Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ХШТ/39

 

                                              Д.Х-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Сэргэлэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар магадлалтай, Д.Х-д холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2003 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Багануур цахилгаан механикийн үйлдвэрт /”БНЦМ” ХХК/ бүтээн байгуулалтын цехийн ажилтнаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй Т овогт Д-ийн Х.

Д.Х нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн 03 цаг 20 минутын орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” шөнийн цэнгээний газрын гадна пивоны шил хагалж, хагархайгаар нь Д.Э-ний баруун гуяны дотор хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсний улмаас Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод Д.Э нь цус алдаж нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Х-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 8 сарын хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 18 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Д.Х нь өөрийн буруутай үйлдлээс болж 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө найз Д.Э-ний буруун гуяны дотор хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсний улмаас цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдож мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн үйлдлийн хууль зүйн үр дагавар, хариуцлагыг ухамсарлан ойлгож гэм буруугаа хүлээн оролцсон. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8-15 жилийн хорих ял оногдуулах санкцтай боловч Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчмын хүрээнд эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай ба Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тодорхой хэмжээгээр төлж барагдуулж байгаа, цаашид хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах хуулийн зарчимтай. Д.Х одоо 20 настай, ам бүл 3 бага насны хүүхдийн хамтаар амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Улсын дээд шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасантай холбоотойгоор хүний амь нас хохирсноос бусад хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг 5 зэрэглэлээр тогтоохоор жишиг аргачлалыг гаргасан байдаг. Тэгэхээр энэ хэргийн хувьд хүний амь нас хохирсон учир Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээч томилох ямар ч шаардлагагүй буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан нөхцөл байдал үүссэн. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Надад хохирлын мөнгө төгрөг сонин биш байна. Д.Х гэж хүүхэд миний хүүгийн амьд явах эрхийг хоёр удаа боогдуулсан. Эхний ээлжид өөрөө хатгасан, найзууд нь эмнэлэгт хүргэе гэхэд хүргэлгүй авч яваад амь насыг нь бүрэлгэсэн. Би цагаан сарын шинийн нэгнээс өмнө хамаг байдаг юмаа тавьж хүүгийнхээ ажил явдлыг өнгөрөөсөн. Өнөөдөр өр зээлээс гарч амжаагүй явна. Би ажил дээрээ ажлаа сайн хийж чадахгүй хэмжээний шаналж явна. Оршуулгын зардал одоог хүртэл төлж барагдуулаагүй. Цалингийн зээлтэй, дэлгүүрийн өглөгтэй. Миний амьдралыг там болгосон мэт санагдаж байна. Өвчнөөс өөр зүйл бидэнд үлдсэнгүй. Урьд хоёр шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Х 2023 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө амь хохирогч Д.Э-ний баруун гуян тус газар пивоны шилний хагархайгаар хатгасны улмаас их хэмжээний цус алдаж нас барсан баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийг зөв хэрэглэсэн байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Энэ гэмт хэргийн хувьд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэмт хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоохгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан байна.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр, тохироог хангахад чухал шаардлагатай билээ.

2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Д.Э гэмт халдлагад өртөж нас барсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг хоёр шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний эцэст хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, Д.Х-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд Д.Х-ийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийснээс гадна үүндээ тулгуурлан хэргийг зөв зүйлчилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос  гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан 8-аас 15 жил хорих ялаас 11 жил 8 сарын хорих ялыг Д.Х-д оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шудрага ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд “шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Харин хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба хууль цаг хугацааны хувьд  хуулийн хүчин чадалтай болсон тэр үеэс хойш тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлнэ.

Гэхдээ хуульд тусгайлан зохицуулсан бол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тухайн хуулийн хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үүссэн харилцаа, болж өнгөрсөн үйл баримтын хувьд буцаан хэрэглэж болдог ба энэ нь эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдийг нэмсэн байна.

Иргэний хуульд ийнхүү нэмэлт оруулсан хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс мөрдөхөөр мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан бол Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зохицуулсан тул уг хууль нь мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Харин мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгайлан зааснаас гадна сэтгэцэд учруулсан гэм хорыг хэн, ямар хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5-д тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-нээс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд хууль тогтоогч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулиудыг шинээр батлан гаргахдаа эдгээр хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд тусгайлан зохицуулаагүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн хувьд сэтгэцэд учирсан гэх гэм хорыг мөнгөн хэлбэрээр шүүх гаргуулах үндэслэлгүй юм.

Дээр дурдсаны дагуу 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө үйлдэгдсэн хүнийг санаатай алах гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн гэм хорыг мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулах үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтын сэтгэцийн гэм хорын төлбөрт шүүгдэгчээс 132,000,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “...нас барагчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 132,000,000 төгрөг, нийт 141,673,034 төгрөгийг гаргуулж...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, энэ заалтын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                           Б.ЦОГТ

                 ШҮҮГЧИД                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ