| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/01991/И/Н |
| Дугаар | 210/МА2026/00310 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00310
*******, *******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/08044 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлтэй,
******* болон ******* нарын 2017.12.04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, ******* болон *******, ******* нарын 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******, ******* нар 2017 оны 12 сарын 04-ний өдөр ******* тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 50,000,000 төгрөгөөр ******* нь худалдаж авсан. Тухайн үед *******, ******* нар нь байр авахаар мөнгө цуглуулж байсан.
1.2. ******* нь тухайн үед ... та 2 байр авахаар мөнгө цуглуулж байгаа бол ахынхаа байрыг авчих, удахгүй төрөх гэж байгаа юм байна. Ах нь Нүхтэд шинэ байр авч байгаа ... гэх саналыг тавьсан тул хоорондоо тохиролцож, 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж үүнээс 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүний дараа байрыг нэр дээрээ шилжүүлж авсан байдаг. Үлдэх төлбөрөө сүүлд нь авна гэх нөхцөлтэйгөөр тохиролцсон.
1.3. ******* нь нэхэмжлэгчид ... Хүүхэд Хятад улсад сурч байгаа сургалтын төлбөрийг нь төлөх болоод байна байрны үлдэх төлбөрөө өгчих ... гэсэн тул ******* ББСБ ХХК-ийн барьцаанд тухайн байрыг 30,000,000 төгрөгөөр тавьсан. Уг зээлийн төлбөрөөс 19,500,000 төгрөгийг *******од бэлнээр өгч, үлдэх 50,000,000 төгрөгийг дансаар бага багаар өгсөн байдаг.
1.4. Ингээд 2022 оны 07 сард байрны түлхүүрийг авчирч өгсөн боловч ******* нь нүүгээгүй ба 2022 оны 08 сарын сүүлээр цус харваж өвчний улмаас хэвтэрт орж, 2022 оны 09 сарын 05-ны өдөр нас барсан. Үүнээс хойш ******* рүү залгаж тус байрыг суллаж өгөхийг мэдэгдэж, шаардсан боловч сүүлдээ утсаа авахгүй болсон. ******* нь ... байрыг суллаж өгөхгүй. 50,000,000 төгрөгийг буцааж өгөөд гал голомтоо авч үлдмээр байна ... гэдэг зүйлийг бол ярьсан байдаг.
1.5. Хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, ******* нарт мөнгөний яаралтай хэрэг гарсан тул тухайн байрыг ******* гэдэг хүнд 80,000,000 төгрөгт зарахаар 2022 оны 05 сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг 80,000,000 төгрөгийн 40,000,0000 төгрөгийг авч үлдэх 40,000,000 төгрөгийг төлөх хүртэл хугацаанд *******, ******* нар нь байрны өмчлөгчөөр хамт бүртгүүлсэн ба үлдсэн төлбөрийг авсны дараагаар ******* нь байрны өмчлөлөөс нэрээ хасуулахаар тохиролцсон. ******* нь төлбөрөө бүрэн барагдуулсан байна.
1.6. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн байрыг ******* нь нэхэмжлэгчид байрыг суллаж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч нь 1989 онд нөхөр болох *******той анх танилцсан. Бидний дундаас 2 хүүхэд маань төрж Эрдэнэт хотод анх амьдралаа эхлүүлж бид сайхан амьдарч байсан. Манай нөхөр Эрдэнэт хотын захиргаанд ажилладаг байсан. Тухайн байгууллагаас нь манай нөхөрт байр өгсөн. Манай нөхөр хувийн бизнес эрхэлдэг байсан учир Улаанбаатар хот руу шилжих болоод уг байраа *******ийн төрсөн ах ******* /тухайн үед Эрдэнэтэд амьдардаг байсан/ гэх дүүдээ нь өгсөн.
2.2. Тэгээд бид 2 Улаанбаатар хотод ирээд бизнесээ үргэлжлүүлэн явсаар 2009 онд маргаан бүхий байрыг худалдаж авсан. Байр авахаасаа өмнө түрээсийн байраар амьдарч байсан. Нэхэмжлэгч нар бүгд үүнийг мэднэ. Ингээд манай нөхрийн бизнес амжилттай байсан. 2009 онд манай охин урд сурдаг байсан ба хүргэж өгөөд эзгүй байхад нөхөр маань байрыг авсан ба татвар төлөхгүй гээд бэлэглэлийн гэрээгээр авсан.
2.3. 2017 оны 12 сарын 09-ний өдөр байр худалдаж авах гэрээ хийчихсэн байсныг би мэдээгүй, манай нөхөр 2021 оны 9 сард нас барсан ба үүнээс удаагүй 6 сарын дараа намайг шүүхэд өгсөн байдаг. Энэ үед гэрээ хийснийг мэдсэн. 2021 онд байрны түлхүүрээ өгсөн зүйл байхгүй. Тухайн үед манай нөхрийн найзууд баруун салаа руу ангийн уулзалттай гээд явсан ба гэрийн түлхүүрээ нэхэмжлэгчийн дэлгүүрт хаячих байх гээд үлдээсэн байдаг. Тэгээд дараа нь нэхэмжлэгчийн утас руу залгаад байрны түлхүүрээ авъя гэхэд өгөөгүй. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж надад байрыг буцааж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар тухайн байрыг ******* бусдад худалдахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр *******ийн нэр ороогүй ч гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө юм.
3.2. Энэхүү иргэний хэрэг үүссэнээс хойш маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх талаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангахгүй байсаар байгаад ******* хөрөнгийг бусдад худалдсан.
3.3. Иймд ******* болон ******* нарын хооронд 2017 оны 12 сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл, ******* болон *******, ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 12-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл болохыг тогтоолгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг арилгуулах буюу талийгаач *******ын эхнэр *******ийг маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нарын хариу тайлбарын агуулга:
4.1. Маргаан бүхий байрыг гэр бүлийн хамтын өмчлөх дундын хөрөнгө гэж тайлбарлаж байна. Анх 2009 оны 06 сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр *******ын нэр дээр шилжиж ирсэн байдаг. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 127.1.2-т бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байдаг.
4.2. Тиймээс маргаан бүхий байр нь *******ын хуваарьт эд хөрөнгө байна гэж хэрэгт баримт авагдсан байгаа. Хуваарьт хөрөнгөө бусдад зарахын тулд зохих этгээдийн зөвшөөрлийг авах ёсгүй. Гэхдээ *******, *******, н.******* нар нь гэрчээр мэдүүлэг өгдөг. Энэ мэдүүлэгтээ ******* эгч мэдэж байсан. Үлдсэн төлбөрөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Тэгэхээр энэ байрыг ******* нь *******, ******* нарт хэдэн төгрөгөөр худалдаж, хэдэн төгрөг авсан гэдгээ мэдэхгүй байх боломжгүй, энэ талаар мэдэж байгаа гэдэг тайлбарыг хэлдэг. Хариуцагчийн мэдээгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Иймд *******, ******* нарын 2017 онд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас үр дагавар шаардах шаардлагагүй байна.
4.3. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн үр дагаврыг өмчлөгчөөр *******ийг тогтоолгоно гэж тайлбарлаж байна. Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар яагаад өмчлөгчөөр *******ийг тогтоогдох ёстой гэдэг хууль зүйн үндэслэлийг ойлгосонгүй. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2015 онд буюу гэрээ хийхээс 3 жилийн өмнө хүнд зодуулаад Гэмтэл согог үндэсний төвд 2018 онд эмчлүүлсэн. Мөн ******* гэх эмнэлэгт 22 хоног эмчлүүлсэн байдаг. Эдгээр баримтуудаар ******* 2017 онд гэрээ хийхдээ өөрийн үйлдэл, учрах асуудлыг мэдэхгүй байсан гэдэг үйл баримт тогтоогдохгүй.
4.4. 2017 оны гэрээг бол нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлийн газарт нэрээр шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан. Ийм учраас өөрийн үйлдлийн учир явдлыг ойлгоогүй гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
4.5. Мөн хариуцагчаас 2022 оны 05 сарын 12-ны өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Тухайн хэлцлийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэж хуульчилсан. Гэтэл өнөөдөр хэлцэл хийсэн 2 тал хоёулаа хэргийн нэхэмжлэгчээр орсон.
4.6. Хариуцагч талыг яагаад дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзээд байгааг нь ойлгомжгүй. Худалдах, худалдан авах санаа зорилгоор хоёулаа нэг үр дүнд хүрч зарсан. Тэгээд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийм учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч *******ийн эзэмшлээс ******* тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.1.10, 56.5, 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг баримтлан ******* болон ******* нарын 2017.12.04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, ******* болон *******, ******* нарын 2022.05.12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч *******ийг ******* тоот орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Маргаан бүхий орон сууц гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх талаар шүүх дүгнэхдээ ... Хариуцагчийн дээрх тайлбараа аливаа баримтаар тогтоогдоогүй. Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж үзэх урьдчилсан нөхцөлийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй байх гэж томьёолжээ. ******* нь 2015 оны 11 сарын 19-ний өдөр ******* ББСБ ХХК-аас 55.000.000 төгрөгийг зээлж, маргаан бүхий орон сууцыг барьцаанд тавихдаа эхнэр *******ийг хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан үйл баримт нь ******* уг хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй таамаглалын шинжтэй дүгнэлт болсон гэж үзэж байна.
6.2. Учир нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-д бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан эд хөрөнгө гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байхаар тодорхой заасан бөгөөд өөрийн хуваарьт хөрөнгөө эхнэртэйгээ хамтран зээлсэн зээлийн барьцаанд бариулсан байдлыг шууд дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд зээлдэгчийн үр хүүхэд хань ижил, аав ээж, найз нөхөд гэх мэт хэн ч хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч байж болох бөгөөд тэр бүгдийг барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч гэж үзэж боломжгүй.
6.3. Хариуцагч дээрх орон сууцыг ... үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээг хэлбэрийн хувьд хийсэн боловч үнийг төлж худалдан авсан гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.
6.4. *******ээс зөвшөөрөл авах шаардлагатай эсэх талаар шүүх дүгнэхдээ ... энэ хэргийн тохиолдолд өмчлөх эрх олж авах үеийн итгэл үнэмшил шударга байсан эсэхээс хэний эрх ашиг хамгаалагдах нь шийдэгдэнэ. *******ийн хувьд өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэж байгаа боловч хэлцэл хийх үед ******* эхнэр, хүүхдийн хамт тухайн орон сууцанд амьдарч байсан, тэдний хамтын амьдралын хугацаа, төрүүлсэн хүүхдүүд зэрэг нөхцөл байдалтай харьцуулан дүгнэвэл тэрээр *******ын төрсөн дүү болохын хувьд уг орон сууц, тэдний гэр бүлийн хөрөнгө болохыг мэддэг байсан гэж үзнэ. ... Эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохын тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж зааснаар нэхэмжлэгч *******ийн эрх, ашиг сонирхол энэ тохиолдолд хамгаалагдахгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй таамаглалын шинжтэй дүгнэлт болсон гэж үзэж байна.
6.5. ******* нь орон сууц худалдан авахаар өөрийн нөхөртэй мөнгө цуглуулж байсан бөгөөд ******* нь өөрийн байрыг худалдан авах саналыг тавьсан тул цуглуулсан мөнгөө ахдаа өгч түүний орон сууцыг худалдан авч, үлдэгдэл төлбөрийг тус орон сууцыг барьцаалж зээл аваад төлсөн байдаг. Тухайн үед ******* нь Хятад улсад сурч буй хүүхдийнхээ төлбөрийг төлөхөд дээрх орон сууцны төлбөрт *******ээс авсан мөнгөө зарцуулах шаардлагатай байгаа талаараа хэлж байсан. Энэ нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн н.******* болон ******* нарын мэдүүлэг *******ийн тайлбараас харагдана. Үүнээс харахад ******* нь дээрх орон сууцыг түүний нөхөр ******* төрсөн дүү *******т зарсан болохыг огт мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мэдэх боломжтой, тухайн орон сууцыг худалдан авсан төлбөрт *******ийн төлсөн мөнгийг хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байна.
6.6. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар гэр бүлийн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан боловч Улсын дээд шүүхийн 2009 оны 20 дугаар тогтоолд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд авна, эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй гэж тодорхой тайлбарласан.
6.7. Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйл, 109 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд улсын бүртгэлд өмлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг л өмлөгч гэж үзэх бөгөөд уг бүртгэлд бүртгэгдээгүй боловч хамтран өмчлөх эрхтэй бусад хүмүүсийн талаар шалгах шаардлагагүй юм. Гэтэл шүүх ******* нь *******ын төрсөн дүү учир тэдний гэр бүлийг мэддэг болохоор *******ийн бичгээр гаргасан, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
6.8. ******* нь үл хөдлөх хөрөнгийг худалдан авах гэрээ байгуулахдаа хуульд огт заагаагүй шаардлагыг ахдаа тавьж заавал эхнэрийнхээ зөвшөөрлийг бичгээр өг гэж шаардах ямар ч боломжгүй юм.
6.9. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан заалтыг шүүх үндэслэл болгон өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэх байдлаар *******ийг буруутгаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл тухайн үед ******* нь Нүхтэд хаус худалдан авч нүүх гэж байгаа учир байрыг худалдан авахыг *******т санал болгосон бөгөөд тэд хуулийн дагуу нотариат орж, орон сууцыг худалдах худалдан авах гэрээг байгуулан, хуулийн дагуу улсын бүртгэлд хандаж нэрээ шилжүүлэн өгсөн байдаг. Иймд *******ийг орон сууцыг худалдан авах хэлцэл хийхдээ хуульд байхгүй шаардлагыг тавиагүй нь буруу гэж буруутгах боломжгүй юм.
6.10. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл төлбөрийг "******* ББСБ-аас байрыг барьцаанд тавьж зээл авч төлсөн болох нь дансны хуулгаар нотлогддог, мөн 5,500,000 төгрөгийг *******ын данс руу хэсэгчлэн шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог.
6.11. ******* нь *******ийн төрсөн ах бөгөөд орон сууцны үнийг Хятадын юань болгох хэрэгтэй байгаа тул бэлнээр авахыг хүссэн тул бэлнээр өгсөн тухайгаа тайлбарлаж, нотлох баримтуудыг гарган өгсөн. Зохигч талууд орон сууцны үнийг төлсөн эсэх асуудлын талаар огт маргаагүй бөгөөд 2017 оноос хойш буюу ХХАГ байгуулагдсан цаг хугацаанаас хойш гэрээний орон сууцны үнийн асуудлаар маргаан гарч байгаагүй байхад шүүх дээрх дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй байна.
6.12. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч өөрөө шүүгчийн эвлэрэх боломж байгаа эсэх талаар тодруулахад 50 сая төгийг нь эргүүлэн өгөөд эвлэрэх боломжтой гэж анх худалдан авсан үнийг хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан үйл баримыг үнэлэлгүй хэн нэг талыг барьсан байна.
6.13. Нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариуцагчийн татгалзал, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг мөн агуулгаар нь тодорхойлох хэсэгт дурдана гэж зааснаас харах юм бол шүүх өөрөө санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх хэмжээ байхгүй бөгөөд шийдвэрээ гарахын тулд нэхэмжлэгчийг хөтөлж асуун өөрт хэрэгтэй хариулт авсны дараа түүнийгээ үндэслэн өвчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль бус байна
6.14. Нэхэмжлэгч *******, ******* нар орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар шүүх дүгнэхдээ Нэхэмжлэгч *******ийн 2022 оны 04 сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлд хариуцагч ******* 2022 оны 05 сарын 10-ны өдөр хариу тайлбар гаргасан байх ба үүнээс хойш 2 өдрийн дараа 2022 оны 05 сарын 12-ны өдөр *******ээс орон сууцыг худалдах гэрээг *******, ******* нартай байгуулсан, өөрийн хамтран амьдрагчид шилжүүлэхээр тохирсон, 40,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй зэргээс үзэхэд дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
6.15. 2022 оны 05 сарын 12-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний худалдагч тал нь ******* бөгөөд худалдан авагч тал нь ******* юм. Тухайн үед ******* нь орон сууцны үнийг хэсэгчлэн төлсөн учир үлдэх төлбөрийг төлөх хүртэл *******г хамтран өмчлөгчөөр байлгахаар, орон сууцны үнийг бүрэн төлсний дараа *******г хамтран өмчлөгчөөс хасуулахаар тохиролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар орон сууцны үнийг ******* нь бүрэн төлсөн тухайгаа гэрээний талууд шүүхэд тайлбарлан хэлсэн. Өөрөөр хэлбэл ******* нь хамтран амьдрагч *******д байрыг худалдах санаа зорилго байгаагүй ч *******т байрыг худалдах санаа зорилго байсан болох нь тогтоогдож байна.
6.16. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог буюу талууд орон сууцыг худалдах, худалдан авах санаа зорилгогүй байсныг ойлгоно.
6.17. Гэтэл худалдагч тал болох ******* нь тухайн үед үнэхээр мөнгөний шаардлага гарсан болохоор байрыг зарахаар О.*******ийг байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч гараагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд зар тавьж ******* гэх хүнд худалдсан гэж тайлбарладаг бөгөөд үүнийхээ ч дагуу өөрөө нэхэмжлэх эрхгүй болсноо ойлгож, нэхэмжлэгчийг *******оор солих хүсэлт гаргаж, нэхэмжлэгч байхаа больж байсан. Тухайн үед *******той байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх ямар ч боломжгүй болсны үндсэн дээр хэргийг түргэн шуурхай нэг мөр шийдвэрлүүлэхийн тулд дахин хамтран нэхэмжлэгчээр орж ирсэн байдаг.
6.18. Харин худалдан авагч ******* нь мөн зарын дагуу холбогдож байрыг худалдан авахаар тохиролцож, худалдах худалдан авах гэрээ хийсэн бөгөөд үнийг бүрэн төлсөн гэдгээ тайлбарлаж, *******, ******* нараас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн, мөн өөрийн өмчийг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэхээр хэрэгт нэхэмжлэгчээр орж, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч авч оролцож байсан.
6.19. Анхан шатны шүүхээс өвлөгчөөр ганц *******ийг тогтоож шийдвэрлэсэн нь бусад өв залгамжлагч нарын эрх ашгийг тэдгээрийн өвийн асуудлаар шаардлага гаргах эрхийг хязгаарласан, ноцтой зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа ... маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн байна гэжээ. Дээрх орон сууц нь хэрэгт авагдсан баримтуудаар *******ын хуваарьт өмч болох талаар хангалттай баримтууд авагдсан байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй байна.
7.2. Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч ******* маргаан бүхий орон сууцны үнийг *******од бэлнээр төлсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй гэжээ. Тус маргаан бүхий орон сууцны үнийг төлсөн учраас ******* нь *******т шилжүүлсэн болох нь эргэлзээгүй бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. Харин үнийг бага төлсөн гэж маргадаг.
7.3. Нэхэмжлэгч *******ын хувьд улсын бүртгэл үнэн зөв хийгдсэн байсан учраас *******ээс орон сууцыг худалдаж авсан тул ******* болон ******* нарын орон сууцны үнийн талаарх асуудал миний өмчлөх эрхэд халдах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 192/ШШ2025/08044 дугаар шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэг хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тал бүрээс нь хянан хэлэлцэж, эрх зүйн болон хууль зүйн дүгнэлтийг хийсэн.
8.2. Нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий орон сууцыг миний өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд би өмчлөгч учраас өмчлөлийн зүйлээ хууль бусаар бус эзэмшлээс чөлөөлүүлье гэх агуулгаар шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс тухайн маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө юм. Энэ хөрөнгийг худалдан борлуулах үндэслэл байвал гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авна. Зөвшөөрөл аваагүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэх агуулгаар *******, ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.
8.3. 2024 оны 1030 дугаар магадлалаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон үр дагаврыг тодорхойл гэх агуулгаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Тухайн маргаан бүхий орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгохын тулд үр дагавраа тодорхойлсон. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга нь маргаан бүхий орон сууцыг талийгаач *******ын хувьд 2017 онд бол Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээгээр авсан. Тус орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр авсан учир тухайн үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.4.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хуваарилах хөрөнгө юм гэх агуулгаар маргасан. Энэ талаар давж заалдах гомдолдоо дурдсан байна.
8.4. Тухайн хөрөнгө хуваарьт хөрөнгө биш талаар анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, ах дүүгийн холбоотой хүмүүс орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч ******* нь ах *******ыг эхнэр, хүүхэдтэй байсан талаар мэдэж байсан гэх тайлбар болон дүгнэлтийг хийсэн. Тухайн орон сууц нь 2 удаа зээлийн харилцаанд орсон. Энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн.
8.5. *******, ******* нарын хувьд Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлт дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, ******* нь нас барсан. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүл цуцлагдаагүй, цуцлагдсан бол өмчлөлийн асуудал яригдах ёстой. Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн харилцаа нас барснаар дуусгавар болсон учир өмчлөл, өрийн асуудал яригдах ёстой.
8.6. Нэхэмжлэгч гомдолдоо *******ээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэжээ. Улсын Дээд шүүхийн 2009 оны 20 дугаар тогтоолоор шаардах эрх үүсэхгүй гэж дурдсан байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаар тайлбар гаргасан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байгаа юм гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан.
8.7. Маргаан бүхий орон сууцны үнийг төлсөн. Эхлээд 15,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг зээл авч 19,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 5,500,000 төгрөгийг төлсөн гэж илэрхийлдэг. 2022 оны 07 сарын 07-ны өдөр анхны шүүх хуралдаан болсон. Тус шүүх хуралдаанд гэрчээр н.******* оролцсон. н.******* нь *******ийн эгч бөгөөд *******ын дүү юм. Хариуцагчаас тухайн орон сууцны үнэ төлбөрийг хэзээ, хаана, хэнд өгсөн бэ гэж тодруулахад ******* ******* нар нь орон сууц худалдаж авах зорилгоор 25,000,000 төгрөг цуглуулж байсан гэж тайлбарладаг.
8.8. Иймд тухайн гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримттай дүйцэж байж нотлох баримтын шаардлага хангана. Сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлүүдийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Түүнчлэн орон сууцны үнэ төлсөн эсэх асуудлаар давж заалдах гомдолд ... ******* нь *******ийн төрсөн ах бөгөөд орон сууцны төлбөрийг юань болгох хэрэгтэй байгаа бөгөөд тус төлбөрийг бэлнээр авахыг хүссэн тул бэлнээр өгсөн тухайгаа тайлбарлаж нотлох баримтуудыг гаргаж өгсөн гэж тайлбарладаг. Хэрэгт орон сууцны төлбөр төлсөн талаарх баримтууд байдаг.
8.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчид үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүрэгтэй. Тухайн үүргийг нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл биелүүлж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ******* нь 2017 оны 12 сарын 04-ний өдөр өөрийн төрсөн ах *******той маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг 40,000,000 төгрөгөөр байгуулсан. ******* болон ******* нар нь эцэг ондоотой төрсөн ах дүүс юм. Хариуцагч болон сөрөг нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууц нь 2017 оны байдлаар ямар үнэлгээтэй байсан талаар гаргуулсан. 2017 оны байдлаар маргаан бүхий орон сууц нь 101,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тус маргаанд 40,000,000 төгрөгийн үнэлгээний асуудал яригддаг.
8.10. Эдгээрээс дүгнэхэд ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх нь эргэлзээтэй байна. *******ын эрүүл мэндийн шалтгааны талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хуралдааны явцад эвлэрлийн асуудал яригдсан. Нэхэмжлэгч нь хэрэв эвлэрсэн тохиолдолд 80,000,000 төгрөг авна, эвлэрэхгүй бол 125,000,000 төгрөг авна гэх асуудал яригдсан. Бидний зүгээс эвлэрэх саналтай байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг 40,000,000 төгрөгөөр байгуулсан учир тухайн мөнгийг өгье гэж санал тавьсан. Бид арга барсан учир энэ байдалд хүрсэн.
8.11. Иймд өнөөдрийг хүртэл хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ч.*******ийн хувьд тухайн орон сууцад амьдарч байгаа бөгөөд энэ нь хорооны засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэрэг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдлуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдсан. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ нь шударга ёсонд нийцэх ёстой юм болов уу гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар хариуцагч *******т холбогдуулан ******* тоот орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Хариуцагч ******* нь *******той 1991 оноос хамт амьдарч, 1998 оны 11 сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 1992 оны 09 сарын 13-ны өдөр охин *******, 2001 оны 03 сарын 08-ны өдөр хүү ******* нар төрсөн,
3.2. ******* болон *******, *******, ******* нарын хооронд 2009 оны 06 сарын 08-ны өдрийн 0098200 дугаар Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* тоот орон сууцны өмчлөгчөөр ******* бүртгүүлсэн,
3.3. ******* болон ******* нар 2017 оны 12 сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр ******* тоот орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, өмчлөх эрхийг *******т шилжүүлэн бүртгүүлсэн,
3.4. ******* 2021 оны 09 сарын 07-ны өдөр нас барсан,
3.5. ******* болон *******, ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр маргааны бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг *******, ******* нарт шилжүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх хариуцагч *******ийн эзэмшлээс ******* тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, ******* болон *******, ******* нарын байгуулсан 2022 оны 05 сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт нийцжээ.
4.1. Бэлэглэлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх хэлцэлд хамаарах тул өдөр тутам хийгдэж байдаг нийтлэг шинжтэй гэрээ боловч бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулах хувийн харилцаа үүссэн байхыг шаардана. Өөр хоорондоо харилцаа, хамааралгүй этгээдүүд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх нь практикт худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийгддэг.
Хариуцагч *******ийн ... маргаан бүхий орон сууцыг 2009 оны 06 сарын 08-ны өдөр талийгаач ******* нь *******ийг гадаад улс руу явсан хойгуур үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээг хэлбэрийн хувьд хийсэн боловч үнийг төлж худалдан авсан гэсэн тайлбар, мөн ******* болон *******, *******, ******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх хувийн харилцаа байсан эсэх үйл баримтыг нэхэмжлэгч нар нь хэргийн баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Анхан шатны шүүх талийгаач ******* нь маргаан бүхий орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн авсан боловч уг орон сууцыг шилжүүлэн авсан хугацаанаас хойш гэр бүлийн хэрэгцээнд зориулагдаж, гэр бүлийн хамт амьдарч байгаа, мөн 2015 оны 11 сарын 19-ний өдөр ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд орон сууцыг бариулахдаа эхнэр *******ийг хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож байсан зэргийг харьцуулан үнэлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
4.2. Талийгаач ******* болон ******* нарын хооронд 2017 оны 12 сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахад Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах журам үйлчилнэ.
Хэрэгт цугларсан баримтаар талийгаач ******* нь *******т орон сууцыг худалдахдаа *******ээс уг зөвшөөрөл аваагүй байх тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар талийгаач ******* болон ******* нарын хооронд 2017 оны 12 сарын 04-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Нэхэмжлэгч ******* болон ******* нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар төрөл, садангийн харилцаатай тул уг гэрээг байгуулахдаа *******, болон түүний хүүхдүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх талаар мэдэж байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн хамгаалалт үйлчлэхгүй талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан бүртгэл үнэн зөв байх зохицуулалтыг хэрэглэхгүй талаар дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан этгээд гэр бүлтэй эсэхийг шударга өмчлөгч мэдэх боломжгүй тохиолдолд уг зохицуулалт хэрэглэгдэх ба нэхэмжлэгч ******* нь ... ******* мэдэж байсан ... гэсэн тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
4.3. *******ийн өмчлөх эрх олж авсан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан ******* болон *******, ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлд нийцэж байна.
Анхан шатны шүүх ******* болон ******* нар нь гэр бүлийн харилцаатай, мөн *******, ******* нар нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй талаар дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
******* болон *******, ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл буюу үнийг гэрээний 2.1-д 40,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч, бодит байдалд 80,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа хэдий ч гэрээний үнийг төлсөн байдал баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн тул *******, ******* нарын өмчлөх эрх хамгаалагдахгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч *******ын гомдол үндэслэлгүй байна.
5. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ *******ийг ******* тоот орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцэхгүй байна.
5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заажээ.
Шүүх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцсон бол хүсэл зоригийн илэрхийлэл үгүйсгэгдэж, гэрээ байгуулахаас өмнөх байдалд шилжих зохицуулалттай.
******* болон *******, ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 12-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсноор *******ийн нэр дээр өмчлөх эрх шилжих үр дагавартай.
Талийгаач ******* болон ******* нарын хооронд 2017 оны 12 сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсноор талийгаач *******ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.
Харин, хариуцагч ******* болон түүний хүүхдүүд нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвийн журмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг авах эсэх нь энэ маргаанд хамааралгүй, тусдаа эрх зүйн үйлдэл байх тул *******ийг хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан үндэслэлд хамаарч байна.
5.2. Нэхэмжлэгч ******* ... маргаан бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг бэлнээр, ******* ББСБ-аас байрыг барьцаанд тавьж зээл аван 19,500,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 5,500,000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн гэж тайлбарласан.
Анхан шатны шүүх гэрч О.*******гийн 2022 оны 07 сарын 07-ны өдөр гаргасан мэдүүлэгт ... орон сууцны үнэд 25,000,000 төгрөг төлсөн ... талаар дурдагдсан хэдий ч гэрчийн мэдүүлгийг бусад нотолгооны хэрэгслээр дэмжээгүй тохиолдолд үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэхгүй талаар дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.
*******, ******* нар нь ******* ОМЗ ББСБ ХХК-аас 2017 оны 12 сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд маргаан бүхий орон сууцыг барьцаалсан байна. Гэхдээ уг зээлийн мөнгөн хөрөнгөөс 19,500,000 төгрөгийг *******од бэлнээр өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул 19,500,000 төгрөг төлсөн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
******* нь 5,500,000 төгрөгийг талийгаач *******ын дансаар шилжүүлсэн байх боловч гүйлгээний утга нь орон сууцны үнэ гэх агуулгагүй, харин bagnuur гэсэн утгатай байх тул орон сууцны үнэ төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
5.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар ******* нь хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул ******* тоот орон сууцыг талийгаач *******ын нэр дээр улсын бүртгэлийг сэргээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нарт улсын бүртгэлийг сэргээх эрх хэмжээ байхгүй тул давж заалдах шатны шүүхээс ******* тоот орон сууцыг талийгаач *******ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ.
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч хөрөнгийг бодитоор эзэмшиж байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай.
Хариуцагч *******ийн маргаан бүхий орон сууцыг эзэмшиж буй эзэмшил нь хууль ёсны байх тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Анхан шатны шүүх ******* тоот орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай *******, ******* нарын нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байх тул уг зохицуулалтыг хассан хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/08044 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* болон ******* нарын хооронд 2017 оны 12 сарын 04-ний өдөр байгуулагдсан Худалдан худалдан авах гэрээ, ******* болон ******* ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 12-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эрхийг улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг талийгаач ******* /*******/-ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч *******оос төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
С.ЭНХБАЯР