Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ХШТ/43

 

  2024        03          20                                        2024/ХШТ/43

 

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, хохирогч А.Т, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 737 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 158 дугаар магадлалтай, Ц.Б-д холбогдох 2303005330453 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2004 оны 08 дугаар сарын 09-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

2018 оны 05 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б овогтой Ц.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

шүүгдэгч Ц.Б-г зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрээс хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж,

Шүүгдэгч Ц.Б нь хохирогчид 1,700,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 17,620,530 гаргуулж хохирогч А.Т-т олгуулах, хохирогч А.Т нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал болон ажилгүй байсан хугацаанд дутуу авсан цалин хөлсөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...17,620,530...” гэснийг “...10,470,530...” гэж,

7 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гарах зардал, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэлдээ Ц.Б-д холбогдох эрүүгийн 2303005330453 дугаартай хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 737 дугаартай тогтоолоор Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож... шүүгдэгч Ц.Б-аас хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 17,620,530 төгрөг гаргуулан хохирогч А.Т-т олгохоор... шийдвэрлэсэн. Шүүхийн тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 158 дугаартай магадлалаар Шүүх шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч А.Т-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй байхад түүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн зэргээр сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж шууд тогтоосон нь үндэслэлгүй гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Магадлалыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг аргачлалын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.”, 3.6-д “Шүүх шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.”, 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-т “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсалтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заажээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч А.Т-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй байхад түүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн зэргээр сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж шууд тогтоосон нь үндэслэлгүй гэж дүгнээд анхан шатны шүүхийн тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь Шүүх шинжилгээний байгууллагын гаргасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан бол сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлд хамаарч байх ба хохирогчид танилцуулахад хүлээн зөвшөөрч маягтын дагуу баталгаажуулсан. Үүний дагуу анхан шатны шүүх Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд заасан хэмжээгээр 7,150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.7.5.Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх: 25.7.5.б.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; 25.7.5.г.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэж заажээ.

Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдож байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 158 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Одонсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг заавал шинжээч томилж тогтоолгохоор дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд нэрлэн заасан хэргүүдэд сэтгэцийн хор уршгийн шинжилгээ хийхээр хуульчлагдсан. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал хийлгэх шинжилгээ биш. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцүүлэн гаргасан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам зэргээр нэрлэн заасан 6 төрлийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахгүйгээр хүснэгтэд заасан зэрэглэлийг тогтоож, мөрдөгч, хохирогчид танилцуулснаар шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхээр тусгагдсан. Дээрх байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 3 дугаар зэрэглэлд багтаж буй бөгөөд хохирогч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд заавал шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Мөн хохирогчийн мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт, эмнэлгийн бусад баримтуудаар тухайн зэрэглэлийн шалгуур тогтоогдсон байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг гаргасан саналдаа Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэсэн байгаа. Тэгэхээр хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтийн зэрэглэлийг хохирогч зөвшөөрсөн гэх үндэслэлээр тооцох нь буруу. Энэ заалт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа учир хүний сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх зохицуулалтыг буцаан хэрэглэхгүй. Мөн шүүх гэм хорын хохиролд 10,470,530 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэхэд үндэслэсэн нь төлөх хангалттай үндэслэл биш тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч “Мөнгөн гүүр” эмнэлэгт зайлшгүй хагалгаанд орох үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсны дараа төлбөр төлөх боломжтой гэж үзэж байна” гэв.

Тус шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан саналдаа Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Прокурорын эсэргүүцэлд хор уршгийг тооцох аргачлал, сайд нарын тушаалаар батлагдсан журам, Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудад хууль зүйн тодорхой дүгнэлт бичсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.4-т тухайлсан гэмт хэргүүдэд хүснэгтийн дагуу хор уршгийг тогтоохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 3 дугаар зэрэглэлд хамаарч байна. Мөрдөгчийн зүгээс сайдын тушаалаар батлагдсан маягтын хүрээнд хохирогчид танилцуулсныг хохирогч хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан нөхцөл байдал байдаг. Харин хохирогч тухайн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжилгээний байгууллага дүгнэлт гаргах зохицуулалттай. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох эмчилгээний зардалтай холбоотой асуудлын хувьд миний үйлчлүүлэгч Мөнгөн гүүр эмнэлэгт тодорхой эмчилгээ хийлгэсэн. Шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар зайлшгүй гарах зардлыг шаардах эрхийн хүрээнд шөрмөсний гэмтлийг хагалгаа хийж, хэвийн болгох нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 40 минутын үед ... дүүргийн ... дугаар хороо, ... сургуулийн урд замд “Toyota Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 “Явган хүний гарц нэвтрэх”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч А.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

3.Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

4.Харин анхан шатны шүүх хохирогчид учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой шийдвэрийг давж заалдах шатны шүүх өөрчилсөн нь үндэслэл муутай болсон байна гэж үзэв.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ.

Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд хамаарах ба анхан шатны шүүхээс уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч А.Т-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 158 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь, 2 дахь заалтын “шүүгдэгчийн̆ өмгөөлөгч О.Оюунчимэгийн̆ гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай̆” гэснийг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧИД                                          Б.АМАРБАЯСГАЛАН

     Б.БАТЦЭРЭН

      М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                 Б.ЦОГТ