Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00216

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/09446 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаа хожимдуулсны төлбөрт 39,623,600 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Тохиролцооны гэрээнээс татгалзаж, 70,933,723.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч компанитай 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С-2022/0115 дугаартай орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт баригдах 234 айлын ******* орон сууцны В блок, 20 дугаар давхар, 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 544,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч компани нь уг орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн. Иймд гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний торгууль 29,123,600 төгрөг, хэтэрсэн хугацаанд орон сууц түрээсэлсний төлбөрт төлсөн 4,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс төлсний 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчтэй 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С-2022/0115 дугаартай орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлж байсан учир хуваарийн дагуу төлөөгүй 21,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 154,000,000 төгрөгийг арилжааны банкнаас зээл авч төлөхийг нь хүлээн зөвшөөрч зээл авахад нь дэмжлэг үзүүлэн банктай баталгааны нэмэлт гэрээ байгуулж, зээлийн хүүг бид төлсөн. Бид цар тахлын улмаас үүссэн барилгын материалын үнийн өсөлт, хилээр нэвтрүүлэхэд хугацаа алдсан зэрэг компаниас үл шалтгаалан хүчин зүйлийн нөлөөгөөр төслийн ажил хойшилсон. Нэхэмжлэгч торгуулийг тооцоолохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээний нийт үнийн дүнгээс тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай компанийн төслийн ажил цар тахлын улмаас үүссэн хүчин зүйлсийн улмаас хугацаа хожимдсон учир захиалагч нараа хохироохгүйн тулд захиалагч нарын зээлийн хүүг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэл төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс олон нийтийн сүлжээнд төслийн нэр хүнд болон манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл удаа дараа байршуулж байсан учир ******* төсөлтэй холбоотой ямар нэг мэдээлэл гаргахгүй байхаар тохиролцож, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тохиролцооны гэрээ байгуулж, нэхэмжлэгчид автомашины зогсоолын үнийг 35,520,000 төгрөгөөр багасгаж худалдан авах хөнгөлөлт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх төслийн явцад маргаан гаргахгүй байх болзолтой хөнгөлөлт үзүүлсэн. Уг хөнгөлөлтийг нэхэмжлэгч нь эдэлж 50,000,000 төгрөгийн үнэ бүхий автозогсоолыг 35,520,000 төгрөг хасуулан хүлээж авсан. Гэвч нэхэмжлэгч нь тохиролцооны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан үүсгэсэн учир тохиролцооны гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу үзүүлсэн хөнгөлөлт болох 70,933,723.5 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

4. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Тохиролцооны гэрээ байгуулсан. Уг гэрээний гол нөхцөл ******* төсөл болон гүйцэтгэгч компанийн талаар сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, фэйсбүүк хуудсыг устгах буюу *******-д шилжүүлэх, түүний хариуд автозогсоолыг хөнгөлөлттэй үнээр надад худалдах нөхцөл байсан. Миний хувьд уг гэрээний үүргийг зөрчөөгүй. Мөн хариуцагч компани нь анх орон сууцны захиалгын гэрээг байгуулах үед ипотекийн зээлийн хүүг төлнө гэж амласан буюу олон нийтийн сүлжээнд бид зээлийн хүүг төлье гэх мэдээлэл байршуулж байсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 33,623,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******т холбогдох гэрээнээс татгалзаж, 70,933,723.5 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,518 төгрөг, хариуцагч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,618 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 326,068 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

6.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор өмгөөлөгч *******ыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг үргэлжлүүлэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан эрхийг ноцтой зөрчсөн.

Цаашлаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүн хэргийг шударгаар, хараат бусаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тул шүүх хуралдааны ажиллагаа эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг хянан хэлэлцэлгүйгээр, хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэлтэй холбоотой зохицуулалтыг зөрчсөн үйлдэл юм.

Тодруулбал, хуульд зааснаар шүүгч, иргэдийн төлөөлөгч болон бусад оролцогчид татгалзан гарах үндэслэл байгаа тохиолдолд тухайн асуудлыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл явцад тогтоогдсон даруйд шийдвэрлэх үүрэгтэй байтал уг процессын зайлшгүй хэлэлцэх ёстой асуудлыг үл хэрэгсэн, хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх нь зохигчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

6.3. ******* нь хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдэн өөр этгээдийн орон сууцыг хөлслөн суухад гарсан зардлыг хохиролд тооцон 4,500,000 төгрөг нэхэмжилсэн. Үүний үндэслэл болгож 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан №24/01 дугаартай Түрээсийн гэрээ-г шүүхэд баримтаар гарган өгсөн.

Тус гэрээний 3 дугаар зүйлд Түрээсийн төлбөр нь сарын 900,000 төгрөг байна. Түрээсийн төлбөрийг 4+1 сараар тооцож, түрээслэгч нь нийт 4,500,000 төгрөгийг Худалдаа Хөгжлийн банкны IBAN , данс ******* тоот од төлнө гэж заасан байна.

Гэтэл банк нь Төв банк (банк)-ны тухай хуульд заасан үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд банкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэн, аж ахуйн нэгжийн банкны дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад (IBAN) бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан №24/01 дугаартай Түрээсийн гэрээ-нд IBAN-тай дансны дугаар тусгагдсан нь банкны уг шийдвэрээс даруй 8 сарын өмнө хийгдсэн гэрээнд цаг хугацааны хувьд байх боломжгүй, бодит байдалд нийцэхгүй илт хуурамч нөхөн хийсэн нотлох баримт гэдэг нь тодорхой байна.

Гэвч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг үл харгалзан, нотлох баримтын бодит байдалд нийцүүлэн, үнэн зөв эсэхэд зохих үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр илт хуурамч нотлох баримыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6.4. Талууд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 002 дугаартай Тохиролцооны гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.1-д Б тал нь А талын хэрэгжүүлж буй төсөл болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд баригдаж буй орон сууцны барилгын төслийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах үүднээс туслалцаа, дэмжлэг үзүүлэх, сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх бөгөөд А тал нь гэрээнд заасан хэлбэрээр Б талд хариу дэмжлэг үзүүлэх-ийг гэрээний зорилго хэмээн тодорхой заасан.

Энэхүү гэрээний заалтыг утга, зорилгоор нь тайлбарлавал, Б тал буюу нэхэмжлэгч ******* нь уг төслийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр саад учруулах, маргаан үүсгэх, олон нийтийн сүлжээ болон бусад сувгаар сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүргийг хүлээсэн гэж ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, уг тохиролцооны гэрээ нь дан ганц нэрлэсэн үүргүүдээр хязгаарлагдах бус, төслийн хэвийн үйл ажиллагааг хангах өргөн хүрээтэй, үр дүнд чиглэсэн үүрэг агуулгатай байсан.

Мөн уг тохиролцооны гэрээ нь үндсэн Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2.3-т заасан барилга ашиглалтад оруулах хугацаа буюу 2023 оны 4 дүгээр улирал дуусахаас ердөө 6 хоногийн өмнө байгуулагдсан нь төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж нэхэмжлэгч талын учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилготой байсныг тодорхой харуулж байна.

Гэвч нэхэмжлэгч ******* нь тухайн төслийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэн торгууль шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул хариуцагч тал гэрээнээс татгалзах үндэслэлтэй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь өөрөө банкны зээлд хамрагдаж гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байсан ч хариуцагч нь нэхэмжлэгчийг банкнаас зээл авахад тусламж, дэмжлэг үзүүлж банкны баталгааны нэмэлт гэрээ байгуулсан, 2023 оны ******* сарын 31-ний өдөр байгуулагдсан 23/005 дугаартай Захиалан худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр нэхэмжлэгчийн банкнаас авсан зээлийн хүүг орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 35,413,723.53 төгрөгийг төлсөн.

Гэтэл анхан шатны шүүхээс ...хариуцагч компани нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны ******* сарын 08-ны өдрүүдэд Зээлийн хүүг бид төлье гэх аян мэдээллийг нийтэлсэн гэх зар буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс хойш 9 сарын дараа нийтлэгдсэн нийтлэлийг үндэслэж, 23/005 дугаартай гэрээний агуулгыг буруу тайлбарлаж 35,413,723.53 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Тодруулбал, хариуцагч компанийн зүгээс Зээлийн хүүг бид төлье гэх агуулгатай зарыг нийтэлж байсантай маргахгүй хэдий ч тухайн зар нь шинээр орон сууц худалдан авах бусад этгээд рүү чиглэсэн агуулгатай байсан болохоос 2022 онд гэрээ байгуулсан байсан нэхэмжлэгчид хамааралтай зар биш юм.

Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэгч уг гэрээний үүрэг зөрчсөн нь баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр тайлбарлаж, талуудын жинхэнэ хүсэл зориг, гэрээ байгуулагдсан нөхцөл байдал, цаг хугацааны уялдаа, гэрээний зорилгыг цогцоор нь үнэлээгүй орхигдуулсан байна. Үүний улмаас тохиролцооны гэрээ болон 23/005 дугаартай гэрээг буруу дүгнэж, хариуцагч компанийн гэрээнээс татгалзах эрхийг үгүйсгэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон гэж үзэхээр байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлээс 33,623,600 төгрөг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал надтай ямар ч маргаан, гомдол гаргахгүй гэх агуулгатай тохиролцооны гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж байна. Тохиролцооны гэрээгээр би ямар нэгэн байдлаар шүүхэд алдангитай холбоотой нэхэмжлэл гаргахгүй гэх тохиролцоо огт хийгээгүй.

Миний захиалсан орон сууц 2023 оны 12 дугаар сард ашиглалтад ороогүй. Хариуцагч талын зүгээс орон сууцыг ашиглалтад оруулахад бидэнд санхүүжилт хэрэгтэй байгаа учир захиалагч болон шинээр орон сууц худалдаж авч байгаа хүмүүсийн банкны зээлийн хүүгийн асуудалд тусалж, баталгаа гаргаж өгч байгаа гэж над руу удаа дараа холбогдсон. Гэсэн атлаа надтай орон сууцны зээлийн гэрээг батлан даана гэх гэрээ хийснээс хойш нийт захиалагч нарт зээлийн хүүг нь төлье гэх зар байршуулсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үзлэг хийж тогтоосон. 2023 оны 5, 6 дугаар сараас эхлэн хариуцагч компани цахим хуудастаа таны зээлийн хүүг бид төлье, та манай компанийн орон сууцыг захиал гэх сурталчилгааг байршуулсан. Үүний дагуу хариуцагч компанийн борлуулалтын ажилтнууд надтай 2023 оны 5, 6 дугаар сараас хойш холбогдсон. Би энэ компанийн үйл ажиллагааг дэмжиж, хурдан орон сууцандаа орохыг хүсэж байсан учир орон сууцаа хүлээж авахаас 1 жил хагасын өмнө банкны зээлд хамрагдан орон сууцны төлбөрөө 100 хувь төлсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаа хожимдуулсны төлбөрт 39,623,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тохиролцооны гэрээнээс татгалзаж, 70,933,723.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэлтийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

 

3.1. ******* нь *******тай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн С-2022/0115 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-гээр, Сүхбаатар дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт баригдах 234 айлын ******* орон сууцны В блок, 20 дугаар давхар, 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны үнэ 544,000,000 төгрөг байх бөгөөд, орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон./хх6-8/

 

3.2. Дээрх гэрээнд 2023 оны ******* сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, худалдан авагч тал орон сууцыг ашиглалтад орохоос өмнө үлдэгдэл 175,000,000 төгрөгийн төлбөрийг Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкны зээлд хамрагдаж төлөх, худалдагч тал нь худалдан авагч талыг орон сууцны зээлд хамрагдсан үеэс эхлэн зээлийн хүүг, зээл төлөлтийн хуваарийн дагуу банкны 3005105981 тоот дансанд сар бүрийн 15-ны өдөр хавсралтын дагуу байршуулахаар тохиролцсон. /хх10/

 

3.3. Талууд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авто машины зогсоол захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо River castle 15 м.кв автозогсоолын талбайг 50,000,000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон./хх49/

 

3.4. Мөн, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* нь захиалагч бөгөөд орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэх, бусад иргэдэд үнэн зөв эерэг мэдээллийг барилга бүрэн ашиглалтад орох хүртэл түгээх, гэрээнд гарын үсэг зурсан даруйд өөрийн эрхлэн явуулдаг барилгатай холбоотой нээсэн facebook группийг *******-д шилжүүлэх, эсвэл устгах, цаашид олон нийтийн сүлжээнд барилга болон төсөл хэрэгжүүлж буй компанитай холбоотой сөрөг мэдээлэл нийтлэхгүй байх, facebook түүнтэй төсөөтэй нээлттэй болон хаалттай групп хуудас нээхгүй байхаар харилцан тохиролцож, уг үйл ажиллагааны хүрээнд барилгын В блок В1 давхарт автозогсоолын төлбөрөөс 35,520,000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон./хх47-48/

 

3.5. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо ******* хотхоны В блокийн 2302 тоот, 136 м.кв орон сууцыг ******* нь хүлээн авсан тухай акт үйлдэгдсэн./хх131-134/

 

4. ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ буюу мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг зөвтгөнө.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөгдсөн эсэх талаар талууд маргаагүй, харин орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс гэрээгээр тохиролцсон алданги болон, гэрээнээс учирсан хохирлыг хариуцагч төлөх эсэх талаар талууд маргасан байна.

 

5. Хариуцагч талаас орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулж чадаагүйтэй холбоотойгоор орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг банкнаас авч төлсөн учраас уг банкны зээлийн хүүг барилгыг улсын комиссын акт гартал төлөхөөр тохиролцсон тул нэхэмжилсэн анзыг төлөхгүй гэх үндэслэлээр татгалзсан байна.

 

5.1. Гэтэл, талууд 2023 оны ******* сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө буюу 2023 оны ******* сарын 08-ны өдөр хариуцагч талаас орон сууцны зээлийн хүүг төлөх талаар төлбөрийн нөхцөлийг санал болгож байсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон /хх161-163/ байна.

 

5.2. Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний 4.2.3-т Худалдагч тал нь гэрээний дагуу орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгнө, 4.2.4-т Худалдагч тал орон сууцны ашиглалтанд орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгууль төлнө гэж тус тус тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийг шаардах эрхтэй тул 29,123,600 төгрөгийн анз буюу торгуулийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

6. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул болон ******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, гэрлэлтийн гэрчилгээ, дансны хуулгыг үндэслэн 4,500,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна./хх137-138/

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн тэй байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 24/01 дугаартай түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гомдол гаргасан байх боловч уг гэрээний төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн байх ба, банкны дансны хуулгыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр авсан/хх141/ болох нь тогтоогдсон тул IBAN данс 2024 онд байгаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Харин, нэхэмжлэгч талын гаргасан өмгөөллийн хөлсөнд төлсөн зардлын 6,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэлд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дахин эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаас анз буюу торгуульд 29,123,600 төгрөг, хугацаанд нь орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохиролд 4,500,000 төгрөг, нийт 33,623,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

8.1. Дээр дурдсанчлан, талуудын байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 002 дугаартай Тохиролцооны гэрээ-гээр нэхэмжлэгчийн худалдан авахаар тохиролцсон орон сууцны барилгатай холбоотой нээсэн фэйсбүүк группын ажиллагааг зогсоохтой холбоотой харилцааг зохицуулах хүрээнд түүний захиалсан 50,000,000 төгрөгийн үнэ бүхий автозогсоолын төлбөрөөс 35,520,000 төгрөгийг хасаж тооцохоор, мөн 2023 оны ******* сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг улсын комиссын акт гарах хүртэл хугацаагаар банкнаас авсан зээлийн хүүг хариуцагч тал төлөхөөр тус тус тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсон.

 

8.2. Гэтэл, хариуцагч талаас эдгээр гэрээнүүдээс татгалзаж, авто зогсоолын төлбөрөөс хөнгөлсөн 35,520,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 35,413,723 төгрөг бүгд 70,933,723 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журам хэрэгжсэн байдал тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, талууд гэрээнээс татгалзахад гэрээнд заасан үүргийн зөрчил тогтоогдсон байхаас гадна, гэрээнээс татгалзсан тал нь нөгөө талдаа мэдэгдсэн тухай нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Хариуцагч талаас шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШЗ2025/48440 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, өмгөөлөгч *******ыг давхцсан гэх шүүх хурлын ажиллагааны хэргийн оролцогч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх тул өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй байна. Иймд өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

9.1. Мөн, шүүх хуралдааны ажиллагаа эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан байхад шүүх уг хүсэлтийг хянан хэлэлцүүлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна. Тодруулбал, шүүгчийг татгалзан гаргахтай холбоотой бичгийн баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дараа хариуцагчийг тайлбараа танилцуул гэхэд хэрэг хэлэлцээд эхэлчихсэн тул шүүгчээс татгалзах боломжгүй юу? гэх хариуцагчийн төлөөлөгчийн асуултад даргалагч шүүгчээс хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө татгалзал байгаа эсэхийг талуудаас тодруулсан гэхэд хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас гэж асуусан гэхэд бүрэлдэхүүнээ танилцуулахад татгалзалгүй гэсэн, мөн хуульд заасан үндэслэлээр хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчээс татгалзах боломжгүй гэсэн нь тусгагджээ./хх170/

 

9.2. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 бүлэгт заасан дарааллын дагуу явуулж мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, татгалзан гаргах эрхийг тайлбарлаж, татгалзал бий эсэхийг асуухад татгалзалгүй талаар хариулсан/хх169/ болох нь тэмдэглэлд бүрэн тусгагдсан байх тул шүүгчийн татгалзалтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Иргэний хуулийн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг хасч, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/09446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 681,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ