Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2026/00004

 

*******ын нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 309/ШШ2025/01146 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 192 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “******* миний бие 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “*******” ХХК түүний гүйцэтгэх захирал *******тэй “Зээлийн гэрээ" байгуулсан бөгөөд тус гэрээгээр 120,000,000 төгрөгийг нэг сарын арван хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцохоор харилцан тохиролцсон.

Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч тал болох “*******” ХХК нь төлбөрийг Дорнод аймгийн ******* суманд байрлах 5,000 га газар эзэмших эрхээр барагдуулах бөгөөд шилжүүлэн эзэмшүүлэх газрыг “******* ******* *******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, зээлдэгч нь “******* ******* *******” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх 5000 га газрын асуудлыг орон нутгийн удирдлагад танилцуулан 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор шилжүүлэх үүргийн тус тус хүлээсэн.

Гэвч гэрээнд дурдсан эзэмших эрхтэй газар нь өнөөдрийн байдлаар цуцлагдаж, сэргэх боломжгүй болсон. Тодруулбал “*******” ХХК-аас ******* сумын Засаг даргад холбогдуулан Дорнод аймгийн ******* суманд байрлах 15000 га газрыг эзэмшүүлэхээр хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын шүүхэд гаргаж, тус захиргааны хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн магадлал гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

... Мөн хариуцагч компанийн гүйцэтгэх захирал *******, түүний хүү той удаа дараа уулзалт зохион байгуулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 08 сард уулзсан бөгөөд дахин Дорнод аймгийн Халхгол суманд газар авахаар хөөцөлдөж байгаа бөгөөд газраа авчихвал шилжүүлж өгнө гэсэн. Ингээд ******* миний бие Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл 5 сар гаран хугацаанд шийдвэрлэгдээгүй, эвлэрэх боломжгүй хэвээр байна.

 ... Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардлагыг хангасан байх тул гэрээний үндсэн төлбөрт 120,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,000,000 төгрөг, алданги 60,000,000 төгрөг, нийт 192,000,000 төгрөгийг "*******" ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “*******тай 2020 оны 05 сарын 21-нд байгуулсан Зээлийн гэрээ нь хоёр нөхцөлтэй байхаар харилцан тохиролцож байгуулагдсан юм.

Эхний нөхцөл нь: *******ын гаргасан нэхэмжлэлд дурдагдсан 5000 га газрыг ******* сумын удирдлагад танилцуулан “******* мийт фактори” ХХК-д Газрын тухай хуулийн дагуу эзэмшүүлэхээр шилжүүлэх асуудлыг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор шийдвэрлэх үүргийг “*******” ХХК гэрээний 3.1.5-д заасны дагуу хүлээх, хэрэв 5000 га газрыг эзэмших эрхийг “******* мийт фактори” ХХК-д шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд мөн гэрээний 5.3-д заасны дагуу 120 сая төгрөгийн зээлийг олгогдсон өдрөөс нь хойш 1 сарын дотор эргүүлэн төлж уг ажиллагааг дуусгавар болгох.

Дараагийн нөхцөл нь: Дээрх зээлийн гэрээний 5.4-т зээлдүүлэгчээс авсан 120 сая төгрөгийн зээлийн хөрөнгийг “******* мийт фактори” ХХК-ийн 40 хувийг эзэмшигч ын ноогдол ашгаас төлж барагдуулна гэж заан харилцан тохиролцож баталгаажуулсан юм. Энэ дагуу буюу Зээлийн гэрээний 5.4-д заасан ын ноогдол ашгаас суутган авах нөхцөлийг 2020 оны 6 сараас хойш хоёр тал баримтлан өнгөрсөн хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн билээ. ... Тус “*******” ХХК нь уг асуудлыг эхний ээлжинд шийдвэрлүүлж өгөхөөр той хамтран ажиллаж байна.

2. Мөн нэхэмжлэлд: Гэрээнд дурдсан “*******” ХХК-ийн ******* суманд эзэмших эрхтэй газар нь өнөөдрийн байдлаар цуцлагдаж сэргэх боломжгүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ ...үүнтэй саналгүй байна. ******* сумын удирдлагын Үндсэн хууль зөрчсөн хууль бус үйлдлийг холбогдох газраар нь шалгуулж байгаа бөгөөд үүний зэрэгцээ “*******” ХХК нь *******, нарын эзэмшиж буй тус “******* мийт фактори” ХХК болон бусад аж ахуй нэгж байгууллагатай хамтран Халхгол, Чойбалсан зэрэг сумдад хөрөнгө оруулж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр Монгол Улсын Засгийн газарт хандан зохих дэмжлэг аван ажиллаж байна. Үүнээс үзэхэд бидний ажиллагаа ямар нэгэн мухардалд орж шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд хүрээгүй болох нь тодорхой байна.

3. Хэдийгээр бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний 2.1.2-д зээлийн зориулалт: зээлийг махны чиглэлийн үхэр, өсгөж үржүүлэх зориулалтаар олгоно ... гэж заасан нь уг гэрээг хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах үндсэн зорилготой болохыг тодорхойлж байна. Үүнээс үзэхэд ******* бид хоёрын хооронд хийгдсэн дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.9-ийн хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэх заалтад хамаарахын зэрэгцээ мөн хуулийн 56.1.1, 56.1.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэхүү байдал нь биднийг үл ойлголцолд хүргэж шүүхэд хандахад хүргэсэн байна. Иймд гэрээгээ Иргэний хуулийн 57.3-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гарган цуцлуулж цаашид хуульд нийцүүлэн гэрээгээ засварлан байгуулж хамтран ажиллах хүсэлтийг гаргаж байна.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 зааснаар зээлийн гэрээний үүрэгт 192,000,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын төлсөн 1,117,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,117,950 төгрөгийг нэхэмжлэгч *******ад олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Гэрээний төрлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй талаар:

Талуудын хооронд 2020 оны 5-р сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан бичгийн баримт байгаа хэдий ч нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал зэргээс талууд газар худалдах, худалдан авах хүсэл зоригийг харилцан илэрхийлж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь илэрхий байна.

... Талууд “*******” ХХК-ийн эзэмшлийн 5000 га газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн эзэмшлийн “******* мийт фактори” ХХК-д худалдан авах замаар шилжүүлэн авах төлбөрт тооцож дээрх 120.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй байна. Газрыг шилжүүлж чадаагүй нөхцөлд дээрх төлбөрийг хүүтэй, алдангитай буцаан авахаар хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан Гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн байгаад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

... Бодит байдал дээр хариуцагч компанийн захирал ******* нь аж ахуйн үйл ажиллагаа, түүн дотроо газар тариалан, хөдөө аж ахуйн үйл ажиллагааг эрхэлдэггүйг мэдсээр байж гэрээний стандарт нөхцөлийг зөрчиж бусад гэрээг халхавчлах зорилгоор өөрийн хүсэл зоригоос өөрөөр гэрээг хийсэн үйл баримтыг анхан шатны шүүх тал бүрээс нь дүгнээгүй.

ИХ-ийн 202.2.5, 202.2.10 дахь заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч нь бодит байдал дээр худалдах худалдан авах гэрээг хийсэн байх бөгөөд өөрийн эрсдэлийг хамгаалах зорилгоор гэрээнд хүү, алданги тооцож зардлыг хэт өндрөөр тооцсон байгаа бөгөөд шүүх гэрээний төрлийг зөв үнэлсэн бол энэ нөхцөл байдал тодорхой юм.

Иймд гэрээний харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээс гадна дээрх хоёр гэрээнд заасан ялгаатай зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ той... хамгийн сүүлд 2023 оны 8-р сард уулзсан бөгөөд Дорнод аймгийн Халхгол суманд газар эзэмших асуудлаа хөөцөлдөж байгаа асуудал шийдэхээр Газрын тухай хуулийн дагуу шилжүүлж өгнө гэсэн, “Халх-өрнөл” ХХК нь ******* суманд эзэмших эрхтэй газар нь цуцлагдаж сэргэх боломжгүй болсон тул нэхэмжлэл гаргаж байна, гэх тайлбараар талууд “*******” ХХК-ийн газрыг худалдах, худалдан авах хүсэл зоригоор дээрх зээлийн гэрээг хийсэн нь нотлогдож байна.

... Тиймээс талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа нь зээлийн гэрээ юу, эсвэл газар худалдах, худалдан авах гэрээ юу гэдгийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Анхнаасаа газрыг худалдан авахаар л мөнгөө төлсөн бөгөөд Захиргааны шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн гэрээний үүрэг гэх асуудлыг гаргасан байдаг.

Гэрээний 2.1.2-т заасан нөхцөлөөр дүгнэвэл хөрөнгө оруулалт хийх замаар хамтран ажиллах хүсэл зориг мөн илэрхийлэгдсэн. Энэ нь талуудыг эрсдэлийг тэнцүү хүлээх үүргийг бий болгохоор байгааг анхаарч өгнө үү.

2. Хариуцагчийг буруу тогтоосон талаар:

... Гэрээний 5.4-т зээлдүүлэгчээс авсан 120.000.000 төгрөгийн зээлийг “******* мийт фактори” ХХК-ийн 40 хувийг эзэмшигч ын ноогдол ашгаас төлж барагдуулна гэж тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан. Эндээс хариуцвал зохих этгээд нь нэг талаас “******* мийт фактори” ХХК болон 40 хувийн хувьцаагаар баталгаа гаргасан байх бүрэн үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Гэрээний 5.4-т заасан этгээд ноогдол ашиг олсон нөхцөлд тус ноогдол ашгаас төлбөрийг авахаар тохиролцож байгаад бодит дүгнэлт хийж өгнө үү.

3. Зээл төлөх гэрээний нөхцөлийг шүүх буруу тайлбарласан талаар:

... Гэрээний 5.4-т зээлдүүлэгчээс авсан 120.000.000 төгрөгийн зээлийг “******* мийт фактори” ХХК-ийн 40 хувийг эзэмшигч ын ноогдол ашгаас төлж барагдуулна гэж тохиролцсон байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөж гэрээг илэрхий буруу тайлбарлаж шийдвэр гаргасан. Гэрээний онцлог нь төлбөр төлөгчөөр гуравдагч этгээдийг оруулсан байгаа тохиролцоо нь хууль зөрчөөгүй бөгөөд төлбөрийг хариуцвал зохих этгээдийг “*******” ХХК гэж тогтоож байгаа нь шүүх гэрээний тохиролцоог илэрхий зөрчиж, талуудын хүсэл зоригийн эсрэг дур зоргын шинжтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг болон гэрээг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

энэ хугацаанд ногдол ашиг аваагүй нөхцөлд 120.000.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрх үүсэх эсэх талаар давж заалдах шатны шүүхээс үнэн зөв дүгнэлт хийж өгөхийг хүсье. Мөн нь үндсэн зээлийг хариуцаж байгаа юу хүү, алдангийг хамтад нь хариуцах эсэхийг дүгнэснээр хариуцагч “*******” ХХК-ийн хариуцвал зохих тооцоо мөн тодорхой болно. Анхан шатны шүүх гэрээг буруу тайлбарласнаас хэн, хэдэн төгрөг хариуцах нь тодорхой бус болсон байгааг зөвтгөж өгнө үү.

4. Хариуцагчийн хүсэл зориг байсан эсэх талаар:

 Энэхүү гэрээний нэг тал болох “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тухайн зээлийн гэрээг байгуулах талаар нэхэмжлэгчтэй тодорхой хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээний санал хүргүүлсэн зэрэг үйл баримтыг нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нь өөрийн хамтрагч той хийсэн хэлцлээ дараах байдлаар баталгаажуулсан нь ИХ-ийн 56-р зүйлд заасан бусад хэлцлийг халхавчлах зорилготой байсан. Энэ талаар хариуцагчийн гаргасан тайлбарт анхан шатны шүүх тайлбар хийгээгүй, дүгнэлт гараагүй байгаад гомдолтой байна.

5. Хөөн хэлэлцэх хугацааг зөв хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарласан талаар:

Нэхэмжлэгч нь “*******” ХХК-тай 2020 оны 05-р сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан бичгийн нотлох баримт хэрэгт бэхжүүлэгдсэн. Шүүх дээрх гэрээг зээлийн гэрээ мөн гэж дүгнэсэн. Тиймээс дээрх зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

... Нэхэмжлэгч болон “*******” ХХК-ын хооронд 2020 оны 05- р сарын 21-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ” нь ИХ-ийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан тусгай хугацаа буюу 3 жилийн хугацаатай байна. Зээлийн гэрээний 2.1.4-т хугацааг нэг сар байхаар талууд тохиролцсон байх ба нэхэмжлэгчийн шаардах эрх 2020 оны 06-р сарын 21-ний өдрөөс үүссэн ба үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан. Тэгэхээр шаардах эрх бүхий тусгай хугацааны 3 жил 2023 оны 06-р сарын 21-ний өдөр дуусгавар болсон хууль зүйн үр дагаварт анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгээс илэрхий харагдаж байна.

... Нэхэмжлэгчийн шаардах эрх 2023 оны 06-р сарын 21-ний өдөр үүссэн тул энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцож, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хууль зүйн үр дагавартай бөгөөд Иргэний хуулийн 82-р зүйлийн 82.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд гэрээний харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагчийг зөв тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийгээгүй, гэрээг буруу тайлбарлаж үүрэг хариуцах этгээдийг үндэслэлгүйгээр үүргээс чөлөөлсөн, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг хангаагүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, гэрээ болон хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Гэрээний харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагчийг зөв тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийгээгүй, гэрээг буруу тайлбарлаж үүрэг хариуцах этгээдийг тодорхойлоогүй, үндэслэлгүйгээр үүрэгтэй этгээдийг үүргээс чөлөөлсөн, батлан даалттай холбоотой асуудлаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй зэрэг нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 309/ШШ2025/01146 дугаартай Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой талуудын оролцоог хангаж анхан шатны шүүх рүү хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр буруу байсан гэж ярьж байгаа нь хэтэрхий өрөөсгөл ойлголт байна. Учир нь хариуцагч өөрийн нотлох үүргээ биелүүлээгүй байна. Магадгүй тайлбараа өгөөд түүгээрээ дамжуулж шүүхээс дүгнэлт хүсэх боломж байсан. Анхан шатны шүүх дээр дурдсан асуудлуудтай холбоотой огт маргаагүй. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий хууль ёсны дүгнэлт хийсэн.

Хохирлыг хэт өндрөөр тогтоосон гэж ярьж байна. 2020 онд 120,000,000 төгрөгийг “*******” ХХК-д шилжүүлсэн. ... Тухайн газар нь талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас шилжих боломжгүй болсон тохиолдолд зээлийн гэрээнд заасны дагуу мөнгөн төлбөрөөр бүрэн төлж барагдуулна гэж гэрээний 5.3-т тодорхой дурдсан байгаа. Газар худалдаж байгаа асуудал биш. ... Хэрвээ газар худалдаж авах гэрээ гэж үзвэл газрыг мөнгөний хариуд нь өөрийн нэр дээр шилжүүлж авах заалт гэрээнд тусгагдах ёстой байсан. Ийм заалт байхгүй бөгөөд “******* мийт фактори” ХХК-д шилжүүлэх нөхцөл байдал үүссэн.

... Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг асуудлыг ярьж байна. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Батлан даалтын гэрээ гэж мөн ярьж байна. Батлан даалт гэж үзэх боломжгүй. нь өөрөө хүсэлтээ тавиад оролцох эрх нь байсан. Мөн нэлээн ажил болж байж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү даалгавар бичиж байж гэрчээр дуудсан.

... Талууд хооронд 2020 онд байгуулагдсан гэрээ нь ямар төрлийн гэрээг болохыг шалгах шаардлагатай байна. Хамтран ажиллах гэрээ нь талууд өөрсдийн хувь оролцоогоороо оролцох ёстой. Магадгүй хамтран ажиллах гэрээ, хамтран ажиллах харилцаа байсан гэж үзэх бол хэзээнээс үүсэх байсан бэ гэдгийг тодруулах шаардлагатай.

... Хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан гомдол нь ямар ч үндэслэлгүй гэж хэлье. Захиргааны хэргийн шүүх дээр бид нар хамт байсан, нэхэмжлэгч нар мэдэж байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь үнэн. Бид нар мөнгөө шаардахаар газрын эрх нь шүүхэд байгаа гэж тайлбарладаг байсан учраас тухайн үед шүүхэд хандаж яваагүй. 2023 оны 08 дугаар сард уулзахад шинээр хөөцөлдөж байсан гэдэг асуудал яриад сүүлдээ утсаа авахгүй, холбогдох боломжгүйгээр таг чиг болсон байдаг. Эерэг харилцаа талуудын хооронд байсан учраас шүүхэд хандаагүй эвлэрэн зуучлах үйл ажиллагаанд хандсан.

... “******* мийт фактори” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан эсэх талаар тодруулах шаардлагатай. Гэхдээ шүүхээс үүнийг санаачлан тодруулах боломжгүй. Хэргийн оролцогч нар өөрсдөө баримтаа өгөх ёстой. Хариуцагч талын буруугаас үүссэн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл  баримтыг дүгнэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг, алданги 60,000,000 төгрөг нийт 192,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний биелэлтийг шаардсан гэж тайлбарладаг бол хариуцагч тал үндэслэлээ  ... *******тай зээлийн гэрээ байгуулаагүй, 120,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар гэрээ байгуулсан, ... “******* ******* фактори” ХХК-ийг *******, нар хамтран байгуулсан ... гэж мэтгэлцдэг.

5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Зээлийн гэрээ” гэх баримтаас үзэхэд маргааны үйл баримтыг тогтоох, талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Зээлийн гэрээний 2.1-д “... Зээлийн хэмжээ 120,000,000 төгрөг байна. Зээлийг махны чиглэлийн үхэр өсгөж, үржүүлэх фермерийн аж ахуй эрхлэх бэлтгэл ажлыг хангуулах зориулалтаар олгоно ...”, 3.1.5-д “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг Дорнод аймгийн ******* суманд байрлах 5000 га газрын эзэмших эрхээр барагдуулах бөгөөд шилжүүлэн эзэмшүүлэх газрыг “******* ******* фактори” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүрэгтэй”, 5.3-д “Зээлдэгч нь энэхүү гэрээний эргэн төлөлтийг Дорнод аймгийн ******* сум дахь 5000 га газраар төлөх ба энэхүү газрын эзэмших эрхийг “******* ******* фактори” ХХК-ийн нэр дээр 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлснээр зээлийг эргэн төлсөнд тооцно...”, 5.4-д “Зээлдүүлэгчээс авсан зээлийн хөрөнгийг “******* ******* фактори” ХХК-ийн хувь эзэмшигч ын ноогдол ашгаас төлж барагдуулна”  гэж тус тус заажээ.

Дээрх заалтуудаас үзэхэд “******* ******* фактори” ХХК болон нар нь энэ гэрээний харилцаанд ямар эрх үүрэгтэй оролцож байгаа нь тодорхойгүй, гэрээний оролцогч мөн эсэх, гэрээ байгуулсан талуудтай ямар харилцаатай болох, “******* ******* фактори” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг, хэдэн хүн хувь эзэмшдэг болох нь тодорхойгүй, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нь ямар тохиолдолд хариуцахаар тохиролцсон нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

6. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгааг тодруулаагүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр   шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны буцааж шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт болон хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

7. Шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 309/ШШ2025/01146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                                                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

С.ГАНЧИМЭГ