| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/09649/И |
| Дугаар | 210/МА2026/00225 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00225
*******
******* нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11164 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөг, алданги 40,753,292 төгрөг, нийт 122,259,876 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь 2021 оны 01 сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөгийг төлөөгүй. Манай байгууллага хууль журамд заасны дагуу банкны харилцах дансыг хаах, албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээнүүдийг авсан боловч тус компани шимтгэлийг төлөөгүй.
Алдангийн хэмжээ нь, төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг 50 хувиар тооцож 40,753,292 төгрөг, нийт 122,259,876 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч тал тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 122,259,876 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 769,249 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус компанид ажиллаж буй даатгуулагчдын төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81,506,584 төгрөгийг түүний алдангитай шаардсан бөгөөд тус хугацааны хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994/ оны холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.
4.2. Манай байгууллагын дансны зарлагын гүйлгээг хааж боож үйл ажиллагаа явуулахад саад учруулаад байж, одоо шүүхэд алданги тооцож түүнийг шүүхээс баталж байгаад гомдолтой байна. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж манай байгууллагын үйл ажиллагаа доголдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байхад нэмж алданги төлөх ямар ч боломжгүй. Мөн нэхэмжлэгч ******* хариуцагчийн 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны алданги болох 40,753,292 төгрөгийг төлүүлэхээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1993/, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан арга хэмжээ авсан талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлээс алданги 40,753,292 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.3. 2012 оноос Гаалийн ерөнхий газрын агаарын шуудангийн салбарт гаалийн агуулахын эрх шударга бус өрсөлдөөний тухай болон бусад хууль тогтоомж зөрчин ижил төрлийн үйлчилгээтэй нэг компанид дангаар өгснөөс манайд компанийн болон харилцагчдын нууцлал алдагдахаас гадна 9 дахин нэмэгдүүлж манай компанийг санхүүгийн хүндрэлд оруулсан. Бид гэрээ хийхгүй гэснээс үүдэн илт хууль бус гэрээний нэг заалтаар тухайн компани шүүхэд хандсан. Хууль бус гэрээ гэж үзэн бид шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар бэлдэж байна. Мөн цар тахлын үед Pfizer вакциныг тээвэрлэж улсаас нэг ч төгрөг аваагүй. Эдгээр гадаад, дотоод хүндрэлүүдийн улмаас шимтгэл төлөгдөөгүй нь үнэн.
Анхан шатны шүүхээс дээрх байдлаар нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан алданги болох 40,753,292 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн хэвээр байгаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөг, алданги 40,753,292 төгрөг, нийт 122,259,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч талаас тайлбар гаргаагүй байна.
2. Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнд:
2.1. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101 дугаар албан шаардлагаар 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 60,217,656 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж, тайланг хугацаанд нь ирүүлэхээр мэдэгджээ. /хх12/
2.2. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 1177 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагаар *******-д нийгмийн даатгалын даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлөөгүй 79,075,032 төгрөгийн өр үүсгэсэн байгааг төлөхийг мэдэгдсэн./хх11/
2.3. ******* нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний үлдэгдэл 81,506,584 төгрөг байгаа тухай тайлан гаргаж ирүүлснийг нийгмийн даатгалын байцаагч хүлээн авсан./хх5/
2.4. *******, нийгмийн даатгалын авлага барагдуулах талаар *******-ийн гүйцэтгэх захирал *******тэй 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр уулзалт хийж, 2024 оны 07 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл өр төлөх талаар тэмдэглэл үйлдсэн./хх13/
3. Хариуцагч ******* нь 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 81,506,584 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алданги 40,753,292 төгрөг, нийт 122,259,876 төгрөг төлөх эсэх талаар маргаагүй байна.
3.1. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардуулж хэргийн оролцогчийн эрх үүргийг, хэргийн материалын хамт танилцуулсан байх бөгөөд хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримт болон тайлбар ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаагүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй./хх24-26,28/
4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т зааснаар ажил олгогч нь орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх, хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 81,506,584 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн байна.
4.1. Мөн хариуцагч талаас алданги төлөхгүй гэх давж заалдах гомдол гаргасан байх боловч 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны 81,506,584 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлд ногдох алданги 60,208,609 төгрөг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцоход алдангид 40,753,292 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг зөв гэж үзэх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолдоо Нийгмийн даатгалын тухай хууль/1993/, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан арга хэмжээ авсан талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй. Нийгмийн даатгалын тухай/1994оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн тайлбарт энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн байх бөгөөд уг хууль нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болж, 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн байна.
5.1. Иймд дээр дурдсанчлан, анхан шатны шүүх шинэчлэн найруулсан хуулийн холбогдох заалтыг баримтлан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон алдангид 122,259,876 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус нийцсэн гэж дүгнэв.
6. Түүнчлэн, хариуцагч талаас ...цар тахлын үед Pfizer вакциныг тээвэрлэж улсаас нэг ч төгрөг аваагүй гэх давж заалдах гомдол нь энэхүү хэрэгт хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,716 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ