Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2026/00076

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/07317 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,825,128 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 106,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2022 оны 07 сард өөрийн *******" ХХК-аар ******* дүүргийн ******* хорооны нутагт барьж байгаа амины орон сууцны *******айлын твин хаусын дотор талын цахилгааны ажлыг хийлгэхээр үнийн санал авахад нь 1 айлын дотор цахилгааны ажлыг бараа, материалын үнэ оруулан 9,706,282 төгрөг, ******* айл 38,825,128 төгрөгөөр хийх санал өгсөн. Ингээд 2022 оны 08 сард манай бригад *******той амаар тохироод өөрсдөө материалаа авч ажлаа гүйцэтгэн 2022 оны 11 сард дуусгасан. ******* нь ажлын хөлсийг өгөөгүй тул "*******" ХХК, ******* нараас ажлын хөлс 38,825,128 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх ажлын явцад ******* нь компанийн үйл ажиллагаанд санхүүжилт хэрэгтэй гэсний дагуу "*******" ХХК-тай 2022.10.11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөнгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлээс эхний сарын хүү 1,500,000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд *******" ХХК, ******* нараас үндсэн зээл 60,000,000 төгрөг, 2022.11-2023.10 сар хүртэлх хүү 16,500,000 төгрөг, алданги 30,000,000 төгрөг, нийт 106,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч гүйцэтгэсэн гэх ажлаа одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй, мөн ажил хийж гүйцэтгэсэн бараа материалын түүврийг гаргаж өгөөгүй байгаа. Цахилгааны ажлаас 14,448,196 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг нь зөвшөөрөхгүй байна. Мөн 2022 оны зээлийн гэрээний үүргээс 1,500,000 төгрөг төлсөн байгаа, одоо үндсэн зээл 60,000,000 төгрөгийн хүү болох 18,000,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуульд зааснаар алдангийг нь багасган шийдвэрлэж өгнө үү, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 120,948,196 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлээс 24,376,932 төгрөгийн шаардлага болон хариуцагч *******од холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,043,525 төгрөгөөс илүү төлсөн 158,949 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 884,576 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 762,691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч ******* ХХК-ийн хувьд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн 30,000,000 төгрөгийг 50 хувиар буюу 15,000,000 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч ******* ХХК-ийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,825,128 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 106,500,000 төгрөг, нийт 145,325,128 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нар зээл 60,000,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч, ******* нь ажлыг хүлээлгэн өгөөгүй, ажил гүйцэтгэсэн материалын түүврийг гарган өгөөгүй гэж, мөн алданги үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-ийн захиалгаар ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт ******* айлын амины орон сууцны цахилгааны ажлыг 2022.08-11 сарын хооронд хийж гүйцэтгэснийг анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж, мөн талуудын хооронд 2022.10.11-ний өдөр 60,000,000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсаныг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тус тус зөв тодорхойлжээ.

Шүүх хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,448,496 төгрөгийн болон зээлийн гэрээний үүрэгт /зээл 60,000,000, хүү 16,500,000, алданги 30,000,000/ 106,500,000 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлээс үлдэх 24,376,932 төгрөгийн шаардлага, хариуцагч *******од холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ийнхүү шийдвэрлэснээс хариуцагч ******* ХХК зээлийн гэрээний алданги 30,000,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч, 15,000,000 төгрөгөөр багасгуулахаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

5.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 2.5 хувийн хүү тооцон зээлдүүлжээ. Хариуцагч зээлийг хүлээн авсан болон зээлийн хүүнд 1,500,000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүйд зохигч маргаагүй, хариуцагч зээл, хүүгийн төлбөрт 76,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрчээ.

 

Зээлийн гэрээний 6.2-т зээлдэгч зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу Анзын гэрээг бичгээр хийнэ гэж, мөн зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн байна.

 

Хариуцагчаас тус компанийн санхүүгийн хүндрэлтэй байдал, нэхэмжлэгч алдангийг хуульд заасан дээд хэмжээгээр тооцсон зэргийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийг 50 хувь буюу 15,000,000 төгрөгөөр багасгуулахыг хүсчээ.

 

Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй нийт үүрэг 76,500,000 төгрөгөөс бус үндсэн зээл 60,000,000 төгрөгөөс алданги тооцон 30,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна. Мөн хариуцагч нь зээлийн хүүнд 1,500,000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй нь зээлдэгчийг гэрээний үүргийн ихэнх хэсгийг биелүүлж байсан гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн тус компанийн санхүүгийн хүндрэлтэй байдал нь хүндэтгэх шалтгаанд тооцогдохуйц баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлоор алдангийн хэмжээг багасгах нөхцөл байдал тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

 

6.Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/07317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ