| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0078/Э |
| Дугаар | 077 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 077
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч Ж.А,
улсын яллагч Х.Ө,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч И.Г,
Өсвөр насны шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт А ын Б д холбогдох 1913001340083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өрлөг, засал чимэглэлийн ангийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, ах дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн 3-13 тоотод оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт А ын Б , регистрийн дугаар БЮ02000000.
Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Б нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн С.Е тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах өвлийн байшинд эзгүй байх хойгуур нь хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “Самсунг Жи7” маркийн гар утсыг хулгайлж авч явж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Өсвөр насны шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: Х.Б гэдэг хүүхэд утсаа барьцаанд тавьсан байсан. Түүнийг авах гээд С.Е гэрээс гар утасыг нь хулгайлсан гэв.
Хоёр: Эрүүгийн 1913001340083 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/
2. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өсвөр насны шүүгдэгч А.Б ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,
3. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
4. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
5. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
6. Насанд хүрээгүй хохирогч С.Е мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өглөөний 08 цагт ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд хичээлд суухаар явж 10 цаг 30 минутын үед Өлгий сумын 9 дүгээр багт байрлах гэртээ ирэхэд гэрийн гадна талын болон дотор талын хаалга онгорхой байсан. Гэрийн цоожийг түлхүүрээр онгойлгоогүй цоожны цүүж баруун тийшээ далийлгаж хаалгыг онгойлгож гарахдаа хаалгыг бүрэн хаахгүйгээр орхисон байсан. Тэгээд би гэртээ орж үзэхэд зурагтын хажууд байсан "Самсунг Жи-7" маркийн гар утас алдагдсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
7. Насанд хүрээгүй гэрч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутын үед гэрээсээ гараад Е гаас өөрийн мобикомын дугаарын сим картыг авах гээд очсон. Тэднийд очиход Е сууж байсан ба өглөө хичээл рүү явах хооронд манайд хулгай орсон байна. Хаалганы цоожны цүүжийг эвдэн дотогшоо нэвтэрч, миний гар утсыг хулгайлсан байна. Чи манайд ирсэн үү гэхээр нь би үгүй, танайд өглөө ирээгүй гэж хэлээд, өөрийн сим картаа аваад гэртээ харьж очиж сууж байхад 15 цагийн үед Б ирсэн ба Е утас нь алга болсон байна, тэднийд очиж байж байгаад явж байна гэж хэлээд бие засмаар байна гээд, манай хашаан дотор байрлах жорлон /00/ руу ороод буцаад гарч ирээд гэр лүүгээ явлаа гээд явсан. Ингээд би Б яваад удалгүй, жорлон руу ороход, манай жорлон дотор Е гар утас байсан. Тэгж байтал Б буцаж ирсэн ба Е гар утсыг хулгайлаад, өөрт нь буцааж өгч чадалгүй, танай жорлон дотор хаясан гэж хэлсэн. Ингээд Е г дуудаж гар утсыг нь өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
8. “Мөнх-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.К ын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “J7” гар утас 300.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
9. Өсвөр насны шүүгдэгч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өглөө 8 цагийн үед гэрээсээ гараад Өлгий сумын 9 дүгээр багт байрлах найз болох Е гэрт нь очсон. Тэнд очиход Е өвлийн байшингийн хаалга гаднаас ил цоожтой, хаалттай байсан. Тэгээд би хаалгыг хүчтэй татахад цоож нь хажуу тийшээ мултарч онгойсон. Ингээд би дотогшоо ороход эзгүй байсан ба зурагт /телевиз/ байрлуулсан тавиур дээр "Самсунг ЖИ-7" маркийн, улаан өнгийн гадаргуутай, хар өнгийн гэртэй утас байхаар нь аваад гарсан. Тэгээд би сургуульд очиж 13 цаг 45 минут хүртэл хичээлд суугаад тараад, Е гэрт нь очиход Е надад "гар утас маань алга болсон, байшингийн хаалгыг эвдэж, ороод гар утсыг маань хулгайлсан байна. Цагдаа дуудсан. Чи миний утсыг авсан байж магадгүй, сэжиглээд байна" гэхээр нь би айгаад, утсыг үлдээж чадалгүй найз болох Б дын гэрт нь очиж, хашаан дотор байрлах 00-ийн өрөөнд /жорлон/ гар утсыг үлдээгээд явсан. Тухайн үед Б ды намайг хараад байж байсан. Ингээд тэндээс гараад буцаж Е гэрт нь очиж, чиний гар утас Б дын хашаан дотор байрлах жорлон дотор байна, очиж аваарай гэж хэлсэн. Тэгээд Е тэндээс очиж авсан. Ингээд би Е гар утсыг хулгайлж аваад Б дын хашаан дотор байрлах жорлонд үлдээсэн талаар Е болон шалгаж байгаа мөрдөгчид хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
10. Өсвөр насны шүүгдэгч А.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, банкны хадгаламжийн дансгүй болохыг тодорхойлсон лавлагаа /хавтаст хэргийн 54, 58-68 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Өсвөр насны шүүгдэгч А.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Б нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн С.Е Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах өвлийн байшинд эзгүй байх хойгуур нь хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “Самсунг Жи7” маркийн гар утсыг хулгайлж авч явж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өсвөр насны шүүгдэгч А.Б ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч С.Е мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өглөөний 08 цагт ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд хичээлд суухаар явж 10 цаг 30 минутын үед Өлгий сумын 9 дүгээр багт байрлах гэртээ ирэхэд гэрийн гадна талын болон дотор талын хаалга онгорхой байсан. Гэрийн цоожийг түлхүүрээр онгойлгоогүй цоожны цүүж баруун тийшээ далийлгаж хаалгыг онгойлгож гарахдаа хаалгыг бүрэн хаахгүйгээр орхисон байсан. Тэгээд би гэртээ орж үзэхэд зурагтын хажууд байсан "Самсунг Жи-7" маркийн гар утас алдагдсан байсан гэх гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ...15 цагийн үед Б ирсэн ба Е утас нь алга болсон байна, тэднийд очиж байж байгаад явж байна гэж хэлээд бие засмаар байна гээд, манай хашаан дотор байрлах жорлон /00/ руу ороод буцаад гарч ирээд гэр лүүгээ явлаа гээд явсан. Ингээд би Б яваад удалгүй, жорлон руу ороход, манай жорлон дотор Е гар утас байсан. Тэгж байтал Б буцаж ирсэн ба Е гар утсыг хулгайлаад, өөрт нь буцааж өгч чадалгүй, танай жорлон дотор хаясан гэж хэлсэн. Ингээд Е г дуудаж гар утсыг нь өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд: “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өглөө 8 цагийн үед гэрээсээ гараад Өлгий сумын 9 дүгээр багт байрлах найз болох Е гэрт нь очсон. Тэнд очиход Е өвлийн байшингийн хаалга гаднаас ил цоожтой, хаалттай байсан. Тэгээд би хаалгыг хүчтэй татахад цоож нь хажуу тийшээ мултарч онгойсон. Ингээд би дотогшоо ороход эзгүй байсан ба зурагт /телевиз/ байрлуулсан тавиур дээр "Самсунг ЖИ-7" маркийн, улаан өнгийн гадаргуутай, хар өнгийн гэртэй утас байхаар нь аваад гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/, “Мөнх-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.К ын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “J7” гар утас 300.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч А.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, насанд хүрээгүй хохирогч С.Е гийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К болон өсвөр насны шүүгдэгч А.Б нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь нууцаар, далд аргаар үйлдэгддэг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар А.Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж үзэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Өсвөр насны шүүгдэгч А.Б нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч, иргэн С.Е эзэмшлийн “Самсунг Жи 7” маркийн гар утсыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Самсунг Жи 7” маркийн гар утсыг насанд хүрээгүй хохирогч С.Е д хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө хөдөө сумаас ирсэн замын зардалд 100.000 төгрөг төлүүлж, ямар нэгэн гомдолгүй болохоо илэрхийлж гарын баримтаа өгснийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Б ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 69 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх зорилгоор, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч, өсвөр насны шүүгдэгч А.Б ын эцэг эх нь болох Х.А, И.Г нарын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, хянан хүмүүжих хугацаандаа “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгахаар шийдвэрлэлээ.
Мөн өсвөр насны шүүгдэгч А.Б ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг эх нь болох Х.А, И.Г нарт даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгч А.Б ын амар хялбар аргаар мөнгө олох, эрүүгийн хариуцлагын талаар мэддэггүй, үр дагаварыг ухамсарлаагүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
4. Бусад асуудлаар.
Өсвөр насны шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч А.Б ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,
Өсвөр насны шүүгдэгч А.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч И овгийн А овогтой Б ыг “нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүд, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч А.Б ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д хянан хүмүүжих хугацаанд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б д хүлээлгэсэн “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэ эх нь болох Х.А , И.Г нарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Энэ гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч А.Б ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Өсвөр насны шүүгдэгч А.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т