| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/06549/И |
| Дугаар | 210/МА2026/00226 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00226
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч Д.Хулан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07919 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
841,809,119 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *******тай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдагч нь *******-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх, *******-ийн эзэмшлийн 0001305164 тоот гэрчилгээ бүхий 133017/0-08 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн хорооны хороололд байршилтай орон сууцны зориулалт бүхий газар эзэмших гэрчилгээг гэрээ болон кадастрын зургийн хамт, *******-ийн өөрийн эзэмшлийн газар дээр компанийн хөрөнгө оруулалтаар барьсан шинээр баригдах орон сууцны хотхоны цахилгаан хангамжид зориулж барьсан 2*9630 квт чадалтай 10/0,4 кв-ын ХТП ЦТП-ийн барилга байгууламжийг холбогдох бичиг баримтын хамт, *******-ийн барьсан контор болон ажилчдын сууцны зориулалт бүхий 23*5,2 м.кв, 119,6 м.кв талбай бүхий 2 ширхэг барилга, *******-ийн өмчлөлийн 1249 тоот улсын бүртгэлийн дугаартай, 8 тн даацтай цамхагт краныг холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх, үүний хариу төлбөрт худалдан авагч тал нь хувьцааны төлбөрийн мөнгөн төлбөр 100,000 доллар, *******-ийн урт хугацааны зээлийн төлбөр 900,000 доллар, 0001305164 тоот гэрчилгээтэй *******-ийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууцны барилгаас 319,79 м.кв талбай бүхий орон сууцны талбайг үнэ төлбөргүй шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн хариуцагчийн өмчлөлд гэрээнд заасан бүх эрх болон хөрөнгийг 100 хувь бүрэн шилжүүлэн өгсөн. Харин хариуцагч нь хүлээсэн үүргийн зарим хэсгийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хувьцааны төлбөр 100,000 ам.доллар болон урт хугацааны зээлийн төлбөр 900,000 ам.доллар төлсөн боловч 319,79 м.кв талбайтай орон сууцыг өгөх үүргээ биелүүлсэнгүй. Талууд тодорхой хөрөнгийг харилцан шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч хариуцагч нь үүргийн зарим хэсгийг биелүүлээгүй. Гэрээний 6.2.2-т хариуцагчаас шилжүүлэх орон сууцны 1 м.кв-ыг 1,900,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. ******* нь гэрээнд заасан орон сууц барих үүргээ биелүүлээгүй гуравдагч этгээдээр бариулан төлбөрийн зарим хэсэгт 1,133,3 м.кв орон сууц авсан боловч нэхэмжлэгчид өгөх ёстой байсан 319,79 м.кв талбайг өгсөнгүй. 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тусгай зөвшөөрөл бүхий *******-ийн үнэлгээгээр тус газар дээр баригдсан ******* хотхоны орон сууцанд үнэлгээ хийлгэхэд 1 м.кв нь 2,632,381 төгрөг байна. Иймд хариуцагчаас 841,809,119 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Миний бие *******той 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн хорооны хорооллын нутаг дэвсгэрт орон сууц барих зөвшөөрөл бүхий *******-ийн хувьцааг шилжүүлэн авах, гэрээнд заасан төлбөрийг төлөх, худалдагч тал тухайн гэрээний 5.2.5-д зааснаар талбайг чөлөөлөн барилга барих нөхцөлийг хангах үүргүүдийг хүлээсэн.
Уг гэрээний буюу хувьцааны төлбөрт нийт 1,000,000 ам.долларыг төлсөн бөгөөд үүнийхээ 900,000 ам.доллар болон тухайн компанийн эзэмшиж байсан барилга барих зөвшөөрлийн дагуу орон сууцны барилга барихаар мэргэжлийн байгууллагаар барилгын зураг төслийг гаргуулах, улсын экспертизээр баталгаажуулах, геологийн судалгаа, дүгнэлт хийлгүүлэх, тухайн газарт гэрээт харуул хамгаалалт ажиллуулах, газрын болон цахилгааны төлбөр зэрэг зардлуудыг би бусдаас зээлж төлж ирсэн.
Гэтэл худалдагч талаас газар чөлөөлөх асуудлаар шүүхийн маргаантай байсны улмаас барилгын талбайг чөлөөлж өгөлгүй даруй 4 жил орчмын хугацаа өнгөрсөн тул арга буюу 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хувьцааны үнэд төлсөн 1,000,000 ам.долларыг буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. *******ын зүгээс гэрээний төлөгдөөгүй төлбөр буюу баригдах барилгаас одоогийн нэхэмжлээд буй 319,79 м.кв талбайн үнэ болох 607,601,000 /гэрээний 6.2.2 талбайн үнийг 1 м.кв нь 1,900,000 төгрөг байхаар тохирсон байдаг/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд эл хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэрээр *******гаас 607,601,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болсон.
Уг шийдвэрийн 7 дугаар талд хариуцагч гэрээнд дурдсан ... иргэний дутуу баригдсан барилга-ыг зайлуулж, газрыг чөлөөлөөгүй болох нь тогтоогдож байна гэж гэрээ хэрэгжихгүй болсон шалтгааны талаар тодорхой дүгнэсэн. Энэ хугацаанд бодитоор газар нь чөлөөлөгдөөгүй байсан тул их хугацаа алдаж, төслийг цаашид хэрэгжүүлэх эдийн засгийн боломжгүй болж ирсэн.
Улмаар 2019 онд ******* нь өөрийн эзэмшлийн *******-ийн хувьцаа, түүний эзэмшлийн газар, болон дагалдах бусад эрхээ иргэн ******* нарт арга буюу үнэ хямдруулан худалдсанаар уг төслөөс үр шим хүртэх боломжгүй болж, миний оруулсан хөрөнгө оруулалт үндсэндээ бүтэлгүйтэж, хөрөнгө мөнгө болон цаг хугацааны хувьд нөхөгдөж баршгүй алдагдал хүлээгээд байна.
Түүнчлэн, 2021 онд *******ын зүгээс дахин шүүхэд хандан ******* болон Лайсик ХХ, ******* нарт холбогдуулан мөн л шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтын талаар буюу Баянзүрх дүүргийн хороо, хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа ******* 3 хотхоны барилгаас 319,79 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлтэй хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэн 181/ШШ2024/03408 дугаар шийдвэр гаргасан нь мөн л хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болсон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасан байх бөгөөд ******* нь гэрээ байгуулагдсан 2014 оноос хойш 11 жилийн дараа урьд нь нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын хэлбэрийг өөрчлөх байдлаар дахин дахин гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны журмыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 841,809,119 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,368,195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,368,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. *******оос өмнө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлсэн 607,601,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ ...гэрээ байгуулан үүрэг хүлээсэн цагаас хойш 3,5 жилийн хугацаа өнгөрсөн. Гэвч энэ хугацаанд орон сууцны барилга барьж эхлээгүй, ямар нэгэн байдлаар ажил эхлээгүй нь үүргээ биелүүлэх хүсэлгүй болох нь тодорхой байна гэж тайлбарлаж байсан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэрт тусгагдаж, уг шийдвэр нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Дээрх тайлбараас үзэхэд 2018 онд *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон одоогийн гаргаад буй 841,809,119 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл агуулгын хувьд яг адилхан үйл баримт байх бөгөөд тухайн үйл баримтад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх нэгэнт дүгнэлт хийсэн, тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх уг нөхцөл байдлыг тайлбарласаар атал авч хэлэлцэлгүй 191/ШШ2025/07919 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч ******* өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагчийн маргааны үйл баримттай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх татгалзал үндэслэлгүй гэж дүгнээд байгаа нь үндэслэл муутай, анхан шатны шүүхээс адил шатны хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт хийж үгүйсгэсэн гэж ойлгохоор байна.
4.2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйл нь Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох тухай зохицуулалт. Манай тохиолдолд гэрээний зөрчил буюу барилга баригдаагүй нь үүрэг гүйцэтгэгч буюу *******гийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* нь барилга барих талбайг чөлөөлөх үүргээ биелүүлээгүйгээс барилга барих боломжгүй болсон ба энэ талаар мөн л Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэрийн 7 дугаар талд Хариуцагч гэрээнд дурдсан ... иргэний дутуу баригдсан барилга-ыг зайлуулж, газрыг чөлөөлөөгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр буй. Дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанд удаа дараа тайлбарласан боловч шүүх тухайн тайлбарт ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барин ийн дүгнэсэнд гомдолтой байна.
4.3. Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 6.2.2 дахь заалтад 1 м.кв талбайн үнийг хэрхэн үнэлэх талаар нэгэнт гэрээгээр тохиролцсон, энэ баримт буюу гэрээ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүх хуралдааны үеэр шүүгчээс энэ заалтын талаар тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх дүнг зөвхөн алданги аргачлалд л ашиглах дүн хэмээн тайлбарласан нь хар дээр цагаанаар тэмдэглэсэн, нэгэнт тодорхой үйл баримтыг зориудаар бодит байдлаас мушгин гуйвуулсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч урьд нь ч энэ байдлаар нэхэмжлэлийн дүнгээ тодорхойлон нэхэмжлэл /319.79 м.кв талбайн үнэд 607,601,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл/ гаргаж байсан ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахаас зайлсхийхийн тулд эл байдлаар нэхэмжлэлийн дүнг тодорхойлсон гэж ойлгогдож байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж гомдолдоо тайлбарладаг ба үүнийг анхан шатны шүүх хуралдаанд мөн адил дурддаг. Хариуцагч ******* нь гэрээнээс татгалзсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь түүнээс гэрээний үүргийг шаардсан байдаг. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3, 220.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2018 онд уг хэрэг маргаан шийдвэрлэгдсэний дараа гэрээний үүргийн биелэлт хангагдсан. Тухайн газарт барилга байгууламж бүрэн баригдаж дууссан байдаг. Үүний дараа нэхэмжлэгч талаас гэрээний үүргийг шаардаж тухайн талбайг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Уг шүүхээр хэргийг шийдвэрлэж, гэрээний үүргийг ******* зөрчсөн болохыг тогтоосон. Хариуцагч ******* гэрээний үүргийг зөрчсөн учир нэхэмжлэгчид учирсан хохирлыг шаардах эрх олгогдсон. Нэгэнт гэрээний үүрэг бодитоор биелэгдэж, талбайг шилжүүлэн авах боломжгүй учир хохирлыг шаардах эрх нээлттэй гэх агуулгаар шүүх шийдвэрлэсэн. Өмнө нь уг гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэх нөхцөл байдал байхгүй учир гомдлын холбогдох хэсэг үндэслэлгүй.
Гэрээнд алданги тооцох тохиолдолд 1 м.кв талбайг 1,900,000 төгрөгөөр тооцож бодохоор тохиролцсон. Нэхэмжлэгч талаас хохирлыг шаардахдаа 2023 онд тогтоосон тухайн үеийн ханшаар нэхэмжилдэг гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 841,809,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан дараах үйл баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар зөв тогтоосон байна. Үүнд:
2.1. ******* нь *******тай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр ******* нь *******-ийн нэг бүр нь 1,180 төгрөгийн үнэтэй 100,000 ширхэг, нийт 118,000,000 төгрөгийн үнэтэй хувьцааг худалдан авагч *******гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь 100,000 ам.долларыг төлөхөөр талууд тохиролцсон. /хх4-8/
Уг гэрээнд *******-ийн эзэмшлийн 000305164 тоот гэрчилгээ бүхий, нэгж талбарын 133017/0-08 дугаартай Баянзүрх дүүргийн 16 хорооны хороололд байршилтай орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрх/бичиг баримтын хамт/, орон сууцны хотхоны цахилгаан хангамжид зориулж барьсан 2*9630 квт чадалтай 10/0,4 кв-ын ХТП ЦТП-ийн барилга байгууламжийг холбогдох бичиг баримтын хамт, *******-ийн барьсан контор болон ажилчдын сууцны зориулалт бүхий 23*5,2 м.кв, 119,6 м.кв талбай бүхий 2 ширхэг барилга, *******-ийн өмчлөлийн 1249 тоот улсын бүртгэлийн дугаартай, 8 тн даацтай цамхагт кран зэргийг худалдан авагчид шилжүүлэн өгөхөөр заасан.
2.2. Талууд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ******* нь *******-ийн 100,000 ам.долларын үнэ бүхий 100 хувийн хувьцааг *******д шилжүүлсэн. /хх9/
2.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаартай шийдвэрээр хариуцагч *******оос 1,088,000 ам.доллар буюу 2,635,384,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *******гаас 607,601,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх63-70/
2.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, хамтран хариуцагч *******, ******* нарт холбогдох Баянзүрх дүүрэг, хороо, хороололд орших газар дээр баригдаж байгаа хотхоны барилгаас 319.79 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх16-27/
2.5. *******-ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлан-гээр Баянзүрх дүүргийн хороолол, ******* 3 хотхон хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэ цэнийг зах зээлийн үнийг 2,632,381 төгрөгөөр үнэлсэн. /хх10-15/
3. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
3.1. Дээр дурдсан хэргийн баримтуудаас үзвэл талуудын байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1.4-т Энэхүү гэрээний 1.3.1-т заасан газар дээр худалдан авагч талын барилгын сууцны барилгаас 319.79 м.кв талбай бүхий орон сууцны барилгыг худалдан авагч тал худалдагч талд үнэ төлбөргүй шилжүүлнэ... гэсэн ба ******* нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *******ид *******-ийн 1000 ширхэг хувьцаа, газар дээр барилга барих эрхийг худалдсан, гэрээнд заасан орон сууц барих үүргээ гүйцэтгээгүй, дээрх гэрээний үүргийг гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь уг худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
3.2. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаартай шийдвэрээр хариуцагч ******* нь гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.3. Дээрх үндэслэлээр үүрэг гүйцэтгэгч ******* худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирлоо *******-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн 1 м.кв талбайн үнэлгээг 2,632,381 төгрөгөөр тооцсон байх тул 319.79 м.кв талбайн үнэ 841,809,119 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн 2018 оны 3189 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр татгалзах байсан гэх гомдлыг хангахгүй. Учир нь тухайн шийдвэрээр *******ын үүрэг биелэх нөхцөл байдал өөрчлөгдсөн гэх үндэслэлээр түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул гэрээнээс учирсан хохирол нэхэмжилсэнтэй холбоотой нэхэмжлэлийг өмнө шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.2, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх ба өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбар үндэслэлгүй талаар дүгнэсэн байна. Иймд, анхан шатны шүүхийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
7. Түүнчлэн, талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 6.2.2 дахь заалтад 1 м.кв талбайн үнийг хэрхэн үнэлэх талаар нэгэнт гэрээгээр тохиролцсон гэх гомдлыг хангахгүй. Учир нь тухайн заалт нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу алданги тооцоход хэрэглэхээр тохиролцсон байна. Харин, нэхэмжлэгч нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс учирсан хохирлыг шаардсан байх тул уг заалтыг баримтлан хохирлыг тооцох боломжгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,366,996 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ