Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00228

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10214 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

83,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******д өөрийн өмчлөлийн 2 өрөө байрны гэрчилгээг залилуулж, улмаар 2019 оны 04 сарын 03-ны өдөр орон сууц эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ бүрэн алдсан. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/536 дугаарт шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

1.2. Ингэхдээ хариуцагч *******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан өмчийн эсрэг гэмт хэрэг, залилах гэмт хэргийг үйлдэж, нэхэмжлэгчийн орон сууцыг шилжүүлж, өмчлөх болон ашиглах, эзэмших эрхийг нь хязгаарласан гэдэг нь шүүхээр тогтоогдсон.

1.3. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан гэм хорын хохирлыг мөнгөн дүнгээр шаардахыг иргэний журмаар жичдээ шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээгээд *******д ял шийтгэл оногдуулсан.

1.4. Нэхэмжлэгч нь ******* хөрөнгийн үнэлгээний газраар тухайн орон сууцыг эзэмших ашиглах, өмчлөх эрхээ алдсан хугацаанаас буюу 2019 оны 04 сараас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслээд дууссан буюу 2025 оныг хүртэл хугацаанд тус орон сууцыг түрээсэлсэн бол ямар хэмжээний орлого олох байсан талаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ба уг үнэлгээгээр 2019 оны 04 сараас 12 сарыг хүртэл, нийт 9 сарын хугацаанд 1 сарын түрээсийн төлбөр нь 950,000 төгрөг буюу 2019 онд 8,550,000 төгрөг, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарыг дуустал хугацаанд нийт 12 дугаар сарын хугацаанд тухайн 1 сарын түрээс нь 1,065,000 буюу 12,780,000 төгрөг, 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарыг дуустал буюу 12 сарын хугацаанд 1 сарын түрээс нь 1,100,000 төгрөгөөр тооцоход 13,200,000 төгрөг, 2022 оны 12 сарын хугацаанд 1 сарын түрээс нь 1,327,500 төгрөгөөр тооцоход 15,930,000 төгрөг, 2023 оны 12 сарын хугацаанд түрээсэлсэн бол 1 сарын түрээс нь 1,432,500 төгрөг, нийт 17,190,000 төгрөг, 2024 оны түрээсийн төлбөр нь 1 сарын төлбөр нь 1,550,000 төгрөгөөр тооцоход 15,500,000 төгрөг, нийтдээ 83,150,000 төгрөгийг олох боломжтой байсан гэж тооцсон байна.

1.5. Тиймээс тухайн хугацаанд хариуцагч ******* нь Эрүүгийн хуулийн 17.3-д заасан өмчийн эсрэг гэмт хэрэг буюу залилах мэхлэх гэмт хэргийг үйлдээгүй бол ийм хэмжээний орлогыг олох ёстой байсан тул хариуцагчаас 83,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 536 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоолуудаар хариуцагчийн гэм буруутай эсэх тухай тогтоосон байдаг.

2.2. Ингэхдээ хохирол, төлбөрийн талаар гэсэн хохирогчийн орон сууцыг түрээсэлж амьдарч байсан тохиолдолд олох ёстой байсан орлого 60,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч ийнхүү хор уршгийн хэмжээг бодитой тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэх үүрэгтэй гэж заасан.

2.3. Тийнхүү орон сууц хохирогчийн өмчлөлд байсан тохиолдолд тухайн орон сууцыг заасан орон сууц, хохирогчийн өмчлөлд байсан тохиолдолд орон сууцыг бусдад түрээслүүлэх замаар тодорхой орлого олох ёстой байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа олох ёстой байсан орлого гэдэг энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэдгийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр тогтоогдохгүй байна гэсэн нөхцөл байдлаар дүгнэчихсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******ас 83,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Учир нь нэхэмжлэгч *******гийн тухайд хариуцагч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан өмчийн эсрэг гэмт хэргийн улмаас өөрийн өмчлөлийн ******* тоот хаягт 2 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцаа эзэмших, өмчлөх, ашиглах эрхээ алдсан.

4.2. Тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт болон хариуцагч нарын тайлбараар орон сууцыг хариуцагч ******* нь эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу 2024 оны 11 сарыг хүртэл орон сууцаа өөрийн эзэмшилд авч өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх орон сууцыг буцаан өгснөөр *******д учирсан хохирол арилсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг ******* нь хариуцагч *******д залилуулж алдахаас өмнө өөрөө бусад этгээдэд түрээслүүлж орлого олдог байсан. Энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэлгүйгээр хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.

4.4. Уг хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй. Учир нь ******* нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотол гэсэн шүүгчийн захирамжийн хүрээнд өөрт байгаа боломжийг ашиглаж хөндлөнгийн үнэлгээний газар болох ******* ХХК-аар тухайн хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол ямар хэмжээний мөнгөн хөрөнгө олох байсан талаар он, оны дэс дарааллын дагуу үнэлгээг гаргуулсан.

4.5. Хариуцагч нь тухайн баримттай маргадаггүй. Гэтэл уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу талын өөрсдийн тайлбарыг өөрсдөө нотлох үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч нотлох баримтаа гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу уг баримт нь нотлох баримтын шаардлага хангасан буюу эх хувиар нь хэргийн материалд хавсаргасан. Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн баримтыг үнэлээгүй. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх шаардлага хангаагүй.

4.6. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талын байр суурийг баримталсан буюу талуудын тэгш эрхийг хангаагүй. Өөрөөр хэлбэл хэрэгт хариуцагчийн зүгээс хариу тайлбар татгалзлаа нотолсон ямар нэгэн баримт өгөөгүй. Гагцхүү шүүхэд гаргасан тайлбартаа Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг үндэслэж тайлбарладаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 05 сарын 21-ний өдөр 2024/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоолд нэхэмжлэгч *******г өөрт учирсан хохирлоо жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.

4.7. Уг эрхийнхээ хүрээнд өөрт учирсан эдийн баялагтай холбоотой хохирлоо иргэний шүүхэд нэхэмжилсэн. Энэ нөхцөл байдлыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзаж үзээгүй. Зөвхөн хариуцагч нарын амаар гаргасан хариу тайлбарт хөтлөгдөж, хэрэгт цугларсан баримтыг бүхэлд нь шинжлэн судалж, хуулийг үндэслэлтэйгээр хэрэглээгүй. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаарх тайлбар нь зөрүүтэй.

4.8. Гагцхүү шүүхийн шийдвэр хуульд нийцсэн буюу хэргийг үндэслэлтэйгээр шийдвэрлэх, талуудын тэгш байдлыг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй. Гэтэл энэ хэргийн тухайд шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан болох нь тогтоогдож байна. Эрүүгийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэл зүй болон урьдын байдалд орох нөхцөл нь хомс Монгол Улсын хүрээнд тухайн бусад хохиролтой байгаа буюу ухрааж болохгүй цаг хугацааг эдийн баялагт тооцох буюу мөнгөөр тооцох зохицуулалтай.

4.9. Гэтэл шүүх эрүүгийн гэмт хэргийн хохирогчийн бодит хохирлыг өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу баримтаа хавсарган нэхэмжлэлээ гаргасан байхад хуулийг буруу хэрэглэж дахин хохироож байгаад гомдолтой байгаа тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн хууль ёсны зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч тал зохигч үйл баримт болон үнэлгээ, хохирол учруулсан гэх асуудлаар маргадаггүй гэх агуулга бүхий гомдол гаргасан.

5.2. Гэтэл хэргийн материалд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байдаг. Хариуцагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гарсан.

5.3. Нэхэмжлэгч тал олох ёстой байсан орлогын асуудалтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдоогүй гэх үндэслэлээр энэ асуудлыг нээлттэй орхиж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн 7 дахь талд авагдсан баримтын талаар дурдсан. Хэрэв эрүүгийн журмаар шийдвэрлэх үед эдгээр баримтууд байсан бол шүүх энэ талаар дүгнэх боломжтой байсан. Гэтэл шүүхээс дүгнэх боломжгүй буюу нотлох баримт байхгүй гэж үзэн тухайн хохирлыг хангаж шийдвэрлээгүй.

5.4. Нэгэнт тодорхой болсон үйл баримт учраас үүнийг олох ёстой байсан орлогыг нотолсон баримт гэж үзэх боломжгүй. Хэрэгт ******* ХХК-ийн үнийн саналыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал хохирлын үнэлгээ хийлгэсэн, тодорхой хэмжээний хохирол учирсан гэх агуулгаар маргадаг.

5.5. Нэхэмжлэгч тал боломжоо алдсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч түүнд учирсан бодит хохирлыг барагдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нь шилжүүлж өгсөн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 83,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь *******д өөрийн өмчлөлийн 2 өрөө байрны гэрчилгээг залилуулж улмаар 2019 оны 04 сарын 03-ны өдөр орон сууц эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ бүрэн алдсан. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн өмчлөх эрхээ залилуулаагүй бол 2019 оны 04 сараас 2024 оны 10 сарын хооронд бусдад түрээслэн 83,150,000 төгрөгийг олох боломжтой байсан учир 83,150,000 төгрөгийг хариуцагчаас шаардана гэжээ.

 

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/1027 дугаар магадлалаар *******г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэж, ******* тоот хаягт байрлах, гэрчилгээний ******* улсын бүртгэлийн Ү******* дугаартай 28 м.кв 2 өрөө орон сууцыг ******* овогт *******ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******йн гэм бурууг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул түүний гэм буруутай эсэх асуудлыг дахин нотлохгүй.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ******* нь олох ёстой байсан орлого 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэл гаргасныг эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн байхад хариуцагч нь ... өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хэлэлцэгдсэн гэсэн хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

5.2. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөхөөс гадна олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй талаар хуульчилсан.

 

5.3. Нэхэмжлэгч нь *******д орон сууцыг залилуулж, улмаар 2019 оны 04 сараас 2024 оны 10 сарыг дуустал хугацааны орон сууц хөлслөх жишиг үнээр тооцож, нийт 83,150,000 төгрөгийг олох ёстой байсан орлого ... гэсэн үндэслэлээр шаардсан, хариуцагч нь ... олох ёстой байсан орлого гэдэг энэ нөхцөл байдал тогтоогдохгүй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Хариуцагч нь ******* тоот хаягт байрлах, 28 м.кв, 2 өрөө орон сууцыг 2019 оны 04 сараас 2024 оны 10 сарыг дуустал хугацаанд эзэмшилдээ байлгасан үйл баримтад маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхгүй байсан тул ******* ХХК-ийн Түрээсийн үнийн лавлагаа гаргах тухай баримтад дурдсан 2019 оны 04 сараас 2024 оны 10 сарыг дуустал хугацааны орон сууц хөлслөх гэрээний жишиг үнэлгээг үндэслэн, олох ёстой байсан орлого 83,150,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

Тодруулбал, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэн бусдад хөлслүүлж, орлого олох эрх нь хязгаарлагдсан байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

5.4. Нэхэмжлэгч талаас гаргасан ******* ХХК-ийн Түрээсийн үнийн талаарх баримтыг хариуцагч талаас татгалзаж, няцаасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул уг баримтыг мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлнэ.

 

5.5. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого 83,150,000 төгрөгөөр хохирсон нь шалтгаант холбоотой байх тул хариуцагчаас гэм хорын хохиролд 83,150,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Мөн анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг шийдвэрт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул уг заалтыг хассан өөрчлөлтийг оруулна.

 

6. Анхан шатны шүүхээс, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10214 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас олох ёстой байсан орлогод 83,150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 573,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Г.НЯМСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР