Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2026/00077

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/07234 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 31,106,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь өөрийн танил *******т 3 хүүхэдтэйгээ амьдрахад хэцүү байна, багаар мөнгө зээлдүүлээч, боломжтой үедээ удаалгүй буцаагаад өгье гэсний дагуу 2021.01.07-ны өдрөөс 2025.04.07-ны өдрийн хугацаанд түүний Хаан банкны данс руу 203 удаагийн гүйлгээгээр 32,500,000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн. Энэ төлбөрөөс ******* нь 2022.10.12-ны өдрөөс 2024.10.27-ны өдрийг хүртэл нийт 1,400,000 төгрөгийг буцааж өгсөн. *******ийн гэр бүлийн хүн нь 2010 онд ажлаа хийж байгаад нас барсан гэдэг. ******* нь таньдаг, хамт ажилладаг байсан хүн нь нас барсан учраас гэр бүл, үр хүүхдүүдэд нь тус болохоор мөнгө өгч байгаад сүүлдээ байнга өгөх боломжгүй байгааг хэлэхэд ******* нь 2021 оноос хойш зээлье гээд зээлийн харилцаа үүссэн байдаг. ******* нь *******т 2019-2020 онд нийт 10,000,000 төгрөгийг түүний амьдрал ахуйд нь тус болохоор өгсөн байсан. Харин 2021 оноос хойш зээлдүүлсэн мөнгөний хэрэгцээ гараад буцаан авъя гэхэд бие муу байна, амиа хорлолоо гэх зэргээр шалтгаан хэлж өгөхгүй байна. Иймд *******аас 31,106,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******гаас мөнгө зээлж байгаагүй. ******* нь ******* ХХК-ийн усны үйлдвэр зарагдсан, автомашинаа тавих газаргүй болж, ковидоос өмнөх жилүүдэд манай хашаанд бүх ачааны автомашинаа тавьж байсан. Автомашин тавиулсны мөнгө гэж миний данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Миний 2 хүүхдээр ажил хийлгэж, ажлын хөлсийг миний данс руу хийдэг байсан. Түүнээс би энэ хүнээс мөнгө зээлж үзээгүй, зээл өгөөч гэж гуйж ч үзээгүй. Энэ хүн намайг гүтгэж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******аас 31,106,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэг. Нотлох баримтыг хүлээж аваагүй болон хэрэгт өгсөн нотлох баримт алга болсон тухайд:

2025.09.12-ны баасан гарагт хариуцагч *******ийн хүүхдүүд болох *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн тэдний мэдүүлгийг няцаах, нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа нотлох зорилгоор тус мэдүүлгийг авснаас амралтын 2 өдрийн дараа буюу 2025.09.15-ны даваа гарагт нэхэмжлэгчийн Хаан банкны ******* тоот дансны 2017-2020 оны хооронд хийсэн гүйлгээний 17 хуудас дансны хуулгыг өгсөн. Гэтэл шүүгч хэрэгт хамааралгүй гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд тус баримт нь гэрчүүдийн автомашин засвар, хоол хүнс, техникийн сэлбэг хэрэгсэлд зориулж 2021-2025 онд мөнгө өгч байгаагүй гэсэн үйл баримтын бодит байдлыг тоггооход ач холбогдолтой байсан.

2025.09.12-ны баасан гарагт хариуцагчийн өмгөөлөгч нь *******ын нийгмийн даатгалын лавлагаа, *******ийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авсан тухай лавлагаа, нэхэмжлэгчийн зээлдүүлсэн мөнгөө буцаан авахаар бичиж өгсөн гар бичвэр зэргийг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус баримтыг хэрэгт өгсөний дараа зургийг нь гар утсандаа авсан ба энэ нь гар утасны зургийн сангаас харагдана. Гэтэл шүүх хурлын өдөр "нэхэмжлэгчийн зээлсэн мөнгөө буцаан авахаар бичиж өгсөн гар бичвэр гэсэн 1 хуудас баримт хэрэгт байгаагүй бөгөөд тус баримтыг хариуцагчийн өмгөөлөгч шүүх хурлын үеэр дурдаж, тэмдэглэлд тусгуулья гэсэн ч тэмдэглэлд тус баримттай холбоотой хэсэг бичигдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн.

Хоёр. Талуудын хооронд үүссэн харилцааг шүүгч зөв тодорхойлоогүй буюу зээлийн харилцаа үүсч зээл олгосон болон буцаан төлсөн эсэхийг баримтад бус хэт 1 талын тайлбар, мэдүүлэгт үндэслэж шийдвэр гаргасан тухайд:

Шүүхийн шийдвэрт хариуцагчийн тайлбар, хариуцагчийн хүүхдүүдийн гэрчийн мэдүүлэг тусгагдсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай үндэслэлээ баримтаар нотлоогүйгээс гадна тухайн хэрэгт нэг ашиг сонирхолтой гэрчүүд нь мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, нотлох баримтаар нотолж чадаагүй. Тухайлбал хариуцагч болон гэрчүүд нь зээлийн эргэн төлөлт хийх үүргийн дагуу буцаан төлсөн 1,400,000 төгрөгийг тайлбарлахдаа нэхэмжлэгч техникийн сэлбэг хэрэгсэл, эм тариа, хоол унд авхуулахаар бэлэн мөнгө өгч, үлдсэн хариулт мөнгийг буцаан *******ийн дансанд хийж, буцаан шилжүүлсэн мөнгө гэдэг. Хэрэв бэлэн мөнгө нэхэмжлэгчээс авч худалдан авалт хийж үлдэгдэл мөнгийг *******ийн дансанд орлого болгон хийж *******гийн данс руу буцаан шилжүүлдэг байсан бол энэ нь *******ийн дансны хуулгаар нотлогдох ёстой. Гэтэл *******ийн дансны хуулгаар хариуцагч, гэрчүүдийн мэдүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Шүүгч ийнхүү тогтоох ажиллагаа хийгээгүй бөгөөд нэг гэр бүлийн гишүүдийн үгсэн тохиролцсон ямар ч баримтгүй тайлбар, мэдүүлэгт үндэслэж талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.

Мөн шүүх хурлын тэмдэглэлийн 3 дахь талын 1 дэх мөрөнд хариуцагчийн "...ковидоос өмнөх жилүүдэд манай хашаанд бүх ачааны машин тэргээ тавьж байсан гэсэн тайлбараараа өөрийн болон гэрч /хүүхдүүд/-үүдийн мэдүүлгийг няцаасан буюу 2021 оноос хойш нэхэмжлэгч нь автомашин тавьж байгаагүй гэсэн тайлбарыг нотолж байна. Шүүх шийдвэртээ зээл гэсэн утгыг гүйлгээний утга дээр бичээгүй гэж, мөн зээлдүүлсэн гэж байгаа бол хэзээ, хэрхэн шаардаж байсныг баримтаар нотлоогүй гэж дүгнэжээ. Гэтэл хуульд зээлдүүлэгч нь бусдад мөнгө зээлэхдээ гүйлгээний утга дээрээ заавал зээл гэж бичих ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй.

Зээлдүүлсэн мөнгө шаардсан гэх баримт нь нэхэмжлэгчийн зээлсэн мөнгөө буцаан авахаар бичиж өгсөн гар бичвэр гэх 1 хуудас баримт байсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрт очиж гараараа бичиж үлдээсэн, ганц хувь баримт байсан. Мөн нэхэмжлэгч нь 2025 оны 04 сард нотариат орж зээлийн гэрээг баталгаажуулъя гэхэд хариуцагч нь худал ухаан алдаж унасан, амиа хорлоно гэж айлган сүрдүүлсэн зэрэг тайлбар, хариуцагчийн энэ талаар хүлээн зөвшөөрсөн тайлбар, зээлдүүлсэн мөнгөө нэхэхэд мөнгө зээлдүүлж байсан 2022-2024 онд 1,400,000 төгрөгийг буцаан өгсөн дансны хуулга зэргээр нотлогдож байхад шүүгч эдгээрийг огт үнэлээгүй.

Гурав. Нэхэмжлэгч нь хамт ажилладаг байсан *******ыг нас барснаас хойш 2020 оныг дуустал хариуцагчийн өнчин хүүхдүүдэд тусламж үзүүлнэ гэж амласандаа урьд онуудад өгч байсан 10 гаруй сая төгрөгөө нэхэж байгаагүй. Мөн цаашид мөнгөөр тусалж чадахгүйгээ 2020 оны эцсээр илэрхийлэхэд хариуцагч нь З хүүхэдтэйгээ амьдрахад хэцүү байна, багаар мөнгө зээлдүүлж байгаач. Боломжтой үедээ буцааж өгъе" гэж тогтмол, бага дүнгээр мөнгө зээлж явсаар 2021.01.07-2025.04.07-ны өдрийн хооронд нийт 32,500,000 төгрөг зээлсэн байдаг. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж хуульчилсан. Энэ тохиолдолд хариуцагчаас холбогдох банкны хуулгаа шүүхэд өгсөн байтал үнэлэхгүй байгаа нь хэт нэг талыг барьж шүүх шийдвэрлэсэн байна.

Гэтэл хариуцагч дээрх мөнгийг ...Урьд нь надтай хэзээ ч мөнгөний асуудал ярьж байгаагүй. Би энэ хүнээс мөнгө зээлж байгаагүй гэж худал тайлбарлаж, гэрчүүд буюу төрсөн хуүхдүүд нь 2021 оноос өмнө болж өнгөрсөн үйл явдлыг дурдаж мэдүүлэг өгсөн ч үүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд үндэслэлгүйгээр 32,500,000 төгрөгөөр хөрөнгөжсөнийг тайлбарлаж чадаагүй юм. Эсрэгээрээ нэхэмжлэгчийг хоёулаа сууя, хамт амьдаръя гэж хэлсэн мэтээр нэр хүндэд нь халдсан. Хариуцагчийн зээлсэн 32,500,000 төгрөгөөс буцаан 1,400,000 төгрөг шилжүүлсний үлдэгдэл төлбөр 31,106,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. ******* хариуцагчийн нөхөртэй хамт ажиллаж байсан. Хариуцагчийн нөхөр 2010 онд нас барсан. *******гийн зүгээс би та бүхэнд тусалж байя гэдэг утгаар мөнгөөр тусалж байсан. ******* ямар нэгэн хүсэл зориг илэрхийлээгүй байхад данс руу нь мөнгө шилжүүлдэг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 31,106,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгө зээлж байгаагүй гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

4.Нэхэмжлэгч ******* 2021 оны 01 сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 сарын 07-ны өдрийн хугацаанд хариуцагч *******т 203 удаагийн гүйлгээгээр нийт 32,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй ба ийнхүү шилжүүлсэн үйл баримтыг зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хариуцагч тодорхой хугацааны дараа буцаан өгөхөөр, нэхэмжлэгч уг мөнгөө буцааж авахаар талуудын хүсэл нэгдэж, энэ талаар харилцан тохиролцсон байсан гэх байдал тогтоогдоогүйг зөв дүгнэжээ.

Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлсэн байдал болон мөнгөн гүйлгээний утгын илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар зохигчийн хооронд мөнгө зээлдүүлэх, буцаан төлөгдөх хариу төлбөрийн агуулгыг илэрхийлж байгаагүй байна. Мөн хариуцагчийн зүгээс 2022 оны 10 сараас 2024 оны 10 сарын хугацаанд 1,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь зээлийг буцаан төлсөн агуулгагүй байна.

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд зээлдүүлэгч мөнгө зээлдүүлэхдээ гүйлгээний утгыг заавал зээл гэж бичих хуулийн шаардлагагүй, мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй гэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй гэж нэхэмжлэлээс татгалзсан учир нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ нотлох үүргийг хүлээнэ.

Хаан банкин дахь нэхэмжлэгчийн ******* тоот, хариуцагчийн *******  тоот дансны хуулгууд хэрэгт авагдсан ба шилжүүлсэн мөнгөн гүйлгээний утгад зээлдүүлсэн тухай бичээгүй нь зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг үгүйсгэхгүй ч зохигч энэ талаар маргасан нөхцөлд мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шууд нотлохгүй. Иймд нэхэмжлэгч тухайн шилжүүлсэн мөнгийг зээлийн гэрээний дагуу зээлдэгчид шилжүүлсэн болохоо хэргийн бусад баримтаар нотлох, энэ байдал хэргийн баримтаар тогтоогдсон байх учиртай. Харин нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө нь зээл биш байсан тухай хариуцагчийн тайлбар, татгалзал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч 32,500,00 төгрөгийг шилжүүлсэнд хариуцагч маргаагүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгчид шаардах эрхийг үүсгэхгүй тул нэхэмжлэгчийн энэ тухай болон анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд нийт 32,500,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг тогтоох, хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд өөрийн хүүхдүүд болох *******, ******* нарыг шүүхэд гэрчээр асуулгасан нь хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул гэрчүүд нь хариуцагчийн төрсөн хүүхдүүд, худал мэдүүлсэн гэх гомдлыг хүлээн авахгүй.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлохоор 2017-2020 оны хооронд хийгдсэн мөнгөн гүйлгээний 17 хуудас баримтыг шүүхэд гаргасныг шүүх хэрэгт хамааралгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хэргийн нөхцөл байдалд нийцжээ. Нэхэмжлэгч 2021.01.07-2025.04.07-ны өдрийн хугацаанд хариуцагчид шилжүүлсэн нийт 32,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан учир дээр дурдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах цаг хугацаанд хамаарахгүй гэж татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д нийцсэн байна. Шүүх энэ тухай захирамж гаргаагүй байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Энэ алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх ноцтой зөрчилд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг нотлох агуулгатай баримт хэргээс алга болсон, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй гэсэн гомдлыг хүлээн авахгүй. Мөн хуулийн 96 дугаар зүйлд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдвал зохих зүйл, тэмдэглэлийг хэзээ гаргах, түүнд завсар оруулах журмыг заасан бөгөөд нэхэмжлэгч талаас гомдолд дурдсан асуудлаар шүүх хуралдааны тэмдэглэлийг алдаатай бичигдсэн гэж үзэж, зохих засвар, өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд энэ тухай гомдлыг хэргийн байдалд үндэслэгдсэн гэж дүгнэхгүй.

6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/07234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,480 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Э.ЭНЭБИШ