Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 460

 

 

Б.Гантулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

ялтан Б.Гантулгын өмгөөлөгч С.Цэмбэлмаа, Д.Мөнхдэлгэр,

хохирогч А.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч Г.Мандахсайхан,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Гантулга, түүний өмгөөлөгч С.Цэмбэлмаа, Д.Мөнхдэлгэр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Гантулгад холбогдох 2017 2501 0411 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Болдбаатарын Гантулга, 1986 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Петровис” ХХК-д барилга угсралтын албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам эхийн хамтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 103/2 дугаар байрны 37 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УС86090331/,

Б.Гантулга нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хомеланд” хотхоны гражид автомашин мөргөсөн гэх шалтгаанаар бусадтай маргалдаж, улмаар иргэн А.Дэлгэрмаагийн зүүн гар луу өшиглөж бие махбодид нь “зүүн гарын ядам хурууны алга ясны ташуу сэлтэрсэн хугарал, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон оөогт Болдбаатарын Гантулгыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг рентгэн зураг, дүрс бичлэг бүхий 2 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргахаар, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Гантулга нь цагдан хоригдсон хоногтүй болохыг болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгаас шүүх хуралдаанд хохирогч А.Дэлгэрмаад олгохоор өгсөн 1.500.000 төгрөгөөс 992.810 /есөн зуун ерэн хоёр мянга найман зуун арав/ төгрөгийг хохирогч А.Дэлгэрмаад олгож, үлдэх 507.190 /таван зуун долоон мянга нэг зуун ер/ төгрөгийг Б.Гантулгад буцаан олгох, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Ялтан Б.Гантулга тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Юуны өмнө хохирогч А.Дэлгэрмаагаас дахин уучлал хүсч байна. Би анх сэжигтнээр байцаалт өгсөн үеэс эхлэн хохирогч А.Дэлгэрмаагаас уучлалт хүсч хохирлыг төлөхөө илэрхийлж байсан. Мөн уулзах гэж өмгөөлөгчөөр нь дамжуулан хүсэлт гаргаж утас руу нь месеж бичиж, эгч болон найзаар нь уулзах хүсэлт дамжуулсан боловч надад боломж олгоогүй. Би болон миний ар гэр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол анхан шатны шүүхэд 1.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж харамсаад барахгүй, цаашид ийм алдааг дахин гаргахгүй нийгэмд амьдарч хөдөлмөрлөж чадна гэдгээ шүүхэд илэрхийлж байна. Би 11 сартай болон 3 настай бага насны 2 хүүхэд, эхнэр, өндөр настай эхийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Бага хүү минь эмнэлгийн буруугаас болж өвчтэй болсон бөгөөд эхнэр минь хүүгээ байнгын асрах, сувилах шаардлагатай улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэртээ байдаг. Би ажил хийж гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь байсан болохоор миний алдаанаас болж ар гэрт маш их хүндрэл үүссэнд өөрийгөө буруутгаж сууна.

Иймд бага насны хоёр хүүхэд гэр бүлийн минь амьдралын бодит байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Ялтан Б.Гантулгын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүгч ял оногдуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”  заасан зарчмыг зөрчсөн. Улсын яллагч Б.Гантулгад 280 цагийн албадан ажил хийлгэх ялыг санал болгосон. Гэтэл шүүх энэхүү улсын яллагчийн ялын саналыг хүндрүүлэн шүүгдэгчид хорих ял оногдуулаад үндэслэлээ “хохирогч ялын саналыг хөнгөн байна гэсэн учраас хорих ял оногдуулж байна” гэж тайлбарласан. Тухайн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн бөгөөд хохирогч нь өөрийн омголон бардам зан, уур хорсолдоо хөтлөгдөн анхнаасаа л бодит хохирол төлбөр авахгүй боловч давагдашгүй их хэмжээний мөнгө нэхэмжлэн шүүгдэгчийг зөвхөн хориулах зорилго агуулж үүнийгээ ч өөрөө шүүх хурал дээр илэрхийлж албадан ажил оногдуулах нь хэтэрхий хөнгөн байна гэхэд шүүх түүний саналыг харгалзан хорих ял оногдуулж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан, хохирогчоос хараат байдалд орсон гэж үзэхээр байна. Шүүх янз бүрийн зан ааштай хүний өшөө хорсолд автан хэргийг шийдвэрлэж хүнд ял оногдуулах нь шударга ёс, энэрэнгүй ёсны зарчмыг ч мөн зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүгч ямар нэгэн сэтгэл хөдлөл, нөлөөнд автахгүйгээр үйлдэгдсэн хэргийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, алагчлах үзэлгүйгээр эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хөндлөнгийн ямар ч байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс хараат биш байж ямар ч шалтгаантай байсан хэний ч талаас шууд болон шууд бус оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчмыг хангах явдал юм. Гэтэл ял оногдуулахдаа хохирогчийн саналыг харгалзлаа гэж шүүгч тайлбарласан нь энэхүү зарчмыг зөрчиж байгаагаа өөрөө хүлээн зөвшөөрсөн явдал юм. Шүүх иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг арилгуулах үүрэгтэй ч шүүгдэгчид хохирогчийн саналыг харгалзан хүнд ял оногдуулах байдлаар дээрх эрх хангагдах боломжгүй бөгөөд шүүх хохирогчийн өшөө хорслыг дэмжин хэтэрхий нэг талыг баримталсан нь өөрөө хууль бус үйлдэл юм.

2. Шүүгч ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж ­оногдуулахаар ял оногдуулах нийтлэг зарчмыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл ял оногдуулахдаа хэрэг үйлдэгдэх үеийн обьектив болон субьектив нөхцөл байдал, энэхүү хэргийг үйлдэхэд хүргэсэн нөхцөл шалтгаан, хэрэг үйлдэгчийн сэтгэл санааны байдал, хохирогчийн хууль бус болон буруутай үйл ажиллагаа гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн арга, хохирлын хэмжээ шинж чанар, түүнийг нөхөн төлсөн байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн байдал, түүний ажил хөдөлмөр, амьдрал үйл ажиллагаан дахь дадал зан төлөв, гэр бүлийн байдал, асрамжинд байгаа хүний тоо, гэр бүлийн амьдралд эзлэх байр суурь, нэр хүнд, хүлээж байсан шийтгэл авч байсан шагнал зэрэг бүхий л нөхцөл байдал болон ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх явдал юм. Хэрэг гарах үед Б.Гантулгын бага хүүхдийн бие тааруу байснаас шинжилгээнүүд өгсөн, түүний хариуг авах гээд явж байсан хүүхдийн биеийн байдалд санаа зовж түүний хувьд сэтгэл санаа тайван бус байсан болох нь гэрч Оюун-Эрдэнэ, Б.Гантулгын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хүүхдийн шинжилгээний болон үзлэгийн баримтуудаар нотлогддог. Ийм хүнд нөхцөл байдалтай байх үед нь өмнө явж байсан машин ухарч ирж машиныг нь мөргөөд, мөргөсөн жолооч нь өөрийн бурууг хүлээхийн оронд түүнийг буруутган тэнэг мангараар дуудан маргалдсан, мөн хохирогч түүний эхнэрийн хувийн орон зайд халдан хөл рүү нь өшиглөн хэл амаар доромжилсоноос гадна Гантулга руу идэж байсан зайрмагаа шидэж толгойн тус газар оносноос сэтгэл санаа цочрон уурлаж хохирогчийг өшиглөсөн болох нь нотлогддог. Эндээс үзэхэд Б.Гантулга нь сэтгэл санааны дарамттай байх үедээ гэнэт бий болсон таагүй нөхцөл байдлыг зөвөөр тусгаж авч ойлгож чадаагүйгээс хэрэг үйлдсэн өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогддог. Хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл мөн нөлөөлсөн байдаг. Тэр үйлдсэн энэхүү хэрэгтээ гэмшиж хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг сайн дураар төлөхөө илэрхийлж анхнаасаа өөрөө хэргээ хүлээн үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Энэ нь түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгээр нотлогддог бөгөөд мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд дуудсан цагт бэлэн байж дахин ямар нэгэн хэрэг зөрчил гаргаагүй юм. Хохирогчоос уучлалт гуйж хохирлыг төлөхөөр өмгөөлөгч, хамаатан садан найз нөхдөөр нь дамжуулж өөрт нь удаа дараа утсаар залгаж, мессеж бичиж байсан боловч хүлээн аваагүй. Гэмт хэргийн улмаас хүнээ алдсан хүний хувьд ч уучлал өршөөл үзүүлдэг нигүүлсэнгүй сэтгэлтэн байдаг байхад хохирогч Дэлгэрмаагийн хувьд хохирлоо авахгүй боловч гомдолтой, хүнд ялаар шийтгүүлнэ гэж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Б.Гантулга нь эрхэлсэн ажилтай, дээд боловсролтой, төлөвшил хүмүүжлийн доголдолгүй болох нь түүний дүү болон эхнэрийн мэдүүлэг өөрийн байгаа байдал, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргээс нотлогддог. Гантулга нь бага насны 2 хүүхэдтэй, бага хүүхэд нь эмнэлгийн байгууллагын буруутай үйлдлээс болж өвчтэй болсон, энэхүү нөхцөл байдлын улмаас эхнэр нь ажил төрөл хийх боломжгүй хүүхдүүдээ хардаг учраас гэр бүлээ өөрөө тэжээн авч явдаг болох нь мөн нотлогдсон. Энэхүү нөхцөл байдлуудаас үзэхэд түүнийг нийгэм гэр бүлээс нь тусгаарлан төрийн албадлагын хатуу цээрлэл агуулсан хүнд ял шийтгэл болох хорих ялаар шийтгэхгүйгээр ялын зорилгыг хангах боломжтой байсан. Гантулга нь хохирогчид учирсан хохирлыг төлж гэм хорыг арилгасан. Шүүх хохирогчид учирсан хохирол болох 992.810 төгрөгийн хохирлыг түүний шүүхэд гарган өгсөн 1.500.000 төгрөгөөс төлүүлж үлдсэн төгрөгийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн. Гэм хорыг арилгасан гэдэгт “эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд сэтгэл санааны гэм хорыг арилгахад чиглэсэн уучлалт гуйсан” зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байхыг ойлгодог. Б.Гантулга нь хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэсээ л эхлэн хохирогчид учруулсан гэм хороо гэмшин уучлалт гуйж, шүүх хуралдаан дээрч удаа дараа уучлалт гуйж байсан нь түүний сэжигтнээр болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогдоно.

Иймд дээрх нөхцөл байдлууд болон Б.Гантулга түүний гэр бүлийн цаашдын амьдрал, бага насны 2 хүүхдийнх нь амьдралын нөхцөл байдлыг харгалзан, Үндсэн хуульт төрийн хүнлэг энэрэнгүй ёсыг бидний үйлчлүүлэгчид үзүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Гантулгад оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзахаар, шийдвэрлэж өгнө үү гэв.

Ялтан Б.Гантулгын өмгөөлөгч С.Цэмбэлмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд ганцхан хорих ял оногдуулахаар биш, сонгох санкцтай. Шүүх хуралдаанд улсын яллагчаас 220 цагийн албадан ажил хийлгэх санал гаргасныг би дэмжсэн. Хохирогчийн гомдол, саналыг шүүгдэгчид хорих ял оногдуулах, эсхүл тэнсэж, хянан харгалзах асуудалд голчлон харгалздаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирогчийн гомдол, саналтай эсэхээс үл хамааран шүүхээс ял шийтгэлийг сонгон оногдуулж болох сонгох санкцтай хэрэг гэдгийг анхаарч үзнэ үү гэв.

Хохирогч А.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо миний гомдол илүү нэмэгдэж байна. Энэ хэрэг юунаас болж гарсан, хэн хохирсон нь ойлгомжтой байхад яагаад надтай нэг ч удаа хүн ёсоор харьцаж уучлалт гуйгаагүй байж, намайг одоо гүтгэж байна вэ гэж асуумаар байна. Шүүгдэгч талынхан намайг янз бүрээр гүтгэж байна. Миний найзуудтай холбогдох гэж эгчээр нь яриулах гэж үзсэн гэж байна. Гэтэл тийм зүйл огт байхгүй. Шүүгдэгч талынхан огт ийм зүйл хийгээгүй, нэг ч удаа над руу өөрсдөө залгаж, холбогдоогүй. 1 жилийн хорих ял урт юм шиг боловч хоригдоод л гараад ирнэ. Харин би хохирч үлдэнэ. Миний гар гаднаас нь харахад зүгээр байгаа боловч сүүлд авахуулсан рентген зургаас харахад голдоо зайтай бороолсон нь харагдана. Би аль болох мэс засалд орохгүй өөрөөр нь эдгээх гэж хичээсэн боловч зөв хэлбэрээр эдгэрээгүй тул удахгүй мэс засалд орох шаардлагатай гэсэн гэв.

Хохирогч А.Дэлгэрмаагийн өмгөөлөгч Г.Мандахсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хуульч хүний хувьд эрх зүйн ухамсартай байх ёстой. Хэрэг гарах шалтгаан харилцаанаас болсон. Ял шийтгэл оногдуулсан асуудал нь мөн харилцаанаас болсон. Бие биетэйгээ ойлголцоогүй хүндрэлтэй асуудлаас болж ийм байдалд орж байна. Өнөөдөр шүүгдэгчийн ар гэрийнхэн хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйвал гомдолгүй гэж хэлэхэд бэлэн. Хохирогч мөнгөнд биш, сэтгэл зүйн хувьд гомдолтой. Шүүгдэгч тал коридорт хохирогч руу муухай хараад суухын оронд уучлалт гуйвал байдал өөр байх байсан. Шүүх хуралдааны эхний өдөр шүүгдэгчийн эцэг хохирогчоос уучлалт гуйсан. Харин шүүх хуралдаанд шүүгдэгчийн эх өмгөөлөгч С.Цэмбэлмаа “би ээж нь байгаа юм, уучлалт гуйя” гэж хэлбэрийн төдий хэлсэн. Иймд хохирогч “үнэн сэтгэлээсээ уучлалт гуйхгүй байна” гэж үзсэн. Тухайн үед хохирогч эхэлж зайрмаг шидсэнээс болоод маргаан үүссэн гэж шүүгдэгч тал ярьж байгаа боловч хохирогч зайрмаг шидэхээс өмнө шүүгдэгч машин тойроод явсан, машиныг нь хэд хэдэн удаа өшиглөсөн, жолоочийг гаргаж ирээд маргалдсан, жолоочтой заамдалцаж, чирсэн зэрэг үйлдэл хийсэн бөгөөд хохирогч тэсэлгүй машинаас буугаад шүүгдэгчтэй маргалдсан байдаг. Үнэхээр тухайн үед шүүгдэгчийн хүүхэд өвчтэй, эмнэлэг орох гэж яарч явсан бол “би яараад байна. Зөрөөд гарая” гэж хэлсэн бол байдал өөр байх байсан. Шүүх хуралдаанд хэргийн үйл баримтыг өөр болгож яриад хохирогч руу дайраад байсан. Тухайн үед шүүгдэгчийн машинд ямар ч сэв учраагүй нь гэрч болон дуудлагаар очсон цагдаагийн ажилтны мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч тал давж заалдах гомдолдоо хохирогч, шүүгч нарыг л буруутгаж байгаагаас шүүгдэгч тухайн үед ямар байсан бэ гэдэг асуудалд дүгнэлт хийгээгүй харагдаж байна. Шүүгдэгч тал нэг удаа хохирогчоос үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж болох асуудалд хохирогч руу болон надруу, миний гэр бүл, миний хүү рүү дайрсан. Би үүнд нь маш их гомдсон. Өмгөөлөгч С.Цэмбэлмаа бид хоёр адилхан ажлаа хийж байгаа. Хохирогчид эхний шүүх хуралдаан дээр 500.000 төгрөгийн хохирлын төлбөр өгсөн. Үүнийг хохирогч гарын үсэг зураад авах гэж байтал С.Цэмбэлмаа өмгөөлөгч дайраад байхаар нь “болилоо” гээд гарын үсгээ баллаад мөнгийг аваагүй. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дараагийн мөнгийг “май энийг ав” гээд шидсэн учир аваагүй. Хохирогч “эд нар яагаад надтай ингэж харицаад байгаа юм бэ, би эдний хүүхдийг хэрэгт холбогдуулаагүй шүү дээ, Б.Гантулга өөрөө л хэрэг хийсэн биз дээ” гэж байсан. Иймд харилцааны л асуудал үүсч байна. С.Цэмбэлмаа өмгөөлөгч эх хүн байж үнэхээр уучлалт гуйвал хохирогч гомдолгүй гэж хэлэхэд бэлэн байгаа. Энэ бидний хувийн асуудал биш шүү дээ. Шүүгч бусдын үгэнд орж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан асуудал огт байхгүй. Давж заалдах гомдолд “хохирогчийн гомдол хорслыг дэмжиж, хэтэрхий нэг талыг барьсан” гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ асуудалд шүүгдэгчийн ар гэрийнхэн хорсол зангидаж хохирогч руу дайраад байгаа. Энэ хэрэг нь уучлалт гуйгаад салах жижигхэн хэрэг. Гэтэл асуудлыг ингэж хүндрүүлж байгаа нь ойлгомжгүй юм. Шүүх хуралдааны дараа хохирогч уйлаад “шүүх хуралдаан гэдэг чинь ийм аймар байдаг юм уу, ингээд хорьчихдог юм уу, одоо яах вэ” гэж байсан. Би “залуу хүүхэд даваад гарах байлгүй дээ. Чи өөрөө сайн бодохгүй юу” гэж хохирогчид хэлж байсан. Шүүгдэгчийн эхнэр хохирогчоос уучлалт гуйсан. Шүүгдэгчийн хүүхэд нь бага насны, эмнэлгийн хараа хяналтад байх ёстой гэдгийг ойлгож байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч 30.000.000 төгрөг нэхэмжилсэн гэдгээс авахуулж шүүгдэгчийн тал дургүйцсэн. Хууль мэдэхгүй хүн 30.000.000 төгрөг нэхэмжилсэн байж болно. Бид эрх зүйч хүний хувьд энэ асуудлыг нотлох баримтын хэмжээнд яриад шийдвэрлэх байхад харилцааны маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Гантулгад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хэрхэн, яаж дүгнэж оногдуулах нь шүүхийн эрх мэдлийн асуудал гэж үзэж байна. Давж заалдах гомдолд хэргийн бүрдэл, зүйлчлэлтэй холбоотой асуудал яригдаагүй. Зөвхөн шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар яригдаж байгаа тул ямар нэг саналгүй гэв.

ХЯНАВАЛ:    

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Б.Гантулга нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хомеланд” хотхоны гражид автомашин мөргөсөн гэх шалтгаанаар бусадтай маргалдаж, улмаар иргэн А.Дэлгэрмаагийн зүүн гар луу өшиглөж бие махбодид нь “зүүн гарын ядам хурууны алга ясны ташуу сэлтэрсэн хугарал, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Б.Гантулга, хохирогч А.Дэлгэрмаа, мөрдөн байцаалтад гэрч Б.Бадрал, Э.Оюун-Эрдэнэ, Ч.Лхагвадулам нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 1938 дугаартай дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, ялтан Б.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Б.Гантулгын: “…Юуны өмнө хохирогч А.Дэлгэрмаагаас дахин уучлал хүсч байна. Би анх сэжигтнээр байцаалт өгсөн үеэс эхлэн хохирогч А.Дэлгэрмаагаас уучлалт хүсч хохирлыг төлөхөө илэрхийлж байсан. Мөн уулзах гэж өмгөөлөгчөөр нь дамжуулан хүсэлт гаргаж утас руу нь месеж бичиж, эгч болон найзаар нь уулзах хүсэлт дамжуулсан боловч надад боломж олгоогүй. ... хүү минь эмнэлгийн буруугаас болж өвчтэй болсон бөгөөд эхнэр минь хүүгээ байнгын асрах, сувилах шаардлагатайн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэртээ байдаг. Би ажил хийж гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь байсан болохоор миний алдаанаас болж ар гэрт маш их хүндрэл үүссэнд өөрийгөө буруутгаж сууна. Иймд бага насны хоёр хүүхэд, гэр бүлийн минь амьдралын бодит байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…”,

Ялтан Б.Гантулгын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, С.Цэмбэлмаа нарын хамтран гаргасан: “...Шүүгч ял оногдуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” заасан зарчмыг зөрчсөн. Улсын яллагч Б.Гантулгад 280 цагийн албадан ажил хийлгэх ялыг санал болгосон. Гэтэл шүүх энэхүү улсын яллагчийн ялын саналыг хүндрүүлэн шүүгдэгчид хорих ял оногдуулаад үндэслэлээ “хохирогч ялын саналыг хөнгөн байна гэсэн учраас хорих ял оногдуулж байна” гэж тайлбарласан. …Гантулга нь хохирогчид учирсан хохирлыг төлж гэм хорыг арилгасан. Шүүх хохирогчид учирсан хохирол болох 992.810 төгрөгийн хохирлыг түүний шүүхэд гарган өгсөн 1.500.000 төгрөгөөс төлүүлж үлдсэн төгрөгийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн. …Иймд дээрх нөхцөл байдлууд болон Б.Гантулга түүний гэр бүлийн цаашдын амьдрал, бага насны 2 хүүхдийнх нь амьдралын нөхцөл байдлыг харгалзан …анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Гантулгад оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзахаар, шийдвэрлэж өгнө үү...” гэсэн гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Б.Гантулга /хх-41, 44, 155/, хохирогч А.Дэлгэрмаа /хх-18-19, 158/, мөрдөн байцаалтад гэрч Б.Бадрал /хх-22/, Э.Оюун-Эрдэнэ /хх-24-25/, Ч.Лхагвадулам /хх-27-28/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 1938 дугаартай дүгнэлт /хх-31/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12, 14/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-16/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Б.Гантулга нь автомашин мөргөсөн гэх шалтгаанаар бусадтай маргалдаж, улмаар иргэн А.Дэлгэрмаагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, анхан шатны шүүхээс шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэн түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хувийн байдалд тохирсон, ялтан Б.Гантулгын хохирогч А.Дэлгэрмаагийн бие махбодид учруулсан гэм хор арилаагүй байх тул тэдний “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд ялтан Б.Гантулга, түүний өмгөөлөгч С.Цэмбэлмаа, Д.Мөнхдэлгэр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.