Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00309

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09612 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь *******наас зээл авч, бүрэн төлж чадаагүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн шатны шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 4848 дугаар захирамжаар ******* ХХК-аас 404,499,906 төгрөгийг гаргуулан *******анд олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөд өгсөн бидний үнийн саналыг ******* хүлээж аваагүй гэх үндэслэлээр ******* ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчнээр томилуулан, ******* хорооны нутагт байрлах нүүрний эгнээний 566,2 м.кв, Г-******* өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, байшинг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 58,700,000 төгрөгөөр үнэлсэн.

1.3. Ийнхүү ******* газраас 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 3/21 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарч, ******* ХХК-ийн ******* хороо, ******* байрлах 556,60 м.кв талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан.

1.4. Улмаар ******* газрын албадан дуудлага худалдааны ажилтан дэслэгч ******* нь 2019 оны 03 сарын 15-ны өдөр Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, тус худалдаагаар дээрх газрыг *******д 43,090,000 төгрөгөөр худалдахаар болсон. Энэхүү төв замын дагуу цэвэр бохир ус, дулааны шугамд ойр, цахилгааны 0,4 квт буюу 380 вт-ын шугамд холбогдсон дэд бүтэц сайтай газрыг ******* газар дуудлага худалдаанд оруулан 43,090,000 төгрөгөөр борлуулсан нь хэт үнэгүйдүүлсэн үйлдэл байсан.

1.5. ******* ХХК-ийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч 2019 оны 03 сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Улмаар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03157 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 260 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын хуралдааны 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 001/ШХ2021/00003 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

1.6. Ингээд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00244 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны 00553 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн болно.

1.7. Нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ******* ХХК-ийн шинжээч *******ыг худал дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр гомдол гарган, тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* нь 221100590 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

1.8. Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 535 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийхдээ, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах эрх, чиг үүргийг эрх бүхий байгууллагад тусгайлан олгосон бөгөөд ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын үнэлгээний стандартыг баримтлаагүй, хөрөнгийн үнэлгээний тайланг холбогдох хууль, журмыг дагаж мөрдөөгүй, иргэн *******ын эзэмшлийн ******* хороо, *******тоотод байрлах, өмчлөх эрхтэй, 565.6 мкв талбайтай газрыг 58,700,000 төгрөг гэж үндэслэлгүй үнэлгээний тайлан гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шинжээч зориуд, худал дүгнэлт гаргах" гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа хэдий ч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

1.9. Ийнхүү ******* ХХК-ийн 2019 оны 18-04/Ш хөрөнгө үнэлгээний тайлан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хүчингүй болсон, мөн *******, ******* ХХК-иудын нягталсан дүгнэлтүүдээс хэт доогуур үнэлж уг тайланг буруу гаргасан нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон болно. Дээрх прокурорын тогтоолыг 2024 оны 06 сарын 04-ний өдөр гардаж аваад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасанд үндэслэн 2024 оны 06 сарын 10-ны өдөр ******* газрын харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.10. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэхэмжлэлээ иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах харьяаллыг зөрчсөн байна гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг 2024 оны 06 сарын 25-ны өдөр гардаж авсан. Иймд ******* газрын 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 3/21 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгүүдийг чиг үүргийн дагуу 2019 онд Банкны төлбөр барагдуулах газарт бүрэн шилжүүлж, тус газар нь харьяалан холбогдох ажиллагааг гүйцэтгэх болсон бөгөөд нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 4848 дугаар захирамжаар ******* ХХК-аас 404,499,906 төгрөгийг гаргуулан *******анд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичиг, мөн Банкны төлбөр барагдуулах газар холбогдох ажиллагааг явуулж байна.

2.2. Иймд ******* газраас тус иргэний хэрэгт холбогдуулан баримт гаргах, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх зэргээр хариуцагчаар оролцох боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* газарт холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/21 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх уг нэхэмжлэлийг 2025 оны 11 сарын 19-ний өдөр авч хэлэлцээд хууль болон төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь зүйтэй гэж үзсэн юм. Шүүх яагаад төлбөр төлөгчийн эрх зөрчигдөөгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

4.2. ******* газрын шийдвэрээр манай газарт үнэлгээ хийсэн ******* ХХК-ийн 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 18-04/ш тайлан нь хууль, журам, олон улсын стандартыг зөрчиж хийгдсэн, зах зээлийн үнээс хэт доогуур буруу үнэлсэн.

4.3. Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн мэргэжлийн хариуцагч ёс зүйн хорооны 2021 оны 09 сарын 10-ны өдрийн 208/21 дугаар дүгнэлтдээ ******* ХХК-ийн үнэлгээчин *******, үнэлгээчний туслах ******* нарын хийж гүйцэтгэсэн 2019 оны 18-04/ш хөрөнгийн үнэлгээний тайланд хөтлөгдсөн үнэлгээ хийсэн байх магадлалтай, үнэлгээний тайлан итгэл үнэмшил төрүүлэхгүй зориуд үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. Хууль журмыг дагаж мөрдөөгүй үндэслэлээр тооцож шийдвэрлэсэн юм.

4.4. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Прокурорын газрын 2024 оны 05 сарын 02-ний өдрийн 535 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн захирал үнэлгээчин ******* иргэн *******ын эзэмшлийн ******* тоотод байрлах өмчлөх эрхтэй 565,5 м.кв талбайтай газрыг 58.7 сая төгрөг гэж үндэслэлгүй үнэлгээний тайлан гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 21.4.1-т заасан Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна гэжээ.

4.5. Энэхүү хууль, журам, олон улсын стандартыг зөрчиж хийгдсэн 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 18-04/ш буруу тайланг үндэслэн дуудлага худалдаа явуулсан нь бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан заалтыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа болсон юм. Энэ нь аливаа асуудалд бодитой үнэн зөв хандаж, хэргийн учрыг шүүж тунгааж шийдвэр гаргахыг чухалчлах нь зөв.

4.6. Гэтэл бүх асуудлын үндэс суурь нь энэ буруу үнэлгээний тайлан байсан юм. Тийм учраас дуудлага худалдаа явуулах, ******* газрын шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан юм.

4.7. Прокурорын газрын 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 535 дугаар тогтоолоор ... иргэн ******* нь ******* ХХК-ийн шинжээч ******* нь худал дүгнэлт гаргасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлийн хэргийг МУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байна гэж дурджээ. Энэ нь үнэн боловч прокуророос үнэлгээчин ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан хуурамч дүгнэлт (худал) гаргасан байна гэсэн ******* ХХК болон ******* миний эрх ашиг хөндөгдсөн үг, өгүүлбэрийг зориуд хассан нь хуульд хөндөгдсөн, хөтлөгдсөн дүгнэлт гаргасан байна.

4.8. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд тодорхой үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хүчингүй болгосон нь ойлгомжгүй байх тул анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09612 дугаар шийдвэрийг буцаан шийдвэрлэж, хүчингүй болгож өнгө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* газарт холбогдуулан 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 03/21 дугаар Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... тус иргэний хэрэгт холбогдуулан баримт гаргах, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх зэргээр хариуцагчаар оролцох боломжгүй. гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрээр "*******" ХХК-аас 402,823,837 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* тоот хаягт байрлах 566 м.кв /хуучнаар 566.6 м.кв/ талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны зүйлийг 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 17/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 17/559 дугаар тогтоолоор хураах ажиллагааг гүйцэтгэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар өмнө нь Банкны хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба, болон Банкны төлбөр барагдуулах газрыг хариуцагчаар татан дараах нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

 

4.1. Банкны хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03157 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгө болох ******* хороо, ******* тоотод байршилтай, 566,60 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газрыг үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 260 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 001/ШХТ2021/00003 дугаар тогтоолоор нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

4.2. Дээрх иргэний хэргийг анхан шатны шүүх дахин хянаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00244 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 00553 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 001/ШХТ2022/00543 дугаар тогтоолоор гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна./хх-13-28/

 

4.3. ******* ХХК нь Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/00299 дугаар шийдвэрээр улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, *******тоот хаягт байршилтай 566,60 м кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 58,700,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 18-04/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 210/МА2025/00670 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ******* газар нэхэмжлэлийн хувийг 2025 оны 11 сарын 05-ны өдөр гардан авч, хариу тайлбар гаргасан байх ба тайлбартаа ... холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг чиг үүргийн дагуу гүйцэтгэж байгаа Банкны төлбөр барагдуулах газрыг хариуцагчаар оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр банкны төлбөр барагдуулах газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг харьяалан явуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлно.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагын зөв тодорхойлох талаар чиглүүлсэн боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч солих талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх хариуцагчийг солих, хариуцагч нь хариуцагчийг тодорхойлох боломжгүй.

 

Нэхэмжлэгч өмнө нь Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан атлаа ******* газар уг ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байх тул ******* газарт холбогдуулан гаргасан 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 03/21 дугаар Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримталсан алдааг залруулж, шийдвэрийн тогтоох хэсгээс хассан өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон дахин нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09612 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Г.НЯМСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР