Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 224/МА2026/00001

 

                                                                                                            Ц.Ж-ийн нэхэмжлэлтэй,

                  Б.О-т холбогдох иргэний хэргийн тухай

         Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2025/01111 дүгээр шийдвэртэй,

    Ц.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-т холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгч Ц.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай.

     2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Увс аймгийн Засаг даргын 2017 оны захирамжаар х нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 786,7 м.кв газар өмчилж авсныг Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэж 000421686 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

       Гэтэл миний өмчлөлийн газарт манайхыг эзгүй байх үед Увс аймгийн Улаангом сумын иргэн, хажуу хашаанд амьдардаг Ц /О/ миний зөвшөөрөлгүйгээр манай хашааг буулгаж байшин барьсан байсан. Чөлөөлж өгөхийг хүссэн боловч чөлөөлж өгөөгүй. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж чөлөөлүүлэх хүсэлт өгснөөр Газрын албанаас хүмүүс ирж шаардлага тавьсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Иймд миний эзэмшлийн газрыг бусдын эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

      3. Хариуцагч Б.О-ийн татгалзлын үндэслэл: “ Манайх 2021 онд хашаагаа Б гэдэг хүнээс худалдаж авсан. Б гэж хүн хотоос эхнэртэйгээ ирээд гэрчилгээгээ шилжүүлэхдээ энэ хэсэг нь манай тал, энэ хэсэг нь танай тал шүү гэдгийг ярилцсан. Тэр үед Ц.Ж гуай эхнэртэйгээ хамт байсан. Манайх айлын хашаа руу оруулж байшин бариагүй. Олон жил үе дамжиж ирсэн хуучин амбаарын суурин дээр шинээр амбаар барьсан. Нэхэмжлэгчийн байшингийн цонхны хажууд манай хашаа байсан. Нэхэмжлэгч нь манай байр харанхуйлаад байна, танайх хашаагаа жаахан цаашаа тавиад өгөөч гэхээр нь манайх хашаагаа бага зэрэг өөрийн тал руу шахаж барьсан. Манайх өөрөө их том хашаатай. Хүний эзэмшлийн 5, 10 метр газрыг булаацалдаад байх шаардлагагүй. Ж нь Б гэдэг хүнийг эзэмшиж  байхад” энэ газар манайх шүү” гэдгийг огт хэлээгүй байж, намайг зардал мөнгө, хүч хөдөлмөрөө гаргаад барилга барьсны дараа гэнэт газрын талаар маргаан гаргаад байгааг ойлгохгүй байна. 2021 оноос хойш 3 жилийн хугацаанд тэр хашаа амбаар нь тэндээ бариатай хэвээрээ байж л байсан. Тэр хугацаанд ч бидэнд юу ч хэлээгүй. Ямар шалтгаанаар ингээд байгааг асуух хүсэлтэй байна” гэжээ.

     4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2025/01111 дүгээр шийдвэрээр:

     - Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ж-ийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

      - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

     5. Нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

    Учир нь иргэн Ц.Ж-ийн хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хаан шоргоолж” гэх компанид жолоочоор ажилладаг бөгөөд түүнийг ажил дээрээ байх цаг хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Б.О түүний эзэмшлийн газарт Ж.Н, н.Л гэх хоёр хүнээр барилга бариулсан байсан бөгөөд Ц.Ж Улаанбаатар хотоос 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ирсэн.

      Гэтэл гэрч Ж.Н-н мэдүүлэгтээ, түүнийг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт байсан боловч барилгын ажил эхлэх үед “ барилгаа зогсоо” гэх шаардлага тавьж байгаагүй гэж худал мэдүүлсэн байсан ба шүүх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс зөвхөн Ж.Н-ийн мэдүүлгийг үнэлж, бусад гэрчүүд болон нэхэмжлэгч Ц.Ж-гийн мэдүүлэг, тайлбарыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

      Шүүх хуралдааны явцад шүүхээс Ц.Ж-г “та гэртээ байгаагүй бол танай гэрт насанд хүрсэн, том хүн байсан уу” гэж асуусан бөгөөд түүний “эхнэр гэртээ байсан боловч өглөө эрт зах руу явж, орой буудаг байсан” гэх хариултыг сонсоод дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэн.

      Иргэний хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаас үзвэл тухайн цаг хугацаанд зөвхөн Ц.Ж өөрийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаар хэлж, барилга барихгүй байх талаар шаардлага гаргах эрхтэй байсан.

     Тодруулбал, тухайн газрын өмчлөх эрх зөвхөн Ц.Ж-д байгаа бөгөөд өөрийн өмчлөлийн газартай холбоотой шаардах эрх зөвхөн түүнд бий.

      Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1111 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       6. Нэхэмжлэгч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагт  хот хоорондын тээврийн “Ач буян” ХХК-ийн 99-77 гэх улсын дугаартай автобусаар Улаанбаатар хотоос гэртээ ирсэн. Анх гэрээсээ 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот уруу явж, 10-нд Цогтцэцийн автобусаар ажилдаа очсон.

     Намайг эзгүй байх хойгуур тухайн байшинг бариад, манай эхнэр надад 23-ны өдөр хэлсэн даруйд нь би ажлаасаа чөлөө аваад ирэхэд 3-4 хоногийн дотор маш хурдан бариад дуусчихсан, намайг ирэхэд дээврээ тавьчихсан байсан.

      Хариуцагч талын хэлж байгаа тайлбарт ганц ч үнэн үг байхгүй. Тухайн газар нь анхнаасаа 2 айлын том хашаа байсныг н.Д гэх хүн намайг гуйгаад нэг жижигхэн шавран амбаарыг хадам ахынхаа хашаа болон манай хашаа хоёрыг холбож бариад амьдарч байгаад бурхан болсноос хойш нэлээн олон жил эзэнгүй байсан.

      Дүү нь н.Б гэх хүн цаад айлуудтайгаа маргалдаж, манай хашаагаар орж гарч амьдардаг байж байгаад 2021 онд Б.О гэх хүнд зарсан байсан.

      Тухайн газрыг худалдаж авсан хүмүүст нь би “энэ газар чинь манай газар шүү, гэрчилгээ баримт нь бүгд байгаа” гэж хэлсэн боловч тоогоогүй, эхнэр Улаанбаатар хот руу бараандаа яваад ирэх хугацаанд, намайг ажилдаа явсан буюу манайх эзгүй хойгуур бүгдийг нь тооцоолж байгаад байшин барьсан.

      Гэрчээр мэдүүлэг өгсөн Н гэх хүнтэй хариуцагч тал нь садан төрлийн холбоотой хүмүүс байсан. Манай эхнэр өглөө нь ирээд та нар наад ажлаа зогсоо, энэ газар чинь манай нөхрийн өмчлөлд байдаг газар, манай нөхөр ажилдаа явсан эзэнгүй байгаа гэхэд нь “бид 2 мэдэхгүй ээ,  хөлсний ажилчид” гэж хэлсэн байсан.

     Хариуцагч Б.О гэх хүн нь үүнийг огт тоолгүйгээр 5 хоногийн хугацаанд маш хурдан барьсан. Би 26-ны өдрийн автобусаар ирээд, 27-ны өдөр барьж байсан 2 хүнтэй нь өөрийн биеэр уулзаж, 30-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдлөө өгсөн.

     Барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн н.Л, н.Н гэх хүмүүс сүүлд надтай уулзаад, намайг гуйгаад байгаа талаар би бичиг хийж өгсөн гэж хэлсэн.

      Мөн би эхнэрийг маань шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүгчийн туслахаар нь дамжуулан шүүхэд өгсөн боловч одоог хүртэл надад албан ёсны хариу өгөөгүй” гэв.

     7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Анхан шатны шүүхээс гэрч Ж.Н-н мэдүүлгийг үндэслэн энэ хэргийг шийдвэрлэсэн.

     Гэтэл Ц.Ж-гийн тайлбараар, тухайн барилга байгууламж барьж байх хугацаанд нь гэртээ байгаагүй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан хад гэх газарт ажиллаж байсан нь нотлогддог.  

      Эхнэр нь түүнд утасдаж хэлсний дагуу 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Улаангом суманд ирээд, 5 дугаар сарын 27-ны өдрөөс газрын албанд хандаж, тухайн газарт хэмжилт хийлгээд, зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон,  газрын албаны улсын байцаагчийн дүгнэлт гарсан нь хэрэгт авагдсан байгаа.

      Тухайн дүгнэлтээр Ц.Ж-гийн эзэмшлийн газар руу 17.2 м.кв хэмжээгээр оруулж байшинг барьсан гэх үйл баримт тогтоогддог. Үүнтэй хариуцагч маргадаггүй.

     Анхан шатны шүүх мөн үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн.

     Тус зүйл хэсэгт газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заасан.

      Гэтэл зөрчсөн үйлдэл нь Ц.Ж-г эзгүй үед эхэлсэн байсан, тэрээр тухайн зөрчлийг мэдсэн даруйдаа ажлаасаа чөлөө авч ирээд газрын албанд хандаж, өргөдөл гомдлоо гаргасан байсан. Газрын албаны хүмүүс удаа дараа ирж хэмжилт хийж, дүгнэлтээ гаргасан. Хуульд заасан хугацаанд нь мэдэгдэл, шаардлагаа хүргүүлсэн боловч чөлөөлж өгөхгүй байсаар цаг хугацаа алдсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр буюу наадмын амралтын дараагийн өдөр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

       Гэрч Ж.Н, Д.Л нар хариуцагч Б.О-с хөлс мөнгө авч тухайн байшинг барьсан учраас магадгүй Б.О-ийн эрх ашигт илүү нийцсэн мэдүүлэг өгөх боломжтой байхад шүүх зөвхөн гэрч Ж.Н-н мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

      Хэрэгт нотлох баримт хангалттай цуглараагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

     Тухайн хашаа, байшин 2017 оноос хойш Ц.Ж гэх нэг иргэний өмчөөр бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Түүний эхнэр нь тус газрын өмчлөгч нь биш, Ц.Ж хууль ёсны өмчлөгч юм.

      Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг.

       ... Өмчлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний суурь эрх. Эзэнгүй байхад нь хөрш залгаа айл нь түүний өмчлөх эрхэд нь халдаж, барилга барьснаар эцсийн үр дүнд өөртөө давуу байдлыг бий болгодог зүйл  байх ёсгүй.

      Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

     8. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох 7 үндэслэлийг заасан.

       Эдгээр үндэслэлүүдээс аль үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаагаа нэхэмжлэгч тал тайлбарласангүй.

      Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн эсхүл, нотлох баримт гүйцэт шалгаж тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзээд байгаа юм уу гэдгийг тодруулж ярьсангүй.

      Хоёрдугаарт, зөвхөн гэрч Ж.Н гэдэг хүний мэдүүлэгт үндэслээд хэргийг шийдвэрлэсэн гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.О гэх хүний зүгээс 2 удаа хариу тайлбар гаргасан. Тухайн тайлбартаа “намайг барилгын ажлаа хийлгэж байх үед нэхэмжлэгч талын эхнэр, нөхөр аль аль нь гэртээ байсан” гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр хэрэгт авагдсан яг ямар баримтад үндэслээд гэрч худлаа мэдүүлэг өгчихлөө гэж яриад байгаа юм бэ. Бид хуульч хүмүүс учраас хэрэгт авагдсан баримтдаа тулгуурлаад хууль зүйн дүгнэлтээ хийх ёстой.

       Учир нь Ж.Н гэдэг гэрчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худлаа мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулаад, гарын үсэг зуруулаад мэдүүлэг авсан байгаа. Мөн нэхэмжлэгч тухайн үед эзэнгүй байсан гэх нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй.

       Тус хэрэг 2024 оны 7 дугаар сард иргэний хэрэг үүсээд 1 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан.

      Нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах хүсэлтээ гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч талын эрх, үүргийн асуудал. Энэ эрх, үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй. Үүнд шүүхийг буруутгах боломжгүй.

   Анхан шатны хурлын тэмдэглэлд тусгагдсанчлан, нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа буюу тус газарт вагончик тавигдахаас өмнө манай газар байсан гэж маргаад байгаа юм уу, эсхүл 2024 онд тоосгон амбаарыг шинээр сэргээн блокон амбаар болгохдоо эрхийг нь зөрччихлөө гэж маргаад байгаа юм уу гэдэг байдлаар тодруулсан.

     Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар болон Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасны дагуу гаргаж байгаа тохиолдолд ч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа яригддаг. Тиймээс нэхэмжлэгчийн эрх ашиг хэзээ зөрчигдсөнөөс хамаарч аль хөөн хэлэлцэх хугацааг тоолох асуудал яригдана. Гэтэл нэхэмжлэгч тоосгон амбаар байхаас өмнө вагончик байхад нь түр хугацаанд миний газрыг гуйгаад тавьсан байсан, анхнаасаа миний газар гэж маргаж байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн эрхийг 1998 он буюу вагончик тавьсан үеэс зөрчсөн байна. Энэ үеэс нь хөөн хэлэлцэх хугацааг тоолбол Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан 10 жилийн хугацаа аль хэдийн дууссан байгааг хэлмээр байна.

      Эзэмшигч байсан учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах боломжгүй байсан, өмчлөгч болсноор нэхэмжлэл гаргах эрх үүссэн гэж яриад байгаа. Иргэний хуулийн 92 дугаар зүйлд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны эзэмшигч нь өмчлөгчтэй адил тооцогдож явдаг учраас эзэмших эрхийг нь зөрчиж байгаа ямар нэгэн үйлдлийг зогсоолгохоор нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан.

      Эзэмшигч болсон үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2004 онд Засаг даргын захирамжаар эзэмшсэн тул мөн 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2014 онд дууссан байна. Өмчлөгч болсон хугацаа 2007 он гэвэл 2017 онд эрх зөрчигдсөн гэх асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж харж байна.

      Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаас гадна хөршийн эрхийн асуудал яригдах ёстой. 2 талын үл хөдлөх эд хөрөнгийн буюу улсын бүртгэлээс ирүүлсэн баримт бичгүүдээр хөрш залгаа эд хөрөнгө гэдэг нь тогтоогдчихсон учир Иргэний хуулийн 137 дугаар зүйлийг хэрэглэх ёстой.

     Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.2 дахь хэсгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа тухайн үед нэхэмжлэгч гэртээ байгаагүй гэдэг байдлаар ярьж байна.

       Гэтэл Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэг нь тухайн үйлдлийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс тоолно гэдэг агуулгаар хуульчлагдаагүй, заавал императив буюу үүрэг болгож хуульчилсан хэм хэмжээ юм.

     Үүнээс үзэхэд хил зөрчиж байгаа үйлдэл эхлэхээс өмнө, эсхүл эхэлсэн даруйд зогсоох арга хэмжээ аваагүй бол хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байхаар нэхэмжлэгчид үүрэг болгосон.

       Тухайн тоосгон амбаар нь шинэчлэгдээд блокоор баригдахдаа 45 м.кв болж яг цонхны дэргэд нь баригдаж байхад “бид зах дээр ажилладаг учир мэдээгүй, сүүлд нь мэдсэн” гэж ярьж байгаа нь бодит байдалд мэдээгүй байх боломжгүй гэж харж байна.

       Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэг нь мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс бус эрх зөрчсөн үйлдэл гарсан даруйд зогсоох арга хэмжээ аваагүй бол зөвшөөрсөн гэж зохицуулсан байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2025/01111 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

     2. Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч Б.О-т холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.О эс зөвшөөрч маргасан байна.

    3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ж-гийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

    4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

    5. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй буюу зохигчдын маргаж буй маргааны үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

     5.1. Нэхэмжлэгч талаас “2024 оны 5 дугаар сард миний өмчлөлийн газарт манайхыг эзгүй байх үед, миний зөвшөөрөлгүйгээр манай хашааг буулгаад газар дээр нь байшин барьсан байсан. Хариуцагч нь газрыг чөлөөлж өгөөгүй тул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар чөлөөлүүлэх хүсэлт өгснөөр газрын албанаас хүмүүс ирж шаардлага тавьсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Иймд миний эзэмшлийн газрыг бусдын эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан,  

      хариуцагч талаас “маргаан бүхий газрыг 2021 онд Н.Б гэх хүнээс худалдаж авсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч Ц.Ж түүний эзэмшлийн газар луу оруулж блокон амбаар барьсан асуудлын талаар мэдэгдээгүй. Өмнө нь шүүхэд хандаж шаардлага гаргах боломжтой байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч Ц.Ж нь 2004 онд газар эзэмших эрхийг шилжүүлж авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шаардлага гаргах эрхгүй. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч нар хөрш залгаа газрын эзэмшигч, өмчлөгч нар бөгөөд хариуцагч Б.О-г маргаан бүхий газарт байшин барьж байгааг нэхэмжлэгч Ц.Ж мэдсээр байж Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т заасны дагуу шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан байна.

      Анхан шатны шүүх: “...нэхэмжлэгч, хариуцагч нар нь хөрш залгаа газрын өмчлөгч, эзэмшигч байна, хариуцагч Б.О нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Ц.Ж-гийн өмчлөлийн газрын 17.2 мкв талбай бүхий хэсэгт барилга барьсан нь хэргийн баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.О-г хөршийн хил зөрчиж барилга барих үед буюу барилга барихаас өмнө уг үйлдлээ зогсоох талаар шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэх агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

     5.2. Нэхэмжлэгч Ц.Ж нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “миний өмчлөлийн газарт манайхыг эзгүй байх үед, миний зөвшөөрөлгүйгээр манай хашааг буулгаж, байшин барьсан байсан тул Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандаж, газар чөлөөлүүлэх хүсэлт өгсөн” гэж тайлбарласан,

       мөн хэрэгт авагдсан Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 35-31-01/046-01 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 43-р тал/-д: “...тус газарт 7-р багийн иргэн Ц.Ж-с ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу улсын байцаагч С.М, геодези зураг зүй хариуцсан мэргэжилтэн М.С 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэмжилт хийхдээ иргэн Б.О-г байлцуулан хэмжилт хийж, зөрчилтэй байсан тул албан мэдэгдэл өгсөн. Тухайн иргэн хашаагаа чөлөөлөөгүй тул Ц.Ж шүүхэд хандсан. Шүүхээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу тухайн газарт дахин хэмжилт хийхэд, тухайн айлын хашаа уруу 17.2 м.кв оруулж барьсан болохыг тогтоосон...” гэж бичсэнээс үзэхэд, нэхэмжлэгч Ц.Ж нь 2024 оны 5 дугаар сард өөрийн өмчлөлийн газрын өмчлөх эрх зөрчигдөж буй талаар холбогдох төрийн байгууллагад хандаж гомдол гаргасан,   

     уг гомдлын дагуу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтнууд маргааны бүхий газарт хэмжилт хийж, зөрчлийг тогтоон, холбогдох иргэнд албан мэдэгдэл хүргүүлсэн, мөн уг газрын маргааны асуудлаар улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна.

     Гэтэл шүүхээс, хариуцагч Б.О-ийг хөршийн хил зөрчиж барилга барих үед буюу барилга барихаас өмнө уг үйлдлээ зогсоох талаар нэхэмжлэгч Ц.Ж шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь  хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслээгүй байна. 

       Нэхэмжлэгч Ц.Ж хариуцагчийг өөрийнх нь өмчлөлийн газар дээр байшин барих гэж байгаа талаар урьдчилан мэдэж байсан, улмаар байшин баригдах явцыг харж мэдсэн, зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэх хангалттай үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй.

      Хэрэгт авагдсан дээрх улсын байцаагчийн дүгнэлтэд “...иргэн Ц.Ж-гийн ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэмжилт хийсэн” гэж бичсэнээс өөрөөр хэрэгт Ц.Ж-с гаргасан гомдол болон түүнийг шийдвэрлэсэнтэй холбоотой нотлох баримт авагдаагүй. Тодруулбал,  нэхэмжлэгч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хэзээ, хэрхэн, ямар агуулга бүхий гомдол, хүсэлт гаргасан, гомдол хүсэлтийг хэдий хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн дүгнэлтэд дурдсанаар зөрчил арилгуулах мэдэгдлийг хэзээ, хэнд хүргүүлсэн, хариуцагч талаас хариу тайлбар, хүсэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байх ба эдгээр нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байна.

      5.3. Түүнчлэн хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд  нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс хэдий хэмжээний газар чөлөөлүүлэхийг шаардаж байгаа нь тодорхой бус, өөрөөр хэлбэл дээрх улсын байцаагчийн дүгнэлтэд тусгасан 17.2 м.кв газрыг чөлөөлүүлэхээр шаардсан уу, эсхүл өөр хэмжээгээр чөлөөлүүлэхийг шаардаж буй эсэх нь тодорхой бус байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа хийгээгүй, энэ талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

     6. 1-р хавтаст хэргийн 114-р талд нэхэмжлэгч Ц.Ж-с шүүх хуралдаанд  С.О-г гэрчээр оролцуулах тухай бичгээр гаргасан хүсэлт /2025-01-19/ авагдсан байх боловч хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг зөрчсөн байна.   

      7. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн дээр дурдсан хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

    8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ж-д олгох үндэслэлтэй байна.          

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2025/01111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ж-д олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЗАЯА

                                                                                     ШҮҮГЧ                               Д.КӨБЕШ  

                                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН