| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2024/00561/И |
| Дугаар | 210/МА2025/02100 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/02100
| 2025 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2025/02100 |
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/07600 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Хохиролд 2,700,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, ******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Хариуцагч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 03, 07, 11-ний өдрүүдэд нэхэмжлэгч ******* болон өөрийн бага насны хүүхдүүд болох *******, ******* нарын гэртээ байхдаа гаргаж буй үйл явдал, зан харилцааны талаарх үйлдэл буюу хуулиар хамгаалагдсан хувийн нууцад хамаарах бичлэгийг миний зөвшөөрөлгүй "*******" гэх фэйсбүүк хаягаас цахим орчинд байршуулан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг зөвшөөрөлгүйгээр задруулсан.
1.2.*******-ын дээрх үйлдлийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 2023/ШЦТ/710 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.
Дээрх гэмт хэргийн улмаас миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтой муу үр дагавар үүсгэсэн, тохуурхсан доромжилсон мэдээллүүд одоог хүртэл олон нийтийн цахим сүлжээнд байршсаар байгаа. Өнөөдрийг хүртэл надаас уучлалт гуйж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг минь сэргээж, сэтгэл санааны хохирол, хор уршгийг арилгах талаар ямар нэгэн үйлдэл хийхгүй үл ойшоож байгаа тул хандаж байна.
1.3.Гэмт хэргийн улмаас ******* надад 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 5 удаагийн давтамжтай үйлчилгээ авсан зардалд 2,700,000 төгрөгийн хохирол учирсан.
1.4.Иймд хохиролд 2,700,000 төгрөг гаргуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, ******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Миний бие худал, хуурмаг мэдээлэл тараагаагүй, байгаа бодит байдлыг ил болгосон. Үүнд би зохих хариуцлагаа хүлээсэн. Уг бичлэг одоо миний ямар ч хаягт байхгүй, устгасан, энэ талаар үзлэг хийхэд хэн аль нь харсан.
2.2.Нэхэмжлэгчийн нэр хүнд унасан гэж байна, харин ч нэр хүнд нь өссөн, олонхын санал аваад УИХ-ын гишүүнээр сонгогдсон, сайдын албан тушаал хашиж байгаа нь нэр хүнд унасан гэж үзэхгүй.
2.3.Угаасаа нэхэмжлэгч сэтгэл зүйн эмчилгээ, үйлчилгээ авах ёстой байсан, хүүхдүүдтэйгээ харьцдаг харьцаа нь хэцүү, энэ талаар хаана ч хэлсэн түүнийг гишүүн гээд тоохгүй байсан. Тиймээс л уг бичлэгийг дэлгэсэн, хамгийн гол нь шүүхэд байсан гэрлэлт цуцлуулах хэрэгт хүүхдийн асрамжаа авахын тулд л хийсэн зүйл. Сэтгэл санааны зөвлөгөө авсан нь надаас болсон зүйлгүй.
2.4.Гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж байгаа бол энэ талаар сэтгэцийн хор уршгийг үнэлсэн дүгнэлт гаргасан байх ёстой. Сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтооно. Сэтгэл зүйн зөвлөгөө аваад 2,700,000 төгрөгийн хохирол учирсан гэдгээ гэмт хэрэгтэй хамт шийдвэрлүүлэх байсан гэж үзэж байна.
2.5.Хариуцагч өөрийн хаяг дээр байгаа бүх бичлэгийг устгасан байхад бичлэг устгахыг даалгах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөр хаяг, сайтад байгаа мэдээллийг би устгах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь social дээрх бүх бичлэгээ устгуулах гэдэг хүсэлт нь бодит байдалд биелэх боломжгүй мэт санагдаж байна. Хувь хүний хадгалсан hard disc flash дээрээс буцаад ч тавигдах боломжтой байна. Хариуцагч нь хийсэн хэрэгтээ буюу хувийн нууцтай холбоотой бичлэг тараасан гэж буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Уг хийсэн хэрэгтээ шийтгэлээ хүлээж торгуулиа төлсөн байна гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч *******-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол сэтгэл зүйн зөвлөгөө авсан зардалд 2,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, ******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 59,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
5.1.Нэхэмжлэгч нь хариуцагчийн хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг үйлдэх замаар олон нийтийн цахим сүлжээнд тараасан бичлэгүүд нь одоог хуртэл цахим орчинд байршиж байгааг устгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байхад Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан хариуцагчийг ... тараасан бичлэгийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй гэж үзэхгүй... гэж маргааны үндэслэлийг өөр агуулгаар тайлбарлаж, үүнд тохирох үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.
Тодруулж хэлбэл, энэ хэсэг дэх маргааны гол үндэслэл, үйл баримт нь Хувь хүний, гэр бүлийн нууцад хамаарах хуулиар хамгаалагдсан мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цахим хэрэгсэл ашиглаж тараасан гэмт хэргийн үйлдэл, түүний улмаас үүссэн гэм хорыг арилгуулах шаардлага, үндэслэл гаргасан байхад бодит үйл баримтын агуулгыг Худал мэдээлэл гэсэн агуулгаар шаардлага, үндэслэлээ тодорхойлсон мэтээр дүгнэлт хийсэн нь алдаатай дүгнэлт хийх гол шалтгаан болсон.
Хувь хүний болон гэр бүлийн нууцад хамаарах мэдээллийг зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар олон нийтэд цахим хэрэгсэл ашиглаж тараасан гэм буруутай гэмт хэргийн үйлдлийн улмаас хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан нөхцөл байдал үүссэн үйл баримтыг бодитоор үнэлж, зөв дүгнэж чадаагүй гэж үзнэ. Энэ үйл баримт хүчин төгөлдөр эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон байхад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг сэргээж шийдвэрлээгүй нь зөрчилдөөнтэй, үндэслэлгүй болсон.
5.2.Хэргийн 144-145 дугаар талуудад авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлд *******, *******, *******,*******-т бичлэг байгааг, хэрэглэгчийн мэдээлэл буюу пэйж хуудасны нэрийг тодорхой тусгасан, дахин байршуулсан гэж үзэх үндэслэлгүй байхад хэрэгт авагдсан баримтад дутуу дүгнэлт хийсэн. Мөн шүүхийн шийдвэр биелэгдэх бүрэн боломжтой буюу ямар бичлэг болох нь тодорхой, хариуцагчийн өөрийн зүгээс тараасан, тодорхой агуулга бүхий, тодорхой минут, секунд бүхий бичлэгийг устгуулах шаардлагыг гаргасан байхад энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Эдгээр бичлэгийг хариуцагч тараасан, ямар бичлэг болохоо өөрөө мэдэж байгаа, эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, иргэний хэргийн шүүхийн үзлэгээр тодорхойлогдсон бичлэгийн тухай шаардлага гаргаж байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэдийгээр эрүүгийн хэргийн шүүхээс ял, шийтгэл оногдуулсан ч тухайн гэмт хэргийн улмаас үүссэн гэм хор арилаагүй, цаашид гэм хор үргэлжилсэн байдал байсаар байгаа нөхцөл байдалд анхаарч үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчид гэм хор учирсан байдлыг арилгуулах хууль ёсны шийдвэрийг гаргаж чадаагүй.
Гэмт хэрэг үйлдэж гэм хор учруулсан бол учруулсан гэм хороо арилгах нь гарцаагүй байх зарчмын хүрээнд тарааж чадсан бол устгаж, арилгаж чадах нь зүй ёсны шаардлага юм.
5.3.Нэхэмжлэлд уучлалт гуйхыг даалгах тухай шаардлага гаргаж үндэслэлээ ******* нь хуулиар хориглосон үйлдэл хийж, хохирогчийн эрх, үнэт зүйлсэд халдаж гэм хор учруулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мөн шүүх хуралд гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйх гэсэн боловч холбогдох боломжгүй байгаа гэж мэдүүлсэн нь тэмдэглэлд тусгагдсан боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс уучлалт гуйж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, сэтгэл санааны зовуурь, шаналал, хор уршгийг арилгах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна гэж тодорхойлж шүүх хуралдаан дээр тайлбар гаргасан боловч энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Дээр нөхцөлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
6.1.Нэхэмжлэгч нь 2020 онд буюу Улсын их хурлын гишүүнээр сонгогдсоноос хойш удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Хүүхдийн аюулгүй байдал нэгдүгээрт тавигдах ёстой учраас тухайн бичлэгийг олон нийтийн сайтад байршуулсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага хяналтдаа авч, ажиллагаа явуулж шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ аваагүй. Миний бичлэг тараасан нөхцөл байдлаас илүү нэхэмжлэгчийн хүүхдээ хүчирхийлсэн нөхцөл байдалд нь ард түмэн дургүйцсэн. Би олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараагаагүй. Хувийн нууцыг задруулсан гэх агуулгаар би хариуцлагаа хүлээж, шийтгэл ногдуулсан.
6.2.Гэм хор, хохирлын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоосон 2,700,000 төгрөгийн сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний хөлсийг би хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдолд дурдсан Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5-д заасан зохицуулалтын хүрээнд хохирлыг арилгуулсан.
6.3.Би өөрийн фейсбүүк хаягт байгаа бүх бичлэгийг устгасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тухайн бичлэгийг 2, 3 дахь эх сурвалж дээр байршсаныг устгуулах гэж тайлбарласан. Гэтэл өөр этгээдийн фейсбүүк хаяг дээр байгаа бичлэгийг хариуцагч устгах боломжгүй. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой буюу хэрэгждэг байх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гарсан зардал 2,700,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, ******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нь ...худал мэдээлэл тараагаагүй, харин бодит байдлыг ил болгосон, хувийн нууцтай холбоотой мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн, цахим орчинд тараасан бичлэгүүдээ устгасан, бусдын байршуулсан бичлэгийг устгах боломжгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч мэтгэлцжээ.
3.Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/710 тоот шийтгэх тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/2074 захирамжаар, Хариуцагч ******* нь өөрийн ******* гэх фейсбүүк хуудсанд 2022 оны 12 дугаар сарын 3, 07, 11-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр ******* дүүргийн ******* хороо, *******7 тоот гэртээ байхдаа хохирогч ******* болон өөрийн бага насны хүүхэд болох *******, ******* нарын гэртээ байхдаа гаргаж буй үйл явдал, зан харилцааны талаарх үйлдэл буюу иргэний хувийн ба гэр бүлийн нууцад хамаарах бичлэгийг тэдгээрийн зөвшөөрөлгүй 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1 минут 12 секундын бичлэгүүдийг байршуулан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг тэдгээрийн зөвшөөрөлгүй задруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон; /1хх 4-9, 154/
3.2.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ЗШ/151 дугаар шийтгэвэрээр ******* нь 2022 оны 12 дугаар сарын 03, 11-ний өдрүүдэд өөрийн фэйсбүүк хаягнаас олон нийтийн сүлжээнд мэдээлэл өгөх байдлаар тавьсан бичлэгт өөрийн охин 14 настай *******г ээж *******д зодуулж буй дуу, дүрс бичлэг болон 9 настай хүү ******* энэ байдлыг харж тав тух алдаж байгаа байдлыг харуулсан нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 10 дугаар зүйлийн 10.1.6, Гэр бүлийн тухай хуулийн 26.2.4 дэх хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар торгож шийдвэрлэсэн; /1хх 47-48 /
3.3.Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар, ******* ээж ******* нь хичээл хийсэнгүй гэх шалтгааны улмаас сандлаас угзарч унагааж биед нь халдаж танхайрсан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл ногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн зэрэг хуулийн үндэслэлтэй байх тул ... зөрчлийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар хүргүүлсэн. Иймд з-10331 дугаартай гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв гэж дурдсан; /1хх 208/
3.4.Хариуцагч ******* дээрх хоёр удаагийн бичлэгийг өөрийн ******* фейсбүүк хуудсанд байршуулснаа устгасан;
3.5.Тухайн бичлэг *******, *******, *******, ******* байршиж байгаа нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /1хх 144-145/
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэл, журмын дагуу үнэлсэн байна.
5. Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хариуцагч ******* хувь хүний нууцад хамаарах мэдээг хүний дүрсийн хамт зөвшөөрөлгүй цахим хэрэгслээр олон нийтэд тараасан үйлдэл тогтоогдсон тул түүнээс үүдэн гарсан эд хөрөнгийн хохиролд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн.
6.Анхан шатны шүүх нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх шаардлагыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасан арга замаар дамжиж хэрэгжихээр тайлбарлаж энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
6.1.Нэхэмжлэгч нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгах шаардлагаа Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дах хэсэгт заасан үндэслэлээр тодорхойлоогүй, харин мөн зүйлийн 21.4, 21.5 дахь хэсэгт заасан шаардах эрхийн хүрээнд гаргасан... гэж тайлбарлажээ.
6.2.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн хувь хүний нууцад хамаарах мэдээг зөвшөөрөлгүй тараасан, мөн зүйлийн 21.5 дах хэсгийн иргэний дүрсийн эрхэд зөвшөөрөлгүй халдсан үйлдлийн улмаас гэм хор учирсан тохиолдолд эдийн болон эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байхаар хуульд зохицуулсан.
Маргааны үйл баримтын хувьд хариуцагчийн олон нийтэд тараасан мэдээлэл хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан үйлдэлд хамаарч байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорын хохирлын үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.
6.3.Харин хариуцагчийн олон нийтэд тараасан мэдээлэл бодит үнэнд нийцээгүй гэж үзэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдсон байна.
Бичлэгийг тараасан үйлдэл нь хувь хүний орон зайд халдсан үйлдэл мөн боловч тухайн хүний зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн бодит үйл явдлыг тусгасан, агуулгын хувьд гүтгэлэг, доромжлол агуулаагүй тул нийгмийн үнэлэмж бууруулж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй.
6.4.Анхан шатны шүүх нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх шаардлагын хамтад нь уучлалт гуйхыг даалгах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
7.Хариуцагч өөрийн цахим хуудаст байршуулсан бичлэгээ устгасан үйл баримтад зохигчид маргаагүй. Харин хариуцагч *******д бичлэгийг устгахаас өмнө бусдын хуулбарлаж, бусад хүн, хуулийн этгээд цахим хуудастаа байршуулсан бичлэгийг хариуцагч устгах эрх хэмжээ байхгүй тул бусдын цахим хуудас, вэб сайтад байршуулсан бичлэгийг устгахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
8.Иргэдийн төлөөлөгч ******* social дээрх бүх бичлэгээ устгуулах гэдэг хүсэлт нь бодит байдал дээр биелэх боломжгүй мэт санагдаж байна. Хариуцагч нь тараасан гэж буруугаа хүлээн зөвшөөрч, тэрэндээ шийтгэлээ хүлээсэн байна гэсэн дүгнэлт дээрх байдлаар магадлалын үндэслэлтэй нийцнэ.
9. Анхан шатны шүүх эд хөрөнгийн хохирол гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулна.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/07600 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэсний дараа 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
О.ОДГЭРЭЛ