| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0045/Э |
| Дугаар | 074 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 074
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч М.,
шүүгдэгч, хохирогч М.Б н өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч, хохирогч М.Б,
шүүгдэгч, хохирогч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овгийн М-гийн Б, Т овгийн З-гийн Т нарт холбогдох эрүүгийн 1913001190087 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Е овогт М ийн Б, регистрийн дугаар Б388000000.
2. Монгол Улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт З ийн Т, регистрийн дугаар Б370000000.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
З.Т, М.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Хос Харагай” багийн “Цагаан мод” нэртэй газарт мал хариулж байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар хоорондоо харилцан зодолдсоноос бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч З.Т мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Төлүүлэх хохирол байхгүй гэв.
Шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Нэхэмжлэх хохирол байхгүй болно гэв.
Хоёр: Эрүүгийн 1913001190087 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч М.Б н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Ногооннуур сумын Хосхарагай багийн “Цагаан-мод” нэртэй газарт хонь хариулж байсан. Тэгээд өдрийн 13 цагийн үед Т, Б, Т нарт уулзсан юм. Дараа нь бид нар хамт “Ерөөл” нэртэй 0,33 литрийн 4 шил архи уусан. Бүгдээрээ халамцуу байсан гэхдээ болсон асуудлыг мэддэг эрүүл ухаантай байсан. Би зүгээр сууж байхад Т миний толгойны зүүн талын зулайн хэсгээс нэг удаа бүсээр цохиод авсан, дараа нь миний хамарнаас гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд миний уур хүрээд З.Т н нүүр рүү нэг удаа гараараа цохиод авсан нь үнэн. Миний толгойноос цохиод авсан Т н бүсийг би аваад гэр лүүгээ явчихсан. Бид хоёр зодолдоход бид хоёроос өөр Б байсан, дараа нь Т ирсэн. Надад энэ хэргийн улмаас эмчилгээний болон, унааны зардал нийт 220,000 төгрөгийн хохирол учирсан. Би эмчилгээ хийлгэсэн газраас ямар нэгэн баримт аваагүй, унааны зардлын баримт аваагүй, надад ямар нэгэн баримт байхгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
2. Хохирогч З.Т н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Миний бие Ногооннуур сумын 4 дүгээр багт эхнэр 7 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өглөө гэрээс мал хариулах гэж гарсан. Миний хамаатан дүү Т.Б гийн хамт “Цагаан мод” гэх газарт хонь хариулж байхад манайд ойролцоо мал хариулж байсан М.Б, С.Т нарт өдрийн 13 цагийн үед уулзсан. Тэгээд миний халаасанд байсан “Ерөөл" нэртэй 0.33 литрийн архийг хувааж уусан, дараа М.Б архи авчирч өг гээд Т.Б д мөнгө өгөөд 2 шил “Ерөөл” нэртэй 0,33 литрийн архи авхуулж уг архийг бүгдээрээ хувааж ууж дуссаны дараа М.Б ахиад “Ерөөл” нэртэй 0,33 литрийн архи авхуулж бүгдээрээ нийт 4 шил архийг хувааж уусан. Уг архи дууссаны дараа Т.Б хонь хариулна гээд түрүүлээд явсан, тэгээд намайг явах гэж байхад М.Б шууд намайг хэл амаар доромжлон миний эрх чөлөөнд халдаж миний нүүрэн тус газраас цохиод авсан, дараа нь намайг унагаж аваад өшиглөж зодож байхад Б эргэж ирж салгаж аваад намайг гэрт хүргэсэн. Бид зодолдоход С.Т байсан, дараа нь Т.Б ирсэн. Тухайн үед Б халамцуу байсан, би Б, Б, нарын хамт 4 шил архи уусан байсан нь үнэн, би халамцуу байсан, гэхдээ болсон явдлыг мэдэх эрүүл ухаантай байсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү.
...Миний бие 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Ногооннуур сумын “Хосхарагай” багийн “Цагаан мод” нэртэй газарт хонь хариулж байсан. Тэгээд Б, Б, Т нартай уулзсан юм. Б, Б нарын хамт “Ерөөл” нэртэй 0,33 литрийн 4 шил архи уусан нь үнэн. Архи ууж дуссаны дараа, Б хонь хариулна гэж түрүүлээд явсан. Миний хажууд Б, Т нар байсан. Тэгээд би дээл өмсөж гэр лүүгээ явах гэж байхад, Б надад ахиад нэг шил архи авч өг гэж над руу дарьсан, тэгээд би архи байхгүй би одоо гэр лүүгээ явлаа гэхээр К.Б шууд намайг хэл амаар доромжлон миний эрх чөлөөнд халдаж миний нүүрэн тус газраас олон удаа цохиод авсан, дараа нь намайг унагаж аваад өшиглөсөн. Тэгээд Б эргэж ирээд салгаж аваад намайг гэрт хүргэсэн. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тухайн үед би дээл өмсөж байсан миний том бүсийг Б булааж аваад чамд гэрч байхгүй энэ бүс надад гэрч болон гээд Б миний бүсийг аваад би хууль сайн мэдэж байна надаас олж ид гэж хэлээд яваад өгсөн. Надад энэ хэргийн улмаас эмчилгээний болон унааны зардал нийт 378.500 төгрөгийн хохирол учирсан. Би эмчилгээ хийлгэсэн газраас 312,500 төгрөгийн баримт авсан, өөр хувийн аптекаас эм авсан, Өлгий Ногооннуур, сум хооронд явсан жолооч А.Хайратаас баримт аваагүй. Миний эмчилгээнд гарсан 378,500 төгрөгийг нэхэмжлэн, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,
3. Гэрч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Миний бие Ногооннуур сумын 5 дугаар багт эхнэр, хүүхэд, ээжийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Ногооннуур сумын доор мал хариулж байсан. Миний мал хариулж байгаа газарт ойрхон Т хонь хариулж байсан. Тэгээд өдрийн 13 цагийн үед Т миний хажууд ирээд маргааш хоёулаа малаа нэмж ээлжилж хонь хариулъя гэж хэлээд сууж байхад бид нарын хажууд Б ирсэн дараа нь Б н дүү нь ирсэн. Тэгээд Т халааснаас нэг шил “Ерөөл" нэртэй 0,33 литрийн архи гаргаж уг архийг бид гурав хувааж уусан. Дараа нь Б н гэрт мартын 8-ны өдөр хамаатан саданд цай өгөн гэж аймгаас авхуулсан архи байна тэрнээс авч ирж өг гээд Б надад 10000 төгрөг өгсөн, тэгээд би өөрийн гэрт очиж гэрт байсан нэг шил, “Ерөөл” 0,33 литрийн, Т н гэрт очиж 6500 төгрөгөөр нэг шил “Ерөөл” нэртэй 0,33 литрийн архи аваад Б, Т нарын хажууд ирсэн, уг архийг бид гурав хувааж уусан, дараа нь Б гийн дүү нь нэг шил “Ерөөл” нэртэй 0,33 литрийн архи аваад ирсэн бид гурав нийт 4 шил архийг хоорондоо юм яриад хувааж уусан. Бүгдээрээ халамцуу гэхдээ эрүүл ухаантай байсан. Бид нар бүгдээрээ морь унаад явж байсан Т, Б хоёр хоорондоо юм яриад хэрэлдээд сууж байсан, тэгээд оройн 18 цагийн үед тарцгаасан. Би хонь доошоо явсан болохоор түрүүлээд явж хонь хариулж байхаар Т, Б хоорондоо зодолдож байсныг хараад эргэж ирээд салгаж авсан. Т миний зүүн талын нүднээс Б цохиод авсан гэж хэлж байсан, Т н зүүн талын нүднээс цус гарч байсан, өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тэгээд би салгаж аваад Т г гэрт нь хүргэсэн. Т н зүүн талын нүднээс цус гарч байсан, Б н биед ямар гэмтэл шарх байсныг анзаараагүй. Тухайн үед би, Т, Т, Б, нар байсан өөр хүн байгаагүй. Бид нар бүгдээрээ халамцуу байсан, гэхдээ болсон асуудлыг мэддэг эрүүл ухаантай байсан.
... 2019 оны 3 дугаар сарын 06-ний өдөр Ногооннуур сумын доор мал хариулж байсан. Миний мал хариулж байгаа газарт ойрхон Т хонь хариулж байсан. Тэгээд өдрийн 13 цагийн үед Т миний хажууд ирээд маргааш хоёулаа малаа нэмж ээлжилж хонь хариулъя гэж хэлээд сууж байхад бид нарын хажууд Б ирсэн дараа нь Б н дүү нь ирсэн. Тэгээд Т, Б бид гурав “Ерөөл” нэртэй 0,33 литрийн нийт 4 шил архийг хоорондоо юм яриад хувааж уусан. Т архи уугаагүй эрүүл байсан. Бид нар бүгдээрээ морь унаад явж байсан, тэгээд оройн 18 цагийн үед тарцгаасан. Би хонь доошоо явсан болохоор түрүүлээд явж хонь хариулж байсан. Би эргэж харахад Т, Б нар нэг нэгний хувцасны захнаас барьж авсан хоорондоо заамдалцаж ноцолдож байсныг хараад эргэж ирээд салгаж авсан юм. Т миний зүүн талын нүднээс Б цохиод авсан гэж хэлж байсан, Т н зүүн талын нүднээс цус гарч байсан, өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тэгээд би Т г гэрт нь хүргэсэн. Т н зүүн талын нүднээс цус гарч байсан, Б н биед ямар гэмтэл шарх байсныг анзаараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас/,
4. Гэрч С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Миний бие Ногооннуур сумын 4 дүгээр багт аав, ээжийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ногооннуур сумын доор мал хариулж байсан. Миний мал хариулж байгаа газарт ойрхон Б хонь хариулж байсан. Тэгээд өдрийн 13 цагийн үед Б н хажууд очсон, дараа нь Т, Б нар ирсэн. Т халааснаас 1 шил “Ерөөл” нэртэй 0,33 литрийн архи гаргаж, уг архийг Т, Б, Б нар хувааж уусан. Тэгээд Б ахиад архи авна гээд 1 шил архи авсан, дараа нь Т 1 шил Б 1 шил архи авч ирж, нийт 4 шил архийг хувааж уусан юм. Б, Т, Б нар нийлээд согтуу байсан. Т, Б нар хоорондоо юм яриад сууж байсан. Эхлээд Т гарт байгаа шивээсийг харуулж, “...би цэрэгт байхдаа ийм байсан...” гээд том бүс бариад сууж байсан. Миний хонь явсан болохоор би түрүүлээд явж хонь хариулж байхаар Т, Б нарын заамдалцаж ноцолдож байсныг хараад эргэж ирэхэд Т, Б нарыг Б салгаж байсан тэгээд Б бид хоёр тэр хоёрыг салгаж авсан. Би очих үед Т н гарт юм байгаагүй, Б н гарт бүс байсан. Тухайн үед Т н зүүн талын хацарнаас, хамарнаас цус гарч байсан, Б н толгойны зүүн талын зулайн хэсгээс цус гарсан байсан, өөр гэмтэл шарх байгаагүй. Би архи огт уугаагүй, эрүүл ухаантай байсан, харин Т, Б, Б нар согтуу байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/,
5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай дүгнэлтэд;
- Иргэн М.Б гийн биед тархины доргилттой, зулайнд зүүн талд хатгагдаж няцарсан шархтай, хавдартай, зулайнд баруун ар талд цус хавдартай, баруун бугалганд шаргал туяатай цус хуралттай, зүүн талын бүслүүр орчим хавантай, цээжний зүүн талд шаргал туяатай цус хуралттай, цээжний баруун талд шаргал туяатай цус хуралттай, өвчүү орчим шаргал туяатай цус хуралттай, цээжний хөдөлгөөн хязгаарлагдсан зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжаар үүссэн болно.
- Уг гэмтэл шинэ гэмтэл ба гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Иргэн М.Б гийн биед хуучин гэмтэл тогтоогдоогүй.
- Иргэн М.Б гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
- Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
- Иргэн М.Б гийн 2 ширхэг рентген зургийг хавсаргав гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б ы 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай дүгнэлтэд;
- Иргэн З.Т гийн биед 2 талын нүдний дээд доод зовхийг бүхэлд хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн талын нүдний дээд зовхи болон бүсэлхийн хэсэгт зулгарсан шарх, хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Энэ гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч З.Т гаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Миний бие тус сумын 4 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 3 дугаар сарын 06-ний өдөр хонь хариулж байхад надад ойролцоо мал хариулж байсан Б, Б, Т нарт өдрийн 13 цагийн уулзсан юм. Тэгээд би эхлээд миний өмсөж байсан хар өнгийн дээлийн өвөрт 0.33 граммын “Ерөөл” нэртэй 1 шил архи байсан. Дараа нь уг архийг бүгдээрээ хувааж уусан юм. Дараа нь Б “Ёроол” нэртэй 0,33 граммын 2 шил архи авсан, Б нэг шил “Ерөөл” нэртэй 0,33 граммын архи авсан тэгээд бүгдээрээ нийтдээ 4 шил архийг хонины бэлчээр дээр уусан. Хамгийн түрүүлээд Б гийн хонь холдоод явсан болохоор өөрийнхөө хонь руу явсан. Б гийн дараа С.Т хониндоо явсан. Харин би тэр үед хувцсаа тайлаад сууж байсан болохоор дээлээ өмсөх гэж байхад М.Б намайг чи явах гэж байна уу гэж хэлээд, архи авч өг гэж хэлсэн. Тэр үед одоо архи уухгүй би явлаа гэж хэлэхэд миний зүүн нүд рүү минь нэг удаа цохиод авсан. Тэгээд би Б н толгойны зүүн талын зулай хэсгээс өөрийн дээлийн суран бүсээр нэг удаа цохиод авсан үнэн. Дараа нь намайг барьж газарт унагааж аваад миний баруун бөөрнөөс хоёр удаа өшиглөсөн. Тэгээд миний гарт байгаа миний дээлийн бор өнгийн суран бүсийг Б надаас булааж авсан. Дараа нь Б ирж салгаж аваад. Б намайг гэрт хүргэж өгсөн. М.Б нь намайг цохисноос болж миний зүүн талын нүд хөхөрч, хамар маань хавдсан ба бүсэлхий хэсэгт зулгарсан шарх үүссэн. Өөр надад учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй. Би тухайн үед М.Б н толгойны зулайн хэсэгт гарт байгаа бүсээр нэг удаа цохиод авсан нь үнэн. Уг зодооны улмаас миний бие 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 11-ний хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед эмчлүүлсэн зардал болох нийт 328500 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч М.Б гаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Ногооннуур сумын Хосхарагай багийн “Цагаан-мод” нэртэй газарт хонь хариулж байсан. Дараа нь өдрийн 13 цагийн үед Т, Б, Т нарт уулзсан юм. Тэгээд бид нар хамт “Ерөөл” нэртэй 0,33 литрийн 4 шил архи уусан. Бүгдээрээ халамцуу байсан, гэхдээ болсон асуудлыг мэдэхээр эрүүл ухаантай байсан. Би зүгээр сууж байхад Т эхлээд миний толгойны зүүн талын зулайн хэсгээс нэг удаа бүсээр цохиод авсан, дараа нь миний хамарнаас гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд миний уур хүрээд З.Т н нүүр рүү зөрүүлж нэг удаа гараараа цохиод авсан нь үнэн. Дараа нь Т г унагааж аваад бөөр хэсгээс хоёр удаа өшиглөсөн нь үнэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна Т н хохирлыг барагдуулж өгсөн бид хоёр хоорондоо эвлэрсэн, надад Т гаас нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй.
...Би 2019 оны 5 дугаар сарын 05-ний шөнө зүүн талын нүүрийг хашааны халганд цохиод авсан тэрнээс болж миний зүүн талын нүд хөхөрсөн, өөр ямар нэгэн хүн намайг зодоогүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Т, М.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Хос Харагай” багийн “Цагаан мод” нэртэй газарт мал хариулж байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар хоорондоо харилцан зодолдсоноос бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.Т, М.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-21, 26-28 дугаар хуудас/, гэрч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас/, гэрч С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б ы 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч З.Т, М.Б нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Т, М.Б нар нь харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул шүүгдэгч тус бүрийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч З.Т, М.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т нараас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч З.Т, М.Б нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хоорондоо маргасан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч З.Т, М.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Т, М.Б нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирол, хор уршгийг бие биедээ төлж өгсөн тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч З.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5/44 дугаартай саналд яллагдагч З.Т, М.Б нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч З.Т, М.Б нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч З.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Т, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Т, М.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нар урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.Т, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Битүүмжилсэн хөрөнгө болох шүүгдэгч З.Т н 1 тооны үхэр, шүүгдэгч М.Б н 1 тооны үхрийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Т, М.Б нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт З ийн Т, Е овогт М ийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
мөн шүүгдэгч М.Б г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т, М.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч З.Т, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т н 1 тооны үхэр, шүүгдэгч Б н 1 тооны үхрийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Т, М.Б нарын иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Т, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Т, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т