Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2020/0327

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 121 дүгээр шийдвэрээр: “... Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “... Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах гэсэн заалтыг баримталж, тухайн байгууллагын харилцагч “К” ХХК-ийн гадаад иргэдэд олгосон цалингийн жишгээр тооцон улсын байцаагчийн акт тогтоосон гэж хариуцагч тайлбарладаг.

Манай компани нь “К” ХХК-тай гэрээ байгуулан 174 ажилтан оруулж ирсэн бөгөөд тухайн ажилчдыг “К” ХХК нь хариуцан ажиллаж, бүхий л асуудлыг хариуцан ажиллахаар тохиролцсон байдаг. Гэтэл нийгмийн даатгалын байцаагч нь манай компанийг буруутган акт тавьсан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шүүх нь хавтас хэрэгт авагдсан манай компанийн нэр дээр хөдөлмөр эрхэлсэн гадаад иргэдийн нэрсийн жагсаалт зэрэг баримтаар нийгмийн даатгалын байцаагчийн 35 дугаар акт үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

Хавтас хэрэгт авагдсан хяналт шалгалт хийсэн гэх 174 ажилчдын тооцоолол нь маш их зөрүүтэй, 4 сар ажиллаад явсан ажилчдын тооцоог илүү бодож тооцоолол хийсэн байхад шүүх энэ талаарх баримтыг нягтлан үзээгүй. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар акт нь үндэслэлгүй байна. Аливаа акт нь хууль зүйн хувьд бүрэн чадамжтай байх ёстой

Хариуцагч нь уг тооцооллын талаар шүүх хурал дээр тайлбар хийж чадаагүй болно

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-аас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 35 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх улсын байцаагчийн актаар “2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гадаадаас оруулж ирсэн 174 ажилтанд олгосон 580,750,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй” гэсэн үндэслэлээр 127,765,000 төгрөгийн төлбөр, 63,882,500 төгрөгийн алданги ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс улсын байцаагчийн актыг илт хууль бус гэх үндэслэлээ “...хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй ... “Т-ийн нэр дээр орж ирсэн бол танайх л хариуцах ёстой гэж акт тавьсан” гэж тодорхойлсон байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага ... иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас ажиллуулахаар оруулж ирсэн 174 ажилтанд олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нь тогтоогдсон, уг хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйтэй маргаагүй, харин “...манай компанийн нэр дээр орж ирсэн боловч “К” ХХК-д ажиллаж байсан” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах” бус “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл байсан эсэхээс үл хамааран шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянав.

Тодруулбал, илт хууль бус актын шинжүүд болох утга агуулгын хувьд илэрхий алдаатай, баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн байх тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж болох боломжтой юм.

Маргааны тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 3-д “Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах эрхтэй”, 26 дугаар зүйлийн 2-ийн 4-д “нийгмийн даатгалын байцаагч нь тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах” гэж зааснаас үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбогдсон санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, төлбөр тогтоох эрх нийгмийн даатгалын улсын байцаагчид олгогдсон, уг эрхийнхээ хүрээнд “Т-ийн санхүүгийн тайлан, холбогдох бичиг баримтад тулгуурлан шалгалт хийж, акт тавьсныг илт хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “...174 ажилчдын тооцоолол нь маш их зөрүүтэй, 4 сар ажлаад явсан ажилчдын тооцоог бодож тооцоолол хийсэн” хэмээн тайлбарлах боловч уг үндэслэлүүд нь “...манай компанийг буруутган акт тавьсан нь үндэслэлгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж маргаж буй тохиолдолд актын хууль бус байх шинжид хамаарахаас биш “илт хууль бус”-д тооцогдохгүй.

Учир нь захиргааны акт илт хууль бус байх эсхүл хууль зөрчсөн байх ойлголтууд нь ялгаатай бөгөөд захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь тухайн актыг ямар ч хүн харсан эрх зүйн илэрхий алдаатай байхыг ойлгоно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Т-ийн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас ажиллуулахаар оруулж ирсэн 174 ажилтныг “К” ХХК ажиллуулж байсан гэх үйл баримтыг тогтоох нотлох баримтгүйн дээр Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээнд дараахь ерөнхий нөхцөлийг тусгана”, 7.2.9-д “нийгмийн даатгалын асуудал”-ыг заавал тусгахаар мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй бүхий гадаадын иргэн ... өөр байгууллагад зөвшөөрөлгүй шилжин ажилласан тохиолдолд уг зөвшөөрлийг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ тухай мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулсан аж ахуйн нэгж, байгууллага Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хүлээхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.  

Иймд дээрх маргаан бүхий актыг нийгмийн даатгалын улсын байцаагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 32 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн тогтоосон байх тул “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт энэхүү маргаан бүхий акт үл хамаарч байна.

Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч холбогдох хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын тухай хуулийн ... 16 дугаар зүйлийн 16.1 ...” гэснийг “Нийгмийн даатгалын тухай хуулийн ... 16 дугаар зүйлийн 1 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                   ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ