Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 224/МА2026/00002

 

                                                                 Б.Т-ын нэхэмжлэлтэй,

   П.А-т холбогдох иргэний хэргийн тухай

   Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/00905 дугаар шийдвэртэй,

    Б.Т-ын нэхэмжлэлтэй, П.А-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч П.А-ын “Б.Т-ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч П.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай

     2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Б.Т нь 2021 онд П.А гэх хүнтэй тухайн хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Увс аймгийн Улаангом сумын х дугаар баг, х тоотод байрлах газраас хувааж худалдана гэсэн зарын дагуу холбогдож, тухайн хүний өмчлөлийн газраас 3 хуваасны нэгийг нь 10,000,000 төгрөгөөр худалдан авах талаар тохирч худалдан авсан.

     Тохирсон ёсоор миний бие 2021 оны 9 дүгээр сард П.А-ын Хаан банкны х тоот данс руу 7,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг, өөрийн эхнэр Г.Т-ийн Хаан банкны данснаас 2021 оны 10 дугаар сард 2,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг шилжүүлж,  П.А-т 10,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлэн өгч газраа худалдан авсан. Ингээд тус хашаанд буугаад хашааг цэвэрлэж, тохижуулан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед газрын гэрчилгээ банкны барьцаанд байгаа тул барьцаанаас чөлөөлж байгаад бичиг баримтыг чиний нэр дээр шилжүүлэн өгнө гэж П.А гуйсан тул настай хүн худлаа хэлэхгүй байх гэж итгээд гэрчилгээгээ авахгүйгээр мөнгөө төлөөд хашаандаа буусан. Гэтэл одоо хүртэл газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөөгүй бөгөөд гэрчилгээгээ авмаар байна гэхэд чамд баримт байхгүй, бас хөөн хэлэлцэх хугацаа чинь дууссан, чи шүүхээрээ яваад ав гэх зэргээр доромжлоод гэрчилгээг минь шилжүүлэн өгөхгүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу миний газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

     3. Хариуцагч П.А-ын татгалзал, татгалзлын үндэслэл: “Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2021 оны 9 дүгээр сард иргэн Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0,07 /32,21x21,73м.кв/ га талбай бүхий хэсгийг таллан өгөхдөө хашааны төлбөр болох 10,000,000 төгрөгийг 9 сардаа багтаан бүрэн төлөх, хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгөөр худалдахаар тохиролцсон.

    Гэтэл төлбөрөө тохирсон хугацаандаа барагдуулаагүйгээр барахгүй, удаа дараа гуйлган байж оны эцсээр төлж дуусгасан. Мөн бидний анх тохирсон зурвасаас гадагш сунган жорлонгийн урд талаар чиглүүлэн хашаагаа барьж байсныг би зогсоож, анхны заасан хэсгээр хашаагаа барьчхаад гэрчилгээгээ ав гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг 3 жилийн хугацаанд тавьсан нөхцөлийг биелүүлээгүй тул би газар өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлж мөнгөө буцааж авахыг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар батлуулах ёстой юм байна. Гэтэл бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй учир түүний хувьд өмчлөх эрхийг шилжүүлэх талаар шаардах эрх үүсээгүй байна” гэжээ.

     4. Хариуцагч П.А-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага ба шаардлагын үндэслэл: Б.Т бидний хооронд газар худалдах гэрээ, хэлцэл бичгээр байгуулагдаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т “бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус” гэж үзнэ гэж заасан. Иймд бидний хооронд хийсэн хэлцэл хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус тул өгсөн, авсан зүйлсээ буцааж авах үүднээс  сөрөг нэхэмжлэл гаргаж байна.  

     Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар Б.Т-ын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж, түүнийг албадан нүүлгэж өгнө үү” гэжээ.

      5. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/00905 дугаар шийдвэрээр:

   - Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.А-ыг худалдан авах гэрээний дагуу 1030 м2 газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж,

   - Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

     - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгох, хариуцагч П.А-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

   6. Хариуцагч П.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Үндсэн нэхэмжлэлийг хариуцагч миний зүгээс үл зөвшөөрч өөрийн тайлбар, гомдол, үндэслэл нотолгоог удаа дараагийн бүхий л шатны шүүх хуралдаанууд дээр гаргасан боловч шүүх хүлээж аваагүйгээр барахгүй, сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/00905 дугаар шийдвэр нь нэг талыг баримталсан өрөөсгөл, албан ёсны нотолгоо үл болох баримтад үндэслэн гарлаа. Шүүхийн шийдвэрт заасан газрын хэмжээг зөвшөөрөхгүй байна.

    ...Аймгийн Газрын албаны кадастрын зураг нь эргэлтийн цэгүүдийг тэмдэглээгүй, цэг хоорондын хэмжээг бичээгүй /энэ хэмжээг гаргахгүйгээр хашааны нийт талбайг тодорхойлох боломжгүй, баригдаагүй хашааны хэсгийг баригдсанаар тэмдэглэсэн/ тасархай шугамаар тэмдэглэгдэх ёстой байсан, байцаагчийн гарын үсэг, тамга тэмдэггүй, хүчин төгөлдөр бус баримт гэж үзэж байна.

   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, биет байдлын түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх,...” гэсэн заалтын дагуу ямар ч гэрээгүйгээр итгэлцлийн үндсэн дээр доголдолгүй, эрхийн ямар нэгэн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгө болох хашаагаа таллан зарж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тодорхой хугацааны дараа бичиг баримтаа хүлээлгэн өгөх гэтэл нэхэмжлэгч хашааны хэмжээг өөрчилж, тохирсон хэмжээнээсээ гадагшаа тавьж хашаагаа барьж байсан тул миний бие эс зөвшөөрч, бидний анхны тохирсон хэмжээгээр буюу 0.07 га-аар хашаагаа барьчхаад хашааныхаа гэрчилгээгээ гаргуулж ав гэхэд тухайн үед зөвшөөрч, барьж байсан хашаагаа зогсоосон байдаг.

     Түүнээс хойш удаа дараа шаардсан боловч за гэсээр өдий хүртэл ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр хууран мэхэлсээр ирлээ. Хэрвээ намайг хууран мэхлээгүй бол би тухайн үедээ л хашааг нь буулгаад өөрийнхөө хашааг тохирсон хэмжээгээр бариад авч болох байсан бөгөөд хэрвээ энэ үед маргаан гарсан бол миний бие шүүхэд хандах байсан. Үнэндээ нэхэмжлэгч биш би хохирогч болох ёстой.

   Шүүхийн шийдвэрт “Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу нэхэмжлэгч Б.Т-д 1030 м.кв хэмжээтэй газар зараагүй, бага хэмжээтэй зарсан гэж маргаж байгаа ч энэ талаар нотлох баримтаар нотлоогүй” гэжээ.

Иймд өөрийн нотолгоог дараах байдлаар илэрхийлж байна. Үүнд:

    - Нэхэмжлэгч Б.Т-ын өөрийнх нь зөв байсан бол хашаагаа гүйцээж барьчхаад эсвэл тухайн үедээ л шүүхэд хандаж болох байсан. Гэтэл бүтэн 4 жил ямар ч үйлдэл хийгээгүй. Ядаж л газрын албаар кадастрын зургийг ч болтугай гаргуулж болох байсан. Газрын албанд хандсан гэх боловч түүнийгээ батлаагүй. Мөн газрын хэмжээгээ нотариатчаар баталгаажуулж болох байсан.

     - Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга анхны шүүх хуралдаан дээр буюу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, дүгнэлтдээ “Талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сард гэрээний гол нөхцөл буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт заасны дагуу Увс аймгийн Улаангом суманд байрлалтай 0.07 га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Тухайн тохиролцоо талууд гэрээний гол нөхцөл болох 0.07 га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч байгаагаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үздэг” гэж газрын хэмжээг маш тодорхой хэлж баталсан байна. Ер нь анхны мэдүүлэг хамгийн үнэн байдаг. Тэгээд ч энэ нь нотлох баримт болно гэж найдаж байна.

     - Нэхэмжлэгч Б.Т-ын барьж байсан хашаа нь манай 00-ын урьд талаар баригдахаар чиглэгдэж /шулуунаар/ байсан бөгөөд энэ нь хариуцагчийн болон нэхэмжлэгчийн фото зурган дээр тодорхой харагдаж байгаа.

     ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан.

   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээрх 3 үйлдлийг нотлох баримтаар тогтоож, худалдсан хашааны зөрүү хэмжээ болох 330 м.кв газрыг буцаан олгохыг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү” гэжээ.

     7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.А нь нэхэмжлэгч Б.Т-тай анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа 0.07 га буюу гэр, хашааны зориулалттай газрын хэмжээгээр өгөхөөр тохирч, газраа хашаалсны дараа өмчлөх эрхээ шилжүүлэхээр тохирсон.

     Б.Т нь хашаагаа  татахдаа 0.07 га газраас илүү хэмжээгээр хашаалж эхэлсэн учраас анх тохирсон 0.07 га хэмжээгээр хашаагаа барь гэдэг байдлаар П.А маргаж, тэр үед нь хашаа барихаа зогсоосон, одоо хүртэл хашаагаа гүйцээж бариагүй байдалтай байгаа.

      Нэхэмжлэгч ч мөн 0.07 га газар худалдаж авахаар тохирсон гэдгээ анхан шатны шүүхийн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Тийм учраас 0.07 га газрыг өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.

    8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/00905 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.

      Хариуцагч талын шинжлэн судлуулсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд газрын хэмжээг 0.07 га гэж хэлэгдсэнээс болоод миний зарахаар тохирсон газар нь 0.07 га гэх тайлбарыг гаргасан.

    Б.Т тухайн газрыг 2021 онд худалдаж авахдаа өмчлөлийн газраас нь 1/3-ийг нь 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

     Нэхэмжлэгчийн хувьд Таван толгой ХХК-д тээврийн хэрэгсэл жолоодох ажил хийдэг учраас шүүх хуралдаан зарлагдах үед нь байгаагүйн улмаас эхнэртээ итгэмжлэл олгоод оролцуулсан. Шүүх хуралдаанд газрын хэмжээг хариуцагч талаас тодруулахад 2021 оноос хойш амьдарсан боловч албан ёсоор газрын мэргэжилтэн авч ирж, газрын хэмжээгээ тогтоолгоогүй учир мэдэхгүй байсан. Улмаар “...би сайн мэдэхгүй байна, 0.7 га байх” гэж хэлсэн. Үүнээс болоод хариуцагч “би 0.07 га газар зарахаар тохирсон гэх асуудлыг ярьж эхэлсэн.

   Анх төлбөр мөнгийг нь өгөөд худалдаж авахаар тохирч, хашаалсан газар нь одоо ч яг хэвээрээ байгаа гэдэг нь үзлэгийн тэмдэглэлд тусгасан гэрэл зургаас харагддаг. Тухайн хашаалж, тохирсон газарт хэмжилт хийлгээд үзэхэд 1030 м.кв байгаа. Тиймээс энэ хэмжээгээр худалдаж авахаар тохирч 10,000,000 төгрөг төлсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж харж байна.

   Мөн маргаан бүхий газарт үзлэг хийхээр очиход хариуцагчийн нэр дээр байх 3500 м.кв газрыг 3 хэсэг болгоод, 2 захын хэсгийг нь 2 өөр хүнд зарчихсан, голын хэсгийг нь хариуцагч өөрөө эзэмшдэг гэх байдалтай байсан. Дээд талын газрыг авсан иргэн, Б.Т-тай адилхан нөхцөл байдалтай, амьдраад байгаа боловч ямар нэгэн гэрээ, гэрчилгээ нь байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа чинь дууссан, мөнгөө бэлнээр өгсөн учир нотлох баримт байхгүй гэх асуудлаар хандаж байгаа нөхцөл байдалтай байна.

     Энэ хүний нэр дээр байгаа 3500 м.кв газар нь бодит байдалд 3 хуваагдаад, 3 өөр эзэмшигч эзэмшиж байгаа боловч 2 иргэнд нь албан ёсоор өмчлөх эрх  шилжээгүй байна. Тухайн үед амаар тохиролцсон бөгөөд бичгээр гэрээ байгуулагдаагүй, бичгээр гэрээ байгуулаагүй нөхцөл байдлыг далимдуулаад хариуцагч эхлээд маргахдаа, бичгээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулаагүй учраас хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй гэж маргаж явж байгаад одоо нэхэмжлэгчийн төлөөлөгч орж ирээд хэмжээгээ мэдэхгүй байна, 0,7 байх гээд хэлэнгүүт би энэ хүмүүст анхнаасаа 700 м.кв газар л зарсан гэдэг нөхцөл байдал руу шилжээд байгаа юм.

    Хэдий бичгээр гэрээ байгуулаагүй ч энэ хүмүүс анхнаасаа амаар тохиролцсон мөн нэхэмжлэгч анх нэхэмжлэлээ гаргахдаа 3/1 гэж гаргаснаас харагддаг. Хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байгаа. Хариуцагч нийт 3587 м.кв газрыг өмчилдөг нь тогтоогдсон. Үүнээс 3/1 нь хэмжилтээр тогтоогдоод байгаа 1030 м.кв дотроо багтаж байгаа учраас энэ хэмжээгээр анх тохирсон юм байна гэж үзэх боломж байгаа.

     Хариуцагч миний бие засах газрыг хашаа сунгаснаас болоод нэхэмжлэгчийн газарт орсон гэж ярьж байгаа боловч бодит байдалд тухайн бие засах газар нь нэхэмжлэгчийн хашаанд байхгүй, анх тохиролцохдоо яг араар нь хашаалахаар зааж өгсөн гэж ярьдаг. Тухайн газарт нь очоод харахад Б.Т гэдэг хүнд зааглаж өгсөн хашаанаас зүүн гар талын хэсэг нь хуучин зоорь байсан хэсэг буюу нураад уначихсан нүх байгаа учир түүнийг сунгах боломжгүй.

   Ийм учраас 1030 м.кв буюу анх тохирсон 3/1 гэсэн хэмжээгээр нь худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Хариуцагч П.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/00905 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

    2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч П.А-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.А эс зөвшөөрч маргаж, Б.Т-ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.А-ыг худалдан авах гэрээний дагуу 1030 м2 газрын газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

    4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

   Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу зохигчдын маргаж буй маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

   4.1. Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..2021 онд П.А гэх хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, х тоотод байрлах газраас хувааж худалдана гэсний дагуу тухайн хүнтэй холбогдож, тухайн хүний өмчлөлийн газраас 3 хуваасны нэгийг нь 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг бүрэн шилжүүлсэн боловч одоо хүртэл газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөөгүй тул миний газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү” гэж,

    - нэхэмжлэгч Б.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “...Худалдан авсан газартаа үзлэг хийлгэж, хэмжүүлэхэд 1030 м.кв байсан. Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу миний 1030 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү” гэж,

       - хариуцагч П.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2021 оны 9 дүгээр сард Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0.07 га талбай бүхий газрын хэсгийг таллан өгөхдөө төлбөр болох 10,000,000 төгрөгийг 9 сардаа багтаан бүрэн төлөх, хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгөөр худалдахаар тохиролцсон.

    Нэхэмжлэгч нь анх 0.07 га газар өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байсан, одоо 1030 м.кв газар болгож нэмэгдүүлсэн байна. Би анх зарсан 0.07 га газрыг шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна, харин илүү хашиж авсан хэсгийг зөвшөөрөхгүй тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардаж байна” гэж тус тус тайлбарласан.  

    Талуудын хооронд анх газар худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байх ба хариуцагч П.А-ын өмчлөлийн газраас хэдий хэмжээний газрыг худалдан авагч буюу Б.Т-д шилжүүлэн өгөхөөр тохирсон талаар талууд маргаантай байна, маргааны үйл баримтыг тогтооход хүрэлцэхүйц хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.  

     Зохигчдын хооронд үүссэн маргааныг өмнө нь анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг хариуцагчийн гомдлоор давж заалдах журмаар хянан хэлэлцээд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалаар маргааны үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх ба уг магадлалд заасан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй байна.

    4.2. Хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, нэхэмжлэгч Б.Т-ын хашаалсан байгаа газрын талбайн хэмжээ, байрлал, бүрэн хашаалсан эсэхийг тодруулах зорилгоор эрх бүхий байгууллагын мэргэжилтэнг оролцуулан үзлэг хийх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 177, 178-р тал/ гарсны дагуу Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч, Улаангом сумын газрын даамал нарыг оролцуулан Увс аймгийн Улаангом сумын х дугаар баг, х тоотод байрлах, иргэн П.А-ын өмчлөлийн, нэгж талбарын  дугаартай газарт үзлэг, хэмжилт хийсэн байна.

      Хэмжилтээр Б.Т-ын хашаалсан газрын хэмжээг 1030 м2 гэж тогтоосон боловч маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлд нэхэмжлэгч Б.Т-ын хашаалсан газрын зураглалын эргэлтийн цэгүүдийг тэмдэглээгүйн улмаас үзлэг тодорхой бус болсон. Нэхэмжлэгч, хариуцагч нар газрын хэмжээний талаар маргаж байгаа тохиолдолд эргэлтийн цэгээр тодорхойлогдох талбайн хэмжээг зайлшгүй тогтоох шаардлагатай.

   Мөн анх нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон гэх хэмжээгээр газрыг бүрэн хашаалсан эсэх, хашаалаагүй хэсэг нь хэдэн метр байгаа талаар, мөн  хариуцагч П.А-ын тухайн байрлалд өмчилж буй нийт газрын талбайн хэмжээ буюу х нэгж талбарын дугаартай газрын хэмжээг тэмдэглэлд тусгаагүй тул үзлэг бүрэн хийгдээгүй гэж үзнэ.

     Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 181-р тал/ болон хэмжилт хийсэн зураглал /хх-ийн 188-р тал/-аар газрын нийт хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

     Үзлэг, хэмжилтээр Б.Т-ын хашаалсан газрын хэмжээг 1030м2 гэж тогтоосныг үндэслэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 1030 м2  газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэж тодруулсан байх ба шүүх уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг анх тохирсон 0.07 га хэмжээнээс илүү газрыг хашаалж авсан гэж маргасан, хэргийн баримтаар маргааны энэ үйл баримт тогтоогдоогүй байна.         

    5. Анхан шатны шүүх зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийхдээ дутуу хийсэн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

   6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч П.А-т олгох үндэслэлтэй байна.          

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/00905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч П.А-ын давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.А-т олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА

                                                                       ШҮҮГЧ                               Д.КӨБЕШ               

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН