Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/05279

 

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/05279

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд бидаргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 51 дүгээр байр, 63 тоотод оршин суух, Модот овогт Долгормаагийн Баясгалан /РД-ЧК52030212/-гийн,

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Баясгалан шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1952 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн.

1971 оноос 1975 оныг хүртэл Боловсролын их сургуульд суралцаж төгссөн. Үүнээс хойш боловсролын салбарт насаараа ажиллаж байгаад энэ жил тэтгэвэртээ гарч байгаа юм.

1975 онд намайг ажилд ороход миний хөдөлмөрийн дэвтрийн овгийг буруу бичсэн байсан юм. Би тухайн үед залуу байсан учраас анзаараагүй, мөн тоохгүй, дараа нь зөв болгож болох байлгүй гэж бодож явсан.

Намайг 4-5 дугаар ангид байх үед манай аав Гэнэнгийн Дамба ээжээс салсан юм. Би Улсын багшийн их сургуулийг төгсөх хүртлээ эцэг Дамбаар овоглож байгаад, түүнээс хойш эх Долгороор овоглодог болсон.

Би энэ оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэртээ гарч, тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч Нийгмийн даатгалын газар таны овог зөрүүтэй байна шүүхээр тогтоолго гэсэн.

Иймээс хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Долгормаагийн Баясгалан мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Баясгалан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 4439 тоот лавлагаанаас харахад Хэнтий аймгийн Матад сумын 2 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 147 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Гэнэнгийн Дамба 34 настай, эхнэр Довдонгийн Долгормаа 35 настай, хүү Дамбын Баясгалан 4 настай, ... гэж бүртгэгдсэн, мөн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 000001489 тоот лавлагаанд хүсэлт гаргагчийг Дамба овогтой Баясгалан гэж бичжээ. /хх-7, 8 дугаар тал/

Хүсэлт гаргагчийн эхийн нэрийг Долгормаа гэдэг болох нь түүний иргэний үнэмлэх, 985 дугаартай төрсний гэрчилгээ, Монгол Улсын Ардын боловсролын тэргүүний ажилтан цол олгосон 7111 дугаартай үнэмлэх, 0850771 дугаартай гадаад паспорт зэргээр нотлогдож байх ба Д.Баясгалан нь Улсын багшийн дээд сургуульд суралцаж байхдаа болон цэргийн алба хаахдаа өөрийн овгоо Дамбаар бичүүлж байсан гэдэг нь мэргэжлийн үнэмлэх болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-4, 16-18, 20 дугаар тал/

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Модот овогт Долгормаагийн Баясгаланг, Дамбын Баясгалан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. /хх-5-6 дугаар хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч хүсэлт гаргагч Модот овогт Долгормаагийн Баясгаланг Дамба Баясгалан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД