| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0077/Э |
| Дугаар | 080 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 080
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч М.Ф,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А,
иргэний нэхэмжлэгч Б.Н,
шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн С гийн Н д холбогдох эрүүгийн 1913000980085 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, И овогт С гийн Н, регистрийн дугаар БА78000000.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
С.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах гэртээ өөрийн хүү 9 настай Н.М ийг сүү авчирч өгсөнгүй гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний зүүн талын гарны тус газарт хөлөөрөө өшиглөснөөс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
2.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А мэдүүлэхдээ: Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын нийгмийн ажилтан Г.А миний бие 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Н.М ий хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаас ажиллаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад насанд хүрээгүй хохирогч Н.М д гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийхэд эцгээс их айдаг, эцгээ их үзэн яддаг гэж хэлж байсан гэв.
3.Иргэний нэхэмжлэгч Б.Н мэдүүлэхдээ: Манай нөхөр Н хүүхдэд зүй бус үг хэрэглэж байнга зоддог. Миний бие ажилд байхдаа сүү авч ирээгүй гэсэн шалтгаанаар хүүгийн маань зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үед миний хүүхэд маш их сэтгэл санааны дарамтад орж, хувцас хунараа өмсөх чадахгүй, нүүр гараа угааж чадахгүй байдалд хүрч 14 хоногийн дараа зүгээр болж байсан. Мөн тухай үед гэртээ очихгүй, аав байсан бол гэртээ очихгүй гэж хэлж байсан ба эцгээс их айдаг гэж надад хэлж байсан. Мөн ээжээ та намайг битгий аавдаа зодуулаач гэж гуйж байсан юм. Эцэг нь байнга хэл амаар доромжилж, хүүхдээ зоддог болохоор хүүхэд маань сүүлдээ эцэгтэй хэрэлдээд, эцгийн хэлдэг үгийг түүний өөрт нь хэлж, чи миний аав биш, би чамайг үзэн яддаг гэж хэлсэн. Үүнийг миний нөхөр буруугаар ойлгож, чи тэгж хэлүүлж байгаа, чиний хүмүүжлээс болсон гэж дандаа намайг буруутгадаг. Хүүхэдтэй битгий гар хүргээрэй гэж олон удаа хэлсэн боловч хүлээж аваагүй, би энэ асуудлыг өөрөө зохицуулж чадаагүй учраас сүүлдээ би хуулийн байгууллагад хандсан. Миний хувьд аав, хүү хоёрын хоорондын харилцааг хүндрүүлэхээр биш хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө тусламж гуйхаар ирсэн байгаа. Гол зорилго маань гэр бүлийнхээ амран тайван, бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэх, хүүхдүүд маань эрүүл аюулгүй орчинд өсөж хүмүүжихийг хариуцах юм. Хүүхдийн эрүүл мэнд одоогийн байдлаар хэвийн, хохирол байхгүй. Тийм учраас нөхөрт гомдол байхгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 1913000980085 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Насанд хүрээгүй хохирогч Н.М ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сард байсан, өдрийг нь би сайн санахгүй байна, амралтын өдөр үдээс хойш манай гэрт аав, дүү бид гурав байхад аав намайг сүү аваад ирээрэй гэж хэлэхээр нь би сүүг хайгаад олоогүй, энэ талаар аавдаа хэлэхэд сүү олсонгүй, цохор болчихсон юм уу гээд аав миний зүүн талын гар руу өшиглөхөд нь би айсандаа том өрөө руу зугтааж очсон. Би том өрөө рүү ороод диван орон дээр уйлаад сууж байхад аав хойноос минь орж ирээд диван орон дээрээс татаж унгаагаад баруун талын хөлний өвдөгний хэсэг руу өшиглөөд цээж тус газарт минь гараараа цохисон юм. Аав миний гар руу өшиглөснөөс болоод миний зүүн талын гарны ядам хуруу тулаад өвдсөн. Орой 16 цагийн үед би ээжид аав намайг зодсон талаар хэлсэн бөгөөд ээж А гэдэг хүнд очиж миний хурууг бариулсан. Намайг 5 настай байхад аав миний хөл рүү өшиглөөд хөлийг минь хөхрүүлж байсан талаар ээж надад хэлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сард би ааваас зөвшөөрөл авалгүй ээжийн ажил руу нь яваад ээжтэй цуг ирэхэд аав миний нүүрийг маажаад миний нүүрнээс цус гарч байсан. Ер нь ихэнхдээ аав намайг нударгаараа цохидог, мөн алгаддаг юм Аав намайг зоддог болохоор би аавдаа дургүй юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
2. Иргэний нэхэмжлэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Тухайн өдөр би ажил дээрээ байтал манай нөхөр Н над руу 15 цагийн үед заалгаад чи хурдан гэртээ ирээрэй, М уйлаад байна гэхэд нь би яахаараа хүүхэд уйлдаг юм бэ гэхэд гар нь өвдсөн байна, би отчид очиж үзүүлэх үү гэхэд нь би өөрөө очно, яахаараа гар нь өвддөг юм, чи зодсон уу гэхэд тиймээ би зодсон гэж хэлсэн. Би гэрт ирэхэд М ын зүүн талын гарын ядам хуруу нь хавдаж хөхөрсөн байсан ба би М ээс юу болсон талаар асуухад аав намайг сүү авчир гэхээр нь би сүү хайгаад олоогүй тэгтэл өшиглөж гарыг минь гэмтээсэн гэсэн. М ийг 5 настайдаа байхад нь 2013 оны зун намайг ажлаасаа ирэхэд хөлний өвдөг хэсгээр улайж хөхөрсөн, нэг талынх нь чихний дэлбээ хэсэг нь хөхөрсөн байсан. Н ээс яагаад хүүхэд зодсон бэ гэж асуухад би зодоогүй гэж хэлдэг. Тэр үед би хүүхдийн гэмтлийг утсандаа зураг аваад хадгалсан. 2019 оны 01 дүгээр сард гэртээ байтал Н уурлаад М руу гүйж ирээд баруун талынх нь хацрын хэсгийг нь гараараа маажсан юм. Тэр зураг нь мөн адил байгаа. М ийг Н байнга уурлаж, чи муу өнчин, цус гишгэмэр, хүзүү чинь тасармаар гэх мэт муу муухай үг хэллэг хэлж байнга хэл амаар доромжилдог бөгөөд манай гэрт тайван байдал үгүй болсон. Н ааш муутай, нинжин сэтгэлгүй болохоор хүүхдээ зодож, хэл амаар доромжилдог байх. Н ийн М д гаргасан хандлагаас болоод М ын зан ааш маш их эвдэрч байгаа, аав шигээ дээрэлхүү, хүчээр зүйлийг шийдэх гэдэг, бага дүүгээ зоддог болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Н.М ы анги удирдсан багшаар ажиллаж байгаа. 2019 оны 2 дугаар сарын дундуур М хичээл бичиж чадахгүй, гар нь гэмтсэн байсан бөгөөд ээж нь хэлэхдээ унаад гаргаа бэртээсэн, гараандаа боолт хийлгэж байгаа гээд 3 хоног хичээлийн дундуур аваад явсан. Би М аас түүнийг хэрхэн яаж гараа гэмтээсэн талаар асуугаагүй. М хичээл дундуур их босож явдаг, үгэнд ордоггүй, хүнтэй их сөргөлддөг, том хүүхдүүдээс айдаггүй хүүхэд юм. Эцэг эхийн хуралд ээж нь ирдэг, хичээлдээ өөрөө ирдэг, ээж нь хичээлээс авч явдаг, М ээжийнхээ ажил дээрээ ихэнхдээ байдаг, аавыг нь би харж байгаагүй, танихгүй юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,
4. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай дүгнэлтэд;
- Иргэн Н.М ы биед зүүн гарын сарвуунд, /4,5 хуруунд/ ядам, чигчий хурууны хавдартай, цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй тогтоогдлоо. Иргэн Н.М урьд өмнө гаргасан шинжээч эмчийн №62 тоот дүгнэлтэнд өөрчлөлт орохгүй дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Өөрөөр хэлбэл цууралт байсан эсэхээс үл шалтгаална, өөрөөр хэлбэл гэмтлийн хөнгөн зэрэгт өөрчлөлт орохгүй.
- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно.
- Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно.
- Иргэн Н.М ы рентген зургийг УБ хотын ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн газрын рентгений зөвлөх эмчийн тодорхойлолтыг хавсаргав гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр, цаг хэд болж байсныг нь би одоо санахгүй байна, М ийг сүү авчир гэж хэлэхэд М авчирч өгөөгүй бөгөөд миний хажууд гэнэт хүрч ирэхэд плеткин дээр буцалж байсан цайнаас хол бай гэж хэлээд цаашаа бай гэж хэлэхэд түлхэхэд минь М ын зүүн талын гарт миний гар хүрээд түүний гар нь тулчихсан юм. Тэгтэл М миний гар хугарчихлаа гэж уйлахаар нь би ээжид нь залгаад М ын гар гэмтчихлээ, эмнэлэгт очоод үзүүлээд ирье гэж хэлсэн. Удалгүй Н ирээд чи дандаа хүүхэд зоддог гэж хэлээд надтай хэрэлдээд цагдаа дуудсан, болсон асуудал энэ юм. Би хоёр хүүхэдтэй, өөрийнхөө хүүхдүүдийг зодохгүй, урь өмнө нь М д гар хүрч байсан удаа байхгүй. М Бастама сургуулийн 4 дүгээр ангид сурдаг, 4-ийн яг ямар ангид сурдгийг нь мэдэхгүй, багшийг нь мэдэхгүй, би хөдөө ажлаар ихэвчлэн явдаг болохоор М ийг ээж нь хичээлд нь хүргэж авдаг юм. М ын хамгийн сайн найзынх нь нэрийг нь М гэдэг байх, М ын талаар М их ярьдаг, М бид хоёр хичээлээс хамт тарж ирсэн гэж ярьдаг юм. М ийг гэрт ирэхэд нь би ямар хичээл таалагддаг талаар асуухад зургийн хичээлдээ илүү сонирхолтой байдаг талаараа хэлдэг юм. Хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн гэдгийг би сайн санахгүй байна, 2009 оны 04 билүү 05 дугаар сарын 20-нд төрсөн байх. М ээждээ илүү хайртай, надтай нэг их муу биш харьцдаг, надаас илүү ээжийгээ илүү их хайрладаг. М надтай хэрэлддэг, надтай бараг шахуу харьцдаггүй, хүүхэд маань ээжтэйгээ цуг явж байнга ээжтэйгээ ярилцдаг юм. М ын надтай харьцдаггүй шалтгаан нь М ийг ээж нь буруу хүмүүжүүлсэн, ээж нь миний эсрэг хүмүүжүүлсэн юм. Түүний учир шалтгааныг би мэдэхгүй. Яг үнэнийг хэлэхэд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр М ийг би сүү авчир гэж хэлэхэд минь битгий хуц, чи миний аав биш гэж хэлэхэд би чи юу гээд байгаа юм бэ гэсэн. Тэгтэл М шууд над руу салаавч гаргасан бөгөөд би түүн рүү яагаад аавтайгаа ингэж харьцаж байгаа юм бэ гээд гартаа байсан хоолны том халбагыг далайхад минь М өөрийгөө хамгаалах гээд гараа өргөхөд нь хоолны халбага М ын гарт хүрээд түүний гар тулчихсан юм. Яг болсон асуудал энэ юм, өөр зүйл байхгүй юм. Би М ийг 5 настай байхад нь зодож байсан удаа байхгүй, тийм асуудал болоогүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч С.Н ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Н ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах гэртээ өөрийн хүү 9 настай Н.М ийг сүү авчирч өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, түүний зүүн талын гарын тус газарт хөлөөрөө өшиглөснөөс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Н.М ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/, гэрч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ болон шүүгдэгч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Н ийн гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Н ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Н нь өөрийн хүү болох Н.М ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Н ээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч С.Н ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн хүүхэдтэй харилцах таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.Н ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.М ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, насанд хүлээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирол, хор уршгийг төлж өгсөн тул хохирогч, иргэний нэхэмжлэгч талаас нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч С.Н т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С.Н нь насанд хүрээгүй хохирогч Н.М , иргэний нэхэмжлэгч Б.Н нартай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5/46 дугаартай саналд яллагдагч С.Н т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С.Н хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч С.Н т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч С.Н т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх, гадаад паспортыг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн С ийн Н ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ийг 500 “таван зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Н ийн иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т