Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00187

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09354 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******өд холбогдох,

Орон сууц, авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, сайн дураар чөлөөлөөгүйн улмаас учирсан хохиролд 70,304,006 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж, 185,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, Трю эл хотхон /13312/, хүннү гудамж, 715 дугаар байрны *******од 90,62 м.кв 4 өрөө орон сууц, мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын *******, 17,25 м.кв авто зогсоолыг тус тус барьцаалсан бөгөөд барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч ******* нь зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд түүний хүсэлтээр дээрх барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үл маргах журмаар зээлдэгч *******-ийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Холбогдох гэрээ, ******* болон *******ы хүсэлтийг тус тус үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд өмчлөх эрхийг гэрээний дагуу шударгаар олж авсан болно.

Гэтэл дээрх орон сууц болон авто зогсоолыг хариуцагч ******* нь өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөөр байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Баянзүрх дүүрэг, ******* хороо, Трю эл хотхон /13312/, хүннү гудамж, 715 дугаар байрны *******од 90,62 м.кв 4 өрөө орон сууц болон мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын *******, 17,25 м.кв авто зогсоолыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр удаа дараа шаардаж, мэдэгдэл өгч байсан хэдий ч өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.

Нэхэмжлэгч ******* нь зээлдэгч *******ы зээлийн төлбөр болох 207,850,000 төгрөгт тооцон дээрх хөрөнгийг шилжүүлж авсан бөгөөд хариуцагч *******ийн хууль бус эзэмшлийн улмаас өөрийн өмчлөлийн хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болж, компанийн үндсэн үйл ажиллагаанд хохирол учрах болсон. ******* нь тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч *******ийн хууль бус эзэмшлийн улмаас зээлийн төлбөрт тооцон авсан орон сууц, авто зогсоолыг захиран зарцуулах боломжгүйн улмаас 70,304,006 төгрөгийн бодит хүүгийн хохирол учраад байна. Нэхэмжлэгч өөрийн зээлийн хүүгээр тооцоолол хийж, 2023 оны 12 сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тооцоход 70,304,006 төгрөгийн хохирол гарсан.

Иймд бусдын өмчлөх эрхийг зөрчиж байгаа хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, ******* хороо, Трю эл хотхон /13312/, хүннү гудамж, 715 дугаар байрны *******од 90,62 м.кв 4 өрөө орон сууц болон мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын *******, 17,25 м.кв авто зогсоолыг албадан чөлөөлж, хохиролд 70,304,006 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

*******-тай ******* нь ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй. Тухайн орон сууц, авто зогсоолыг *******тай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг төлж дууссаны дараа өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахаар тохиролцож худалдаж авсан. Худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсэн боловч ******* болон н.Баянмөнх нь удаа дараа худал хэлж ажилтай байна, өвчтэй байна, эхнэр өвдсөн, эмнэлэгт хэвтсэн гэх мэт шалтгаанаар удаа дараа хойшлуулж байсан. Энэ нь эрүүгийн хэргээс авагдсан нотлох баримт дотор байгаа мессежнүүдээр нотлогдох бөгөөд *******ийн буруутай үйл ажиллагаанаас бус, ******* өөрөө шилжүүлж өгөхөөс зайлсхийж байсныг нотолж болно.

Мөн банк бус санхүүгийн байгууллага нь *******тай зээлийн гэрээ байгуулж, орон сууцыг шилжүүлэн авсан. Гэвч орон сууцыг шилжүүлж авснаараа тус банк бус санхүүгийн байгууллагын өмч шууд болохгүй. Яагаад гэвэл шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ орон сууц нь үнэхээрийн өөрийн өмч мөн эсэхийг тогтоолгоогүй, ямар нэгэн шийдвэр байхгүй. Зөвхөн зээлийн өрөнд авсан гэдэг үндэслэлээр л өөрсдийгөө эзэмшигч гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэгч нь *******ийн эзэмшиж, төлбөрөө төлөөд өөрийн болгосон энэхүү орон сууц, автомашины зогсоолыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг буцаах эсвэл эрүүгийн хэрэг маргаан хянагдаж дуусах хүртэл хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, Трю эл хотхон /13312/, Хүннү гудамж, 715 байр, ******* хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 90.62 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,тус хаягт байрлах зоорийн давхрын ******* улсын бүртгэлийн ******* дугаартай 17.25 м.кв талбайтай, авто зогсоолыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 70,304,006 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,706,671 төгрөгөөс 1,127,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Миний бие тус орон сууц болон автозогсоолыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 258,000,000 төгрөгийг ******* түүний нөхөр ******* болон эдгээрийн эзэмшдэг -д дансаар болон бэлнээр төлж барагдуулсан болно. Төлбөр төлж дуусмагц үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг удаа дараа хүсэлт тавьж байсан боловч элдэв арга зам хэрэглэн хойшлуулсан бөгөөд би цагдаагийн байгууллагад хандсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 15 удаагийн залилангийн гэмт хэрэгт нэгтгэгдэн одоог хүртэл шалгагдаж байна.

Нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй тул тус байгууллага нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Магадлалд заасан үндэслэлийн зарим хэсгийг биелүүлсэн ч 3 дахь хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэснийг үндэслэн талууд маргаж буй тохиолдолд хариуцагчийн хууль ёсны эсэх үйл баримтыг тогтоох шаардлагатай гэснийг хангахгүйгээр шийдвэрлэсэн нь шударга худалдан авагч миний эрхийг зөрчиж байна.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 3.3-т гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хугацааг төлбөрийг бүрэн төлж дуусмагц гэж заасан нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Дээрх гэрээний 3.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэж тодорхой заагаад тухайн өдрөө хүлээлгэн өгсөн бөгөөд төлбөр төлж дуусмагц миний өмчлөл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд, дээрх хуулийг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116, 118 зүйлд заасантай нийцсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцтай холбоотойгоор *******д залилуулсан талаарх гомдлоо цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд түүний гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцагч *******ийг хохирогчоор тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт бүрэн авагдаагүй байдаг бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн гэх төлбөр болон хохирлоо гаргуулах авах боломжтой юм. ******* нь *******д холбогдуулан гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа нь энэхүү нэхэмжлэлтэй хамааралгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дүгээрт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, ******* хороо, Трю эл хотхон /13312/, Хүннү гудамж, 715 байр, ******* хаягт байрлах, 90.62 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй дээрх хаягт байрлах хотхоны 716 байр, ******* хаягт байрлах, 17.25 м.кв талбайтай авто зогсоолыг албадан чөлөөлүүлж, учирсан хохиролд 70,304,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Зээлийн гэрээний үүрэгт *******гаас манай компани тухайн орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж авсан, манай өмчлөлийн эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж, учирсан хохиролд 70,304,006 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Тухайн орон сууц болон авто зогсоолыг *******гаас худалдаж авч төлбөрөө төлж дуусгасан, улсын бүртгэл дээр өмчлөгчийн нэрийг шилжүүлээгүй байсан, одоо цагдаагийн байгууллагаас *******гийн уг үйлдлийг эрүүгийн хэрэгт шалгаж байгаа учир хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

3.1. ******* нь *******д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ-гээр 185,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2,7 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдрийн барьцааны гэрээгээр *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дүгээрт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ******* хороо, Трю эл хотхон /13312/, Хүннү гудамж, 715 байр, ******* 90.62 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 716 байр, ******* хаягт байрлах, 17.25 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх7-11, 130/

 

3.2. ******* нь *******-тай 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр маргаан бүхий орон сууц болон автозогсоолыг 207,850,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар *******-ийн өмчлөлд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /хх12-14/

 

4. Талуудын маргаж буй 4 өрөө орон сууц болон автозогсоолын өмчлөгч нь ******* болох нь дээр дурдсан хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

5. Харин, тухайн орон сууц болон автозогсоолыг эзэмшиж буй *******ийн эзэмшил хууль ёсны эсэх талаар талууд маргасан байна.

 

5.1. Хариуцагч ******* нь, *******тай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий 4 өрөө орон сууцыг 230,000,000 төгрөгөөр, автозогсоолыг 28,000,000 төгрөгөөр тус тус худалдан авах тухай гэрээг хийж /хх30-31/ улмаар уг орон сууц, авто зогсоолыг эзэмшдэг байх ба *******д холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан./хх169/

 

5.2. Түүнчлэн, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор ...үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан бөгөөд гэрчилгээг нэр дээр шилжүүлж өгөлгүй залилсан гэх хэрэгт *******ийг хохирогчоор тогтоожээ./хх170/

 

5.3. ******* нь дээрх гэрээгээр *******гаас маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг худалдан авахаар гэрээг бичгээр байгуулж, үнийг төлж орон сууц авто зогсоолыг эзэмшиж өмчлөх эрхтэй гэх боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэсэнтэй нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байх тул түүнийг маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй байх тул энэ талаар гаргасан түүний гомдлыг хангах боломжгүй байна.

 

5.4. Харин, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г дээрх хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн байх тул түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5.5. Иймд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.

 

6. Хариуцагч нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө тухайн иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тодруулбал, хариуцагч нь *******тай хийсэн хэлцлийг үндэслэн гомдол гаргаж эрүүгийн журмаар шалгуулж байх ба уг эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийн оролцооны талаарх баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байна.

 

7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 70,304,006 төгрөгийг хохиролд шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй тул дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. Харин, уг нэхэмжлэлийн шаардах эрхэд хамаарах Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулж зөвтгөнө.

 

8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09354 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 228 дугаар зүйлийн 228.1-т заасан үндэслэлгүй байх тул гэснийг 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ