Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00190

 

 

******* *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10630 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* ******* нь *******д 2016 оноос хойш Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй тул жил бүр ажлаа хангалттай үнэлүүлж байсан. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэнэт өөрийгөө тодорхой асуудлаар буруутгасан сануулгыг мэйлээр хүлээн авсан. Тухайн сануулгад дурдсан асуудал нь түүний хувцаслалт, бусадтай харилцсан харилцаа хандлагын талаар байсан тул суурин төлөөлөгчид хандаж ёс зүйгүй хууль дүрэм баримталдаггүй суурин төлөөлөгчтэй хамтарч ажиллахгүй гээд ажлаасаа халагдах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. ******* бүх ажилчдын хурал Увс аймагт 2025 оны 04 дүгээр сарын сүүлээр болоход нэхэмжлэгч ******* ******* нь оролцож суурин төлөөлөгчтэй уулзаж сануулгын талаар ярилцаад ойлголцсон гэж үзээд ******* ******* ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байсан. ******* ******* нь тайлбар өгөхгүй бол ажлаасаа гарах хүсэлтээ татан авч байгаа талаараа суурин төлөөлөгчид мэдэгдэхэд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас халсан тушаал гарсан талаар мэдэгдсэн. Энэ тушаалын талаар нэхэмжлэгч ******* ******* мэдээгүй байсан, энэ цаг хугацаанд бүх ажилчдын хурал Увс аймагт болж байсан, суурин төлөөлөгч тушаал гарсан гэдэг боловч туслах ажилтан болон бусад ажилчид нь тушаал бичгээр гараагүй байсан талаар хэлдэг, ингээд суурин төлөөлөгч 2025 оны 05 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ирэхэд энэ тушаалд гарын үсэг зуруулсан.

Шүүхэд гаргасан нотлох баримтыг шинжлэн судлахад дарамт, харилцаа үүсэж байсныг захидлаас харах боломжтой байгаа, захидлуудаас нэг зүйлийг хэлэхэд хэрвээ чи ажлаас халах хүсэлтээ өгөөгүй байсан бол дахин бид сануулга өгөх байсан талаараа захидалд дурдсан байдал нь харагдаад байгаа. ******* ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн захидалд хувь хүний хувьд гомдсон талаараа дурдсан, мөн ажлаас халагдах хүсэлтээ өгөөгүй байсан бол дахин бид мэдэгдэх байсан гэж дурдсан байгааг анхаарч үзээсэй гэж үзэж байна.

******* *******гийн гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт буюу цахим захидал харилцаанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг бид нар хүлээн зөвшөөрч маргахгүй гээд хүсэлтээ илэрхийлээд явсан байгаа. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулгаас харвал үл ойлголцол байна, ажлаас чөлөөлөхдөө нэр цэвэр чөлөөлөгдмөөр байна гэдэг агуулга илэрхийлэгдсэн байгаа, шүүх хүсэлтийн агуулга, нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харгалзан үзнэ үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бөгөөд ажлаас халсан тушаал хууль ёсны хууль тогтоомжид нийцсэн, ажилтны хүсэл сонирхолд тулгуурлан гарсан байгаа. ******* ******* нь өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэд маш тодорхой дурдсан байдаг, төрийн бодлого шийдвэр үйл ажиллаагаа цахимжилттай холбоотойгоор ажилтан цахимаар хүсэлтээ илэрхийлэхийг хууль тогтоомжид зөвшөөрсөн. ******* *******гийн хүсэлтэд өөрийн хариуцан ажиллаж байсан ажил үүргийг дуусгавар болгох талаар дурдсан байдаг, тухайн үед нэхэмжлэгч өөрийн хариуцаж байгаа төслийг дуусгахаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр ажиллах хугацааг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэж ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан байгаа. Ажил олгогчийн зүгээс цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг олгосон.

Нэхэмжлэгч ******* ******* нь Улаанбаатар салбарын захиргааны захирлаар 2016 оноос хойш ажиллаж байсан. Энэ хугацаанд ******* ******* нь ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй, байгууллага удирдлага, ажилтны хооронд үл ойлголцол үүссэн байхыг үгүйсгэхгүй, энэ байгууллага гадаадын байгууллага, захидал харилцаа гээд бүх зүйл англи хэлээр явагддаг, гадны төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, ажилтнуудын хоорондын и-мэйлээс суурин төлөөлөгчийг хассан байдалд удирдлагын зүгээс цаашид үүнийгээ анхаарч ажиллаасай гэж бичгийн сануулга гээд байгаа захидлыг илгээсэн байдаг. Нэхэмжлэгч ******* ******* нь тодорхой зарим зүйлийг хүлээн зөвшөөрч тухайн үед удирдлагаас уучлалт гуйсан асуудал байгаа. Энэ нь ажлаас чөлөөлөгдөх хэмжээнд ажлын байраа орхих хэмжээнд байсан гэж үзэх боломжгүй. 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус байгууллагын удирдах зөвлөлийн хурал болж энэ асуудлыг хэлэлцээд ******* *******д хүсэлтээ эргэж хараач гэдэг байдлыг илэрхийлж хэлж байсан боловч нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ дэмжсэн байдлаа илэрхийлсэн тул Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж түүнийг ажлаас чөлөөлөх тушаал 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсныг нэхэмжлэгчид гардуулж, ажлаас чөлөөлсөн тушаалын талаар 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар байгууллагын бүх ажилчдад мэдэгдсэн. Энэ үед хэн алиндаа талархал илэрхийлж захидал бичсэн байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт ажилтан хүсэлтээ илэрхийлсэн байгаа, тохиролцох гэдэг хугацааг 30 хоногт хязгаарлаж өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлцэх хугацааг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэж заасан. Энэ хугацааг зөвшөөрөөгүй бол нэхэмжлэгч ажлын байраа орхиод явах боломжтой байсан, ажлаас чөлөөлсөн тушаалд ажилтны чөлөөлөгдөх хугацааг заах ёстой, ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******д холбогдох суурин төлөөлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч ******* *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ******* *******гийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Анхан шатны шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, шүүхийн нэгдмэл практикийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь ажилтан ******* ******* нь ажлаас гарах хүсэлтээ өөрийн жинхэнэ хүсэл зоригийн үндсэн дээр аливаа дарамт шахалт, зүй бус нөлөөлөлгүй илэрхийлсэн эсэх, эсхүл ажил олгогчийн зүгээс зүй бус нөлөөлөл, дарамт шахалт үзүүлсэн эсэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх бодитойгоор авч хэлэлцээгүй.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №33 тогтоолын 14-т Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр, зөвхөн ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгоно гэж тодорхой тайлбарласан. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 1.7-д ажилтны өргөдөл нь хуульд заасан шаардлагыг хангаж буй мэт харагдавч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, ажил олгогчийн шахалт, зүй бус нөлөөлөл байсан эсэхийг шүүх анхаарах ёстой гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх Дээд Шүүхийн тогтоол, зөвлөмжийг баримтлаагүй бөгөөд ажилтны өргөдөл сайн дурын, хөндлөнгийн нөлөөгүй байсан эсэх субьектив шинжийг огт шалгаагүй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг, үйлдэл, эс үйлдэхүй болон бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь байгууллагын дотоод дарамтаас ангид байж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах үндсэн эрх, эрх чөлөөг бодитоор эдлэх зорилготой байсан. Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид ажлын байраар хангах үндсэн үүрэгтэй. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн зүгээс үндэслэлгүй буруутгал, байгууллагын дотоод журмыг зөрчсөн шийдвэрүүдийн дарамтад орж, ажлаас халагдах хүсэлтээ илэрхийлэхэд хүрсэн болно.

Хэрэгт нотлох баримтаар үнэлэгдсэн цахим захидлуудаас нэхэмжлэгч нь ажлаас гарах хүсэлтээ анх ямар шалтгаан, нөхцөлд гаргасан, сэтгэл зүйн гэнэтийн дарамтад орсон, удирдлагын зүгээс шахалт үзүүлсэн, өргөдлөө буцаан татахгүй байхыг шаардсан зэрэг нөхцөл байдал тодорхой харагдах боломжтой байсан боловч эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Дээд Шүүхийн зөвлөмжид заасны дагуу бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнээгүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн цахим захидал харилцаа буюу эдгээрийн агуулга, орчуулгын талаар талууд маргадаггүй. Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цахимаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тухайн хүсэлтийг өгөхөд удирдлагын зүгээс нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд зааснаар ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт шахалт үзүүлэх нөхцөл байдлыг учруулаагүй гэж үзэж байна. Тус байгууллагын удирдлага болон ажилтны хооронд үл ойлголцох асуудал үүссэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд удирдлагын зүгээс цаашид тухайн нөхцөл байдал үүсгэхгүй байх тал дээр анхаараарай гэх агуулгатай захидал бичсэн үйл баримтыг дэгсдүүлж, хүйсийн хувьд ялгаварлан гадуурхсан гэх агуулгаар түүний төлөөлөгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн 04 дүгээр сарын 11-ний өдөр болон 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд гаргасан хүсэлтүүддээ тэрээр өөрийн хүсэл зоригийг бүрэн дүүрэн, бодитой илэрхийлсэн байсан.

Ажил олгогчийн зүгээс ******* *******д дарамт, шахалт үзүүлсэн зүйл байхгүй бөгөөд мөн түүний хувцаслалт, хүйсийн хувьд ялгаварлан гадуурхсан нөхцөл байдал байхгүй. Суурин төлөөлөгч нь Ховд аймагт байрлаж ажилладаг учир 04 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалыг шуудангаар хүргүүлсэн. Энэ талаарх мэдээллүүдийг 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* ******* болон байгууллагын нийт ажилтнуудад танилцуулсан. Тухайн захидалд нэхэмжлэгчийг өнгөрсөн хугацаанд үр бүтээлтэй, сайн ажиллаж, ямар нэгэн зөрчил гаргаагүй талаар дурдсан бөгөөд мөн байгууллага, удирдлагын зүгээс талархал илэрхийлж байгаа талаараа дурдсан агуулгатай захидал байсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******д холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* суурин төлөөлөгчийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар ******* *******г 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ******* Улаанбаатар салбарын Захиргааны захирлын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан./хх6/

 

3.2. ******* суурин төлөөлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, байгууллагын Хүний нөөцийн бодлогын 6.1.4, 6.2.1, UB/AM-01 тоот хөдөлмөрийн гэрээ, ажилтны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг тус тус үндэслэн Улаанбаатар салбарын Захиргааны захирал ажилтай ******* *******гийн хөдөлмөрийн гэрээг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн./хх40/

 

3.3. Нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасныг тус хорооны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл/шийдвэр талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. /хх41-44/

 

4. Дээрх үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагч ******* Улаанбаатар хотын салбарын Захиргааны захирлаар ажиллаж байгаад хариуцагчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байх ба нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлт нь сайн дурынх байсан эсэх асуудлаар талууд маргажээ.

 

5. Хариуцагч байгууллагын суурин төлөөлөгч *******аас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* танд, энэхүү албан бичгийн сануулга нь байгууллагын ажилтнуудад болон надад хандсан таны сүүлийн үед зан байдалтай холбоотой асуудлаар сахилгын арга хэмжээ болохыг мэдэгдэж байна. 1.Асуудал. 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болон түүний дараах өдрүүдэд ажилтнууд хоорондын цахим захидлаар харилцах үед та намайг тэрхүү чат и-мэйлнээс зориуд хассан нь тодорхой байна. Үүний нотолгоо нь ажилтнуудыг хариу бичихдээ монголоор бичихийг хүсэж, намайг тэр захидлаас хассан хэр нь бусад хүмүүсийг тэр чат и-мэйлд нэмж оруулсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн салбарын захиргааны захиралд хүндэтгэлгүй хандаж, түүний асуултад хариулаагүй. Энэ үйл явцад миний хариу захидлын дараа, надад мэдэгдэлгүйгээр Төслийн шинэ удирдагч болон Ховд салбарын захиралтай харилцсан байна. Дээрх үйлдлүүд нь М байгууллагын Хүний нөөцийн бодлогын 3.3.3, 3.3.6 болон 3.7.2 заалтуудыг зөрчсөн бөгөөд М байгууллагад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2. Хүлээлт ба үр дагавар. Та надаас болон Баян-Өлгий аймгийн салбарын захиргааны захирлаас уучлалт гуйх ёстой. Түүнчлэн цаашид ийм зан байдал гаргахгүй байхыг би танаас хүлээж байна. Эдгээр асуудал арилахгүй хэвээр байвал дахин сахилгын арга хэмжээ авч, улмаар хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна. Энэхүү бичгийн сануулгыг таны ажилтны хувийн хэрэгт хавсаргана гэдгийг анхаарна уу. Та сахилгын арга хэмжээг хүлээн авч, алдаа дутагдлаа арилган, албан тушаалд тавигдах шаардлагад нийцэж ажиллана гэдэгт итгэж байна. Сануулга хүлээн авсныг баталгаажуулах: Энэхүү анхааруулгыг хүлээн авснаа баталгаажуулах үүднээс доорх хэсэгт гарын үсгээ зурна уу. Энэ нь та энэхүү баримт бичигтэй санал нийлэхийг илэрхийлэхгүй, гагцхүү хүлээн авч, уншсан гэдгийг баталгаажуулна. Хэрэв танд асуулт байвал эсвэл энэ асуудлаар цаашид ярилцахыг хүсвэл эргэлзэхгүйгээр надтай холбогдоно уу /хх29-30/ гэсэн цахим захидлыг нэхэмжлэгчид ирүүлсэн тухайд талууд маргахгүй байна.

 

5.1. Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* ******* хаягт Ажлаас халагдах хүсэлт. Эрхэм хүндэт ******* танаа, энэхүү и-мэйлээр ажлаас гарах хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна. Миний бие энэ сарыг дуустал *******д ажиллана. Ажлаас халагдахаас өмнө, миний бие таны тавьсан асуудалд хүндэтгэлтэй, үнэн зөвөөр хариулж байна. Юун түрүүнд би *******тай утсаар ярилаа. Түүнээс ямар нэг үл ойлголцол гарсан бол чин сэтгэлээсээ уучлахыг хүслээ. ******* бүр шоконд орж, бид нарын харилцаанд надад гомдсон зүйл юу ч байхгүй, хүндэтгэлгүй хандлага мэдрээгүй гэдгээ илэрхийлсэн. Харин ч тэрээр бидний /2015 оноос хойших/ 10 жилийн хамтын ажиллагаанд байнга талархаж байдгаа илэрхийлж, бидний харилцан итгэлцэл, халамж, байгууллагын эрхэм зорилгод үнэнч байдал дээр тулгуурлаж ирснийг дурдлаа. Тэрээр бид үргэлж нөхөрсөг, хүндэтгэлтэй, бие биеэ дэмжин ажиллаж ирсэн тухай ярьсан.

 

Удаах асуудалд, надад өгсөн сануулгыг тавьсан асуудлын талаарх өөрийн байр сууриа илэрхийлэх шударга боломж олгоогүйд хүндэтгэлтэйгээр энэхүү шударга бус шийдвэртэй санал нийлэхгүйгээ илэрхийлж байна. Энэ үйл явц нь өөрөө байгууллагын үйл ажиллагаанд бидний эрхэмлэдэг ил тод шударга байдлыг мөрдөөгүй. Миний гаргасан үйлдэл, хандлага нь мэргэжлийн ёс зүй, бие биеэ ойлгох, хамт олон болон хамтрагчдаа чин сэтгэлээс дэмжих зорилготой байсан. *******д ажиллах хугацаанд олж авсан туршлага, хамтын харилцаанд хувь хүнийхээ хувьд ямагт талархаж явдаг. Байгууллагын цаашдын хөгжил дэвшил, нийгэмд үзүүлэх эерэг нөлөө улам бүр өргөжихийг чин сэтгэлээсээ хүсэж, танд болон хамт олондоо ирээдүйн ажилд нь амжилт хүсье. Чин сэтгэлийн угаас хүндэтгэсэн, ******* гэсэн цахим захидлыг илгээсэн байна. /хх19,143/

 

5.2. Хариуцагч талын суурин төлөөлөгчийн зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр таны ирүүлсэн захидалд талархаж байна. Таны *******д ажилласан олон жилийн хөдөлмөр, зүтгэлд бид гүнээ талархаж байна. Мөн ийм байдлаар төгсөж байгаад харамсаж байна. Өөрийн хариуцсан зарим ажлаа дуусгахын тулд дөрөвдүгээр сарыг дуустал ажиллах хүсэлтэй байгаад чинь талархаж байна гэсэн агуулгатай хариуг нэхэмжлэгчид ирүүлжээ./хх144/

 

5.3. Нэхэмжлэгчийн дээрх ажлаас халагдах тухай хүсэлтийг үндэслэн хариуцагч талаас 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

 

5.4. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хүсэлтээ илэрхийлсний дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр суурин төлөөлөгчид хандаж түүнээс ирүүлсэн сануулгын талаар тодруулга авах тухай хүсэлтийг, мөн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаас гарах өргөдлөө түр буцаан татах тухай хүсэлтийг тус тус илгээжээ./хх145-147,150, 152/

5.5. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийн хариуд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тодруулгыг хүргүүлсэн/хх148/ байх ба ажлаас гарах өргөдлөө түр буцаан авах тухай хүсэлтийн талаар та гурван долоо хоногийн өмнө өргөдлөө өгсөн бөгөөд би үүнийг хүлээн зөвшөөрч, албан ёсны тушаал гаргасан тул уг шийдвэрийг эргүүлэн татах боломжгүй болсон гэсэн хариуг нэхэмжлэгчид өгчээ./хх151/

 

5.6. Дээр дурдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагч байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас гаргасан ажлаас халагдах хүсэлт нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчаас ирүүлсэн сануулгаас үндэслэсэн байх боловч уг сануулгын агуулгаас үзвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлтийг түүгээр гаргуулах агуулгагүй байна.

 

Хэрэв нэхэмжлэгч нь уг сануулгыг хуульд заасан сахилгын шийтгэлийн төрөл гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан журмаар эрх бүхий байгууллагад уг асуудлаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан гэж үзнэ.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ажлаас гарах өргөдлөө түр буцаан авах тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу түүний ажлаас халагдах тухай 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэрлэснээс хойш гаргаж, түүнийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаас гарах өргөдлөө түр буцаан авах хүсэлт гаргах үед ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тухай тушаал гараагүй байсан гэж маргадаг.

 

6.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2025 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн Удирдах зөвлөлийн 3 дугаар хурлаар Улаанбаатар салбарын захирлын ажлыг Ховд салбарын захирал 2025 оны 06 дугаар сарын 01-нээс хавсран гүйцэтгэхээр болсон байх ба түүнийг салбарын захирлаас чөлөөлөгдөх болсон талаарх Удирдах зөвлөлийн 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн цахим хуралдаанд танилцуулсан байна./хх113, 116/

 

6.2. Уг баримтуудаар нэхэмжлэгчийг ажлаас гарах хүсэлтээ түр буцаан авах хүсэлт гаргах үед түүний хүсэлтийг шийдвэрлэж 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаал гараагүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

7. Иймд хариуцагч тал, нэхэмжлэгчийн дээрх 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг зөрчөөгүй бөгөөд ажил олгогчийн тушаал гарсны дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халагдах хүсэлтээсээ түр татгалзсан гэх хүсэлтийг үндэслэн уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

8. Харин, нэхэмжлэгчийн ажлаасаа халагдах тухай хүсэлт нь түүний сайн дурын бодит илэрхийлэл байсан эсэх асуудал талуудын маргаанд хамааралтай.

 

8.1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах, мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

 

8.2. Дээр дурдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгчийн гаргасан ажлаас халагдах тухай хүсэлт нь түүний сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь ... 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тодорхой асуудлаар буруутгасан суурийн төлөөлөгчийн сануулгыг цахим шуудангаар хүлээн авч маш их цочрол авсан, сануулгад дурдсан асуудал нь түүний хувцаслалт, бусадтай харилцсан харилцаа хандлагын талаар байсан тул суурийн төлөөлөгчид хандаж ёс зүйгүй, хууль дүрэм баримталдаггүй суурин төлөөлөгчтэй хамтарч ажиллахгүй гээд ажлаас халагдах хүсэлтээ илэрхийлсэн, мөн байгууллагын удирдлагуудаас дарамт, шахалт ирсэн тул ажлаас халагдах хүсэлтээ өгсөн гэж тайлбарлах боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдах хүсэлт гаргах хэмжээний дарамт шахалт ирсэн гэж үзэх нотлох баримтгүй байна.

 

9. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ