Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00025

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Цахиур хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 тоот захирамжийн Ж.М-т Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захад 7314.5 мкв газар эзэмших эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх газрыг Б.Э-д шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ж.М нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Цахиур хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ж.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Манай компани 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн иргэн Д.О-тай “Нийлүүлэгч, борлуулагчийн хамтран ажиллах гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулсан. Д.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөлгүй 17 044 249 төгрөгийн өр үүсгэсэн тул тус компаниас шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Ийнхүү Цахиур ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дотор байрлалтай үйлчилгээний

зориулалттай 119 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 027/ШШ2014/0289 дугаартай захирамж, Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/683 тоот албан бичиг, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0238 дугаартай актын дагуу 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Цахиур ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрыг 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тов зарлах тухай” А/250 тоот захирамж гарган дуудлага худалдаагаар бусдад эзэмшүүлэхээр болжээ. Энэ дуудлага худалдаагаар тус газрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 тоот захирамжаар Ж.М нь эзэмшихээр болж, улмаар газар эзэмших эрхээ 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.Э-д шилжүүлсэн байна. ... Хөвсгөл аймгийн Засаг даргаас 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тов зарлах тухай” А/250 тоот захирамжаар бусдын өмчлөлийн эд хөрөнгө байрлаж буй газарт дуудлага худалдаа зарлан бусдад газар эзэмших эрх олгосон нь хууль бус байна. Манай компаниас энэхүү асуудлыг тодруулахад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн лавлагаагаар Ү-1723001022 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг анх 2002 онд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч байсан байна. ... Харин маргаан бүхий газар болох одоогоор Б.Э-н эзэмшлийн Мөрөн сумын 5 баг, Түүхий эдийн захад байрлах 7314.5 м.кв газрыг анх 2011 онд дуудлага худалдааны журмаар газар эзэмших эрх олгосон байна. Үүнээс үзвэл 2002 оноос эхлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн газрыг бусдад эзэмшүүлсэнийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө нь газартай салшгүй холбоотой хөрөнгө юм. Түүнчлэн өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй байна. Бусдын өмчлөлийн эд хөрөнгө байрлаж буй газарт бусдад эзэмших эрх олгосон нь анхнаасаа хууль бус юм. Газрын тухай хуульд зааснаар газрыг давхцуулан олгох нь хууль бус бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эрхэнд халдаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

... Анхны өмчлөгч Т.Н-д газар эзэмших эрхгүй байсан боловч 119 кв.м үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлсэн, түүнийг нь төрийн эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрч бүртгэсэн. Хэдийгээр Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн зах доторх эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар бүхий 119 кв.м үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч нь 2002 оны 10 дугаар сарын 07-нд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан боловч тухайн үед үйлчилж байсан Газрын тухай 1994 оны хуульд газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заагаагүй байсан. Аймгийн Засаг дарга түүхийн эдийн захын газрыг дуудлага худалдаагаар худалдахдаа хууль болон дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн. Б.Э-д түүхий эдийн захын газрыг эзэмшүүлэх үед тухайн газар инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй байсан. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй. Гуравдагч этгээд Б.Э Цахиур ХХК-д хандаж түүхий эдийн захад байрлах 119 кв.м талбай бүхий үл хөдлөх хөрөнгөө нурааж, газар чөлөөлж өгөхийг шаардсан тул Цахиур ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хөндөгдөж байна. ... Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 тоот захирамжийн Ж.М-д Мөрөн сумын 5 дугаар баг түүхий эдийн захад 7314.5 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дээрх газрыг Б.Э-д шилжүүлсэн захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа “Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах дотор байрлалтай 119 м.кв хэмжээтэй Ү-1723001022 дугаарын бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн газартай холбоотой асуудлаар аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжийн Ж.М-т 7314.5 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг болон аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дээрх газрыг Б.Э-д шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Хариуцагчийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авсан. ... 2002 оны 10 дугаар сард маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг Т.Н, Ж.О, Н.Н, Н.Д нарын нэр дээр бүртгэхдээ Хөвсгөл Баянбулаг ХХК-ийн захирал Д.М-тай байгуулсан “Газар эзэмших тухай байгуулсан хэлцэл”-ийн үндсэн дээр бүртгэл хийгдсэн байна. Өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэдийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрласан газарт газар эзэмших, өмчлөх эрх үүсээгүй байсан байна. ... Хэдийгээр тухайн эд хөрөнгө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар Цахиур ХХК-д шилжсэн боловч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн бүртгэл эхнээсээ алдаатай хийгдсэн байх магадлал байна. Иймд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа “Б.Э миний бие нь 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ж.М-аас Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захыг 7314.5 м.кв газартай нь худалдан авсан юм. Худалдаж авахаас өмнө үүнийг хуулийн дагуу авсан эсэхийг судлаж үзсэн ба энэ нь хуулийн дагуу байсан болно.

Цахиур ХХК-ийн нэхэмжилж байгаа газар, үл хөдлөх хөрөнгө нь анхнаасаа хууль бус үйлдэлтэй юм. Цахиур ХХК-ийн барьцаанд авч буй үл хөдлөх хөрөнгө нь газаргүй байсан ба үүнийг нь Цахиур ХХК мэдэж байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийг анх улсын бүртгэлийн газар бүртгэж үл хөдлөхийн гэрчилгээ олгохдоо газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нараас зөвшөөрөл авахгүй хууль зөрчиж газар байхгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиж өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Газар дээр үл хөдлөх хөрөнгө байх ёстой. Эхлээд газрын гэрээ, гэрчилгээг үзэж байж үл хөдлөх хөрөнгийн гэрээ гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэдэг хуультай. Иймд энэ үл хөдлөх хөрөнгө нь газаргүй байгаа нь хуулийн дагуу биш гэдгийг нотлож байна” гэжээ. 

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Цахиур ХХК-ийн шүүхэд гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 тоот захирамжийн Ж.М-т Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захад 7314.5 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх газрыг Б.Э-д шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг доорх үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар нь Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах түүхий эдийн захын газрыг Хөвсгөл Баянбулаг ХХК-ийн захирал Д.М-д түрээсээр ашиглуулж байх хугацаанд[1] буюу 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус захад үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.Н нь Ж.О, Н.Н, Н.Д нартай хамтран Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг захад байрладаг 119 кв.м талбайтай, дэлгүүр, цайны газрын зориулалттай байшинг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг хүссэний дагуу Улсын бүртгэлийн 1723001022 дугаарт бүртгэж 0009788 дугаар гэрчилгээг 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон[2] болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Ингэхдээ Т.Н, Ж.О, Н.Н, Н.Д нар нь тухайн 119 кв.м талбайтай үл хөдлөх хөрөнгө буюу байшин барьсан газраа Д.М-тай хэлцэл хийсний үндсэн дээр түрээсээр ашиглаж байгаа талаар[3] улсын бүртгэлийн байгууллагад гаргасан танилцуулгадаа дурдаж байсан ба хожим 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Хөвсгөл Баянбулаг ХХК-ны харъяа Баянбулаг захын захиргаа, ....... тоотод оршин суугч Т.Н, Ж.О нарын хооронд газар эзэмших тухай байгуулсан хэлцлийн гэрээ” гэх баримтыг[4] улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгч байжээ.

Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах түүхий эдийн захад байрлах улсын бүртгэлийн 1723001022 дугаартай, 119 кв.м талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2002-2014 онуудад нэр бүхий хэд хэдэн иргэн, аж ахуйн нэгжүүд ээлжлэн өмчилж байсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар[5] тогтоогдож байна.

Цахиур ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар[6] Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн зах доторх эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар бүхий 119 кв.м үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж 000211425 дугаартай гэрчилгээ[7] авсан байна.

Харин Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах түүхий эдийн захын газрыг Хөвсгөл Баянбулаг ХХК-ийн захирал Д.М-д гэрээгээр ашиглуулж байсныг[8] 2009 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн хот тохижилт, үйлчилгээний компанид шилжүүлэн ашиглуулж байгаад[9] дуудлага худалдаагаар худалдахаар[10] шийдвэрлэжээ.

Тодруулбал Цахиур ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захын 7314,5 кв.м газрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжаар[11] дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд ялагч болсон Ж.М-т 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ[12]. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжаар Ж.М-ын эзэмшил бүхий Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захын 7314,5 кв.м газрыг иргэн Б.Э-д шилжүүлсэн[13] ажээ.

Нэхэмжлэгч “Газрын тухай хуульд зааснаар газрыг давхцуулан олгох нь хууль бус бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эрхэнд халдаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж маргасан. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “Анхны өмчлөгч Т.Н газар эзэмших эрхгүй байсан боловч 119 кв.м үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлсэн, түүнийг нь төрийн эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрч бүртгэсэн” гэх, хариуцагчийн “Өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэдийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрласан газарт газар эзэмших, өмчлөх эрх үүсээгүй байсан байна” гэх тайлбар болон хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд газрыг давхцуулан олгосон гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч “Бусдын өмчлөлийн эд хөрөнгө байрлаж буй газарт бусдад эзэмших эрх олгосон нь анхнаасаа хууль бус юм” хэмээн маргаж байгаа боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар төр өөрийн өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, бусдад эзэмшүүлсэн газрын эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрхтэй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн зах доторх эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар бүхий 119 кв.м үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч /өмнөх болон одоогийн/ нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй явж ирсэн талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хэдийгээр Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн зах доторх эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар бүхий 119 кв.м үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч нь 2002 10 дугаар сарын 07-нд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан боловч тухайн үед үйлчилж байсан Газрын тухай 1994 оны хуульд газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заагаагүй байсан” хэмээн маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь 1994 оны Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3), 4), 6 дугаар зүйлийн 1), 7 дугаар зүйлийн 1), 27 дугаар зүйлийн 1)-д зааснаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхээр хуульчилсан байжээ.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө гэдэгт:

  1. Газар
  2. Газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс хамаарахаар байна.

Цахиур ХХК нь Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн зах доторх эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар бүхий 119 кв.м үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэнээр тухайн үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газрыг өмчлөх, эзэмших эрхтэй болохгүй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь газар өмчлөх, эзэмших эрхийг үүсгэдэггүй бөгөөд газар өмчлөх, эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хоёр тус тусдаа байж болохоор хуульд заажээ.

Нэхэмжлэгч Цахиур ХХК-ийн зүгээс Ж.М-т түүхий эдийн захын газрыг эзэмшүүлсэн болон Б.Э-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн дээрх захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн ямар субьектив эрхийг хэрхэн зөрчсөн болох, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар хангалттай нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ. Гуравдагч этгээдэд эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл нь гагцхүү нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөрчсөн байх явдал юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны /шийдвэрийн/ улмаас түүний ямар эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдах ёстой бөгөөд гуравдагч этгээдэд эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүсч байгаа бол энэ шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тайлбарлах ёстой.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх, хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмшигч нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй юм.

Хөвсгөл аймгийн Засаг дарга 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжаар Ж.М-т түүхий эдийн захын 7314,5 кв.м газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Цахиур ХХК-ийн /Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн зах доторх эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаарт бүртгэгдсэн 119 кв.м/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хөндөөгүй, энэ талаар захирамждаа дурдаагүй, мөн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжаар Ж.М-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Э-д шилжүүлэхдээ Цахиур ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хөндөөгүй, тийм зорилго агуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжууд нь Цахиур ХХК-ийн Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захад байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаарт бүртгэгдсэн 119 кв.м үл хөдлөх хөрөнгө өмчлөх субьектив эрхийг зөрчсөн шинжгүй, өмчлөгчийн эрхийг өөрчлөх, дуусгавар болгох зорилгогүй байх тул нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд гуравдагч этгээд Б.Э Цахиур ХХК-д хандаж түүхий эдийн захад байрлах 119 кв.м талбай бүхий үл хөдлөх хөрөнгөө нурааж, газар чөлөөлж өгөхийг шаардсан ажээ. Гуравдагч этгээд Б.Э-ын зүгээс нэхэмжлэгч Цахиур ХХК-д тавьж буй шаардлага хууль зүйн үндэслэлтэй эсэх маргаан нь тэгш эрхтэй этгээдүүдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаан байх тул захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хангалттай үндэслэл тогтоогдож байх тул хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын маргаж буй бусад үндэслэлүүдийг шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

            Шинжээчийн дүгнэлтийн хувьд хэдийгээр шүүгчийн захирамжид заасан хугацаанд дүгнэлтийг гарган ирүүлээгүй, хожимдож ирүүлсэн боловч газрын харилцааны мэргэжлийн байгууллагын кадастрын мэргэжилтнийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан, шинжээч дүгнэлтдээ шүүгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан[14] боловч гомдол гаргаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үйл баримт нь хэрэгт авагдсан бусад баримт, хэргийн оролцогчдын тайлбараар мөн нотлогдож байгааг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Цахиур ХХК-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 тоот захирамжийн Ж.М-т Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захад 7314.5 мкв газар эзэмших эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх газрыг Б.Э-д шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас 55-56, 104, 106, 109-110, 113-114 дүгээр хуудас,

[2] Хэргийн 1 дүгээр хавтас 187 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтас 110 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтас 109 дүгээр хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтасны 121, 1 дүгээр хавтасны 171-217 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дахь хавтасны 10-36 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 204, 2 дугаар хавтасны 34 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтасны 55-56 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтасны 70-80 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтасны 95-96 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтасны 95 дугаар хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 168 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 156 дугаар хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтасны 130, 149 дүгээр хуудас