| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0194/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/209 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/209
2019/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Д.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оовогт Д Цд холбогдох 1912002950180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: О овогтой Д Ц /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг Модон гүүр гэх газар байх иргэн А.С эзэмшлийн хүн амьдрах зориулалттай, зуны байшинд нэвтэрч нууцаар, хууль бусаар цахилгаан өрөм, таслагч, нүдний дуран, загасчлалын уурга 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн А.Ст 155.000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912002950180 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.С мэдүүлсэн: ...Би тэр үед гэртээ ганцаараа байсан бөгөөд хулгай ордог шөнө гэртээ ганцаараа нойр хүрэхгүй утсаараа оролдож байгаад машин дуугарах чимээг анх сонссон. ...Д.Ц, Ц.Бхоёр ирж Д.Ц нь надаас уучлалт гуйгаад надад сайн загнуулж аваад явсан. Миний хоёр цахилгаан багажийг бусад хулгайлсан зүйлүүдтэй хамт Д.Ц нь усанд шидсэн тул 2 цахилгаан багаж ажиллахгүй байгааг би Д.Цд хэлсэн чинь Д.Ц надад шинэ багаж аваараа гээд 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Бусад алдсан эд зүйл нь бүрэн бүтэн, эвдэрч хэмхрээгүй тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц. Б мэдүүлсэн: ...Би өөрийн найз Д.Цтай хамт 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт нутагладаг А буюу А гэх айлд ирсэн. Уг айлд морины эмээлийн мод гөлөм зарах ажлаар ирсэн. Д.Ц бид 2 бага наснаасаа буюу 8 наснаасаа хойш одоог хүртэл найзалж байна. Өгийнуур суманд 2019 онд нэг удаа, 2017 онд нэг удаа ирж аавынхаа шүтдэг уул овоог ах дүүсээрээ тахиж, ламаар ном хуруулсан. Өөр байдлаар ирж байгаагүй. Миний хувьд хулгай хийгээгүй бөгөөд ухаангүй согтуу байсан. Нэг мэдсэн чинь Өгийнуур сумын цагдаагийн хэлтсийн байрны гадаа машиндаа унтаж байгаад сэрээд Цыг хулгай хийснийг мэдсэн. Бид хоёр хоёулахнаа байсан. Өөр хүн байгаагүй. 75-43 УНН улсын дугаартай цагаан өнгийн “Исүзү” маркийн автомашин миний нэр дээр байдаг бөгөөд би тухайн машинаа 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би машин худалдаж авсан хүний нэрээ санахгүй байна. …Д.Ц надтай хамт Өгийнуур суманд анх удаа ирж байна. Д.Цд энэ суманд таньдаг хүн байхгүй. Миний хувьд машинаа битүүмжлүүлж чадахгүй. Би уг машинаар Улаанбаатар хотод “Судалт” төвд хөнгөн цагаан хайлш бусад түүхий эд зөөж амьдарлаа залгуулж, хэдэн төгрөг олдог. Та бүхэн миний машины зургийг аваад бичиг баримтыг хуулбарлаж аваад шаардлага гарвал би машинаа хэдийд ч авчирч чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.А мэдүүлсэн: ...Ц.Б манайд хэд хэдэн удаа ирж байсан. Харин Д.Ц бол анх удаагаа ирсэн. Ц.Б, Д.Ц нар 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирсэн бөгөөд Булган аймгийн Гурванбулаг суманд морь зараад Өгийнуур суманд хоёр эмээлийн мод, гөлөм зарах ажлаар ирсэн. Тэр хоёр манай сумтай залгаа байдаг Булган аймгийн Гурванбулаг суманд хөдөө айлд хоёр морь зарсан талаараа хуучилж байхдаа ярьж байсан. Надтай хамт Ц.Бхоёр шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Манайд хууч хөөрч байгаад орой гэгээ тасрахын алдад гарсан бөгөөд 20 цаг өнгөрч байхад гарсан байх. Ц.Ббид хоёр “Ерөөл” нэртэй архи хуучилж суугаад хувааж уусан. Харин хамт яваа залуу болох Д.Ц жолоо барина гээд уугаагүй. Ц.Бзүгээр явж чадна гээд надаар түшүүлж машиндаа суусан бөгөөд машиныг нь Д.Ц бариад явсан. Тэр хоёр Өгийнуур сум руу морины эмээл, эмээлийн гөлөм зарах ажлаар явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дмэдүүлсэн: ...Ц.Бманайд хэд хэдэн удаа ирж байсан. Д.Ц бол анх удаа ирсэн. Ц.Бийг сайн танина. Би дээрх хүнтэй төрөл садан биш. Ц.Б Д.Ц нар 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирсэн Булган аймгийн Гурванбулаг суманд морь зараад явж байна гээд цагаан өнгийн ачааны машинтай манайд ирсэн. Өгийнуур суманд хоёр эмээлийн мод, эмээлийн гөлөм зарах ажлаар ирсэн гэсэн. Манай гэрт миний нөхөр Д.Атай хамт Ц.Бнь хоёр шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Харин хамт яваа Д.Ц гэх хүн нь архи уугаагүй. Манай гэрт нөхөр бид хоёртой хууч хөөрч байгаад орой гэгээ тасрахын алдад манай гэрээс их согтсон байдалтай явсан. Ц.Бзүгээр явж чадна гээд миний нөхөр Д.Ааар түшүүлж машиндаа суусан бөгөөд машиныг нь Д.Ц бариад явсан. Д.Ц, Ц.Бнар нь морины эмээл, эмээлийн гөлөм зарах ажлаар явсан. Манай нөхрийг нутгийн хүмүүс А гэж дууддаг. Ц.Бөмнө нь 2017 оны өвөл буюу өвөлжилт хүндэрсэн жил манай суманд малын боодолтой өвс зарсан. Мөн аавынхаа нутаг усыг аргадаж овоо тахихаар ирж байсан. Манайх гэрт хоёр шил “Ерөөл” нэртэй архи гарган хувааж уусан.../хх-ийн 38-39 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Цын мэдүүлсэн: ...Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би болсон хэргийн талаар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ярьсан. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би Дархан-Уул аймгаас эд зүйл зарж явсан юм. Мөн хажуугаар нь хөнгөн цагаан болон түүхий эд худалдаж авч явсан юм. Тэгээд нэг айлын гадаа очиход хөнгөн цагаан байсан. Тухайн айл тэр үед эзгүй байсан бөгөөд тэр хөнгөн цагааныг авах гээд тухайн Ар руу орсон. Би тэр үед согтуу байсан болохоор ийм зүйл хийсэн байна лээ. Надад хулгай хийх санаа зорилго байгаагүй. Би тэр үед Бгэх найзтайгаа хамт явж байсан бөгөөд манай найз тэр үед машиндаа согтуу унтаж байсан учраас намайг хулгай хийснийг мэдээгүй. Харин сүүлд нь мэдсэн. Би хулгай хийхдээ явган очиж хулгай хийсэн юм. Тухайн үед миний унаж явсан машин шаварт зоогдоод гаргаж чадахгүй байсан учраас явган очиж хулгай хийсэн. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-65 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07, 11, 46-49 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 64 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 хуу/
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43-44 хуу/
2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 137 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 70 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 75 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг Модон гүүр гэх газар байх иргэн А.С эзэмшлийн хүн амьдрах зориулалттай, зуны байшингаас цахилгаан өрөм, таслагч, нүдний дуран, загасчлалын уурга 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн А.Ст 155.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ц нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг Модон гүүр гэх газар байх иргэн А.С эзэмшлийн хүн амьдрах зориулалттай, зуны байшинд нэвтэрч цахилгаан өрөм, таслагч, нүдний дуран, загасчлалын уурга 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн А.Ст 155.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.С мэдүүлсэн “Би тэр үед гэртээ ганцаараа байсан бөгөөд хулгай ордог шөнө гэртээ нойр хүрэхгүй утсаараа оролдож байгаад машин дуугарах чимээг анх сонссон. ...Миний хоёр цахилгаан багажийг бусад хулгайлсан зүйлүүдтэй хамт Д.Ц нь усанд шидсэн тул 2 цахилгаан багаж ажиллахгүй байгааг би Д.Цд хэлсэн чинь Д.Ц надад шинэ багаж аваарай гээд 100.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Б мэдүүлсэн “Нэг мэдсэн чинь Өгийнуур сумын цагдаагийн хэлтсийн байрны гадаа машиндаа унтаж байгаад сэрээд Цыг хулгай хийснийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.А мэдүүлсэн “Ц.Ббид хоёр “Ерөөл” нэртэй архи хуучилж суугаад хувааж уусан. Харин хамт яваа залуу болох Д.Ц жолоо барина гээд уугаагүй. Ц.Бзүгээр явж чадна гээд надаар түшүүлж машиндаа суусан бөгөөд машиныг нь Д.Ц бариад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дмэдүүлсэн “Манай гэрт нөхөр бид хоёртой хууч хөөрч байгаад орой гэгээ тасрахын алдад манай гэрээс их согтсон байдалтай явсан. Ц.Бзүгээр явж чадна гээд миний нөхөр Д.Ааар түшүүлж машиндаа суусан бөгөөд машиныг нь Д.Ц бариад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, мөрдөн байцаалтын шатанд Д.Цын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн айл тэр үед эзгүй байсан бөгөөд тэр хөнгөн цагаан авах гээд тухайн Ар руу орсон. ...Би тэр үед Бгэх найзтайгаа хамт явж байсан бөгөөд манай найз тэр үед машиндаа согтуу унтаж байсан учраас намайг хулгай хийснийг мэдээгүй. Харин сүүлд нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-65/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, хохирлын үнэлгээг тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 64 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Оовогт Д Цыг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Цын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 35 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 75-43 УНН улсын дугаартай Исүзү маркийн автомашиныг өмчлөгч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 38-07 тоотод оршин суух Ц.Б эзэмшилд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лапатак төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй талаар мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжтой байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оовогт Д Цыг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 35 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн 75-43 УНН улсын дугаартай Исүзү маркийн автомашиныг өмчлөгч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 38-07 тоотод оршин суух Ц.Б эзэмшилд шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лапатак төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Цын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ