| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05852/И |
| Дугаар | 102/ШШ2016/05309 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/05309
| 2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2016/05309 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Нуурын 7-11а тоотод оршин суух, Цогт овогт Шагдарын Төгөлдөр /РД-ЗП84012417/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 63 дугаар байр 20 тоотод оршин суух, Сартуул овогт Санжаагийн Гантөмөр /РД-ПЛ73091115/-т холбогдох,
Түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрх-0165/, хариуцагч С.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
нь:
Нэхэмжлэгч Ш.Төгөлдөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр С.Гантөмөрийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар гудамж, 1 тоотод байрлах 407 м.кв талбай бүхий 2 давхар байшингийн 1 давхрын автомашин угаалгын газрыг 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 1 сарын 3,200,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохирч гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлж, урьдчилгаанд 16,000,000 төгрөг өгсөн.
Гэрээ байгуулснаас хойш 1 сар ажиллуулаад ашиггүй байсан учир гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түлхүүрийг хүлээлгэн өгсөн.
Бид тооцоо нийлээд С.Гантөмөр надад 12,850,000 төгрөгийг өгөхөөр тохирсон.
С.Гантөмөр нь 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн оны 12 дугаар сарын эхээр бид харилцан тохиролцсоны үндсэн дээр 2072УНЕ улсын дугаартай суудлын автомашиныг 6,850,000 төгрөгөөр тооцон надад өгсөн.
Хариуцагч шүүхэд ирээд 7,500,000 төгрөгөөр машиныг тооцохоор тохирсон гэж ярьж байна. Өмнө нь бид тийм юм яриагүй, эхлээд автомашиныг 6,300,000 төгрөг гэж байгаад 6,850,000 төгрөг болсон. Тэгээд сарын дараа бид Баянхошуунд уулзаж машиныг авсан.
2016 оны цагаан сарын битүүний өмнөх өдөр 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн.
Үлдэгдэл 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч хариуцагч нь 100,000 төгрөг ХААН банкаар шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасган, С.Гантөмөрөөс 2,900,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагч С.Гантөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ш.Төгөлдөрт 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл миний эзэмшлийн авто угаалгын газрыг 1 жилийн хугацаагаар, 1 сарын 3,200,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцон, түүнээс 16,000,000 төгрөг авсан.
Ш.Төгөлдөр уг газрыг 1 сар ажиллуулаад болъё гэснийг би хүлээн авч, тооцоо хийж 12,850,000 төгрөг өгөхөөр болсон.
Тохиролцсоны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг ХААН банкны дансаар, 2016 оны сар шинийн битүүний өмнөх өдөр 1,000,000 төгрөг, мөн битүүний өдөр 100,000 төгрөг бэлнээр тус тус өгсөн.
Ш.Төгөлдөрийн түрээсийн төлбөрт төлсөн мөнгөнөөс өгсөн, авсан асуудал дээр маргахгүй.
Гэрээ цуцалснаас болж би маш их алдагдалд орж хохирч байна. Би нэг жилийн өмнө Приус-20 маркийн автомашинаа 12,600,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд машиныг 7,500,000 төгрөгт тохирч өгсөн.
Тухайн үед 6,850,000 төгрөгөөр машиныг тооцохоор ярих нь ярьсан. Гэхдээ тэгж тохирохгүй гэхэд Ш.Төгөлдөр яваад өгсөн бөгөөд сар гаруйн дараа 1 өдөр авъя гээд машиныг аваад явсан. Сарын дараа намайг нотариат дээр дуудсан бөгөөд тэр үед 7,500,000 төгрөгт тооцохоор тохирсон. Харин одоо автомашинаа 8,200,000 төгрөгт тооцуулмаар байна. Би одоо Ш.Төгөлдөрт 2,150,000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Төгөлдөр нь С.Гантөмөрөөс түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,900,000 төгрөг болгон багасгасан байна. /хх-27, 48 дугаар тал/
Хариуцагч тал уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Приус-20 маркийн автомашиныг 6,850,000 төгрөгт тооцохоор тохироогүй, 7,500,000 төгрөгт тооцохоор тохиролцсон ... гэж тайлбарладаг. /хх-48 дугаар хуудасны ар тал/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбараар С.Гантөмөр, Ш.Төгөлдөр нар 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар гудамжны 01 тоот хаягт байрлах 407 м.кв талбай бүхий үйлчилгээ, гараашийн зориулалттай хувийн сууцыг авто угаалгын зориулалтаар, сарын 3,200,000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслэхээр тохиролцон, нэхэмжлэгч нь урьдчилгаанд 16 сая төгрөг хариуцагчид өгсөн болох нь тогтоогдож байна. /хх-7-10 дугаар тал/
Талууд дээрх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх бөгөөд гэрээ байгуулсанаас хойш 1 сарын дотор зохигчид гэрээнээс татгалзан, урьдчилгаанд өгсөн 16 сая төгрөгөөс 1 сар ашигласан хугацааны төлбөрт 3,200,000 төгрөгийг суутган, үлдэх 12,850,000 төгрөгийг Ш.Төгөлдөрт буцаан өгөхөөр тохиролцсоны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 3,100,000 төгрөгийг цувуулан өгчээ.
Зохигчид дээрх үйл баримтын талаар болон хариуцагч С.Гантөмөр нь нэхэмжлэгчийн мөнгийг бүрэн буцааж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй.
Харин хариуцагч, өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн автомашинаа 7,500,000 төгрөгөөр тооцон Ш.Төгөлдөрт өгсөн гэж, нэхэмжлэгч нь уг машиныг 6,850,000 төгрөгт тооцож хариуцагчийн өгөх мөнгөнөөс суутгасан, ... машинд 450,000 төгрөгийн сэлбэг авч засуулсан ... гэж мэтгэлцэх хэдий ч хэн аль уг үйл баримтаа баримтаар нотлохгүй байна. /хх-26-27 дугаар тал/
Ш.Төгөлдөр маргаж буй үйл баримтаа нотлохоор гэрч Ж.Амарсайханаас мэдүүлэг авахуулсан боловч гэрч нь тухайн машиныг талууд хэдээр тохиролцсон тухай үйл баримтыг нүдээр хараагүй, нэхэмжлэгчээс сонссон гэж мэдүүлсэн, мөн автомашинд сэлбэг авч засуулсан гэх үйл баримтын талаар мэдэхгүй байх тул нэхэмжлэгчийг нотолж чадаагүй гэж үзлээ. /хх-49 дүгээр хуудасны ар тал/
Харин талууд Тоёото Приус 20 маркийн 2072УНЕ улсын дугаартай автомашиныг 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Т.Энхбатад 7,300,000 төгрөгөөр худалдаж, С.Гантөмөр нь эзэмших эрхээ шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан автомашин худалдах-худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, автомашины өмчлөгчдийн жагсаалт, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул машины үнийг 7,300,000 төгрөгөөр тооцон, үлдэх зөрүүг /12,850,000-3,100,000-7,300,000=2,450,000 төгрөг/ хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. /хх-32-33, 38-44 дүгээр тал/
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасныг баримтлан хариуцагч С.Гантөмөрөөс 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Төгөлдөрт олгож, нэхэмжлэлээс үлдэх 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 54,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасныг баримтлан хариуцагч С.Гантөмөрөөс 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Төгөлдөрт олгож, нэхэмжлэлээс үлдэх 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гантөмөрөөс 54,150 төгрөг гаргуулан Ш.Төгөлдөрт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |