| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2023/04932/И |
| Дугаар | 210/МА2026/00376 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00376
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10222 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
361,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
292,146,923 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******-тай 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дайрга зөөх тэгшлэх нягтаршуулалт хийх тоо хэмжээг 30,000 м3 буюу нэгжийн үнийг 15,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон.
Гэрээнд заасан тоо хэмжээ, ажилбарууд нэмэгдсэн, түрээсийн техник 1 сар 13 хоногоор төлөвлөж түрээсэлсэн учраас нэмэлт санхүүжилт шаардлагатай байгааг удаа дараа мэдэгдсэн боловч шийдэлд хүрээгүй тул кемпийг буулгахаас аргагүй байдалд хүрсэн.
2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 45,495 м3 дайрга зөөсөн ба сийрэгжилтийг 1,3 аар тооцвол 35,000 м3 дайрга зөөж тэгшилж, нягтруулж ажилласан. 35,000 м3 дайргыг нэгжийн үнэ болох 15,000 төгрөгөөр тооцвол 525,000,000 төгрөгийн ажил хийсэн.
Ажлын санхүүжилтэд нийт 163,750,000 төгрөгийг авсан. Гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн боловч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл болох 361,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2. Сөрөг нэхэмжлэлд 222,685,350 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж дурдаж байгаа боловч манай компанийн үүргээ биелүүлээгүйн улмаас бодитоор уг хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Манай компани гэрээний үүргээ зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь нийт 307,404,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд үлдэх ажлыг дутуу үлдээгээд явсан. Манай байгууллагаас 391,644,427 төгрөг төлсөн тул төлбөрийн үлдэгдэл байхгүй. Нэхэмжлэгч нь 35,000 м3 ажил хийж гүйцэтгэсэн гэж байгаа ч мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд, 20,493 м3 ажил хийсэн гэдэг нь нотлогдсон.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Манай компани төслөө дуусгахын тулд Улаанбаатар хотоос тоног төхөөрөмж ажиллах хүч авчран 138,444,923 төгрөгийн нэмэлт зардал гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээний 6.1-т заасны дагуу алдангийг тооцож үзэхэд 153,702,000 төгрөг болж байна.
Иймд гэрээт ажлыг бүрэн дуусгахад гарсан нэмэлт зардал 138,444,923 төгрөг, алданги 153,702,000 төгрөг, нийт 292,146,923 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 143,654,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 217,596,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******-аас гэрээт ажлыг бүрэн дуусгахад гарсан нэмэлт зардал 138,444,923 төгрөг, алданги 153,702,000 төгрөг, нийт 292,146,923 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,982,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,039,887 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 876,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
2022 оны 05 дугаар сарын 02 ны өдөр "*******-тай ****** аймаг ******* сумын Нутаг дэвсгэрт байрлах *******-ийн уурхайгаас ****** хот руу тавигдаж байгаа авто замын ажил 16.2 км замыг 100 хувь бүрэн дуусгах 1 сарын хугацаатай буюу 2022 оны 06 дугаар сарын 15 ны өдөр дуусгаж хүлээлгэн өгөх гэрээг байгуулж, 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулан, урьдчилгаа болгож 80,000,000 төгрөг, Улаанбаатар хотоос хөдлөхөд 40,000,000 төгрөг, техник хэрэгсэл, ажиллах хүч газар дээр нь очсоноос хойш 40,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн.
Мөн ****** аймагт байх ******* шатахуун түгээх станцаас 2022 оны 05 дугаар сарын 06, 09, 17-ны өдрүүдэд зээлээр нийт 46,820,000 төгрөгийн түлш авч *******-д шилжүүлэн өгсөн.
Тус ******* гэрээгээр гүйцэтгэх ажлаа хийж гүйцэтгээгүй бөгөөд бидний тооцооллоор нийт 307,404,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн үлдэх ажлыг дутуу үлдээж явсан. ******* 35.000 м3 ажил хийж гүйцэтгэсэн гэж байгаа боловч мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд 20,493 м3 ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон.
******* гэрээ байгуулснаас хойш тухайн төслийг дуусгахад нийт 530,089,350 төгрөгийн зардал гаргасан. ******* тухайн төслийг хийж гүйцэтгэлгүй хаяж явснаас хойш үүссэн нэмэлт зардал 138,444,923 төгрөг болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний алданги хийж гүйцэтгэсэн ажлын 50 хувьтай тэнцэхүйц мөнгөн дүн 153,702,000 төгрөг болж байна. Иймд нийт 376,387,350 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ 100 хувь биелүүлээгүй гэж маргасан боловч *******-ийн тайлан болон талуудын баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийн актаар нэхэмжлэгч 20,493.06 м ажлыг 307,404,000 төгрөгөөр гүйцэтгэсэн нь тогтоогдсон. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 138,440,923 төгрөгийн нэмэлт зардал нь нотлох баримтаар батлагдаагүй бөгөөд дансны хуулга нь компанийн зардал бус иргэн хоорондын гүйлгээ байсан.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 307,404,000 төгрөгийн ажлын дүнгээс алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 361,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1. Шүүх хуралдааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, нэмэлт зардал 138,444,923 төгрөг, алданги 153,702,000 төгрөг, нийт 292,146,923 төгрөг гаргуулахаар тодорхойлсон тул шүүх уг хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. ******* нь ********-ийн захиалгаар *******-ийн гүйцэтгэж байсан замын ажлын хүрээнд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажлын тодорхой хэсгийг нэхэмжлэгч *******-иар гүйцэтгүүлэхээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан.
Уг гэрээгээр ******* нь ****** аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ********-ийн уурхайгаас ****** хот руу тавьж буй авто замын ажилд 16.2 км замыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр, ******* нь гэрээт ажлын төлбөрт 450,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.1. Талуудын хооронд байгуулсан гэрээт ажлын хэмжилтийг хийж гүйцэтгэж байсан ******* нь *******-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд ****** аймгийн ****** хотоос ******* сум чиглэлийн 16.2 км хайрган замын төслийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг нийт 20,493.6 м3 гэж 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тайландаа хэмжиж тусгажээ.
3.2. Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөд 163,750,000 төгрөг төлсөн.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.1. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сийрэгжилтийг тооцон 35,000 м дайрга зөөж тэгшлэх ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч *******-ийн тайланд үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 20,493.6 м дайрга зөөж тэгшлэх ажил гүйцэтгэсэн болохыг шүүх зөв тогтоосон байна.
Энэхүү 20,493.6 м дайрга зөөж тэгшлэх авто замын ажлын хөлс нь 307,404,000 төгрөг /20,493.6 м3 х 15,000 төгрөг/ болжээ.
4.2. Гэрээт ажлыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, гэрээний үлдэгдэл төлбөрийг нийт ажлыг бүрэн хүлээлцсэний дараа төлөхөөр талууд тохиролцсон.
Гэвч энэ хугацаанд нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй боловч гүйцэтгэсэн ажлыг хариуцагч тухай бүр хүлээн зөвшөөрч, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь гүйцэтгэлийг баталгаажуулсан.
Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан санхүүжилтийг хугацаанд нь олгоогүй гэх тайлбарыг хариуцагч няцаагаагүй, ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсныг хүлээн зөвшөөрсөн тул хугацаа хэтэрсэн шалтгааныг санхүүжилттэй холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.3. Ийнхүү нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 307,404,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагч нь ажлын хөлсөд 163,750,000 төгрөг төлж, үлдэх 143,654,000 төгрөгийн хөлсийг олгоогүй.
Үүнээс буюу хариуцагчийн гэрээнд заасан ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалжээ.
4.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас ажлын хөлсөд 143,654,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Нэгэнт хариуцагч нь ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, үүнээс шалтгаалж гэрээ цуцлагдсан тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс алданги 153,702,000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
5.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* гэрээт ажлыг дуусгалгүй орхисны улмаас ажлыг дуусгахад 138,444,923 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй энэ хэмжээний нэмэлт зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Тухайлбал, хариуцагч нь ерөнхий гүйцэтгэгч *******-тай байгуулсан гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй, уг компанитай ямар хэмжээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэх ёстой байсан 16.2 км хайрган хучилттай замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд төсөлд тусгасан зардал өсч нэмэлт зардал гарсан болох нь нотлогдоогүй.
Хариуцагчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн банкны дансны зарлагын гүйлгээний баримтад үндэслэн нэмэлт зардлын хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв тогтоох боломжгүй байна.
Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэмжээг нотлох үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх нэмэлт зардалд 138,444,923 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
6. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ноцтой зөрчил гаргасан талаарх үндэслэлийг гомдолд заагаагүй.
Давж заалдах шатны шүүхийн зүгээс хэргийг бүхэлд нь хянахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,916,107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 421,202 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ