| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0088/Э |
| Дугаар | 086 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 086
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
нарийн бичгийн дарга К.Е ,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгч Ж.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Ж ын З д холбогдох 1813001910118 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, гэр ахуйн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Ч” ХХК-д засварчин ажилтай, Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суудаг, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Ж ын *** , регистрийн дугаар: БД******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж.З нь Өлгий сумын 13 дугаар багт байрлах иргэн Н.М гийн гэрт хонож яваад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тэднийх эзгүй байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цоожийг нь өөртөө байсан илүү түлхүүрээр онгойлгон орж, ягаан өнгийн торгон гадаргатай, хурганы арьсаар доторлосон эмэгтэй дээл 1 ширхэг, “shero” маркийн гар утас 1 ширхэг зэргийг тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Ж.З аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1913001910118 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Н.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Буянт сум руу явсан, гэр эзгүй байхад гэрийн цоожийг онгойлгож, авдарт байсан манай ээж бурхан болохоос өмнө надад зориулан хийж өгсөн торгон гадартай, хурган дотортой, ягаан өнгийн эмэгтэй хүний дээл болон “shero” маркийн гар утсыг хулгайд алдсан. Манай гэрийн илүү нэг түлхүүр нь Ж.З д байдаг байсан. Хулгайд алдсан эд зүйлээ буцааж авсан, ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
2. Гэрч П.Ц ын шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын дунд үеэр байх өдрийг нь санахгүй байна Ж.З гэрт ягаан өнгийн үстэй дээл авч ирж тавьсан байхыг хараад энэ ямар учиртай дээл бэ гэж асуухад хүнээс худалдаж авсан гэж хэлж байсан. Уг дээлийг хулгайлж авч ирсэн болохыг Ж.З цагдаагийн газарт шалгагдаж байхад нь мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/,
3. Эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас/,
4. “М” ХХК-ийн үнэлгээчин Х.К ын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19/29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Цагаан өнгийн хурганы арьсан дотортой, торго гадартай, эмэгтэй хүний дээл, 1 ширхэг 750.000 төгрөг, “shero” гэсэн бичигтэй хар өнгийн дэрээ антентай гэр утас 1 ширхэг 50.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч Ж.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Өлгий сумын 13 дугаар багт байдаг найз болох Б.О ын гэрт байх хугацаанд орой 20 цагийн үед тэдний гэрт байсан үстэй дээл, хар өнгийн гар утсыг хулгайлан авч яваад хамаатан эгч болох П.Ц ын байранд авч ирж тавиад хадгалж байгаад хулгайлж авсан гэж хүлээн зөвшөөрч Цагдаагийн газарт уг эд зүйлийг О ын эхнэр М д хүлээлгэн өгсөн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
6. Хохирогч Н.М гийн мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргаж өгсөн: ...”Буянт сумын 3 дугаар багийн иргэн Н овогтой М би яллагдагч Ж.З д гомдолгүй. Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн эргүүлж авсан. цаашид шалгуулах зүйл гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Яллагдагч Ж.З тай сайн дураараа эвлэрсэн болно. яллагдагч Ж.З д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
7. Ж.З ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.З ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.З нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах иргэн Н.М гийн гэрт хонож яваад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тэднийх эзгүй байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цоожийг нь өөртөө байсан илүү түлхүүрээр онгойлгон орж, ягаан өнгийн торгон гадаргатай, хурганы арьсаар доторлосон эмэгтэй дээл 1 ширхэг, “shero” маркийн гар утас 1 ширхэг зэргийг тус тус хулгайлсан болох нь шүүгдэгч Ж.З ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Н.М , гэрч П.Ц нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, “Мөнх-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.К ын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19/29 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Н.М гийн мөрдөн байцаалтын явцад гаргаж өгсөн баталгаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.З гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.З нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах иргэн Н.М гийн гэрт хонож яваад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тэднийх эзгүй байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цоожийг нь өөртөө байсан илүү түлхүүрээр онгойлгон орж, ягаан өнгийн торгон гадаргатай, хурганы арьсаар доторлосон эмэгтэй дээл 1 ширхэг, “shero” маркийн гар утас 1 ширхэг зэргийг тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.З аас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Ж.З ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.З ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.М д хохирол 800.000 төгрөгийн бодит хохирол гарсан ба хохирогч Н.М нь хулгайд алдсан эд зүйлүүдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн бүтэн хүлээн авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ж.З д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ж.З нь хохирогч Н.М тэй сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 5/48 дугаартай саналд яллагдагч Ж.З д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ж.З хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Ж.З д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Ж.З д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч О овогт Ж ын З ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ж.З д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Булган сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.З ын иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.З д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т