Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00120

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09250 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

475,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь *******-тай 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* резиденс орон сууцны хорооллын В блок буюу 1 дүгээр байрны 15 давхарт байрлах 131.98 м.кв талбайтай, 1501 тоот орон сууцыг нийт 580,712,000 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулахаар тохиролцсон.

Тус байрны захиалгын гэрээг *******-ийн *******-тай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Цемент худалдах, худалдан авах гэрээг үндэслэн *******-ийн ерөнхий захирал *******ын нэр дээр шилжүүлсэн.

******* нь орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 475,000,000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй. Бид гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн барагдуулах тухай албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч албан бичгээр хариу ирүүлээгүй, утасны дуудлага хүлээн авдаггүй. Иймд *******-аас орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох 475,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тал тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 475,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 2,532,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шалгуурыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогч, түүний өмгөөлөгчийн хуулиар олгогдсон шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй.

Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийн дагуу тус шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/Ш32025/47194 дугаар захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутад зарласан.

Ийнхүү *******-аас гаргасан хүсэлтэд өмгөөлөгч *******, өмгөөлөгч ******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцуулах тухай мэдэгдсэн бөгөөд мөн хүсэлтэд өмгөөлөгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ******* холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор болсон, өмгөөлөгч ******* нь хэргийн материалтай танилцаагүй тул хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломжийг хангах шаардлагатай гэх нөхцөл байдал үүссэн талаар дурдаж, холбогдох баримтыг хавсаргаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах талаар хүссэн.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтыг харгалзан үзэлгүйгээр шүүх хуралдааны явцад 192/Ш32025/49186 дугаар захирамжаар тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тус захирамжийн үндэслэх хэсэгт Хүсэлтийг хүлээн авах боломжгүй учир нь өмнөх шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр буюу хариуцагчид бусдаас хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг олгож хойшлуулсан гэсэн байна. Хариуцагчийн дээрх хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах, өмгөөлөгчтэй байх эрхийг хангахыг хүссэн өмнөх хүсэлтээс өөр агуулгатай байсан атал анхан шатны шүүхээс ижил агуулгаар дахин хүсэлт гаргасан мэтээр хандсан. Тодруулбал, анхан анхан шатны шүүхээс хэргийн оролцогчид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхийг олгосон гэх боловч тухайн эрхийг хэрэгжүүлэх бодит боломжоор хангаагүй нь хэргийн оролцогчийн, түүний өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл болно.

4.2. Шүүх хуралдааныг товлосон цагаас өмнө эхэлсэн, хариуцагчийн өмгөөлөгчид хурлын тов, шүүх хуралдааны танхимын талаар мэдээллийг өгөөгүй. Өмнө дурдсанчлан шүүх хуралдаан нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутад зарлагдсан гэвч шүүх хурал нь товлосон цагаас өмнө эхэлсэн байсан, хэдий шүүх хуралдааны видео бичлэгт хуралдаан явагдаж буй цаг нь үзэгдэхгүй байх боловч шүүх хуралдаан зарласан цагаасаа өмнө эхэлсэн болох нь дараах байдлаар нотлогддог.

Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдааны бичлэгтэй танилцах явцад шүүх хуралдааны бичлэг нь эхэлсэн цагаараа нэрлэгддэг талаар тайлбарласан. Шүүх хуралдааны явцад бичигдсэн 20251111-112818, 20251111-113028, 20251111-113529 гэх нэртэй mp4 өргөтгөл бүхий 3 ширхэг хуралдааны бичлэгүүдтэй танилцах явцад шүүх хурал нь эхний бичлэг хийгдэж эхлэх үед буюу 11 цаг 28 минутад аль хэдийн эхэлсэн байсан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн талаар тайлбар авч байсан ба хүсэлтийг хэлэлцэхээр хурлыг завсарласнаар тус бичлэг дууссан. Улмаар хоёр дахь бичлэг хийгдэх үед буюу 11 цаг 30 минутаас эхлэн хурал дахин үргэлжилж хүсэлтийг хангахаас татгалзаж цааш хурлыг үргэлжлүүлсэн.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг бичгээр гарч албажсаны дараа танилцахад хуралдаан нь 11 цаг 30 минутад эхэлж, 11 цаг 50 минутад хаав хэмээн тэмдэглэсэн байсан. Энэ нь бодит байдалтай нийцээгүй бөгөөд хурал эхэлсэн болон дууссан цаг хугацаа зөрүүтэй бичигдсэн тул шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан боловч шүүгч нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Мөн шүүх хуралдааны үеэр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нь дуу бичлэг хийсэн байсан боловч түүнийг хариуцагч талд өгөхөөс татгалзсан. Шүүх хуралдаан цагаасаа өмнө эхэлсэн, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нодтой зөрчил мөн бөгөөд дээрх нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хамаарах юм.

4.3. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг хангалттай тогтоогоогүй бөгөөд шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь өөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн биелүүлсэн болох талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, холбогдох тайлбар хийгээгүй, мөн шүүх хуралдааны явцад гэрээний зүйл болох орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн талаар дурдаагүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулах, цуглуулах эрхийг шүүхэд олгосон бөгөөд эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас лавлагаа тодорхойлолт гаргуулах зэрэг ажиллагаа хийх, шүүх хуралдааныг нотлох баримт цуглуулах зорилгоор хуульд заасан үндэслэлээр нэг удаа хойшлуулах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухай шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүх хуралдааныг товлосон хугацаанд хариуцагч талаас өмгөөлөгч оролцуулах тухай шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж дараагийн хурлыг 11 дүгээр сарын 11-ний өдөр товлосон. Тус шүүх хуралдаан эхлэх үед хариуцагч талаас хүн ирээгүй байсан бөгөөд шүүх хуралдаан 11 цаг 30 минутад эхэлсэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцагч тал руу залгахад нэг өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан, нөгөө өмгөөлөгч нь Хан-Уул дүүрэгт явж байна гэсэн тайлбарыг өгсөн. Шүүх хуралдааны явцад би хурлыг цааш үргэлжлүүлэх саналтай байгаа талаараа тайлбарласан. Иймд анхан шатны шүүх хариуцагчид боломжийг гаргаж өгсөн гэж үзэж байна. Хариуцагч талд хэргийн материалтай танилцах хугацаа байсан бөгөөд цагийг нь тулгаж хүсэлт гаргасан гэж би үзэж байна. Хариуцагчийн нэг өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан гэх агуулгатай тайлбар өгсөн бөгөөд нөгөө өмгөөлөгч нь шүүх хуралдааны танхимыг андуурсан гэх нь хүндэтгэн үзэх шалтгаангүй өөр газар байсан гэж би ойлгосон.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны танхимыг андуурсан үйл баримт нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэх үзэх шалтгаан биш гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбараас үзэхэд нарийн бичгийн дарга болон мэдээлэл, технологийн ажилтан тайлбар өгсөн байх бөгөөд техникийн асуудлаас үүдэж тухайн үйл баримт болсон байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 475,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хариуцагч талаас тайлбар ирүүлээгүй байна.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

3. Хэрэгт авагдсан дараах үйл баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. ******* нь *******-тай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын103-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* Резиденс орон сууцны хорооллын В блок буюу 1 дүгээр байрны 15 давхрын 131.98 м.кв талбай, 1501 тоот орон сууцны захиалгын гэрээг *******-ийн *******-тай 2024 оны 05 сарын 03-ны өдөр байгуулсан цемент худалдах, худалдан авах гэрээг үндэслэн *******-ийн ерөнхий захирал *******ын нэр дээр шилжүүлэхээр, гэрээний үнэ 580,712,000 төгрөгийг ******* 2024 оны 07 сарын 01-ний өдөр *******-д төлөхөөр тохиролцсон. /хх7, 11-14, 19-21/

 

3.2. ******* нь *******-д хандаж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/67 тоот албан бичгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 510,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор *******гийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэхийг,/хх10/

- ******* нь *******-д хандаж, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/18 тоот албан бичгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 475,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор *******гийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэхийг, /хх9/

- ******* нь *******-д хандаж, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/36 тоот албан бичгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 475,000,000 төгрөгийг төлөх, гэрээ дуусгавар болсон хугацаанаас хойшхи алданги тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргахыг/хх8/ тус тус мэдэгдсэн.

 

4. Нэхэмжлэгч ******* болон ******* хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч талаас шаардсан байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагчаас орон сууцны төлбөрийг шаардах эрхтэй.

 

4.2. Шүүхээс, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчийг шүүхэд ирүүлэх талаар ажиллагааг хийсэн байх ба 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гаргаж, улмаар хариуцагч талаас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд тайлбар, татгалзлаа шүүхэд ирүүлээгүй байна. /хх30-45/

 

4.3. Иймд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

4.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчийг дээрх хуульд зааснаар өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 475,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр товлосон байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч талаас ирээгүй байх бөгөөд өмгөөлөгчтэй хуралдаанд оролцож эрх зүйн туслалцаа авах боломжоор хангах, өмгөөлөгчийг боломжит богино хугацаанд сонгож шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг тус өдрийн 192/ШЗ2025/47194 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, хуралдааны товыг талуудад мэдэгдсэн байна. /хх47-53/

 

5.1. Мөн, дээр дурдсанчлан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч талаас мөн өдрийн огноотой хүсэлт ирүүлж өмгөөлөгчөөр *******, ******* нарыг оролцуулах хүсэлтийг гаргаж, өмгөөлөгч ******* шүүх хуралдаан давхацсан, өмгөөлөгч ******* нь хэргийн материалтай танилцаагүй тул танилцуулж өгнө үү. Хүсэлтэд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 11 сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг хавсаргав гэжээ./хх54-55/

 

Уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх биш хуулбар баримт байх бөгөөд хавсаргасан шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт нь мөн хуулбар бөгөөд уг баримтаар дээрх өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох гэж байгааг нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн баримтад тухай өмгөөлөгч нарын нэр дурдагдаагүй, эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ зэрэг баримтгүй байна.

 

5.2. Түүнчлэн, өмгөөлөгч *******ийг хэргийн материалтай танилцуулахаар хариуцагч талаас хүсэлт гаргасан гэх боловч хэргийн оролцогч уг эрхээ шүүх хуралдаанаас өмнө хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх нь өөрсдөөс нь хамаарах бөгөөд шүүхээс хязгаарласан саад болсон тухай холбогдох баримтгүй байна.

 

5.3. Иймд хариуцагч талын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгчөөр *******, ******* нарыг оролцуулах, өмгөөлөгч *******гийн хуралд давхацсан, түүнчлэн, ******* өмгөөлөгч нь хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг тус шүүхийн 192/ШЗ2025/49186 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй./хх58/

 

5.4. Түүнчлэн, хэргийн 56-57 дугаар талд авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд 11 цаг 30 минутад эхэлж, 11 цаг 50 минутад хаав гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

Иймд, товлосон шүүх хуралдаанд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн аль нь хүрэлцэн ирсэн талаар баримтгүй байх тул шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Түүнчлэн, хариуцагч тал хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтгүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

7. Шүүх, тухайн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,533,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ