| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0081/Э |
| Дугаар | 083 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 083
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн Т овогтой Э д холбогдох эрүүгийн 1913000970104 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И овгийн Т овогтой Э , 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, тус аймгийн Алтай сумын 5 дугаар баг Борбургаст оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БА83000000
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Яллагдагч Т овогтой Э нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвийн Борхалзан 2 давхар дэлгүүрийн гадна иргэн Б.Ц ыг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1913000970104 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Манайх Алтай сумын 4 дүгээр багт нөхөр 2 хүүхдийн хамт оршин сууж амьдардаг. 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байсан. Манай нөхөр болох Б.Г нь сумын төвд нэгдсэн халаалтын сантехникч слесарь ажилтай. Тухайн өдөр нөхөр маань ажлаас бууж ирэх цаг нь болсон ба ирээгүй байсан. Тэгээд нөхөр болох Г ыг 21 цаг 30 минут хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь хоёр хүүхдийн хоол цайг нь өгчхөөд гэрээ гаднаас цоожилчхоод 21 цаг 40 минутын үед ганцаараа Г ыг хайгаад гарсан. Би Г ын утас руу залгаж үзэхэд дуудаад утсаа авахгүй байсан. Тэгээд ажлын байр, хүүхдийн цэцэрлэг ганц хоёр дэлгүүрүүдээр явж хайгаад олоогүй. Тэгэхэд Борхалзан гэдэг хүний 2 давхар байшингийн 2 дугаар давхар нь гэрэлтэй байсан. Тэгээд тэр айлын хажуугаар явж байхад манай нөхрийн мотоциклтэй ижил өнгийн мотоцикл байхаар нь ойртоод очсон юм. Тэгээд Г ын мотоцикл гэдгийг таньсан ба тэнд байна гэдгийг шууд мэдээд уг айл руу орох гэж хаалгыг татаж үзэхэд дотроос нь цоожилсон байсан. Тэгэхэд удахгүй дотроос нь манай нөхөр гадуур хувцасгүй, цамцтай инээгээд гараад ирсэн ба араас нь нэг хүн дагаад гарсан. Би тэр дагаад гарсан хүний эрэгтэй, эмэгтэй хүн гэдгийг таниагүй юм. Тэр өдөр сартай шөнө байсан, үзэгдэх орчин хангалттай байсан юм. Тэгэхэд Г тай цуг гарсан хүн эмэгтэй хүн байсан ба тэр хоёр яах болов уу гэж ажиглаад зогсож байсан. Тэгэхэд тэр хоёр тэврэлдсэн зогсож байв. Тэгээд шууд очиж та хоёр яаж байна гэж хэлээд нөхөр болох Г ыг гарнаас барьж авахад нь гараа татаж салгаад надаас зугтаад явчихсан. Тэгэхэд нөгөө эмэгтэй миний 10 жилд хамт сурсан Б.М байсныг таньсан. Тэгэхэд надад Б.М чи хэн бэ, чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд надыг шууд барьж авсан ба би ч гэсэн барьж авсан. Чи хэзээ нөхрөө хайрладаг байсан, би чиний нөхөртэй сууна, чи нөхөртөө хайртай гэж бодож байна уу гэж намайг хэл амаар доромжилж, миний үснээс минь барьж авч татсан ба, би ч гэсэн Б.М гийн үснээс барьж авч татсан. Тэгэхэд Б.М гийн нөхөр Э /хоч нэр нь Ш гэдэг /гарч ирээд миний зүүн талын хүзүү тус газарт хүчтэй цохисон ба шатан дээр дээшээ хараад унасан гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,
2. Гэрч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Манайх Алтай сумын 5 дугаар багт буюу хөдөө мал маллаж амьдардаг. 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед нөхрийн хамт мотоциклтэй сумын төвд орж ирсэн. Тэгэхэд манай нөхөр Э нь нэг айл рүү малын тэжээл хүргэж өгөхөөр явсан. Тэгэхэд цаг нийлэн орой болчихсон байсан ба гаднаас манай нөхөр Г тай хамт дэлгүүр дотор орж ирсэн. Тэр хоёр гаднаас халамцуу байдалтай орж ирсэн ба дэлгүүр дотор орж ирээд 2 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво уусан. Тэгж сууж байтал Г ын гар утсанд дуудлага ирсэн ба босоод хаалга руу очиход урдаас нь эхнэр нь Ц /С/ дэлгүүр дотор орж ирсэн. Тэр үед Г зөрөөд гараад явчихсан. Тэгэхэд надад Ц “чи энд юу хийж банзалдаж яваа муу янхан бэ? гэж намайг үсдэж авч дэлгүүрээс чирч авч гарахад нь би ч гэсэн Ц ыг үснээс барьж татсан нь үнэн. Тэгэхэд дэлгүүрийн гадна манай нөхөр намайг салгаж авах гэж Б.Ц руу “чи хүний эхнэр хажууд явж байхыг нүдээр харж мэдсээр байж, юу яриад байна гэж хэлээд Б.Ц ыг гараараа зүүн шанаа руу цохиж унагааж, өшиглөсөн. Тухайн үед би цагдаад дуудлага өгөх гэсэн боловч миний утсыг Б.Ц булааж авчихсан юм. Б.Ц надаас нөхрөө хардаж, намайг хэл амаар доромжилж байхад нөхөр болох Т.Э Б.Ц ыг зодсон нь үнэн. Би хар хүрж зодоогүй. Т.Э , Б.Г , Тунгаа бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Би тухайн үед өөрийн нөхрийн хамт байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
3. Гэрч Э.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Миний бие 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Алтай сумын төв хариуцсан сумандаа үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр орой 20 цагийн үед Алтай сумын 4 дүгээр багийн иргэн С.Г гэдэг хүн 95000000 дугаарын утаснаас “Борхалзан” дэлгүүрийн гадаа хоёр эмэгтэй хоорондоо хэрүүл маргаан хийж байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд Цагдаагийн хэсгээс гараад дуудлага өгсөн чиглэл рүү явган явж байхад миний урдаас Т гэдэг залуу мотоциклтэй ирж манай эгч Ц ыг Б.М гийн нөхөр Т.Э нь зодож байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход “Борхалзан” нэртэй улаан тоосгон 2 давхартай дэлгүүрийн гадна ирэхэд, дэлгүүрийн гадаа Э гэгч Ц гэдэг /хоч нэр нь С/ эмэгтэй хүний үснээс гараар барьж авсан зодож байсныг болиулаад салгаж авсан. Тэгээд Т.Э , М хоёрыг өглөө цагдаагийн хэсэгт бэлэн байхыг зөвлөсөн ба Ц ыг төрсөн дүү нь болох Т авч явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,
4. Гэрч Б.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байсан ба орой 20 цагийн үед манай эгч Б.Ц над руу утсаар Г цагдаагийн утсыг асуусан. Тэгэхэд би Б.Ц аас танд юу болсон бэ гэж асуухад, намайг “Борхалзан” гэдэг дэлгүүрийн гадна Э түүний эхнэр М нар зодож байна гэж дуудсан. Тэгээд хэсгийн цагдаа Э.Г ыг дагуулж очиход манай эгчийг Э нь гараараа үснээс нь ороогоод барьж авч өшиглөж зодож байсан. Тэгээд би Э ийг та яаж байгаа юм бэ гэж хэлээд эгч тэр хоёрыг салгаж авсан. Би хэсгийн цагдааг дагуулж очиход манай эгчийг Т.Э нь гараараа зодож өшиглөж байсныг харсан ба Б.М нь манай эгчийг гар хүрч зодсон зодоогүйг нь хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,
5. Гэрч Т.О ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Миний бие тэр өдөр хөдөөгөөс Алтай сумын төвд өглөө хувийн ажлаар ганцаараа мотоциклээр орж ирсэн юм. Тэгээд сумын төвд орж ирээд мотоцикл янзлуулж дуусаад ганц хоёр найзтайгаа тааралдаж пиво уусан юм. Тэгээд “Борхалзан” гэдэг дэлгүүрийн гадна очиход Г гэдэг ахтай тааралдаж, уг дэлгүүр дотор орсон. Дэлгүүр дотор Э , М , дэлгүүрийн худалдагч Т , Г гэдэг хүмүүс байсан. Тэгээд би Г ахдаа нэг шил архи авч задалсан. ...Тэгээд нэг мэдэхэд уг дэлгүүрийн гадна гараад ирэхэд Э гэдгийг танасан ба, нэг эмэгтэй хүний үснээс барьж авсан гараар зодож байсан. Маргаан юунаас болсныг мэдсэнгүй, харин ярьж байсан үг ярианаас нь эхнэр, нөхөр хоёрын хооронд хардалт сэрдэлт гарсан юм шиг санагдсан юм. Тэгэхэд тэр хүмүүсийн дунд миний таньдаг Т гэдэг залуу байсан ба надад хүрч ирээд манай эгч Ц ыг Э зодчихлоо гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,
6. Гэрч Р.У ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би Б.Ц ыг танина, Алтай сумын 4 дүгээр багт оршин сууж амьдардаг. 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шөнийн 00 цагийн үед Б.Ц нь согтуу хүнд зодуулсан, толгой өвдөнө, огиулж бөөлжинө, цээжээр, нуруугаар өвдөнө гэж зовуурьтай ирсэн. Тэгээд миний бие үзэж, эмчилгээ бичиж өвчний түүх нээж, дотрын тасагт хэвтүүлсэн. Манай эмнэлэгт 2019 оны 2 дугаар сарын 18-наас 19-ний өдөр хүртэл 2 хоног эмчлүүлж, улмаар эмчлүүлэх онош тодруулахаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт өөрийн биеэр хамт очиж хүлээлгэж өгч хэвтүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,
7. Гэрч Н.М ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ээлжийн эмчээр гарч байсан. Тэр өдөр 12 цаг 40 минутын үед Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн иргэн Б.Ц гэдэг хүн хүнд зодуулсан гэх байдлаар ирсэн. Тэгээд Б.Ц ыг яаралтай арга хэмжээ авч, Алтай сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн бичигтэй байсныг хүлээж авч, түүнд истор нээж, хэвтүүлсэн. Тухайн үед Б.Ц ын биеийн байдал дунд зэргийн, толгой өвдөн, цээж хэвлийгээр өвдөн гэсэн зовуурьтай байсан. Тэгээд Б.Ц д эмчилгээ хийж Б.Ц манай мэс заслын тасагт 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс, 2019 оны 2 дугаар 22-ны өдөр хүртэл 2 хоног хэвтэн эмчлүүлээд биеийн байдал нь сайжирч гарсан. Миний бие Б.Ц д истор нээж, хаасан нь үнэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,
8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай дүгнэлтэд;
- Иргэн Б.Ц ын биед доргилттой, цээжний зүүн талд ар нуруунд өгзөг орчим хүчтэй өвдөнө, зүүн бүсэлхий орчим дугуй хэлбэрийн улайсан, ар нурууны хоёр өгзөг хооронд хавдартай, тэмтрэхэд эмзэг, зулайнд хавдартай, хэмжээтэй үс нь зулгагдсан зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо.
- Иргэн Б.Ц ын биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн болно.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно
- Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
- Иргэн Б.Ц ын сумын эмчийн тодорхойлолтыг хавсаргав гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,
9. Шүүгдэгч Т.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Манайх тус аймгийн Алтай сумын 5 дугаар багт мал маллаж амьдардаг юм. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед хөдөөнөөс сумын төвд эхнэр Б.М гийн хамт хувийн ажлаар өөрийн мотоциклээр орж ирсэн. Тэгээд ажлаа амжуулчхаад хөдөө малын тэжээл аваад хөдөө гэрлүү явах машин тэрэгт тавьж явуулчхаад колонкоос бензин аваад ирж байх замд Г гэдэг найзтай тааралдсан юм. Тэгээд Г надад ганц хоёр пиво уух уу гэсэн. Тэгээд Г бид хоёр пиво уугаад сууж байхад, гаднаас Г ын эхнэр Ц орж ирсэн ба шууд манай эхнэр рүү дайрч, чи муу банзал авгай, юу хийгээд явж байна гээд манай эхнэрийн үснээс үсдэж аваад гадаа гарсан, тэгэхэд Г шууд гараад зугтчихсан юм. Тэгээд би эхнэрээ салгаж авах гээд очсон. Тэгэхэд Ц нь миний эхнэр Б.М гаас нөхрөө хардаж, улмаар хэл амаар доромжилж байсан, би тэр үгэнд нь тэсэхгүй Ц д “чи юу яриад байна, би эхнэртэйгээ хамт явж байна, яаж тэгж хэлж чадаж байна” гээд уурлаад баруун гараар Б.Ц ын зүүн шанаа нь тус газарт цохиж унагааж, газар унасны дараа 1 удаа нуруу руу нь өшиглөсөн маань үнэн. Тухайн үед миний эхнэр Б.М г Б.Ц хэл амаар доромжилж, улмаар өөрийн нөхөр Г тай хамт явалддаг утгатай зүйл ярьсан. Тухайн үед тийм зүйл болоогүй. Б.Ц нь Б.М г надтай хамт байсныг мэдсээр байж эр, эмийн асуудал ярьсанд харамсаж байна. Би Б.Ц ын тэгж хэлсэн үгэнд тэсэхгүй гар хүрч зодсон минь үнэн. Миний эдгээр үйлдлүүдээс болж иргэн Ц ын биед хөнгөн хохирол учирсан. Би одоо буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас/,
10. Шүүгдэгч Т.Э ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Э ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвийн Борхалзан 2 давхар дэлгүүрийн гадна иргэн Б.Ц ыг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/, гэрч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/, гэрч Э.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, гэрч Б.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/, гэрч Т.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/, гэрч Р.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/, гэрч Н.М ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Т.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Э ийн гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Т.Э ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Э нь иргэн Б.Ц ыг архидан согтуурсан үедээ зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Э оос шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Т.Э ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хоорондоо маргасан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Т.Э ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.Ц тай сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан тул хохирогч Б.Ц аас нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Т.Э ид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.Ц тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 5/47 дугаартай саналд яллагдагч Т.Э ид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Т.Э хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 135 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Т.Э ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Э ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Э ид нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Битүүмжилсэн хөрөнгө болох шүүгдэгч Т.Э ийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Э урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Т гийн Э ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э ийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Э ийн иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Э ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Э ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т