| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0213/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/212 |
| Огноо | 2019-10-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Ж.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Ж Тд холбогдох 1912005030242 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Мовогт Ж Т /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ эхлэл” төвийн байрнаас Аpple загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912005030242 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цмэдүүлсэн: ...Манай “Шинэ эхлэл төв” ХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай, аялал жуучлал, кафе, бакери, буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Хөрөнгө оруулагч захирал Марри Бенны албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний бие ерөнхий менежер Э.Ц болно. Архангай аймаг дахь үйл ажиллагааг би өөрийн биеэр хариуцдаг. Би уг хэрэгт өөрийн байгууллагыг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Апле мак бүүк нэртэй саарал өнгийн нөүтбүүк нь хэн нэгэн хүний өмчийнх биш, манай байгууллагын нөүтбүүк байгаа юм. Монгол Улсад 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс ашиглаж байгаа. Өмнө нь Австрали улсдаа ашиглаж байсан. Нөүтбүүкийг хүлээж авсан. Гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.М мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед намайг ажил дээрээ байхад нэг залуу ирээд буудалд өрөө авъя гэсэн. Тэгээд өрөө авахаар болж 10 дугаартай өрөөг авч байрласан. Орой нь би 2 давхарын өрөөнөөсөө нэг давхарт бууж 15 минут орчим болоод өрөөндөө орсон чинь миний ширээн дээр байсан зөөврийн компьютер алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед ажлын газрынхаа хяналтын камерыг шалгаж үзсэн чинь 21 цагийн орчимд манай өрөөний үүдэнд нөгөө 10 дугаартай өрөөнд байрлаж байсан залуу ирээд миний ширээн дээр байсан нөүтбүүкийг аваад гарч байгаа бичлэг байсан. Энэ нөүтбүүк манай ажлын газрын нөүтбүүк байсан юм. Манай алдагдсан нөүтбүүк Апле маркийн, цулгуй, саарал өнгөтэй бөгөөд манайд ашиглагдаад 5 жил болж байгаа. Өөр хүн ашиглах боломжгүй. Өөр ямар нэг онцлох, содон шинж тэмдэг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Оын мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө намайг ажил дээрээ сууж байхад хамар нь халцарсан, намхан, тарган, бор залуу орж ирээд саарал өнгийн Апле маркийн зөөврийн компьютер гаргаж ирээд, миний компьютерын кодыг гаргаад өгөөч гэсэн. Тэгээд сүүлдээ ах нь хамаг юмаа хулгайд алдчихсан, явах зардалгүй боллоо, 2 хоногоос өөрөө ирээд авчихна гэсэн. Тэгээд тэр ах надаас 85.000 төгрөг өгчих, би нөүтбүүкээ орхиод явъя гэхээр нь би 85.000 төгрөг өгөөд нөүтбүүкийг нь аваад үлдсэн. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй бөгөөд тэр хүн эд зүйлийг хаанаас авч ирснийг нь, мөн тэр хүн хаанахын хүн болохыг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Тмэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирлоо барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 08 хуу/
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтад үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 07хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 166 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 41 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ эхлэл” төвийн байрнаас Апле загварын зөөврийн компьютер хулгайлагдаж, 650.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Т нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ эхлэл” төвийн байрнаас Апле загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цмэдүүлсэн “Би уг хэрэгт өөрийн байгууллагыг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Апле мак бүүк нэртэй саарал өнгийн нөөтбүүк нь хэн нэгэн хүний өмчийнх биш, манай байгууллагын нөөтбүүк байгаа юм. Нөүтбүүкийг хүлээж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.М мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед намайг ажил дээрээ байхад нэг залуу ирээд буудалд өрөө авъя гэсэн. Тэгээд өрөө авахаар болж 10 дугаартай өрөөг авч байрласан. Тэгээд орой нь би 2 давхарын өрөөнөөсөө нэг давхарт бууж 15 минут орчим болоод өрөөндөө орсон чинь миний ширээн дээр байсан зөөврийн компьютер алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед ажлын газрынхаа хяналтын камерыг шалгаж үзсэн чинь 21 цагийн орчимд манай өрөөний үүдэнд нөгөө 10 дугаартай өрөөнд байрлаж байсан залуу ирээд миний ширээн дээр байсан нөүтбүүкийг аваад гарч байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Оын мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө намайг ажил дээрээ сууж байхад хамар нь халцарсан, намхан, тарган, бор залуу орж ирээд саарал өнгийн Апле маркийн зөөврийн компьютер гаргаж ирээд миний компьютерын кодыг гаргаад өгөөч гэсэн. Тэгээд сүүлдээ ах нь хамаг юмаа хулгайд алдчихсан, явах зардалгүй боллоо, 2 хоногоос өөрөө ирээд авчихна гэсэн. Тэгээд тэр ах надаас 85.000 төгрөг өгчих, би нөүтбүүкээ орхиод явъя гэхээр нь би 85.000 төгрөг өгөөд нөүтбүүкийг нь аваад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, мөрдөн байцаалтын шатанд Ж.Тяллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирлоо барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 08/, хулгайд алдагдсан эд зүйлийн хохирлын үнэлгээг тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 166 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Мовогт Ж Т бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Тбичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Ж.Т нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мовогт Ж Т бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Т нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ттэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Тбичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ