Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/182

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт БӨад холбогдох 1912003440201 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  Б овогт БӨ /РД:../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг 03 дугаар багийн нутаг “Ар-Ус-Ундарга” ХХК-ны ойролцоо иргэн Ц.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912003440201 дугаартай эрүүгийн хэргээс:   

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: Би Ц.О гэдэг ахад хэдэн төгрөгийн өртэй байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тэр асуудлаас болж маргалдаад би О ахыг шанаа руу нь нэг удаа цохиод, хөл рүү нь хавсарч унагаачихаад явсан. Тэгээд би Батцэнгэл сум руу ажил хийх гээд явж байхад эхнэр нь над руу яриад хөл нь хугарсан байна гэхээр нь би ирээд үзэхэд хөл нь шагайгаараа хугарсан байсан гэв.                                  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Оын мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ө бид хоёр хэдэн хүнтэй нийлээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгойн дэлгүүрээс 121.000 төгрөгийн архи хоол унд зээлж авсан юм. Тэр мөнгөө хуваагаад 40.000, 40.000 төгрөгөөр нь төлөхөөр болсон бөгөөд дэлгүүрийн хүн нь мөнгөө нэхээд байхаар нь би Өаас мөнгөө нэхсэн чинь өгөхгүй байсан. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу Хүүхдийн баярын өдөр талбай орох гээд эхнэртэйгээ хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Ундаргын арын зам дээр явж байгаад тааралдсан чинь шууд хүрч ирээд миний хоолойг цамцаар боож байгаад хавсраад унагаасан. Би босох гэсэн чинь хөл дээрээ гишгэж болохгүй өвдөөд байхаар нь аажуухан явсаар байгаад цагдаа дээр ирж дуудлага өгөөд эмнэлэгт үзүүлсэн. Би тухайн үед болон урьд өмнө нь Өтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Миний өмсөж явсан цамцны захаар боож байгаад хөлөөрөө хавсарч унагаагаад миний биед баруун хөлийн шагай, шилбэний тахилзуур ясны хавчаар буюу доод хэсгийн хөндлөн хугарал гэмтэл учруулсан. Ө бид хоёр урьд өмнө нь өс хонзонгийн болон өр авлагын ямар нэг асуудал байхгүй. Миний биед тархи доргисон, баруун хөлийн шилбэний тахилзуур ясны хавчаар буюу доод хэсгийн хөндлөн хугарал гэмтэл үүсгэсэн. Өөр ямар нэгэн гэмтэл, бэртэл үүсгээгүй. Би хуучин хөлдөө гэмтэлтэй, нуруу суулттай, хуучин гэмтэлтэй хүн байгаа юм. Би Өаас мөнгө, төгрөгөө яасан юм гэсэн чинь тэрнээс болж уурлаад зодсон. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй. Би гэр бүлийн хүнтэйгээ ярьж байгаад гарсан зардлаа нэхэмжилнэ. Одоо нарийн сайн мэдэхгүй байна. Эмчилгээтэй холбоотой тодорхой баримт гаргаж өгч чадахгүй. Гэхдээ эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ. Хэрэв миний эмчилгээний зардал мөнгө барагдуулбал надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Оын мэдүүлсэн: ...Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн “Ундарга” ХХК-ны хойд талын зам дээр нөхөр Оын хамт явж байгаад Өтай таарсан. Өаас 40.000 төгрөг авах ёстой байсан бөгөөд өрөө нэхсэн чинь Ө манай нөхрийг чи яасан их хүний гар, хөл татуулдаг юм гэж хэлээд цамцаар нь хоолойг нь боогоод 2 хөлийг нь хавсарч унагаасан. Ө нь эхнэртэйгзэ явсан юм. Би эхнэрт нь хүн аллаа шүү дээ, аваач гэж хэлсэн чинь салгаад авсан. Ө мөнгийг чинь өгөхгүй гэж хэлээд яваад өгсөн. Манай нөхрийн хөл өвдөөд босч чадахгүй байсан. Би түшиж босгоод цагдаа дээр ирж мэдэгдээд, эмнэлэгт очиж үзүүлсэн. Манай нөхөр Өтай хамт нэг дэлгүүрээс юм зээлж аваад өр тавьчихсан байсан бөгөөд тэрийгээ хувааж төлөхөөр болоод 1 хүнээс 40.000 төгрөг гарахаар болсон юм. Тэгсэн чинь Ө өөрийн өгөх ёстой 40.000 төгрөгөө өгөхгүй, бараг сар гаруй нэхүүлээд байхаар нь хөл, гар татуулчихна байгаа даа гээд Өын найз О гэх хүнд ярьчихсан юм байна лээ. Ө тэрийг сонсчихоод уурандаа тэр өдөр таараад барьж аваад чи яасан их хүний хөл, гар татуулдаг юм гэж хэлээд зодсон юм. Манай нөхөр угаасаа нэг хөл нь богино, нурууны хугаралтай хүн байгаа юм. Сая зодуулснаас болоод нурууны хугарал нь сэдэрч, баруун хөл шагай хэсгээрээ хугарсан байсан. Манай нөхрийн зүүн талын шанаа руу нэг гараа атгаж байгаад 1 удаа цохиод, цамцны захаар хоолойг нь боогоод хавсарч унагаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.С мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би нөхрийн хамт ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад манай нөхрийн хамаатны ах О, эхнэр Б нар бид хоёр дээр ирээд мөнгөө авъя гэсэн бөгөөд ирэхээсээ өмнө бид хоёр руу утсаар яриад мөнгөө авъя гэхээр нь би ирээд мөнгөө ав гэж хэлсэн чинь чамд хараал хийнэ шүү гээд утсаар орилоод байснаа удалгүй манай ажил дээр ирэхээр нь манай нөхөр хамаатны ах О хэрүүл маргаан хийж байгаад нөхөр О ахын хоолойг цамцны захаар нь боож байгаад нэг удаа баруун хөл рүү нь хавирч, хавсарч унагаасан. Мөн газар машины дугуйн дээр сууж байхад нь нэг удаа түлхэж унагаасан. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Тухайн үед манай нөхөр О ахад мөнгөний өгцөөтэй, тэрийгээ О ах нэхээд тэрнээс болоод манай нөхөр тэр хоёр маргалдаж О ахыг зодох болсон. Манай нөхөр О ахын баруун хөлийн шагай хэсэгт нэг удаа хавирч, хавсарч унаган, хугалж, гэмтээж, зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж гэмтээсэн. Өөр цохиж, зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тухайн үед Б түүний нөхөр О ах, манай нөхөр Ө нар байсан. Өөр хүн байгаагүй. Манай нөхөр О ахын зүүн тал шанаа руу нэг удаа гараараа цохисон. Мөн баруун хөлийн шагайн яс хэсэг рүү нэг удаа хөлөөрөө хавирч унаган, хөлийг нь хугалсан. Өөр ямар нэгэн бэртэл, гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Өын мэдүүлсэн: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би ажлаасаа гараад явж байтал Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Ар-Ус-Ундарга” ХХК-ны ойролцоо Ц.О ах өөрийн эхнэрийн хамтаар явж байсан. Би Ц.О ахад урьд өмнө нь хэдэн төгрөг өгөх өртэй байсан чинь О ах манай эхнэр рүү утсаар ярьж намайг хараалгана гэх мэтээр хэлж ярьсан байсан. Тэгээд тэр өдөр таараад миний уур хүрээд очиж тэр талаар нь хэлээд та яасан их хүн хараалгадаг юм бэ гээд гараараа нэг удаа түүний шанаа руу цохиж, хөлөөрөө түүний хөл рүү өшиглөж хавсарч газар унагаасан. Тэгээд л шууд хаяад явчихсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Тухайн үед бага зэргийн үл ойлголцох байдлаас болж маргалдаад л зодсон. Би Ц.О ахыг гараараа нэг удаа шанаа руу нь цохисон. Бас хөлөөрөө хөл рүү нь өшиглөж түүнийг хавсарч газар унагаасан. Өөр байдлаар цохиж, зодоогүй. Тэгээд газар уначихаар нь хаяад явчихсан. Би тухайн үед өөрийн эхнэртэйгээ хамт явж байсан. Би тэр үед эрүүл байсан. Ц.О ах эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 286 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ц.Оын биед баруун хөлийн шилбэний тахилзуур ясны хавчаар буюу доод хэсгийн хөндлөн хугарал, тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Баруун хөлийн шилбэний тахилзуур ясны хавчаар буюу доод хэсгийн хөндлөн хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдэд няцралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь Ц.Оын зодуулсан гэх цаг хугацаатай тохирч байна. 5. Баруун хөлийн шилбэний тахилзуур ясны хавчаар буюу доод хэсгийн хөндлөн хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарч эргэн сэргэх боломжтой. Бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. 6. Ц.О нь цээжний 12 дугаар болон бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн хуучин хугаралтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 51 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг “Ар-Ус-Ундарга” ХХК-ны ойролцоо иргэн Ц.Оыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Ө дээрх гэмт хэрэг гэм буруутай, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг 03 дугаар багийн нутаг “Ар-Ус-Ундарга” ХХК-ны ойролцоо иргэн Ц.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Оын мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу Хүүхдийн баярын өдөр талбай орох гээд эхнэртэйгээ хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Ундаргын арын зам дээр явж байгаад тааралдсан чинь шууд хүрч ирээд миний хоолойг цамцаар боож байгаад хавсраад унагаасан. Би босох гэсэн чинь хөл дээрээ гишгэж болохгүй өвдөөд байхаар нь аажуухан явсаар байгаад цагдаа дээр ирж дуудлага өгөөд эмнэлэгт үзүүлсэн. ...Миний биед тархи доргисон, баруун хөлийн шилбэний тахилзуур ясны хавчаар буюу доод хэсгийн хөндлөн хугарал гэмтэл үүсгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн “Ундарга” ХХК-ны хойд талын зам дээр нөхөр Оын хамт явж байгаад Өтай таарсан. Өаас 40.000 төгрөг авах ёстой байсан бөгөөд өрөө нэхсэн чинь Ө манай нөхрийг чи яасан их хүний гар, хөл татуулдаг юм гэж хэлээд цамцаар нь хоолойг нь боогоод 2 хөлийг нь хавсарч унагаасан. ...Сая зодуулснаас болоод нурууны хугарал нь сэдэрч, баруун хөл шагай хэсгээрээ хугарсан байсан. Манай нөхрийн зүүн талын шанаа руу нэг гараа атгаж байгаад 1 удаа цохиод, цамцны захаар хоолойг нь боогоод хавсарч унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.С мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би нөхрийн хамт ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад манай нөхрийн хамаатны ах О, эхнэр Б нар бид хоёр дээр ирээд мөнгөө авъя гэсэн бөгөөд ирэхээсээ өмнө бид хоёр руу утсаар яриад мөнгөө авъя гэхээр нь би ирээд мөнгөө ав гэж хэлсэн чинь чамд хараал хийнэ шүү гээд утсаар орилоод байснаа удалгүй манай ажил дээр ирэхээр нь манай нөхөр хамаатны ах О хэрүүл маргаан хийж байгаад нөхөр О ахын хоолойг цамцны захаар нь боож байгаад нэг удаа баруун хөл рүү нь хавирч, хавсарч унагаасан. Мөн газар машины дугуйн дээр сууж байхад нь нэг удаа түлхэж унагаасан. ...Манай нөхөр О ахын баруун хөлийн шагай хэсэгт нэг удаа хавирч, хавсарч унаган, хугалж, гэмтээж, зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж гэмтээсэн. ...Манай нөхөр О ахын зүүн тал шанаа руу нэг удаа гараараа цохисон. Мөн баруун хөлийн шагайн яс хэсэг рүү нэг удаа хөлөөрөө хавирч унаган, хөлийг нь хугалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, мөрдөн байцаалтын шатанд Б.Өын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр таараад миний уур хүрээд очиж тэр талаар нь хэлээд та яасан их хүн хараалгадаг юм бэ гээд гараараа нэг удаа түүний шанаа руу цохиж, хөлөөрөө түүний хөл рүү өшиглөж хавсарч газар унагаасан. ...Тухайн үед бага зэргийн үл ойлголцох байдлаас болж маргалдаад л зодсон. Би Ц.О ахыг гараараа нэг удаа шанаа руу нь цохисон. Бас хөлөөрөө хөл рүү нь өшиглөж түүнийг хавсарч газар унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44/, “би Ц.О гэдэг ахад хэдэн төгрөгийн өртэй байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тэр асуудлаас болж маргалдаад би О ахыг шанаа руу нь нэг удаа цохиод, хөл рүү нь хавсарч унагаачихаад явсан” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 286 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

  

            Иймд шүүгдэгч Б овогт БӨыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Б.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт БӨыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ