| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2015/07483/И |
| Дугаар | 1779 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 1779
Э.Цогхүүгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00458 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Э.Цогхүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ариг банкинд холбогдох,
2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 тоот Зээлийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, гэрээнээс татгалзаж, 206 150 350 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Э.Цогхүүтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 172 111 659 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Э.Цогхүү
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Отгонбаатар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Нямцэрэн, Д.Санчир
Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Мандах
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Оюун-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Э.Цогхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 4 дүгээр сарын 27-ны Ариг банктай зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах, 411 м.кв хувийн орон сууцыг гарааш, гэр бүлийн хэрэгцээний 142 м.кв газрын хамт 72 000 000 төгрөг урьдчилгаанд төлж, 240 000 000 төгрөгөөр худалдан авсан. Тус зээлийн гэрээний 1.1-т Зээлдэгч нь худалдан авсан нийтийн орон сууцны зориулалттай объектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр уг объектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээг үйлдэх болно гэж заасан бөгөөд тус объектын орлогоор зээлийн эргэн төлөлтийг барагдуулахаар харилцан тохиролцсон. Би зээлийн гэрээний дагуу 16 268 742.94 төгрөг, хүүд 117 881 607.61 төгрөг, урьдчилгаанд 72 000 000 төгрөг, нийт 206 150 350.55 төгрөг төлж, банкинд хэт өндөр хүү төлж үндсэн зээлд 96 000 000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулснаас хойш 16 268 742.94 төгрөг төлсөн байна. Ариг банк болон Э.Цогхүү нарын хооронд хийсэн хэлцлийн зорилго нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах байсан. Уг зорилгоосоо хазайж хийсэн зээлийн гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу үүргийн гүйцэтгэлийг тодорхойлохыг хэт удаашруулж, хүү авах зорилгыг урдаа тавьж, үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн. Эхлээд үндсэн үүргийг биш, хүүг төлүүлж байснаас үндсэн зээл төлөгдөхгүй хуримтлагдаж, зээлдэгчийн эрх ашигт харшилсан. Уг объект нь Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр байсан гэдгийг сүүлд мэдсэн, мөн Монгол банкны зээлийн санд бүртгүүлээгүй байсан.
Иймд зээлийн урьдчилгаа, үндсэн зээл, хүүд төлсөн 206 150 350.55 төгрөгийг Ариг банкнаас буцаан гаргуулах, дээрх хувийн сууц, гараашийг зээлээр бус санхүүгийн түрээсээр авах байсан тул анхнаасаа худалда худалдан авах гэрээг халхавчилж хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 12/17 тоот зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, Р.Нямцэрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь Э.Цогхүүгийн 2012.03.12-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу харилцан тохиролцож, 2012.04.27-ны өдөр зээлийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг тус тус байгуулж үл хөдлөх хөрөнгийг банкны эзэмшил ашиглалтад шилжүүлсэн бөгөөд зээлд нийт 168 000 000 төгрөгийн төлбөрийг жилийн 5.2 хувийн хүүтэйгээр 120 сар буюу 2022.04.27-ны өдөр хүртэлх хугацаатай зээлдүүлсэн. Уг объект нь 240 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар бүртгэлтэй байсан бөгөөд Э.Цогхүү хүсэлт гаргасны дагуу 72 000 000 төгрөгийн урьдчилгааг объектын хуучин өмчлөгч Ш.Оюунцэрэнд төлж, үлдэх 168 000 000 төгрөгийг Ариг банкнаас зээлэн Ш.Оюунцэрэнд шилжүүлсэн. Э.Цогхүү нь бусдад түрээслүүлсэн мөнгөөр манай банкинд төлөх санхүүгийн түрээсийн төлбөрийг төлж байсан. Урьдчилгаанд төлсөн 72 000 000 төгрөг нь банкинд төлсөн мөнгө биш бөгөөд Ш.Оюунцэрэнд объектыг худалдан авахад төлсөн дүн юм. Харин Э.Цогхүү уг объектыг бусдад дамжуулан түрээсэлж, олсон ашгийн зохих хэсгээр санхүүгийн түрээсийн төлбөрийг төлж, үлдэх хэсэг нь өөрт нь ашиг болж байсан. Банк болон харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилгоос хазайж хууран мэхэлж хийгдсэн хэмээн дурьдсан байгаа бөгөөд энэхүү үндэслэл нь талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох бодит үндэслэл болохгүй юм. Тиймээс нэхэмжилж буй 206 150 350 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг объект нь Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр байсан гэдгийг гэрээ байгуулагдах үед болон түүнээс хойш ч мэдэж байсан. Тиймээс тухайн эд хөрөнгө нь Ариг банкны өмчлөлийн эд хөрөнгө юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй төдийгүй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн уг гэрээнүүдийг Э.Цогхүү нь хуульч хүний хувьд гэрээг хүчин төгөлдөр бус эсэхийг мэдэж байсан бол тэр даруйд нь мэдэгдэн гэрээг цуцлах болон бусад байдлаар мэдэгдэх байсан.
Иймд талуудын хоорондын гэрээ хүчин төгөлдөр юм. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Э.Цогхүү нь зээлийн төлбөрийг сүүлийн саруудад төлөөгүй, гэрээг цуцалж 172 096 659 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч татан авч байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Төмөрхүү шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Төмөрхүү нь Ариг Банк ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай ажилладаг. Манай банк аливаа өмчлөлийн зүйлс болох газар болон үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэх захирлын нэр дээр гаргуулан бүртгэдэг. Энэ нь банкны тухай хууль болон дотоод дүрэм журмаараа зохицуулагддаг харилцаа юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хуулийн этгээд нь газар өмчлөх боломжгүй байдаг тул Ариг Банк ХХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлд зааснаар Гүйцэтгэх удирдлага, түүний эрх хэмжээг гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарахаас бусад бүх асуудлыг ганцаар захирах зарчмын дагуу бие даан шийдвэрлэнэ гэж заасны дагуу банкны буюу хуулийн этгээдийн нэр дээр өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдэх боломжгүй, зарим үл хөдлөх хөрөнгүүдийг миний нэр дээр шилжүүлэн бүртгэдэг.
Тухайн үед нэхэмжлэгчийн хүсэлтээр Ариг Банк ХХК Э.Цогхүү нарын хооронд 168 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдаж уг дүнгийн 40 хувийг буюу 96 000 000 төгрөгийг Ариг Банкинд төлснөөр уг объектыг Э.Цогхүүгийн өмчлөлд шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэхээр шийдвэрлэсэн. Иймд хариуцагч талыг дэмжин оролцож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан Эрэл банк /Одоогийн Ариг банк/, Э.Цогхүү нарын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Ариг банкнаас 206,150,350 /хоёр зуун зургаан сая нэг зуун тавин мянга гурван зуун тавин/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Цогхүүд олгож, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61А тоотод байрлах 411 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036271 бүртгэлд бүртгэгдсэн хувийн сууц, гараж болон Г-2205003585 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний 142 м.кв газрын эзэмшил хариуцагчид хэвээр үлдэх болохыг дурьдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрэл банк, Э.Цогхүү нарын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Цогхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 172 111 659 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 188 810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 188 810 /нэг сая нэг зуун наян найман мянга найман зуун арван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Цогхүүд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 1 018 509 /нэг сая арван найман мянга таван зуун есөн/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ариг банкинд тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан Эрэл банк /Одоогийн Ариг Банк/, Э.Цогхүү нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай..." хэмээн шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, үндэслэлгүйгээр нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Эрэл банк, иргэн Э.Цогхүү нарын хооронд холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр зээлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолтой зөрчилдөж байгаа үйлдэл гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор "5.3 Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино. Энэ нь нэг хэлцэл нь нөгөөгөө халхавчилсан хоёр хэлцэл хийгдсэн байхыг заавал харгалзан үзэх шаардлагатай гэж тайлбарлажээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно" хэмээн заасны дагуу иргэн Э.Цогхүүгээс гаргасан хүсэлтийнх нь дагуу харилцан тохиролцож, байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл болно.
Э.Цогхүүгийн зээл авахаар банкинд гаргасан хүсэлт /хх-28/, урьдчилгаа 30 хувь болох 72,000,000 төгрөг болон банкнаас зээлсэн 168,000,000 төгрөг, нийт 240,000,000 төгрөгийг өөрийн 2102004055 тоот данснаас Ч.Энхбатын 2102001541 тоот данс руу шилжүүлсэн баримт /хх-153-159/ уг мөнгийг объектыг худалдагч тал болох Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нар нь хэрхэн захиран зарцуулсан талаар шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэг, төлбөрийн баримтуудаар бүрэн нотлогддог. Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй" гэж дүгнэсэн байтал анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлэхгүйгээр, өмнөх хүчин төгөлдөр бус болсон шүүхийн шийдвэрийг хуулбарлах байдлаар шийдвэрлэсэн. Шүүх Эрэл банк, Э.Цогхүү нарын хооронд болсон, нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байгаа бодит хууль зүйн фактыг үнэлэхгүйгээр гагцхүү Зээлийн гэрээний 1.1 дэх заалтыг мушгин тайлбарлах байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн гэрчийн мэдүүлгүүдийг шүүх илтэд худал нэг талыг баримтлан, гуйвуулан бичсэн байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгээс илтэд зөрүүтэй бичигдсэн байгаагаар нотлогдож байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Цогхүү нь хариуцагч Ариг банкинд холбогдуулан 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 тоот зээлийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул үр дагаврыг арилгуулж, тус банкинд дээрх гэрээгээр төлсөн 206 150 350 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., хэлцэл хүчин төгөлдөр. Э.Цогхүү нь манайхаас зээл авч, авсан зээлээрээ маргаан бүхий обьектыг худалдан авах зорилготой байсан. Уг обьектын өмчлөх эрх манай банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр бүртгэлтэй боловч угтаа манай банкны өмч” гэж тайлбарлан, Э.Цогхүүтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, 172 111 659 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг сөрөг нэхэмжлэлээ татан авчээ. /х.х-ийн 2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ Хариуцагч нь харин санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нэртэй гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хэдийд ч татан авч болох тул хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.
Э.Цогхүү нь 72 000 000 төгрөгийг урьдчилгаа гэж хариуцагч банкинд шилжүүлсэн, удалгүй хэд хоногийн дараа 168 000 000 төгрөгийг өөрийн дансанд банкнаас шилжүүлэн авсан. Уг шилжиж орж ирсэн 168 000 000 төгрөг болон урьдчилгаа 72 000 000 төгрөг нийт 240 000 000 төгрөгийг банкны ажилтан нь иргэн Ч.Энхбатын дансанд шилжүүлэх гүйлгээ хийсэн /х.х-ийн 156, 2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр тал/, нэхэмжлэгч нь Ариг банкинд урьдчилгаа, зээл, хүү гэх байдлаар нийт 206 150 350 төгрөг буцаан төлсөн үйл баримт тогтоогджээ.
Хариуцагч “манайхаас авсан зээлийн 168 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч Э.Цогхүү нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах 411 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууц, гаражийг гэр бүлийн хэрэгцээний 142 м.кв өмчлөлийн газрын хамт худалдан авах зорилготой байсан. Хуулийн этгээд банк газар өмчлөх эрхгүй тул уг обьект нь манай гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр бүртгэлтэй “ гэж тайлбарласнаас гадна зээлийн гэрээний 1.1-д” зээлдэгч нь худалдан авсан нийтийн сууцны зориулалттай обьектийн үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк уг обьектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлнэ” гэж заасан зэргээс үзэхэд хариуцагч Ариг банк хувийн өмчийн газар, нийтийн зориулалттай сууц зэргийг зээлийн гэрээгээр халхавчилж, нэхэмжлэгчид худалдах үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэхээр байна.
Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд банкны явуулж болох хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлийг нэрлэн зааж тодорхойлсон бөгөөд уг үйл ажиллагааны жагсаалт дотор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах ажиллагааг заагаагүй байна.
Мөн Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй гэжээ. Хэргийн баримтаас үзэхэд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул уг хэлцэл хийгдсэн үеээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бөгөөд Ариг банкны /Эрэл банк/ зээлийн барьцаанд байсан гэж үзэхгүй. Хариуцагч банк уг обьектийг зээл төлүүлэх зорилгоор өмчлөгчийн хувийн болон эдийн засгийн харилцаа холбоог харгалзан үзэх, бусдын удирдлагад шилжүүлэх, үр шимийг нь ашиглах зэрэг Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн хэлбэрээр эзэмшсэн гэх баримтгүй, хэрэв барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдах бол банк хуульд нийцүүлэн, хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр худалдах ёстой юм.
Хариуцагч банк нэхэмжлэгчээс зээл олгохын тулд урьдчилгаа авч байгаа, нэмж зээл олгоод урьдчилгааны хамт зээлээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлж байгаа, дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн 40 хувьтай дүйцэх төлбөр төлөгдсөнөөр өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсэхээр тохирч байгаа зэрэг нь зээлийн гэрээгээр халхавчилж газар, нийтийн зориулалттай сууцны худалдах худалдан авах үйл ажиллагаа явагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Хариуцагч Ариг банк нь Банкны тухай хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байгуулсан, мөн хуулийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийжээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж шалгаагүйгээс талуудын хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь хууль хэрэглээний алдаатай болжээ.
Хууль зөрчсөн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус бөгөөд шүүхээс нэмж дахин хүчин төгөлдөр бус болохыг тогтоохгүй, тооцохгүй юм. Зээл, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ зэрэг нь хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчилсан гэж нэхэмжлэгч тайлбарлаад байгаа нь нэхэмжлэлийн шаардлага гэхээсээ илүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна. Нэхэмжлэгч нь өөр хэлцлийг халхавчилсан, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн 206 150 350 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх уг үр дагаврыг арилгах байтал зэрэгцүүлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах зүйлийг шаардлага гэж үзэж мөн хамт шийдвэрлэсэн нь буруу.
Гэрээний харилцаанд талууд орж байх үед хариуцагч нь Эрэл банк нэртэй байгаад сүүлд нэр нь өөрчлөгдөж Ариг банк болсон үйл баримтад талууд маргаагүй, энэ нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дах хэсэгт нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн хэлцлийн үр дагаврыг арилгаж 206 150 350 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, харицагчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтэн 1 гэж дугаарлаж, уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9, 56.5-д зааснаар Эрэл банк /одоогийн Ариг банк/ Э.Цогхүү нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Ариг банкнаас 206 150 350 төгрөгийг гаргуулан Э.Цогхүүд олгож, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах 411 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний 142 м.кв өмчлөлийн газрын өмчлөх эрх иргэн Д.Төмөрхүүгийн нэр дээр бүртгэлтэй байгаа болохыг дурдсугай гэж, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан “...,санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Цогхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж тус тус өөрчилж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ариг банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 188 702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД