Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1108

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Х.Онолт,

Шинжээч эмч Б.Алтанзул,

Шүүгдэгч Г.ын хууль ёсны төлөөлөгч Г...., өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тоост овогт ...ын д холбогдох 1908020581349 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд

-Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, Тоост овогт ...ын  /.../,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

   Г. нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 116 тоотод тус тоотод хамт амьдардаг өөрийн хүргэн дүү О....ыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар цээж болон дал хэсэгт нь хутгалж, биед нь “баруун, зүүн дал, цээж, зүүн сарвуун олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

    1.Хохирогч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа 21 цагийн үед буугаад гэрлүүгээ харих замдаа нутгийн хоёр залуу болох ...нартай таараад Хархорин замын хойно гадаа 0,5 литрийн хэмжээтэй хоёр шил архи хувааж уугаад гэртээ нэлээн согтуу орж ирсэн. Би орны дээр унтах гээд дээшээ хараад хэвтэж байхад  хутгаар миний цээжрүү баруун суганы доор хутгаар хутгалсан. Би орон дээрээсээ босоод ын хутгатай гартай нь ноцолдоод том өрөөний хаалгаар гараад үүдний коридорт ноцолдож байх үедээ газар хамт унасан. Ноцолдож байхад миний нуруу руу таван удаа хутгаар хатгасан. Миний биеийн хутгалсан газраас цус гоожоод шалан дээр хэвтэж байсан. Тэрнээс хойш үйл явдлыг би санахгүй ухаан алдсан. Би Цэргийн төв эмнэлгийн орон дээр хэвтэж байгаад ухаан орсон. ...” гэх мэдүүлэг /хх 14-15 х/,

2.Гэрч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ах  гадаадад буюу ... 10 гаруй жил болсон. Тэнд байх хугацаандаа хүн алсан хэргээр 5-6 жил шоронд сууж байгаад ирсэн. ...Монголд ирээд удалгүй хүн хутгалсан хэргээр шар хадны эмнэлэгт гурван жил хэвтээд 2016 онд эмнэлгээс гараад манай гэрт ирээд бид хэдтэй хамт амьдрах болсон. ...2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед нөхөр ... архи үнэртүүлсэн согтуу гаднаас орж ирсэн. Би нөхрийн хувцасыг тайлаад орон дээр хэвтүүлсэн юм. ... ах том өрөөнд орж ирэхдээ ...ын өвдгийг хөлөөрөө санаандгүй шүргэж орж ирээд толинд өөрийгөө харчихаад гараад явахад ... ахын араас миний өвдөгийг шүргэдэг хэн бэ? давраад байгаарай пизданууд минь та нарт бүгдэнд чинь хутга шаана шүү гэж хэлсэн. Удаагүй  ах орж ирээд ...ын толгой дээр буюу буйдан дээр сууж байсан. Би тухайн үед ...ын хажууд хэвтэж байсан. ...би орноосоо босоод өндийх үед  ах босоод ...ын дээрээс дараад чи намайг хэтэрхий их доромжилж байна гэж хэлээд хутгатай гараараа ...ыг хутгалаад дайраад байсан. Би  ахыг бариад салгах гэхэд дийлдэхгүй байсан. ...ын өмднөөс нь татаад шувтлахад хутгаа газар хаяаад гэрийн хаалгаар гараад гүйсэн. ...” гэх мэдүүлэг /хх 24-25, 27-28 х/,

3.Шинжээчийн 4592 тоот дүгнэлт

  1. О....ын биед баруун, зүүн дал, цээж, зүүн сарвуун олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

    3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

      5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой, хохирогчийн өөрийн гараар үүсэх боломжгүй. ..." гэх дүгнэлт /хх 52 х/,

4.Шүүх сэтгэц эмгэг судлалын 743 дугаар дүгнэлт

  1. Г. нь “Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр” өвчтэй болно. Хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвар болон үйлдэгдсэн хэргийн үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвар султай.

    2. Г. нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа сэтгэцийн байдал нь Р20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэртэй байна.

      3. Г. нь одоо сэтгэцийн Р20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр өвчтэй. Г. нь албадан эмчилгээнд явуулах шаардлагатай байна.

       4.Г. нь хэрэг хариуцах чадваргүй болно. ...” гэх дүгнэлт /хх 58-61 х/,

5.Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...О....ын биед учирсан хатгаж, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь амь насанд аюултай шинж илрээгүй, Дээрх шархууд нь дөрвөн долоон хоногын хугацаанд бүрэн эдгэрч сорвижих боломжтой гэмтэл байсан. ...” гэх мэдүүлэг /хх 64-65 х/,

6.Шинжээч эмч Б.Алтанзулын “...иргэн Г. нь Шизофренийн хий үзэгдэл дэмийрэл  хэлбэр өвчтэй болно. хэрэг үйлдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох өөрийгөө удирдан хянах чадвар болон үйлдэгдсэн хэргийн үнэн зөв тайлбар мэдүүлэх султай. ын өвчний түүхээс нь харахад 2012 онд хүн хутгалсан хэргээр албадан эмчилгээнд манай эмнэлэг дээр ирж байсан. . ...” гэх мэдүүлэг /хх 69-70 х/,

7.Шинжээчийн 2430 дугаар дүгнэлт

            1.ХГҮ-ээр авсан гэх биентэнд бэхжүүлсэн арчдас дээр цус илэрсэн. Уг цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэх дүгнэлт /хх 77 х/,

 

            8.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9 х/,

            9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 42 х/

            10.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43 х/

           11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 х/

           12.Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 83-84 х/,

            13.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 85-93 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

    Г. нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 116 тоотод тус тоотод хамт амьдардаг өөрийн хүргэн дүү О....ыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар цээж болон дал хэсэгт нь хутгалж, биед нь “баруун, зүүн дал, цээж, зүүн сарвуун олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

    Хохирогч О....ын: “... дээшээ хараад хэвтэж байхад  хутгаар миний цээж рүү баруун суганы доор хутгаар хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх 14-15 х/,

      Гэрч Г....ийн: “...би орноосоо босоод өндийх үед  ах босоод ...ын дээрээс дараад чи намайг хэтэрхий их доромжилж байна гэж хэлээд хутгатай гараараа ...ыг хутгалаад дайраад байсан. Би  ахыг бариад салгах гэхэд дийлдэхгүй байсан. ...ын өмднөөс нь татаад шувтлахад хутгаа газар хаяаад гэрийн хаалгаар гараад гүйсэн. ...” гэх мэдүүлэг /хх 24-25, 27-28 х/,

Шинжээчийн 4592 тоот дүгнэлт

      1.О....ын биед баруун, зүүн дал, цээж, зүүн сарвуун олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

     3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

     5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой, хохирогчийн өөрийн гараар үүсэх боломжгүй. ..." гэх дүгнэлт /хх 52 х/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...О....ын биед учирсан хатгаж, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь амь насанд аюултай шинж илрээгүй, Дээрх шархууд нь дөрвөн долоо хоногын хугацаанд бүрэн эдгэрч сорвижих боломжтой гэмтэл байсан. ...” гэх мэдүүлэг /хх 64-65 х/,

Шинжээчийн 2430 дугаар дүгнэлт

 1. ХГҮ-ээр авсан гэх бинтэнд бэхжүүлсэн арчдас дээр цус илэрсэн. Уг цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэх дүгнэлт /хх 77 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Г. нь О....ын биед баруун, зүүн дал, цээж, зүүн сарвуун олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч О.... эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй эвлэрсэн болох нь тэдний бичгээр гаргасан эвлэрлийн гэрээ /хх 108 х/-ээр тогтоогдож байгаа тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй гэж үзсэн.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсгүүдэд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт 01 жилийн хугацаагаар авах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, Албадлагын арга хэмжээний төрөлд мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ”-г хуульчилсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасан байна.

Иймд хууль зүйн хувьд шүүгдэгч Г. хэрэг хариуцах чадваргүй болох нь:

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 743 дугаар дүгнэлт

        1.Г. нь “Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр” өвчтэй болно. Хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвар болон үйлдэгдсэн хэргийн үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвар султай.

      2. Г. нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа сэтгэцийн байдал нь Р20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэртэй байна.

         3. Г. нь одоо сэтгэцийн Р20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр өвчтэй. Г. нь албадан эмчилгээнд явуулах шаардлагатай байна.

           4. Г. нь хэрэг хариуцах чадваргүй болно. ...” гэх дүгнэлт /хх 58-61 х/,

Шинжээч эмч Б.Алтанзулын “...иргэн Г. нь Шизофренийн хий үзэгдэл дэмийрэл  хэлбэр өвчтэй болно. хэрэг үйлдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох өөрийгөө удирдан хянах чадвар болон үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв тайлбар мэдүүлэх чадвар султай. ын өвчний түүхээс нь харахад 2012 онд хүн хутгалсан хэргээр албадан эмчилгээнд манай эмнэлэг дээр ирж байсан. ... Шизофренийн хий” үзэгдлийн хүнд хэлбэр учраас Сэтгэцийн эрүүл  мэндийн үндэсний төвийн тусгай тасагт доод тал нь 06 сараар эмчлүүлэх шаардлагтай ...” гэх мэдүүлэг /хх 69-70 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Г.ын хувьд “сэтгэцийн Р20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр” сэтгэцийн эмгэг өвчтэй мөн хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн зүй бус үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх...” хууль зүйн үндэслэл бүрдсэн. Нөгөө талаас шүүгдэгчид шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэнтэй холбогдуулан түүнд авсан албадлагын арга хэмжээний төрлийг шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, прокурорын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт, албадлагын арга хэмжээний хугацааг 01 жилээр тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон маарль, 13 см урттай шаргал өнгийн иштэй, 15 см ажлын хэсэгтэй 1 ширхэг хутга  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тоост овогт ...ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Шүүгдэгч Г.д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт 01 жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Г.ыг шийтгэх тогтоол, холбогдох бусад баримтын хамт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд даруй хүргүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон даавун материал, 13 см урттай шаргал өнгийн иштэй, 15 см ажлын хэсэгтэй 1 ширхэг хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ