Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01510

 

"Д”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01603 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1722 дугаар магадлалтай,

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Д, Д.Н, Ц.Цнарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.403.239 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Цэрэнпагмын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэг, өмгөөлөгч Ц.Амармэнд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Д” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Д болон түүний охин Д.Н нар  2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 09163 тоот зээлийн гэрээгээр 14.300.000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлийн  гэрээний  хугацаанд зээл болон хүү төлөөгүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон учир гэрээний 2.1.2-т заасны дагуу хүүг 4.6 хувиар тооцсон. Иймээс зээл  14.300.000 төгрөг, хүү 3.552.120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 604.032 төгрөг нийт 18.456.152 төгрөг гаргуулж, Ц.Цэрэнпагмын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 148 тоот хаягт байрлах Ү-2205011543 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.Д,  охин Д.Н нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид тул тэдгээрээс үндсэн зээлд 14.300.000 төгрөг, зээлийн хүүд 5.174.693 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 928.546 төгрөг, нийт 20.403.239 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д, Д.Н, Ц.Цнар шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Д нь ажиллагсдын цалинг тавьж өгөх зорилгоор  тус ББСБ-с  2015 оны 8 дугаар сарын 24-нд 16.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд АСЕМ-ын санхүүжилт орж ирэхээр буцааж өгөхөөр төлөвлөж, барьцаа шаардлагатай гэхээр нь өөрийн ээж Ц.Цэрэнпагмыг ятгаж, хамтран зээлдэгч болцгоосон. Гэтэл санхүүжилт орж ирээгүй учраас уг мөнгийг хугацаандаа төлж чадахгүйд хүрч, 2016 оны 8 дугаар сарын 26-нд хүнээс мөнгө зээлж зээлийн үлдэгдэл 14.300.000 төгрөгөө төлж хаагаад дахин 14.300.000 төгрөгийн зээл авч, зээлдүүлсэн хүнд  буцааж өгсөн. Ц.Цэрэнпагма, Д.Н нар энэ зээлийн мөнгөнөөс огтхон ч аваагүй бөгөөд зөвхөн ББСБ-ын шаардсанаар очиж гарын үсэг зурцгаасан. Түүнчлэн тус ББСБ нь сарын 3,6 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж зээлийн гэрээндээ бичсэн боловч барьцаат зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх хүснэгтээр  3,7 хувийн  хүүтэйгээр бодож  550.000 төгрөгөөр Г.Дийн эрх ашгийг хохироосон байна. Мөн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй байхад гэрээндээ хугацаандаа төлөөгүй бол дараагийн сараас  шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 4,6 хувийн хүү бодно гэж бичсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01603 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Д, Д.Н нараас 20.106.181 /хорин сая нэг зуун зургаан мянга нэг зуун наян нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 297,058 /хоёр зуун ерэн долоон мянга тавин найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч нарыг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Ц.Цэрэнпагмын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 51 дүгээр байрны 148 тоот, улсын бүртгэлийн Ү-2205011543 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375.613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 144,319 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагч Г.Д, Д.Н нараас 258,7480 төгрөг, хариуцагч Г.Д, Ц.Цнараас 259.966 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1722 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Цхяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01603 дугаартай шүүхийн шийдвэр, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 1722 дугаартай магадлалыг хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Хавтаст хэрэгт хариуцагч буюу батлан даагч Ц.Ц“Д” -ын өгөөгүй гэрээг УБЕГ-аас,  мөн шүүхэд дээрх баримтуудыг өгөхгүй байгаа тул гаргаж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан нотлох баримтууд байдаг. Гэтэл дээрх нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлээгүй. Хамтран хариуцагч гэх Ц.Ц70 настай, тэтгэвэрт байдаг ахмад настан, Д.Н 19 настай, оюутан, төлбөрийн чадваргүй, хариуцагч Г.Дийн асрамжид байдаг. Г.Дд 2016 оны 08 дугаар сарын 26-нд зээл өгсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Мөнгөнтуяа шүүх хурал дээр удаа дараа хэлж байсан, 2015 онд ч, 2016 онд ч тус ББСБ ганц Г.Дийн нэр дээр данс нээж уг мөнгийг шилжүүлсэн, Ц.Цэрэнпагма, Д.Н нар дээрх зээлүүдийг огт аваагүй хамтран хариуцагчид биш гэдэг нь нотлогдож байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Давж заалдах шатны шүүх Ц.Цэрэнпагмыг Иргэний хуулийн 458 дугаар зүйл, 458.1-д заасны дагуу зээлдэгч Г.Дийг барьцаа хөрөнгөөр батлан даасан байх тул батлан даагч гэдгийг анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 462 дугаар зүйл, 462.2-т зааснаар батлан даагч Ц.Цтус ББСБ-аас Г.Дийн хүлээх үүргийн талаар үнэн мэдээлэл авахаар гэрээ болон бусад баримтуудыг шаардсан боловч өгөөгүй байгаа нь батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдсан байгааг анхаарч үзээгүй. Зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар 4.6 хувиар бодож хохироож , Иргэний хуулийн 452.2-т заасныг зөрчсөн байхад хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйл 189.1-т зааснаар Д тэгш бус нөхцөл тулган байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байгааг анхаарч үзээгүй.

Иймд дээрх байдлуудыг хянан үзэж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж , барьцаа хөрөнгөөрөө батлан даагч Ц.Цэрэнпагмын эсрэг шаардах эрхээ алдсаныг тогтоож, барьцааны гэрээг хүчингүй болгож, Д.Номуундарийг хариуцагч биш болохыг тогтоож, 4.6  хувиар тооцож илүү нэхэмжилсэн 2.269.894 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Г.Д, Д.Н, Ц.Цнараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 20.403.239 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.  

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч Г.Д, Д.Н нар нь нэхэмжлэгчээс 14.300.000 төгрөгийг сарын 3.6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлэх, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц.Цэрэнпагмын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 51 дүгээр байрны 148 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн  нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, 156 дугаар зүйлийн 156.2-т нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нар зээлийг хүлээн авч, ашигласан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул гэрээгээр тогтоосон хугацаанд гэрээнд заасан нөхцлөөр буцаан төлөх үүрэгтэй боловч төлөөгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нарын гүйцэтгэх үүрэг, үүргийг барьцаагаар хангуулах шаардлага, зээлдэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэлгүй талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн хүүг 2 өөр хувь хэмжээгээр тогтоосныг шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-г зөрчөөгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэж заасан ба Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг баталжээ.

Дээрх журмаар банкны хүүгийн ойлголт, төрөл, үндсэн хүү, хүү бодох аргачлалыг тогтоосон, энэ нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж заасантай нийцжээ. 

Журмын 1.3.5, 1.3.10-т “ердийн хүүг үндсэн дүнгээс ижил хэмжээгээр бодно” гэж, “үндсэн дүн гэдэг нь зээл , хадгаламж, бусад хөрөнгө оруулалтын хүү ороогүй дүнг” ойлгохоор  тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 3.6 хувь, гэрээний хугацаа дууссан ба цуцлагдсаны дараа 1 сарын 4.6 хувь байхаар тогтоосон нь хуульд нийцээгүй байна. Хэтэрсэн хугацааны хүүг 3.6 хувиар, мөн хугацааны нэмэгдүүлсэн хүүг гэрээнд зааснаар тооцоход шүүхийн шийдвэрлэсэн 20.106.181 төгрөгөөс зөрүүгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэрэнпагмын гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01603 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1722 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэрэнпагмын  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 121.468 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ