Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05303

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05303

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд оршин байгаа Капитал банкны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44 дүгээр байрны 19 тоотод оршин суух, Тайж овогт Норовын Цэвгээ /РД-ОЮ57012007/-д холбогдуулан гаргасан

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48,438,861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамъянсүрэн, хариуцагч Н.Цэвгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамъянсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Цэвгээ нь 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 50 сая төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр тохирсон.

Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44а байрны 9 тоот хаягт байрших 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 17,682,491 төгрөг, зээлийн хүүд 22,941,682 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,022,035 төгрөг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дууссан.

Н.Цэвгээ нь гэрээний нөхцөл өөрчлөх талаар амаар хүсэлт гаргаж байсан байдаг. Гэхдээ манай зүгээс боломжгүй гэж амаар тайлбар өгсөн гэдэг.

Хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа бөгөөд үндсэн зээлд 32,317,509 төгрөг, зээлийн хүүд 13,429,484 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,691,868 төгрөг, нийт 48,438,861 төгрөг төлөхөөр байна.

Иймд Н.Цэвгээгээс уг мөнгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Цэвгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би тус банкнаас 50 сая төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлсэн нь үнэн.

Гэрээ байгуулснаас хойш би хугацаандаа мөнгөө төлж байсан бөгөөд өвчний улмаас бүрэн төлж барагдуулаагүй нь үнэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад банкны ажилтнууд ирж уулзаж байсан. Миний авсан зээл бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн нөхцлөөр авсан бөгөөд зээлийн гэрээ дууссанаас хойш анх 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр банк дээр очиж зээлийн гэрээний нөхцлөө өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Дараа нь дахин 8 дугаар сарын 10-ны өдөр хүсэлтээ өгөхөд та манайхаас авсан зээлээ юунд зарцуулсан талаар тооцоо хийгээд аваад ир гэж хэлсэн. Үүний дагуу тооцоогоо аваад очиход миний хүсэлтэд тодорхой хариу хэлээгүй ба та түр хүлээж байгаарай, сардаа 200,000-300,000 төгрөг төлөөд байж бай гэж хэлээд өөрсдөө намайг хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн. Миний хүсэлтэд тодорхой хариу хэлэлгүй хүндрэл учруулсан хэрнээ зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү авч байсанд гомдолтой байна.

Би зээлд нийт 41,656,207 төгрөгийг төлсөн.

Гэтэл одоо надаас дахин 48,438,860 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Банк буруу тооцоолол хийж үндэслэлгүйгээр их мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна.

Зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн байхад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл зогсоогоогүй байгаа нь хууль бус үйлдэл.

Банк зээл олгохдоо өөрийн ашигтай байдлаа харж, эхлээд зээлийн хүүг, эцэст нь үндсэн зээл авахаар гэрээ хийсэн нь надад хохиролтой байхаас гадна гэрээний хавсралтын дугаар нь зээлийн гэрээний дугаартай зөрж байна.

Мөн шуурхай зээлийн нөхцлөөр олгосон учир шимтгэл авахгүй гэсэн атлаа 500,000 төгрөгийн шимтгэл, нотариатаар бичиг баримт батлуулсан 60,000 төгрөгийг суутгаж авсан.

Би үндсэн зээлийн үлдэгдэлд 26,258,762 төгрөг төлнө, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк, Н.Цэвгээгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48,438,861 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хариуцагч Н.Цэвгээ нэхэмжлэлийн шаардлагаас 26,258,762 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н.Цэвгээ нь Капитал банктай 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 100/07 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, өөрийн өмч болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 44а байрны 09 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, 50,000,000 төгрөгийг шуурхай зээлийн зориулалтаар, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталгаажуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ. /хх-6-12 дугаар хуудас/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч нь ... зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтэд хариу өгөөгүйгээс ийм хүндрэл учирсан ..., зээлийн гэрээг өөрт ашигтайгаар байгуулж зээл төлөлтөөс нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийг тооцсоныг зөвшөөрөхгүй, ... зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг зогсоогоогүй нь хууль бус үйлдэл, ... зээлийн гэрээний хавсралтын дугаар нь гэрээний дугаараас өөр байна гэж маргадаг.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Капитал банк нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн 2015033699 тоот данс руу 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 50 сая төгрөг шилжүүлэхдээ зээл судалсны шимтгэлд 500,000 төгрөг суутган авсан байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.7 дахь заалтад зээлдэгч нь үйлчилгээний шимтгэлд зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар төлөхөөр тохиролцоогүй байх тул Н.Цэвгээг 49,500,000 төгрөгийн зээл авсан гэж үзнэ. /хх-6 дугаар хуудасны ар тал/

Хариуцагч Н.Цэвгээ нь банк өөрийн эрх ашигт нийцүүлэн гэрээ байгуулсан, мөн гэрээний хавсралтын дугаар өөр байна гэж маргах боловч гэрээний 4.2.5-д зааснаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.4 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр тооцоогоо банкин дахь харилцах дансаараа дамжуулан гүйцэтгэх үүрэг хүлээсэн байх тул түүний зээлийн гэрээний хугацаанд төлсөн төлөлтөөс нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгасныг буруутгах үндэслэлгүй юм. /хх-7 дугаар тал/

Түүнчлэн маргалдагч талуудын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 100/07 тоот зээлийн гэрээний хавсралтад гэрээний дугаарыг 2015000406 гэж зөрүүтэй бичсэн байгаа хэдий ч гэрээг 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан байхын зэрэгцээ хариуцагч нь шүүх хуралдаанд уг гэрээний хавсралтад зурсан гарын үсгийг өөрийнх гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул гэрээний хавсралтын дугаар зөрүүтэй байгаа нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй гэж үзлээ. /хх-9, 45 дугаар хуудас/

Мөн хариуцагч Н.Цэвгээ зээлийн гэрээний үүргээ зөрчсөн шалтгаанаа та түр хүлээж байгаарай, сардаа 200,000-300,000 төгрөг төлөөд байж бай ... гэсэн гэж тайлбарладаг.

Гэрээний 10.1-д гэрээний нөхцлийг өөрчлөх хүсэлтээ тодорхой үндэслэлийн хамт зээлдэгч албан ёсоор бичгээр банкинд ирүүлэх ба энэ гэрээний бусад заалт болон банкны зээлийн бодлого, журамд харшлаагүй гэж үзвэл гэрээний нөхцлийг нэмэлт гэрээ болон шинэчлэн байгуулах замаар өөрчилж болно гэж тусгажээ.

Хариуцагч Н.Цэвгээ дээрх журмын дагуу зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтээ бичгээр гаргаагүй, амаар гаргасан болох нь талуудын тайлбараар тогтоогддог тул зохигчдыг гэрээний нөхцлийг өөрчилсөн гэж үзэх боломжгүйн гадна хариуцагч нь шүүхэд гаргаж буй тайлбараа баримтаар нотлохгүй байна. /хх-45 дугаар хуудас/

Иймээс Капитал банк нь Н.Цэвгээгээс зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгчийн, үүргээ биелүүлэхийг шаардах хугацааг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тооцон нэхэмжилж байгаа нь буруу байна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх хугацааг нэхэмжлэгч тал хийсвэрээр тооцон шаардсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. /хх-44 дүгээр хуудасны ар тал/

Иймээс шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах хугацааг гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцох нь тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хариуцагч нь хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн гэрээний хугацаанд 17,820,000 төгрөгийн хүү төлөхөөс 15,536,906 төгрөг, үндсэн зээлд 500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1494 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 8 дугаар сарын 10, 26-ны өдрүүдэд тус бүр 300,000 төгрөг, 9 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 24,000,000 төгрөгийг тус тус төлсөн байх ба гэрээний хугацаа дуусахад түүний үндсэн зээлд 48,999,999 төгрөг, зээлийн хугацааны хүүд 2,283,094 төгрөг төлөх ёстой байжээ. . /хх-36-37 дугаар хуудас/

Нэхэмжлэгч тал хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 25,600,000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн тул Н.Цэвгээгийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 25,600,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш түүний төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход үндсэн зээлд 21,799,399 төгрөг, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүүд 15,093,202 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,018,640 төгрөг, нийт 39,911,241 төгрөг төлөхөөр байна.

Гэвч нэхэмжлэгч тал, хариуцагчаас зээлийн хүүд 13,429,484 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,691,868 төгрөг нэхэмжилсэн учир уг шаардлагын хүрээнд зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг тооцож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Цэвгээгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээлд 21,799,399 төгрөг, зээлийн хүүд 13,429,484 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,691,868 төгрөг, нийт 37,920,751 /гучин долоон сая есөн зуун хорин мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,518,110 /арван сая таван зуун арван найман мянга нэг зуун арван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй учир мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 44 а байрны 9 тоот хаягт байрших, Ү-2205003034 бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цэвгээгээс 347,554 төгрөг гаргуулан Капитал банкинд буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Цэвгээгээс 37,920,751 /гучин долоон сая есөн зуун хорин мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,518,110 /арван сая таван зуун арван найман мянга нэг зуун арван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 44 а байрны 9 тоот хаягт байрших, Ү-2205003034 бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цэвгээгээс 347,544 төгрөг гаргуулан Капитал банкинд буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД