| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0064/Э |
| Дугаар | 062 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 062
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч А.Е,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-гийн Т-д холбогдох эрүүгийн 1913000730071 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суудаг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б-гийн Т, регистрийн дугаар: БЛ00000000.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Б.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө 23 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт байрлах “Ах дам” нэртэй баарны гадна талд мөн сумын 6 дугаар багийн иргэн Д.А-г архидан согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчид 116.000 төгрөгийн хохирлыг төлж өгсөн гэв.
Хоёр: Эрүүгийн 1913000730071 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Би 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр манай сумын 6 дугаар багийн иргэн Т гэдэг хүний “Улсын аварга малчин”-аар шалгарсны мялаалга цайлганд очсон юм. Тэгээд цайлга тараад би гэртээ харих гэж гадаа гарахад баарны хашааны гадна манай гэр лүү явах замд нэг машин эвдэрсэн капотоо нээсэн асахгүй байсан. Тэгээд би яваад очиход Т-гийн машин байсан юм. Тэгээд би Т дээр очоод машиныг нь асаахад туслаад бензинээ соруулж хажууд нь явж байсан юм. Тэгээд машины кабинд Т орж асаахад машин асчихсан ба машинаа нармалдаж тавчаад бууж ирээд капотыг хаасан юм. Тэгэхэд машин дахин унтарчихсан юм. Тэгээд би Тад “агаар яагаад татахгүй байгаа юм" гэж хэлэхэд Т надад “битгий хуц чамаас өөр хүн юм мэдэхгүй гэж бодоо юу?” гэж хэлээд намайг нүүрэн тус газар нэг цохисон ба би унаад өгсөн. Тэрний дараа юу болсон талаар би сайн мэдэхгүй. Тэр үед аймар харанхуй байсан. Тэгээд Е гэдэг хүн ирж намайг машинаар гэрт хүргэж өгсөн юм. Тэгээд би миний дүү нар болох Х, С, Х нар хүүхдүүдээр залгуулж дуудуулсан юм.
Тэгээд хэсэг хугацааны дараа Х, С, Х гурав орж ирсэн ба тэд нар уг цайлганд очоогүй байсан юм. Тэгээд би хүүдээ “машинаа асаа би очоод Т-тай ярих ёстой” гэж хэлсэн ба хүү машин асаасны дараа Х, С, Х хүү болох Д нарыг дагуулаад очих гэж машинд суухад миний дүү нар “та одоо боль л доо, Т одоо бараг явчихсан байх, өглөө өөрсдөө ирэх байлгүй дээ” гэж тэд нар татгалзсан ба би согтуу тэд нарт хүчлэхгүй “та нар миний төлөө битгий зодолдоорой, би зүгээр байхад Т яагаад намайг зодож байгаа талаар, Т-тай уулзаж учир байдлаа асууя” гэж хэлэхэд дүү нар маань татгалзаад байсан ба би дүү нартаа “тэгвэл та нар боль би өөрөө ганцаараа явъя" гэхэд тэд нар аргагүй эрхэнд намайг дагуулж явсан юм. Тэгээд бид нар Ахдам бааран дээр ирэхэд Т-гийн машин баарны гадаа байсан юм. Тэгээд баар луу ороод тэнд зөндөө хүн сууж байсан ба үйлчлэгч эмэгтэйчүүд аяга, тавгаа хурааж байсан юм. Бусад хүмүүс нь нэг ширээн дээр сууж байсан ба би ороход Т босоод ирсэн. Тэгээд Т бид хоёр барьцалдаж аваад би Тад “Чи намайг яах гэж зодож байгаа юм” гэж хэлэхэд Т надад “А ах уучлаарай та намайг зод” гэхээр нь би цохих гэж байхад миний дүү нар ирж салгаад авсан юм. Тэгээд Т болон түүний эхнэр нь бид нар өөрсдөө очиж уучлалт гуйх гэж байсан юм та хэд өөрсдөө ирчихсэн байна гэж хэлж байсан юм. Тэгээд бид нар гараад Цагдаагийн хэсэг дээр ирээд Н-тай уулзаад учир байдлаа хэлсэн юм. Тэгээд гэр лүүгээ харьсан юм. Тухайн үед Т намайг нүүрэн тус газар цохисон ба би унаад өгсөн юм. Би газар унасны дараа хэд хэдэн удаа өшиглөж байсан шиг санагдана. Тухайн үед Т бид хоёр хоёулаа согтуу байсан юм. Тэр өдөр харанхуй байсан тул биднийг харж байсан хүн байсан эсэхийг анзаараагүй. Т-гийн эхнэр бас тэрний хэдэн хамаатнууд байсан юм. Тухайн үед би газар унасан байсан юм. Гэхдээ гартаа чулуу авсан үгүй эсэхээ мэдэхгүй байна. Надад нийт 116.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг төлүүлж авсан, надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-23 дугаар хуудас/,
2. Гэрч А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Тухайн өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр манай багийн иргэн болох Т гэдэг хүн “Улсын аварга малчин”-аар шалгарсны мялаалга цайлганд бид нарыг урьсан юм. Тэгээд миний нөхөр болох Т-гийн машинаар А гэдэг манай хөрш, бид гурав ирсэн юм. Тэгээд цайлганд ороод 00 цагийн үед цайлга тарсан юм. Тэгээд бид нар явах гэж машинд ирж асаах гэхэд машин асахгүй байсан юм. Тэгж байхад баарнаас согтуу А гарч ирээд манай машины хажууд ирээд манай нөхрийн хамт машинтай ноцолдож байсан юм. Тэгээд А-гийн үг нь нэмэгдээд манай нөхөрт “наад машинд чинь бензин байхгүй байна шүү дээ” гэж хэлэхээр нь манай нөхөр болох Т, А-д “нэг талын банкинд бензин байгаа” гэж хэлэхэд А “үхсэн баас наад машинд чинь чиний эцэг Б-гийн шээс ч алга” гэж хэлээд байсан юм. Тэгээд Т А-д “чи миний өвөг дээдсийг минь доромжилдог хэн юм бэ?” гэж хэлсэн. Тухайн үед машин асчихсан ба А ирээд жолооч талд суусан ба “энэ машиныг би асаалаа, чи машин бариагүй байхад би машин барьж явж байсан юм” гэж хэлсэн.
Тэгээд манай нөхөр ирж А ах та буу би ингээд явлаа гээд Т А-гийн буулгаад өөрөө жолоонд суухад А ирээд манай нөхрийг татаж буулгаад цээжин тус газар нэг цохисон юм. Тэгээд манай нөхөр А-д “та яаж байгаа юм бэ?” гээд түлхээд унагаачихсан юм. А газар унасан ба босож ирээд гартаа чулуу аваад босоод ирэхэд манай нөхөр дахиад түлхэхэд А дахиад унасан юм. Тэгж байхад Е гэдэг залуу ирээд салгаж авсан юм. Тэгээд манай нөхөр машинд суугаад хөдлөх гэхэд А машинд дайруулна гээд гүйгээд байхаар нь Е барьж аваад үлдсэн юм. Тэгээд бид нар яваад сумын төвд байдаг гэр лүү очоод “сая ичгэвтэр зүйл боллоо, танихгүй хүмүүс биш” гэж хэлээд манай нөхөр А-аас уучлалт гуйна гээд Танка гэдэг залуу руу залгаад байсан юм. Тэгээд А, Т бид гурав буцаад бааранд очсон ба бид нар бааранд очиход миний таньдгаар Ж, Т, Е нар байсан юм. Бүгдээрээ суугаад айраг хийж өгсөн ба айраг уух гэж байхад А-гийн дүү нар болох Х, С, Х, А-гийн хүү нар нийт 5 залуу орж ирсэн юм. Тэгээд орж ирээд орилж хашхираад Х хүрч ирээд маний хадам ах болох Б гэдэг хүнийг нүдэн тус газар нэг цохиход хадам ах маань хойшоо савж унасан юм. Тухайн үед Х урт ханцуйтай хувцас өмсөж явж байсан ба яг юугаар цохисныг мэдсэнгүй. Хадам ах болох Бийн баруун талын нүд нь цохлох шахсан. Бид нар нүд нь бараг гарчихсан байх гэж бодсон юм. Хөхөрч, улайгаад хавагнаад гараад ирсэн юм. Тухайн үед А Т руу дайрсан ба тэр хоёр хоорондоо хэрэлдэж байхад Ах дам баарны эзэн Ж гэдэг хүн гарч ирээд бүгдийн хөөгөөд гаргасан юм. Тухайн үед А-гийн миний нөхөр Т цээжин тус газар түлхэж унагаасан юм. Унахдаа бол нэлээн чанга унасан юм. Тухайн үед А шал согтуу байсан юм, манай нөхөр ч гэсэн халамцуу байсан. Тухайн үед тэнд А гэдэг маний хөрш, бас миний хадам ахын эхнэр болох Базаргүл нар байсан юм. Өөр хэн ч байгаагүй. Тухайн үед манай нөхөр өөрийн эзэмшилд байдаг 0000 БӨТ улсын дугаартай, УАЗ-31512 маркийн, ногоон өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Би өөрөө жолоодож явсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
3. Гэрч К.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Тухайн өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр манай Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн Т гэдэг хүн “Улсын аварга малчин”-аар шалгарсны мялаалга цайлганд Ах дам бааранд урьсан юм. Тухайн өдөр би тэр цайлганд очсон юм. Тэгээд цайлга болж дуусаад хүмүүс тарж байсан ба Е гэдэг залуу надад би дэлгүүртээ гал түлнэ гэж хэлээд Е бид хоёр түүний дэлгүүрт ирж гал түлчхээд буцаад баар луу очиход баарны гадаа Т-гийн машины хажууд шуугиан гарч байхаар нь очиход А, Т нар зодолдсон байсан ба А-гийн хамраас цус гарсан байсан. Т-гийн костюмын товч нь тасарсан байсан юм. Тэгээд А-гийн Е машиндаа суулгаад гэр нь хүргэж өгчхөөд ирсэн юм. Тэгээд буцаад баар луу ороход Т цайлганд үйлчилгээ хийсэн хүмүүст зориулж дахиад үлдсэн айргаа хийж байсан юм. Тэгээд тэнд суугаад бүгдээрээ айраг ууж байхад 10 минут орчмын дараа А, дүү нарын хамт ороод ирсэн ба Т руу дайсан юм. Тэгээд тэр үед тэнд байсан Тгийн хамаатан садангууд нь бүгд гарч яваад зөвхөн Казах хүмүүс л үлдсэн байсан юм. Тэгээд тэнд бужигналдаад байсан ба Ахдам баарны эзэн Ж босож ирээд А нарт “та нар л ингэж асуудал гаргаж явах юм” гэж хэлээд загнаад гаргасан юм. Тэр хооронд Т-гийн ах болох Бийн нүд нь хавдаад ангидаад байсан юм. Болсон асуудал энэ. Тухайн үед Бийн нүд рүү хэн цохисныг мэдэхгүй. Ямар ч байсан тэр бужигнаан дотор нэг нь цохисон л байж таараа. Тухайн цайлганы үеэр Б зүв зүгээр бид нарт “хадгаа ингэж барина” гэж хэлж зааварчлаад явж байсан юм. Тухайн цайлгын үеэр нүд нь зүв зүгээр явж байсан юм. Миний анзаарснаар Е, Ө, Ж, нар байсан юм. Тухайн цайлгын үеэр Бийн нүүрэнд ямар нэгэн шарх, гэмтэл байгаагүй.
Сүүлд А дүү нараа дагуулж ирээд бужигналдаад гарсны дараа л нүд нь хавдсан байсан юм. А сүүлд ирэхдээ Х, С, Х, А-гийн хүү болох Д нар байсан. Тухайн үед А, Б, Т нар согтуу байсан. Харин Х, С, А-гийн хүү нар эрүүл байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,
4. Гэрч Ж.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн Т гэдэг хүн “Улсын аварга малчин’’-аар шалгарсны мялаалга цайлгаа манай Ах дам хуримын ордонд өгсөн юм. Би уг цайлганд хөтлөгч хийсэн юм. Тэгээд цайлга 23 цаг 30 минутын үед тарсан ба тухайн үед Тогтххүү нь цайлганд үйлчилгээ хийсэн хүмүүст 00 цаг хүртэл 30 минутын хугацаанд баярлаж талархсанаа илэрхийлж үйлчлэгч нарт цайлга өгч байсан юм. Тэгж байхад гаднаас А, Х, С, Х, А-гийн хүү нар ороод ирсэн юм. Тэд нар орж ирээд “Т чи яагаад хөгшин хүнийг зодож байгаа юм бэ?” гэж Х орилсон юм. Тэгээд тэнд байсан бүх тува хүмүүс бүгд босоод гараад явсан ба бужигналдаад явсан ба би нэг зах руу нь гарч зогссон юм. Тэгээд А, Т нар тэврэлдээд Т уучлалт гуйж байсан ба 5-10 минут шуугилдаж байгаад А дүү нараа дагуулаад гараад явсан ба Т нар бас араас нь гараад явсан юм. Тэгээд бүгдээрээ тараад явчихсан юм.
Тухайн үед бид нар баарны дотор байсан юм. Дараа нь Таас асуухад А намайг хэл амаар доромжилж, машины капот хаалгахгүй байсан гэж хэлж байсан юм. Тухайн үед А гаднаас орж ирэхэд А-гийн хамраас цус гарч хатсан байсан юм. Өөр ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй. Тухайн үед А, А-гийн хүү, дүү нар нь болох Х, С, Х нар байсан юм. Би ийм зодооны асуудалд оролцохыг хүсдэггүй. Би нэг захад нь зогсож байсан юм. Т, Ө, Е нар байсан миний анзаарч харснаар. Цайлганд сууж байхад Бийн нүд нь зүв зүгээр явж байсан юм. Маргааш нь уулзахад Бийн нүд нь хавдсан хөхөрсөн явж байсан юм. Тухайн үед А, Т нар согтуу байсан. Т А-д “А ах анзааралгүй цохилоо, уучлаарай, намайг зод л доо та" гээд А-гийн Т тэврээд явж байсан юм. А-гийн дүү нар нь эрүүл байсан юм. Харин Т нээх согтуу биш байсан ухаанаа мэдэж байсан юм. Би хариад шууд унтаад өгсөн ба өглөө босоход шөнө Б миний утас руу хэд хэдэн удаа залгасан байв гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,
5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-гийн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаартай дүгнэлтэд;
- Иргэн Д.А-гийн духны баруун талын хэсэгт босоо зураас хэлбэрийн зулгарсан зулгаралт, хамрын хянга хэсэгт бор өнгийн тав тогтож буй зулгарсан шарх, зүүн талын нүдний алимны салстад улаан өнгийн цус хуралт, зүүн талын мөр бүсэлхийн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр манай Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн Т гэдэг хүн “Улсын аварга малчин” -наар шалгарсны мялаалга цайлганд урьсан юм. Би өөрөө хөдөө 6 дугаар баг Харгант гэдэг газар амьдардаг юм. Тэгээд тэр цайлганд хөдөөнөөс би, миний эхнэр болох А, мөн манай хөрш болох бас А гэдэг эмэгтэй нарын хамт сумын төвд цайлганд ирсэн юм. Тэгээд цайлганд сууж байгаад орой 00 цагийн үед цайлга тарсан юм. Тэгээд би машинаа асаах гэж машин дээр ирээд асааж үзэхэд машин асахгүй байсан ба тухайн үед нэг талын банкны бензин дууссан байв. Тэгээд нөгөө талын банкинд бензин байсан ба тийшээ шилжүүлэн залгаад машинаа асаахад асахгүй байсан юм.
Тэгж байхад Б гэдэг хүний хүүхэд болох А ирсэн юм. Тухайн үед А нэлээн согтуу байсан. Тухайн үед цайлганаас гарсан болохоор жоохон согтуу байсан. Тэгээд А ирж би машины капотыг нээж машин янзалж байхад миний гарт байсан атвёркыг булааж авсан, тэр хооронд машины кабин руу орж машиныг асаах гэж стартер дараад, би капот хаах гэж байхад машины капот хаалгахгүй байсан юм. Тэгээд А надад “Х та хоёр машины талаар юугаа мэддэг юм, наад машин чинь бензингүй байна шүү дээ” гэхээр нь би “бензин ч байна, сая ирэхдээ бензин хийгээд ирсэн” гэж хэлэхэд А дотор сууж байсан миний эхнэр А, хөрш А нар байсан ба тэд нар надад “чи машинд суугаад хаалгаа хаачих наадах чинь явсны дараа явъя“ гэж хэлэхээр нь би машинд суугаад хаалгаа хааж байхад А ирээд намайг захнаас минь татаад буулгаж ирээд миний цээжин тус газар нэг цохисон юм. Тэгээд би А-гийн нэг л удаа түлхсэн юм. Тэгээд А газар унасан юм. А гартаа чулуу бариад босоод ирэхээр нь би барьж авсан ба надтай ноцолдож байхад баарнаас Е гарч ирээд салгаж авсан юм. Би А-гийн 116.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж өгч, А бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт байрлах “Ах дам” нэртэй баарны гадна талд мөн сумын 6 дугаар багийн иргэн Д.А-г архидан согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-23 дугаар хуудас/, гэрч К.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/, гэрч Ж.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-гийн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Тын гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Тыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Т нь иргэн Д.А-г архидан согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Таас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хоорондоо маргасан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.А-гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.А-тай сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирол, хор уршигт 116.000 төгрөгийг төлж өгсөн тул хохирогч Д.А-гаас нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.А-тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5/35 дугаартай саналд яллагдагч Б.Т-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б.Т хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 94 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Б.Т-д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-гийн Т-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Т-ын иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Х-д даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т