| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 192/2025/01878/И |
| Дугаар | 210/МА2026/00125 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00125
|
|
|
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/08212 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Арилжааны гэрээний үүрэгт 221,447,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК, *******ХХК нар нь ******* ХХК, ******* ХХК-тай 2022.09.19-ний өдөр арилжааны гэрээ байгуулж, "*******" ХХК ******* дүүрэг, ******* хороо, *******хороолол, ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг "*******" ХХК, *******" ХХК-д шилжүүлэх, "*******" ХХК, "*******" ХХК нар ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот, ******* хотхоны ******* давхарт ******* тоот ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг манай талд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү үнэ 380,000,000 төгрөгийг "*******" ХХК, "*******" ХХК нарт төлөхөөр тохиролцсон. Бид гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү төлбөр 380,000,000 төгрөгөөс 208,552,500 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл төлбөр 171,447,500 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч нараас арилжааны гэрээний үлдэгдэл төлбөр 171,447,500 төгрөг, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023.08.21-ний өдрийн гэрээний 2-т заасан торгууль 50,000,000 төгрөг, нийт 221,447,500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Арилжааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцнуудын үнийн дүнг бодитой тусгаагүй боловч зөрүү үнийн дүн 380,000,000 төгрөг гэж тодорхойлсон. Энэ төлбөрөөс төлөгдсөөр 171,447,500 төгрөгийн төлбөр үлдсэнийг төлөхийг зөвшөөрч байна. Харин нэмэлт өөрчлөлт оруулсан гэх 2023.10.30-ны өдрийн гэрээ баримтаар төлөгдөөгүй үнийн дүнгээс 20 хувиар торгууль тооцохоор заасныг зөвшөөрөхгүй. Тухайн зохицуулалтын хувьд гэрээ байгуулахад талууд бүгд байлцаагүй зарим гарын үсгийг нөхөж зурсан. Энэ нь хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл биш гэж үзэж байна. ******* ХХК-аас төлбөрийг дангаараа төлөхөд татгалзах зүйлгүй. Торгууль 50,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагч ******* ХХК-аас тайлбар гаргаагүй байна.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК нараас 205,737,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,710,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК нараас улсын тэмдэгтийн хураамж 1,186,635 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,265,190 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5.Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт: "... 2023.08.21-ний өдрийн ******* дугаартай Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хувьд тухайн хэлцлээр хүлээх үүргийг ******* ХХК, ******* ХХК нь хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцэх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй гэх дүгнэн үндсэн төлбөр 171,447,500 төгрөг дээр нэмж 20 хувийн торгууль 34,289,500 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв, бодитой талаас нь үнэлж дүгнээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Хэрэгт 2023.08.21-ний өдрийн******* дугаартай Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ авагдсан ба гэрээний 1,2-т гэрээний төлбөр 380,000,000 төгрөгийг 2023.10.30-ны өдөр бүрэн төлж дуусгана, хугацаанд нь дуусгаагүй бол үнийн дүнд 20 хувийн торгууль төлнө гэж заасан.Гэрээ бичигдсэнийг авч үзвэл техник, тоног төхөөрөмж ашиглаж, крилл үсгээр шивэгдсэн гэрээний загвар байх бөгөөд гэрээний ерөнхий зохицуулалт хэсэгт *******ХХК гэх үгийг, гэрээний гэрээ байгуулсан нь хэсэгт ******* гэх үгийг тус тус хөх өнгийн балаар тэмдэглэсэн, гэрээнд *******, *******, *******, ******* нарын 4 хүний гарын үсэг зурагдаж, 4 хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байна. Тус Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд тусгагдсан байдлаар ******* нь *******ХХК-ийн орлогч захирал гэж бичигдсэн нь гэрээ байгуулах эрх олгогдсон эсэх, *******ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх баримт авагдаагүй байна.
Харин ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ******* тус тус бүртгэлтэй байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан байна. Иймд гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурсан *******, ******* нар нь хоёулаа нэг хуулийн этгээд буюу *******ХХК-ийг төлөөлсөн байдлаар гарын үсэг зурсан ба тус гэрээнд ******* ХХК-ийг төлөөлсөн этгээд гарын үсэг зураагүй нь тогтоогдож байна. Гэтэл шүүхээс Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд ******* ХХК-ийг төлөөлсөн этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, хүсэл зоригийн илэрхийллээ албажуулаагүй байхад, түүнчлэн гэрээнд гараар засвар оруулсныг харгалзан үзэлгүйгээр хүсэл зоригийн илэрхийллийг ******* ХХК хүлээн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Түүнчлэн 2023.08.21-ний өдрийн ******* дугаартай Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд тусгагдсан нөхцөл нь 2023.08.21-2023.10.30-ны өдрийг хүртэл буюу 40 хоногийн хугацаанд 380,000,000 төгрөгийг төлөх, төлөөгүй бол үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх буюу 76,000,000 төгрөгийн торгууль ногдуулахаар байгаа нь хариуцагч нарт хэт тулгасан, хатуу зохицуулалт бүхий үүргийн торгууль ногдуулсан, анзын хэмжээ илт их гэж үзэх нөхцөл байдлыг бий болгосон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, торгууль 34,289,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6.Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Маргаж буй 2023.08.21-ний өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргасан хүсэлт болох арилжааны гэрээний төлбөрийг 2023.12.31-ний өдрийг хүртэл сунгуулах хүсэлтийн дагуу гэрээнд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш хариуцагч нар төлбөрийг төлж байсан нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг зөвшөөрсөн гэж үзэж байна. Энэ гэрээнд нэг тал болох*******ХХК-ийг төлөөлж ******* гарын үсэг зурсныг*******ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж маргадаг. ******* нь тухайн үед*******ХХК-ийн дэд захирал байсан ч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй. Тухайн үед төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан ч хожим*******ХХК-аас гэрээний шаардах эрхийг ******* ХХК-д шилжүүлж эрх олгогдоогүй этгээдийн үйлдэл хүчин төгөлдөр болохыг нотолсон. Иймд гэрээний торгууль тооцсон хэсгийг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй. Гэрээний нөхцөл хэт хатуу зохицуулалт бүхий үүрэг, торгуулийг ногдуулсан гэж тайлбарлаж байгаа ч гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ нь 2022.09.19-ний өдөр байгуулагдсан арилжааны гэрээнд заасан хугацааг хариуцагч нарын хүсэлтээр сунгасан гэрээ юм. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-аас тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 221,447,500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ******* ХХК төлбөрийн үлдэгдэл 171,447,500 төгрөг төлөхийг зөвшөөрч, торгууль 50,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзан маргажээ.
Шүүх хариуцагч ******* ХХК-д нэхэмжлэлийн хувийг 2025.03.12-ны өдөр гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулсан байх ба тус компани Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх тайлбар, нотлох баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Хариуцагч ******* ХХК давж заалдах гомдлын үндэслэлээ зохигчийн хооронд 2023 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу нэхэмжлэгч торгууль шаардах эрхгүй буюу уг гэрээнд *******ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох ******* гарын үсэг зурсан нь хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэнэ, шүүх анзын хэмжээ илт их байгаа гэж үзэх нөхцөлийг харгалзаагүй гэсэн агуулгаар тодорхойлсон байна.
Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн энэхүү гомдлыг дараах байдлаар хангахгүй орхив.
4.******* ХХК, *******ХХК /А тал/ болон "*******" ХХК, "*******" ХХК /Б тал/ нар 2022 оны 09 сарын 19-ний өдөр байгуулсан ******* дугаартай арилжааны гэрээгээр А тал нь ******* дүүргийн ******* хороо *******хорооллын *******байр (******* блок )-ны ******* тоот ******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Б талд шилжүүлэх, Б тал нь мөн дүүргийн ******* хороо, ******* тоот, ******* хотхон,******* давхрын ******* тоот, ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг А талд шилжүүлэх үүргийг харилцан хүлээжээ. Б талаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 380,000,000 төгрөгийг А талд хоёр хувааж буюу 2022.12.31-ний өдрийн дотор 130,000,000 төгрөгийг, 2023.05-р сард үлдэх 250,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
5.Талуудын байгуулсан ******* дугаартай арилжааны гэрээний Б тал буюу хариуцагч нар гэрээний хугацаанд эд хөрөнгийн үнийн зөрүүг төлж чадаагүй учир талууд төлбөр төлөх хугацааг 2023.10.30-ны өдөр болгон өөрчилж, энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн 20 хувиар тооцон торгууль төлөхөөр тохиролцон 2023.08.21-ний өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулжээ. Гэрээнд А талыг төлөөлж *******, ******* нар гарын үсэг зурж,*******ХХК, *******ХХК нарын тэмдэг дарагджээ.*******ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******, ******* ХХК- ийн гүйцэтгэх захирлаар ******* нар ажилладаг болох нь тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. Харин *******ын хувьд*******ХХК, ******* ХХК нарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Гэвч хэргийн оролцогчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл гэрээнд өөрчлөлт оруулах хэлцлийг А, Б талууд хийсэн бөгөөд энэхүү хэлцэлд *******ХХК-ийг төлөөлөн ******* гарын үсэг зурсныг хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд дур мэдэн хэлцэл хийсэн гэж үзэхээргүй, тухайн үед *******ХХК-ийн хүсэл зоригийг илэрхийлж байсныг нэхэмжлэгч хожим дэмжин шүүхэд уг баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 65 дугаар зүйлд нийцнэ. Иймд 2023.08.21-ний өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд А талыг төлөөлж ******* гарын үсэг зурсан нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй, мөн нэхэмжлэгч уг хэлцлийг зөвшөөрснөөр хариуцагч нарын хувьд ******* нь *******ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж маргасан нь хэрэгт ач холбогдолгүй байна.
6.Шүүх хариуцагч нараас гэрээний биелэгдээгүй үүрэг 171,447,500 төгрөгийн 20 хувьтай тэнцэх торгууль 34,289,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь талуудын байгуулсан Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 2-т Төлбөрийг хугацаанд нь төлж дуусгаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнд 20 хувийн торгууль төлнө гэж тохиролцсон болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д тус тус нийцсэн байна.
Гэрээний талууд нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан хуулийн этгээдүүд тул өөрийн нэрээр эрх, үүрэг үүсгэж буй аливаа хэлцлийг хийхдээ урьдчилан тооцож тодорхойлсон байх, улмаар түүний үр дагавар, хариуцлагыг эд хөрөнгөөрөө хариуцдаг байх учиртай. Ашгийн төлөө үндсэн зорилго бүхий компанийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалт нь мэргэжлийн болон хүний нөөцийн дутмагшилтайн улмаас мэдээгүй, мэдэх боломжгүй, түүнчлэн эрх зүйн хязгаарлагдмал түвшинд байсан гэж тайлбарлагдах боломжгүй. Учир нь компани энэ байдлаа бүрдүүлсэн байх учиртай.
Тиймээс хэлцэл хийх үедээ гэрээний нөхцөлөө тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэрээний үр дагаврыг хариуцахгүй буюу хэлцлийн нөгөө талын тулгалт, гэрээний хатуу зохицуулалт нь анзын хэмжээг багасгах нөхцөлийг бүрдүүлсэн гэж хожим маргасныг хуульд зааснаар анзыг хэмжээг илт их гэж үзэх, түүнийг багасгах нөхцөл бүрдсэн гэж үзэхгүй тул энэ тухай гомдлыг хүлээн авахгүй.
7.Талууд арилжааны гэрээгээр тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд арилжиж байгаа хөрөнгийн үнийн зөрүүг Б тал нь А талд шилжүүлэхээр тохиролцсон үүргээ биелүүлээгүйгээс А тал буюу нэхэмжлэгч уг үүргийг Б тал болох хариуцагч нараас шаардсан нь Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг үүсгэжээ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулна. Энэ нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
8.Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1... гэснийг Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 гэх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/08212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...274 дүгээр зүйлийн 274.1... гэснийг ...275 дугаар зүйлийн 275.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ