Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/173

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Э.Билгүүн 

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б Бад холбогдох 1912001210169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Х овогт Б Б /РД:.../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн орой 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Тайхар хүнсний дэлгүүрийн баруун талын асфальтан зам дээр 68-82 АРХ улсын дугаартай Ниссан блюберд маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 5 настай Ч.Өыг мөргөж бие эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1912001210169 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 14-ний оройн 18:00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг 2 дугаар цэцэрлэгээс өөрийн дүүгийнхээ хүүхэд болох Өыг аваад 2 дугаар цэцэрлэгийн зүүн талын асфальтан зам гарах гээд явж байсан. Би уг нь дүүгээ хөтөлчихсөн явж байсан чинь гэнэт гараа мулт татаж аваад гүйгээд зам дээр машинд шүргүүлсэн. Бид 2 замын баруун талд зогсож байсан чинь гэнэт гараа суга татаж аваад гүйчихсэн. Тэр үед ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байсан машины урдуур гүйгээд тэр машинтай зөрөөд эсрэг урсгалд нь явсан машинд мөргүүлсэн. Ч.Өын гэр нь замын зүүн талд байдаг болохоор уг замаар байнга хөндлөн гардаг. Би тэр өдөр л авсан юм. Уг нь бол эмээ нь байнга цэцэрлэгт нь хүргэж, авдаг юм. Тэр зам цэцэрлэгийн хажууд байдаг хэрнээ явган хүний гарц байдаггүй юм. Өын эгэм нь хугарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Нгийн мэдүүлсэн: ...Ч.Ө нь миний аавын төрсөн ахын хүүхэд байгаа юм. П.Быг зам тээврийн осол болдог өдөр анх удаа харсан. 2019 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цаг 40 минутын үед Ж.Т эгчтэй хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар цэцэрлэгээс дүү Өыг очиж авсан юм. Бид 3 цэцэрлэгээс гараад Т эгч Өг хөтлөөд би тортой юм бариад явж байсан бөгөөд цэцэрлэгийн зүүн талын асфальтан замаар хөндлөн гарах гээд зогсож байсан чинь Ө гэнэт гараа мулт татаж аваад зам хөндлөн гарах гээд гүйсэн. Бид нар замын баруун талд зогсож байсан юм. Ө хойноос урд зүгт чиглэлтэй явж байсан суудлын машины урдуур гүйгээд гарахыг харсан. Тэгээд нөгөө талаас нь ирж явсан машин зогсохыг харсан. Би айж сандраад дүү рүүгээ гүйгээд очсон. Намайг очиход дүү замын зүүн талын хайсны хажууд унасан байсан. Нөгөө машины жолооч дүүг тэвэрч аваад машин руугаа оруулж суулгаад, Т эгчийг аваад явсан. Би гэр рүүгээ очиж эмээд хэлээд араас нь эмнэлэг дээр очсон. Бид 3 зам хөндлөн гарах гээд зорчих хэсгийн гадна зогсож байсан. Т эгч угаасаа цэцэрлэгээс гараад л дүүг хөтөлсөн. Тухайн үед замаар гарах гээд дүүг хөтөлчихсөн явсан. Би яг мөргөхийг нь хараагүй. Би тухайн үедээ айж сандарсан байсан. Би өмнө нь Өыг цэцэрлэгээс нь авдаг байсан бөгөөд манай гэр Бор толгойд байдаг учраас тэр замаар байнга хөндлөн гардаг. Ч.Өыг замаар гарахдаа хөтлөөд явдаг юм. Гэхдээ жаахан хүүхэд болохоор хөтлөөд явж байхад гараас мултрах гээд байдаг юм. Зам тээврийн осолд орсноосоо хойш тэгэхээ бүр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч У.Лийн мэдүүлсэн: ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгон явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, явган зорчигчийн хувьд мөн дүрмийн 5.5-д заасан “явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа /энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд/ өөрөөсөө салгахгүй /хөтлөх тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч болон явган зорчигч хоёул Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх үндэслэлтэй байгаа тул гэм буруугийн асуудлыг шүүх тогтооно...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бын мэдүүлсэн: ...Уг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн тайлбар, санал хүсэлт байхгүй. Би 2019 оны 02 дугаар сарын 14-ний орой 18:00 цагийн үед эхнэрээ ажил дээрээс нь авах гэж явж байгаад Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “Тайхар” хүнсний дэлгүүрийн баруун талын зам дээр явж байтал замын эсрэг талын урсгалаар урдуур хүүхэд гарч ирсэн. Би хүүхдийг хараад дараад тормос гишгэсэн боловч тухайн үед зам гулгаатай байсан болохоор зогсож чадаагүй. Тэгээд хүүхдийг очоод мөргөчихсөн. Би тухайн үед хүүхдийг хамт явсан эгчийнх нь хамт өөрийн машиндаа суулгаад эмнэлэгт үзүүлсэн. Би ганцаараа явж байсан. Би өөрөө жолоодоод явж байсан. Би 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед замын гадаргуу хальтиргаатай байсан. Хүүхэд урдуур гүйгээд гараад би тормос гишгэсэн боловч хальтиргаатай байсан болохоор зогсоож чадаагүй. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Миний өөрийн автомашин байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 63-66 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ч.Өын биед баруун эгэм ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29 хуу/

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 59 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Жолооч Б.Б нь МУ-ийн ЗХД-ийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Б.Б нь МУ-ийн ЗХД-ийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Явган зорчигч Ч.Ө нь МУ-ийн ЗХД-ийн 5.5-д заасан “явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн байх боломжгүй байна. 5. Б.Быг жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаас РД: АИ89050617 дугаараар шүүхэд ВС ангиллын 964914 дугаарын жолооны эрхийн үнэмлэхтэй байна. 6. Тухайн зам нь асфальтан, шулуун, халтиргаатай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байв”...гэх дүгнэлт /хх-ийн 44-45 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 09 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 10 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 74 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 02 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг “Тайхар” хүнсний дэлгүүрийн баруун талын асфальтан зам дээр зам тээврийн осол гарч, 5 настай Ч.Өын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 02 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг “Тайхар” хүнсний дэлгүүрийн баруун талын асфальтан зам дээр 68-82 АРХ улсын дугаартай Ниссан блюберд маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 5 настай Ч.Өыг мөргөж бие эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тийн мэдүүлсэн “тэр үед ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байсан машины урдуур гүйгээд тэр машинтай зөрөөд эсрэг урсгалд нь явсан машинд мөргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Нгийн мэдүүлсэн “Бид 3 цэцэрлэгээс гараад Т эгч Өг хөтлөөд би тортой юм бариад явж байсан бөгөөд цэцэрлэгийн зүүн талын асфальтан замаар хөндлөн гарах гээд зогсож байсан чинь Ө гэнэт гараа мулт татаж аваад зам хөндлөн гарах гээд гүйсэн. Бид нар замын баруун талд зогсож байсан юм. Ө хойноос урд зүгт чиглэлтэй явж байсан суудлын машины урдуур гүйгээд гарахыг харсан. Тэгээд нөгөө талаас нь ирж явсан машин зогсохыг харсан. Би айж сандраад дүү рүүгээ гүйгээд очсон. Намайг очиход дүү замын зүүн талын хайсны хажууд унасан байсан. Нөгөө машины жолооч дүүг тэвэрч аваад машин руугаа оруулж суулгаад, Т эгчийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, мөрдөн байцаалтын шатанд шинжээч У.Лийн мэдүүлсэн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгон явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/, мөрдөн байцаалтын шатанд Б.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “уг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 02 дугаар сарын 14-ний орой 18:00 цагийн үед эхнэрээ ажил дээрээс нь авах гээд явж байгаад Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “Тайхар” хүнсний дэлгүүрийн баруун талын зам дээр явж байтал замын эсрэг талын урсгалаар урдуур хүүхэд гарч ирсэн. Би хүүхдийг хараад дараад тормос гишгэсэн боловч тухайн үед зам гулгаатай байсан болохоор зогсож чадаагүй. Тэгээд хүүхдийг очоод мөргөчихсөн. Тухайн үед замын гадаргуу хальтиргаатай байсан. Хүүхэд урдуур гүйгээд гараад би тормос гишгэсэн боловч хальтиргаатай байсан болохоор зогсоож чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-66/, хохирогч Ч.Өын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 59 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт /хх-ийн 44-45/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 09/, ослын газрын схем зураг /хх-ийн 10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Х овогт Б Быг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ