Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 759

 

 

                                                           

 

 

 

 

 

     2019        10          04                                2019/ШЦТ/759

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Х.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Хүүхээгийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 1911020820932 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, нүхт 26 гудамж, 476 тоот оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын задгай тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой Х.П.........

Шүүгдэгч Х.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны  08 дугаар сарын 04-ний шөнө 22:00-23:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  Ар согоотын задгай тоотод иргэн Найрамдлын гэрт хохирогч Б.Мөнхцэцэгтэй маргалдан, улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 

Шүүгдэгч Х.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв. 

Шүүгдэгч Х.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал манай хуучин ажлын хүн манай гэрт ирээд бид хоёр архи уучихаад байж байсан. Зүс таних Мөнхцэцэг гэх эмэгтэй орж ирээд дүүгийнхээ гэрийн түлхүүрийг авах гэж орж ирсэн. Би согтуу байсан ба нэг мэдэхэд л дүүгийнх нь гэрт Мөнхцэцэгтэй хамт байсан. Би Мөнхцэцэгийн нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд би цааш юу болсон талаар санахгүй байна... ”гэх /хх-ийн 21-22х/,

Хохирогч Б.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед өөрийн дүү Найрамдалын гэрт нь очсон. Гэр нь цоожтой байхаар нь голоор хайтал байхгүй байсан. Голын ойролцоо манай дүүгийн таньдаг сахалтай өвгөний гэр байдаг юм. Тэдний гэрт ороод Найрамдал хаана байгааг асууж байтал Хэнтий аймаг руу хүүхэдтэйгээ ажил хийхээр явсан гэж хэлсэн. Би хэзээ ирэх бол гэж асуутал 7 хоног яваад ирнэ гээд одоо 10 гаруй хоносон гэж хэлсэн. Өвгөнөөс гэрийнх нь түлхүүр хаана байгаа талаар асуутал урд талын айлд түлхүүр нь байгаа гэж хэлсэн. Би урд айлынх нь хашааны хаалгыг нүдтэл миний зүс таних нэг залуу гарч ирсэн. Тэгээд би Найрамдалын гэрийн түлхүүр танай гэрт байгаа гэж хэлсэн эгч нь Найрамдалын гэрт орох гэсэн юм гэтэл та орж ирээд ав гэж хэлсэн. Би гэрт нь ортол надад цай хийж өгөөд гэртээ хэл муутай ярьдаггүй залуутай архи уусан байдалтай согтуу байсан. Би дүүгийнхээ гэрт нь ороод гэрийг нь цэвэрлэчихээд түр дуг хийх гээд хэвтэж байтал харанхуй болсон. 22-23 цагийн хооронд гэнэт миний нүүр рүү түлхүүр авсан авсан айлын хүн цохисон. Би гайхаад бостол миний толгой руу цохисон. Миний хоёр гарыг мушгиад мөн хоёр мөр хоёр хөхийг чимхээд мушгиад байсан. би гараас нь арай хийж мултраад байж байтал намайг зодсон хүн тасраад өөрөө унтаад өгсөн. Өглөө 05 цагийн үед тэр гараад явсан...”гэх /хх-ийн 9-10х/,

Гэрч Э.Ням-Осор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Манай гэрт орж ирээд дүүгийнхээ түлхүүрийг асуусан. Би урд Пүрэвсүрэнгийнд байгаа гэж хэлсэн. Ямар нэгэн ил харагдах зүйл байгаагүй. Зүгээр байсан ...”гэх/хх-ийн 31х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9717 дугаартай дүгнэлт:

-Б.Мөнхцэцэгийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний доор шарх, нүүрний зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, цээж, зүүн бугалга, зүүн тохой, шуу, сарвуу, хоёр мөрөнд цус хуралт, баруун сарвууны нэг хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

- Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” /хх-ийн 16х/,

Шүүгдэгч Х.Пгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23х/,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 24х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25х/ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Мөнхцэцэг нь хохирол төлбөртэй холбоотой баримт материал гаргаж өгөөгүй учир шүүгдэгч Х.П бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон хялбарын заалтаа оруулах

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Боржигон овогтой Хүүхээгийн Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Пг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД