Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн Д.Г нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Аймгийн Засаг дарга С.Г холбогдох аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий хэргийг  2017 оны 08 дугаар сарын 24-ний  өдөр шүүгч Б.Саранчимэгээс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Уугандарь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д овогтой Г миний бие Аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 тоот захирамжаар Тонхил сумын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болсон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/83 тоот захирамжаар Тонхил сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа салбарын төлөвлөгөөт болон ээлжит шалгалтуудаар эерэг үнэлгээтэй шалгагдаж байсан. Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 тоот захирамжаар ажлаас гэнэт үндэслэлгүйгээр чөлөөлсөн байсан. Намайг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь үндэслэлгүй байна. Надтай харилцан тохиролцсон зүйл огт байхгүй. Мөн боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэсэн байна. Гэвч миний 2016 оны ажлын Боловсролын газар дүгнээд хангалттай /72 хувьтай/-тай үнэлэгдсэн.  Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй, үндэслэлгүй захирамж гэж үзэж байна. Иргэн Марийнаагийн ярьж хэлсэн зүйл үндэслэлгүй бөгөөд надад танилцуулсан зүйл байхгүй.

          Миний хувьд өөрийн хүсэлтээр амаар болон бичгээр ямар ч өргөдөл өгөөгүй байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 28-нд тухайн захирамж гарсан байсан. 2017 оны 05 дугаар сарын 12-нд тамгын газрын дарга дуудаад ийм захирамж гарсан байна. Захирамжийн дагуу арга хэмжээг авна гэсэн тэгээд би өөрийн хүсэлтээр өргөдөл өгөөгүй байгаа гэхдээ Засаг даргын захирамжийг хүндэтгээд ажлаа хүлээлгэж өгнө гэхдээ би өөрийн эрх ашгийг хамгаалуулж дараа дараагийн байгууллагад нь хандана гэдгээ хэлсэн байгаа. Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаар захирамжаар Тонхил сумын сургуулийн түр орлон гүйцэтгэгчээр 2015 оны Б/83 дугаар захирамжаар сонгон шалгаруулалт  хариуцлагагүй, өрсөлдөгчгүй болж, сургуулийн захирлаар томилогдсон. Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Д.Г сануулах арга хэмжээ авагдсан. Тонхил сумын иргэд Д.Г эрх ашгийн зөрчилтэй ажилтан байна гэдэг гомдол удаа дараа ирсэн. Жишээлбэл:   Марийнаа гэдэг эмэгтэй хүн утсаар мэдээлж, өөрөө ирж Засаг даргад гомдол гаргасан. Д.Ганчулуун сургуулийн захирлын ажлын шаардлага, ёс зүй хангахгүй байгаа гэдэг үндэслэлээр ажлыг нь өөрчлөх шаардлага гаргасан.  Бага дунд Боловсролын тухай хуулийн 20.1.2, 20.2.9, 22.1.1, 22.1.2 дахь заалтуудыг зөрчиж Д.Г хариуцлагагүй хандсан. Эдгээр асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрч өргөдөл гаргахаа илэрхийлсэн байна гэв. 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тонхил сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Г өөртэй нь харилцан тохиролцоод өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлье гэдэг санал Боловсрол соёл урлагийн газраас ирээд тухайн захирамж гарсан байгаа. Д.Г хувьд өргөдөл хүсэлт өгөөгүй гэж байгаа. Захирамж гарахад Д.Г ажил томилох талаар тохиролцсоны үндсэн дээр тухайн захирамж гарсан байгаа. Боловсрол соёл урлагийн дарга  хариуцаж байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас би солигдож ажиллаж байна. Д.Г ярьсан гэдгийг надад хэлсэн байгаа өөр хэлэх зүйл алга байна. Санхүүгийн хяналт аудитын алба шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавиад шалгалт хийхэд захирамжийн хавсралтад дурьдсан төрийн байгууллагын ажилтнуудад хариуцлага тооцсон байгаа. Тухайн хариуцлага тооцсон захирамж нь нийт сумын Засаг дарга нарт  хүргэгдсэн. Сумын Засаг дарга захирамжийн дагуу арга хэмжээ авсан гэв.         

           Гуравдагч этгээд М.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Миний бие М.Х 1974 онд Алтай хотод төрсөн. 1996 онд Монгол улсын Боловсролын их сургуулийг төгссөн. 21 жил Тонхил сумын сургуульд үр бүтээлтэй ажиллаж байна. Түүх, Нийгмийн хичээлийг амжилттай зааж улсын төрөлжсөн олимпиадад 5 удаа оролцож, тусгай байр мөнгөн медиаль хүртсэн. Аймагтаа 13 удаа дэд байр, гутгаар байр эзэлж байв. Ажлын туршлага, дадлага хамт олондоо нөлөөлөх чадвар энэ бүгдийг үндэс болгож, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/27 дугаар захирамжаар сургуулийн захирлын үүрэгт ажлыг хүлээн авч ажиллаж байна. Өмнөх захирал Д.Г өмнө хийж байсан нийгмийн ажилтан, өөрийн хийж байсан нийгмийн ухааны багш зэрэг хоёр ажлыг санал болгосон боловч хүлээж аваагүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Д.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Тонхил сумын сургуулийн захирал буюу удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж 71.19 оноогоор тэнцэж, аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар Тонхил сумын сургуулийн захирлаар томилогдсон нь хавтаст хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байна. 

         Аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн өөрийн гаргасан хүсэлтийн дагуу Тонхил сумын сургуулийн захирал Дамбын Г 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргах нь тухайн этгээд ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндэсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байхыг хэлнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Д.Г өөртэй нь харилцан тохиролцоод өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлье гэдэг саналыг Боловсрол соёл урлагийн газраас ирээд тухайн захирамж гарсан” гэж тайлбарлаж байгаа ч энэ байдал тогтоогдохгүй байна.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд “...надтай харилцан тохиролцсон зүйл байхгүй, ...миний хувьд өөрийн хүсэлтээ амаар болон бичгээр ямар ч өргөдөл өгөөгүй” гэсэн тайлбар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагчаас Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасны дагуу ажлаас чөлөөлөх саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн эсэх нэхэмжлэгч Д.Г ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, өргөдөл гаргасан талаарх нотлох баримтыг шаардсан боловч гаргаж ирүүлээгүй мөн хариуцагчийн зүгээс Д.Г өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдлыг нотолж чадахгүй байгаа зэргээс нэхэмжлэгч Д.Г ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гараагүй мөн талууд харилцан тохирсон байдал нь тогтоогдохгүй байна.

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд Д.Г ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргаагүй байхад өөрийн гаргасан хүсэлтийн дагуу гэж ажлаас нь чөлөөлсөн байгаа нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 “...саналыг үндэслэн чөлөөлөх”, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “талууд харилцан тохирсон” дэх заалтыг зөрчсөн байх тул аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Г Тонхил сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.  

         Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 96 хоногийн олговор 4038144 мянган төгрөгийг Тонхил сумын сургуулиас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

         Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтаст хэргийн мартериалд авагдсан Д.Ганчулууны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 01-03 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дах хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа0, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Г Тонхил сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.Г ажилгүй байсан хугацааны цалин 4038144 /дөрвөн сая гучин найман мянга нэг зуун дөчин дөрвөн/ төгрөгийг Тонхил сумын сургуулиас гаргуулж, уг олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ