дэх 7 дугаар дивизийн улс төрийн хэлтэст мэдээ хураах тасгийн дарга, морьт хороодын номын багш, хорооны бага даргын сургуулийн улс төрийн удирдагч, дивизийн улс төрийн хэлтсийн олон нийтийн ажлын байцаагч, Цэргийн түгээхийн харьяа Баянгол дахь салааны улс төрийн удирдагч, Баянтүмэн дэх нисэх онгоцны эскадрилын комиссар, Сонгино дахь нисэх онгоцны сургуулийн захирал, улс төрийн газарт зааварлагч албан тушаал хашиж байсан.

С.Д нь Ц.М, Д.Ж, Ч.Ш нарын хамт Баянтүмэний төвийн нисэх ангиуд дээр үүрлэн байгуулагдаж байсан Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүнд 1937 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянтүмэн дэх морьт корпусын комиссар байсан, эсэргүү Хүрэлд элсэгдсэн, Ардын хувьсгалт нас засгийг устгаж, хуучны хаант засгийг байгуулах явдлын төлөө өөрийн улс орны эрх ашгаас урван тэрсэлж, бүлэглэн нэгдсэн байгууллагыг эмхэтгэн зохион байгуулж байсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Цэргийн дээд шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн таслан шийтгэсэн 16 дугаар тогтоолоор С.Дг 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлүүдийг баримтлан буудан алах ял шийтгэжээ.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “С.Д нь Улаанбаатар хотын харьяат. Хамгийн сүүлд Сонгино дахь Нисэх онгоцны  сургуулийн захирлаар, Дивизионы комиссар нэртэй байж байгаад ажлаас халагдаж баривчлагдсан. Гол үйлдсэн хэрэг нь Ш.Ч, Ц.М, Д.Ж гэх хүмүүс нь Баянтүмэний төвийн нисэх ангиуд дээр үүрлэн байгуулагдаж Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн 1937 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн Баянтүмэн дэх морьт корпусын комиссар н.Х гэх хүнд элсэгдсэн. Ардын хувьсгалт нам засгийг устгаж, хуучны хаант засгийг байгуулах явдлын төлөө өөрийн улс орны эрх ашгаас урван тэрсэлж, бүлэглэн нэгдсэн байгууллагыг эмхэтгэн зохион байгуулж байсан гэмт хэргийг өдүүлсэн. Цэргийн Дээд шүүхийн таслан шийтгэх тогтоолоор дээрх 4 хүнд холбогдох хэргийг таслан шийтгэсэн. Шийтгэх тогтоол дээр Улаанбаатар хотын харьяат, ам бүл 7, 29 настай, Цусан гавьяаны улаан тугийн одонгоор 3 удаа шагнагдсан, энэ жил 29 настай Ч.Ш нь тухайн үеийн бүх цэргийн нисэх хүчний даргаар ажиллаж байсан. Одоо БНМАУ-ын баатар Ч.Ш, Өмнөговь аймгийн харьяат цэргийн гавьяаны одонгоор шагнагдаж байсан цэргийн нисэх хүчний штабын даргаар ажиллаж байсан Ц.М, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Д.Ж, нөгөөх нь С.Д нарт цэргийн дээд шүүхийн тогтоолоор ял шийтгэлийг оногдуулсан. Ингэхдээ Ч.Ш, С.Д нарыг 1939 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Сандагийн С.Д-д 1934 оны Шүүх  цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлүүдийг баримтлан буудан алах ялаар, Ц.М, Д.Ж нарыг мөн зүйл ангиар 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байгаа. Хавтаст хэрэг дэх Д.Ж-ийн мэдүүлэг /БНМАУ-ын Прокурорын 1968 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 420 тоот эсэргүүцлийн 5/-д/-т: “... надад үйлдсэн хэрэг байгаагүй боловч 1938 оны 11 сард баривчлагдан хөл газар хүрэхгүй өндөр сандал дээр суулган 5 хоног хоол, унд, нойргүй жижүүрлэгдэн байцаагдаж, эцэст нь хөдөлж чадахгүй чирүүлэн шорондоо хүргэгдэж байсан бөгөөд н.Б-д элсэгдэж, Ч.Ш, С.Д нар болон бусад хүмүүстэй харилцаатай байсан гэх зэрэг асуудлууд нь бүгд худал зүйл бөгөөд гагцхүү байцаагч бичээд, би ядарч зүдрэхийн эрхэнд хоёр яс салахын тулд л гарын үсгээ зурж байсан юм” гэж мэдүүлсэн байна.

С.Д нь мөрдөн байцаалтын явцад 6 удаа байцаагдсан. Түүний хамгийн сүүлийн буюу 1939 оны 08 сард байцагдахдаа “миний өмнө хэлсэн бүх мэдүүлгүүд бүгд худлаа, би эсэргүү бүлгэмд элсүүлж байсан түүх байхгүй. Намайг хууль болон баримтад тулгуурлан шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. Шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн Ч.Ш-ийн хэргийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор, 10 жил хорих ялаар шийтгүүлсэн Ц.М-ийн хэргийг  БНМАУ-ын Дээд Шүүхийн Бүгд Хурлын 1965 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар тогтоолоор, мөн 10 жил хорих ялаар шийтгүүлсэн Дансран овогтой Жүгдэрийн хэргийг БНМАУ-ын Дээд Шүүхийн Бүгд Хурлын 1968 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 020 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож, оногдуулсан ял шийтгэлийг нь цагаатгажээ. Тиймээс энэ тогтоолоор зөвхөн С.Д нь цагаатгагдаагүй үлдсэн. С.Д-тэй холбоотой цагаатгалын хэрэг байгаа эсэхийг Тагнуулын үндэсний төв архив болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хэлмэгдэгчийн судалгааны төвөөс мэдээлэл авахад цагаатгагдсан хэрэг байхгүй тухай хариу ирсэн. Иймд Цэргийн дээд шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолоос С.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн С.Дд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

2.Цэргийн дээд шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолоор С.Д-г “...ардын хувьсгалт нам засгийг устгаж, хуучны хаант засгийг байгуулах явдлын төлөө өөрийн улс орны эрх ашгаас урван тэрсэлж байсан...” гэж үзэн 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлүүдийг баримтлан буудан алах ялаар шийтгэжээ.

3.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд С.Д нь Баянтүмэний төвийн нисэх ангиуд дээр үүрлэн байгуулагдаж байсан Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүнд 1937 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянтүмэн дэх морьт корпусын комиссар байсан, эсэргүү Хүрэлд элсэгдсэн, Ардын хувьсгалт нам засгийг устгаж, хуучны хаант засгийг байгуулах явдлын төлөө өөрийн улс орны эрх ашгаас урван тэрсэлж, бүлэглэн нэгдсэн байгууллагыг эмхэтгэн зохион байгуулсныг шалгаж тогтоогоогүй бөгөөд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь үнэн зөв болохыг хөдөлбөргүй батлах баримт хэрэгт үгүй байх тул хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

4.Мөн С.Д-гийн элссэн гэх Бутачийн Гэндэнгийн хэргийг БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор;

дээрх хэргийг хамтран үйлдсэн гэх Ч.Ш-ийн хэргийг мөн БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор;

Ц.М-ийн хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1965 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар тогтоолоор;

Д.Ж-ийн хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1968 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 020 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 43, 45 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д хамаарч байх тул С.Дг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч Цэргийн дээд шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, С.Д-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцон холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн дээд шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр С.Д-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

             ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

    С.БАТДЭЛГЭР

    Ч.ХОСБАЯР

               Б.ЦОГТ