Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 226

 

Н.Баяр-Эрдэнэ, Н.Алтанцэцэг, Ц.Бямбасүрэн,

Ч.Оюунгэрэл, Д.Цогзолмаа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогч Ч.Туяа,

хохирогч Ц.Одонцэцэгийн өмгөөлөгч Х.Оюунбат,

иргэний нэхэмжлэгч С.Алтантуяагийн өмгөөлөгч Л.Наранхүү,

иргэний нэхэмжлэгч С.Болортуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган,

цагаатгагдсан этгээд Д.Цогзолмаа, Н.Алтанцэцэг нарын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоол,

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар магадлалтай, 20925059 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ч.Туяа, хохирогч Ц.Одонцэцэгийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гомдлоор хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямаагийн Баяр-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгө болон өмчлөх эрхийг залилан мэхэлж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт

2. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өндөр овогт Даваажавын Цогзолмаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгө болон өмчлөх эрхийг залилан мэхэлж авсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт

3.Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Норовсамбуугийн Алтанцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж бусдад борлуулсан” гэмт хэрэгт

4.Монгол Улсын иргэн, 1958 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харад овогт Цэдэвсүрэнгийн Бямбасүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж бусдад борлуулсан” гэмт хэрэгт

5. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Чадраабалын Оюунгэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгө болон өмчлөх эрхийг залилан мэхэлж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн прокурорын газраас Ч.Оюунгэрэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Д.Цогзолмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Н.Алтанцэцэг, Ц.Бямбасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Ч.Оюунгэрэл, Д.Цогзолмаа, Н.Алтанцэцэг, Ц.Бямбасүрэн нарыг цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийг хохирогч Ц.Пүрэвдэлгэрийн 2,400,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, хамтран худалдаа наймаа хийхдээ зээлээр бараа авч зарах гэрээний харилцаагаар олж авсан итгэлийг эвдэж 2006 оны 9 дүгээр сард хохирогч С.Бат-Эрдэнээс 7,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Н.Баяр-Эрдэнийг бусдын эд хөрөнгө болон өмчлөх эрхийг залилан мэхлэж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийг 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ. 

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...зээлийн гэрээгээр халхавчлан итгэл эвдэх замаар Ч.Туяагаас 5,650,000 төгрөг, Ц.Одонцэцэг /Ц.Одончимэг/ нарт 2 өрөө байр авч өгнө гэж 16,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдлийг...” гэж нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...58,300,000...” гэснийг “...36,650,000...” гэж өөрчилж, “...5,650,000 төгрөгийг хохирогч Ч.Туяад, 16,000,000 төгрөгийг Ц.Одонцэцэг, Ц.Одончимэг нарт...” гэснийг хасч, “Ц.Одонцэцэг, Ц.Одончимэг, Ч.Туяа нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Туяа, хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Д.Оюунчимэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Х.Оюунбат, Б.Оюунбилэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ч.Туяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.Баяр-Эрдэнэ, Д.Цогзолмаа, Н.Алтанцэцэг нар бүлэглэж хоорондын өр авлагаа авахын тулд ядарсан намайг золиослон хүслээ биелүүлсэн байхад мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлалгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Д.Цогзолмаагаас миний байрыг авах хүн байгаа болов уу гэж асуусныг минь ашиглан Н.Баяр-Эрдэнээс авах авлагаа гаргаж авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг, түүний үйлдэл зэргээс тодорхой харагдаж байхад шүүх нэг талыг баримтлан магадлал гаргасанд үнэхээр гомдолтой байна.Зээлсэн мөнгөө гаргуулан авсан талаар ярьсан Д.Цогзолмаагийн мэдүүлэг 5 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд авагдсан. Н.Алтанцэцэгийг Н.Баяр-Эрдэнэ таньдаггүй, Д.Цогзолмаагийн найз бөгөөд 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.Цогзолмаа Н.Баяр-Эрдэнэтэй анх уулзуулсан байдаг. Н.Алтанцэцэг нь Д.Цогзолмаад 5,000,000 төгрөг зээлсэн гэж хэлдэг боловч заримдаа 10,000,000 төгрөг зээлсэн гэж хэлдэг. Миний байрыг зараад 5,000,000 төгрөгөө аваад, үлдсэн мөнгийг Д.Цогзолмаа авсан гэж 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн /8-р хавтас 211х/. Н.Баяр-Эрдэнэ бүтэн 7 жил нэг л мэдүүлэг өгдөг байсан. Гэтэл мэдүүлгээ өөрчилж би л тэрний замд саад болж байгаа мэтээр ярьж, намайг энэ олон жил сэтгэл санаа, эдийн засгийн асар их хохирлыг амсуулсанаа мартан ямар ч буруугүй мэтээр жүжиглэж байгаа нь харамсалтай. Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх гэж 2 удаа хандсан боловч эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Д.Цогзолмаа зохион байгуулж, Н.Алтанцэцэг, Н.Баяр-Эрдэнэ нар хамтран оролцсон гэмт хэрэг болох нь гэрч Я.Болортуяа, н.Бадар-Ууган, н.Дөлгөөн, шүүгдэгч Д.Цогзолмаа, Н.Алтанцэцэг нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байхад шүүх миний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 9 жил гаран цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлалгүйгээр ийм шийдвэр гаргасанд их харамсаж байна. Д.Цогзолмаа нь Н.Баяр-Эрдэнийг сүрдүүлж манайх руу оруулсан, түүнд мөнгө өгсөн, Н.Баяр-Эрдэнэ манайхыг нүүлгэж өгөөд байрны түлхүүрийг Д.Цогзолмаад өгсөн байна. Харин байрны гэрчилгээг найз Н.Алтанцэцэгийн нэр дээр гаргуулсан. 1-19-2 тоот байрыг нөхөр н.Болдсайханы хамт хувьчлалаар авсан манай байр гэж итгүүлэн н.Болортуяа, н.Мөнхбаяр нарт танилцуулж, улмаар зарж мөнгийг нь авсан байна. Тухайн үед Д.Цогзолмаа нь Н.Баяр-Эрдэнэд энэ байрыг бид хоёрын нэр дээр шилжүүлэхгүй, Ч.Туяа намайг танина, тийм болохоор Н.Алтанцэцэгийн нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн гэдэг. Д.Цогзолмаа энэ хэрэгт хамааралгүй бол яагаад бүх асуудлыг зохион байгуулдаг юм, тэр ч бүү хэл над руу 2 удаа утсаар холбогдож Н.Баяр-Эрдэнэ чамд хэдэн төгрөг өгөх ёстой вэ? гэж асууж байсан. Д.Цогзолмаа зохион байгуулж, Н.Алтанцэцэг хамжигчаар, Н.Баяр-Эрдэнэ гүйцэтгэсэн нь нотлох баримт болон үйлдлээс нь тодорхой байна. Энэ 9 жилийн хугацаанд би маш их хохирч байна. Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг бөгөөд нэг удаа шүүх хуралдаанд оролцохоор ирэхэд 60,000-70,000 төгрөгийн зардал гардаг. Булган аймагт болсон шүүх хуралдаан 4 удаа хойшлогдож байж хуралдсан. Шүүх янз бүрийн шийдвэр гаргадаг бөгөөд сүүлд нь шүүгдэгч нарыг ямар ч гэм буруугүй гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн өмгөөлөгч Б.Оюунбилэг нь намайг байр үнэд орохоор буцаад авах гэж байна гэж элдэвээр доромжилсон. ... Иймд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж, миний Зэст багт байрлах 1-19-2 тоот байрны өмчлөх эрхийг минь сэргээж, Н.Алтанцэцэгтэй хийсэн бэлэглэлийн гэрээ, Н.Алтанцэцэг н.Болортуяа нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...” гэжээ.  

Хохирогч Ц.Одонцэцэгийн өмгөөлөгч Х.Оюунбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ялтан Н.Баяр-Эрдэнэ, Ч.Оюунгэрэл нарт хууран мэхлүүлж, өөрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-19-49 тоот байрны өмчлөх эрхээ алдаж, 3 өнчин дүүгээ орох оронгүй болгож 8 жил айлаас айлд дөрвүүлээ толгой хоргодон амьдарч яваа билээ. Хавтаст хэргийн 309, 310, 314, 316 дугаар талд авагдсан Н.Баяр-Эрдэнийн мэдүүлэг, Ч.Оюунгэрэлийн хүсэлтээр /хх 578/ шүүгдэгч нар хохирогч Ц.Одончимэгийн байрыг авахын тулд хуурч мэхэлж, залилсан нь тогтоогддог.

Байрыг нь авах гэж байгаа хүн шиг Ч.Оюунгэрэл нь аашилж өмчлөгч нартаа очиж уулзаж, гэрээ байгуулахад оролцож байсан атлаа байрыг авах хүсэлгүй байсан, өрөндөө авах хүсэлтэй байсан ба эд нар мэдэж байсан гэж одоо тайлбарладаг. Ямар ч мөнгөгүй хүнд байраа зарж байгаагаа хохирогч нар мэдээгүй, мөнгөгүй болохоо хэлээгүй бөгөөд яг одоо авах гэж байгаа хүн шиг үзэж харж, гэрээ байгуулж 2 өрөө болгож өгнө гэж амлаж байсан нь нотлогдсон. 2 өрөө байр болгочихлоо гэж Н.Баяр-Эрдэнэ итгэл үнэмшил өгч гэрээс нь гаргаж, хөлсний байранд оруулж хөлсний байрны 720,000 төгрөгийг нь Ч.Оюунгэрэл өгсөн болох нь нотлогдсон. Энэ тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт Н.Баяр-Эрдэнэ “Ч.Оюунгэрэл эгч хөлсний байрны мөнгийг өгсөн” гэж тайлбарласан. Хохирогч нар хөлсний байранд орсноо мэдээгүй жинхэнэ эзэн Б.Болдтой уулзснаар мэддэг. Гэтэл шүүх дээрх байдалд бодит дүгнэлт хийгээгүй, хохирогч Ц.Одонцэцэг, Ц.Одончимэг нарыг 10,000,000 төгрөг авсан гэж дүгнэсэн. Тэд 10,000,000 төгрөг аваагүй, 2,000,000 төгрөг авсан болох нь тогтоогдсон.

Н.Баяр-Эрдэнэ нь Ч.Оюунгэрэлд өртэй гэх нэрийн дор шилжүүлж байсан байрнуудын нэг 6-19-49 тоот байрны талаар Н.Баяр-Эрдэнэ, Ч.Оюунгэрэл, М.Батмаа тодорхой мэдүүлсэн.

Ч.Оюунгэрэл, Н.Баяр-Эрдэнэ нар хоорондоо өртэй байсныг хохирогч мэдэж байсан гэж Ч.Оюунгэрэл одоо мэдүүлдэг. Гэвч 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 39 тоот шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан мэдүүлгээр үгүйсгэгддэг.

Дээрх нотлох баримтуудыг шүүх анхаарч үзэлгүй 6-19-49 тоот байр хууран мэхлэх замаар Н.Баяр-Эрдэнэ, Ч.Оюунгэрэл нар авсныг анхаарч үзээгүй ба Н.Баяр-Эрдэнийг зуучлагч гэж үзсэн. Гэтэл Н.Баяр-Эрдэнийн өрөө төлөх гэсэн хүсэл сонирхол, Ч.Оюунгэрэл нь өрөө авах гэсэн гэх хүсэл сонирхлын үүднээс бусдын байрыг худалдаж, худалдан авах гэсэн итгэл үнэмшил төрүүлж, худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг шилжүүлж авмагцаа барьцаанд тавьсан нь нотлогдсон. Барьцаанд тавьснаа хохирогч нараас нууж, хохирогч нарт зөрүү 2 өрөө байр авч өгч байгаа мэт орон байрнаас нь гаргаж хөлсний байранд оруулан хөлсний байрны үнийг Ч.Оюунгэрэл төлж, байранд оруулсны 3 хоногийн дараа байрыг бусдад 25,000,000 төгрөгөөр худалдсан атлаа хохирогч нарыг гудамжинд орхиж байгаа зэрэг үйлдэл нь хууль ёсны бөгөөд хуурч мэхлэх үйлдэл байгаагүй байна гэж шүүх дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд дутуу дүгнэлт хийж, шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. Н.Баяр-Эрдэнэ зуучлагч байгаагүй, Ч.Оюунгэрэл нь өрөө авах зорилгоор байрыг худалдаж авах гэж байгаа этгээд шиг идэвхтэй оролцож байсан нь хэрэгт нотлогдсон байдлыг анхаарч үзэхийг хүсч байна...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Цогзолмаа, Н.Алтанцэцэг нарын өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Баяр-Эрдэнэ нь 2006 оны 10 дугаар сараас 2007 оны 6 дугаар сарын хооронд 14 удаагийн үйлдлээр бусдыг залилаж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, зээлийн болон бэлэглэлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Н.Баяр-Эрдэнэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Анхан шатны шүүх Н.Баяр-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байх бөгөөд оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Ч.Оюунгэрэл, Д.Цогзолмаа, Н.Алтанцэцэг, Ц.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хуулиар тогтоосон журмын дагуу болжээ.

Харин давж заалдах шатны шүүх Н.Баяр-Эрдэнэ нь Ц.Одончимэгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоотын 6-19-49 тоот, Ч.Туяагийн Зэст багийн 1-19-2 тоот байруудын өмчлөх эрхийг шилжүүлэн авах үедээ хариу төлбөрийг дутуу хийх субъектив санаа зорилго агуулан хохирогчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад зуучлах нэрийдлээр худалдан авч, төлбөрийн зарим хэсгийг залилан мэхэлсэн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний эрх зүйн хэрэг маргаан гэж үзсэнийг Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

Залилан мэхлэх гэмт хэргийг гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгах гол шинж нь гэрээгээр шилжиж буй эд хөрөнгө, эрх, авч буй ажил үйлчилгээний төлбөрийг хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн байх явдал юм.

Анхан шатны шүүх Ч.Туяа, Ц.Одончимэг нарыг хохироосон Н.Баяр-Эрдэнийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг гэмт хэрэг гарсан тухайн цаг үеийн байрны үнийн дүнгийн төлөгдөөгүй хэмжээгээр Ч.Туяагаас 5,650,000 төгрөг, Ц.Одончимэгээс 16,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж тогтоосон нь бодитой үнэлгээ болсныг дурьдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон өмгөөлөгч Х.Оюунбат, Б.Оюунбилэг нарын гомдлыг хэсэгчлэн хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хохирогч Ч.Туяа, хохирогч Ц.Одонцэцэгийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлуудыг хэсэгчлэн хангаж Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Ч.ХОСБАЯР