| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/02596/И |
| Дугаар | 210/МА2026/00108 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00108
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09067 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******од холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,272,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
*******, ******* нар 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй *******ээс зээлж авсан. 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. *******, ******* нар хариу тайлбар гаргасан ба Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр 12,544,000 төгрөгийг *******аас гаргуулахаар шийдвэр гарч, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу иргэн ******* 12,544,000 төгрөгийг иргэн *******эд төлж барагдуулсан. ******* нь *******ын зээлсэн мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар зээлдүүлэгч *******эд бүрэн төлсөн бөгөөд уг төлбөрийн 50 хувь болох 6,272,000 төгрөгийн хувьд *******, *******ын нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн тодорхой харилцаа үүсээгүй байх тул ******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэсний дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул 6,272,000 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Миний бие *******тай хамт *******тай гэрээ байгуулан 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг тус бүр 17,500,000 төгрөг, сарын 10 хувийн хүүтэй авсан. Миний авсан 17,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь ******* 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр надаас авсан. Гэтэл уг зээлийн гэрээ зөрчигдсөнөөс болж *******г төлөөлж ******* нь Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, улмаар давж заалдах шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 217 магадлалаар зээлдэгч нараар төлбөрийг тэнцүү хувааж төлүүлэх шийдвэр гарсан учир бид тус бүр үндсэн зээл 17,500,000, зээлийн хүү 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 198,500, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 50,000 төгрөг, нийт 18,748,500 төгрөгийг төлж тооцоог дуусгасан. Дээрх магадлалын тооцоонд *******ын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр надаас авсан 5,000,000 төгрөг ороогүй тул оногдох хүүгийн хамт нэхэмжлэлээс хасуулж тооцуулах хүсэлтэй, харин үлдэх 1,272,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 6,272,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 115,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй, нэхэмжлэгч ******* өөрөө хариуцагч ******* надаас 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг аваад эргүүлж өгөөгүй нь баримтаар бүрэн нотлогдож байхад шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн 16-д: нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна энэхүү маргаан тай хамааралгүй буюу тусдаа эрх зүйн харилцаанд хамаарна гэж нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийг хасаж тооцохгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан *******ын авсан 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж тооцон, хариуцагч *******оос 1,272,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай гэх өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 6,272,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1. ******* нь *******, ******* нартай байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон. /хх12/
Энэхүү гэрээний дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр *******аас зээлийн гэрээний үүрэгт 12,544,000 төгрөг гаргуулж, *******эд олгож, *******аас 5,046,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх6-8, 89-91/
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/04-214 дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон. /хх88, 92-93/
3.2. ******* нь *******, ******* нартай байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг, 10 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцсон. /хх42/
Уг гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 217 дугаар магадлалаар хариуцагч *******, ******* нараас тус бүр 18,500,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 73,175,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн./хх37-40/
4. ******* болон *******, ******* нарын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр *******аас зээлийн гэрээний үүрэгт 12,544,000 төгрөг гаргуулж, *******эд олгож шийдвэрлэснээр уг төлбөрийг нэхэмжлэгч ******* нь *******эд төлж дуусгасан талаар талууд маргаагүй байна.
Харин, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг гэж тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх ба хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй учир *******оос 6,272,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт нийцсэн тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.
5. Хариуцагч ******* нь нэхэмжилсэн 6,272,000 төгрөгийг төлөх эсэх талаар маргаагүй боловч иргэн *******гаас авсан зээлийн мөнгөнөөс *******ын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр авсан 5,000,000 төгрөгийг хасч тооцуулан, үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн төлбөрийн асуудлыг харилцан тооцуулна гэжээ.
5.1. Хэргийн баримтаас үзэхэд *******гаас авсан зээлийн тооцоо нийлсэн жагсаалт гэх баримтын ард ...******* 5,000,000 төгрөг хүлээн авав. Хүлээлгэн өгсөн *******, 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, хүлээн авсан ******* гэж гарын үсэг зурагдсан байна.
5.2. Энэхүү баримтыг үндэслэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах тухай хариуцагчийн тайлбар болон уг баримтыг няцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй байна.
5.3. Мөн, хариуцагч *******оос дээрх 5,000,000 төгрөгтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг 3 удаа гаргасныг шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/16512, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/18267, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/34006 дугаартай шүүгчийн захирамжуудаар хүлээн авахаас тус тус татгалзсан байна./хх29-30, 45-47, 49-51, 58-62/
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй боловч бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй.
5.4. Харин, анхан шатны шүүхээс биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгох боломжтой байхад хариуцагч *******оос нэхэмжлэгч *******ын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр авсан 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг залруулан хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 6,272,000 төгрөгөөс түүний авсан 5,000,000 төгрөгийг хасч, үлдэх 1,272,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт нийцнэ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 1,272,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын *******оос 115,302 гэснийг *******оос 35,078 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ