Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ХШТ/47

 

                                             М.Х, Б.С нарт холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, М.Х, Б.С нарт холбогдох 2313000950161 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М.Х, 1965 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, **** аймгийн **** сумын **** ажилтай, **** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ****,

2. Б.С, 1966 оны 02 дугаар сарын 06-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, **** аймгийн **** сумын **** ажилтай, **** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ****.

Шүүгдэгч М.Х нь ****-аар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ өөрийн нэр дээр 2018, 2019 онуудад 445 хонь илүү бичиж 664,300 төгрөг, эхнэр Ү.М-ийн нэр дээр 2018, 2019 онуудад 413 толгой хонийг зохиомлоор бичиж 673,200 төгрөг, хүү Х.Н-ы нэр дээр 2018, 2019 онуудад 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг, төрсөн ахынхаа хүү А.Т-ны нэр дээр 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож нийт 1928 толгой хонийг зохиомлоор худал бичиж нийт 3,002,500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь ****-ээр ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ 2020 онд Ү.М-ийн нэр дээр 256 толгой хонийг зохиомлоор бичиж 499,500 төгрөг, Х.Н-ы нэр дээр 335 толгой хонийг зохиомлоор бичиж 654,750 төгрөг, А.Т-ны нэр дээр 386 толгой хонийг зохиомлоор бичиж 753,000 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгож нийт 997 толгой хонийг зохиомлоор худал бичиж нийт 1,907,200 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х, Б.С нарт холбогдох 2313000950161 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Б.С-д холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

шүүгдэгч М.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х–д оногдуулсан 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Х-д сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, цагаатгагдсан этгээд Б.С, шүүгдэгч М.Х нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгагдсан этгээдэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Х-аас 664,300 /зургаан зуун жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөг, иргэний хариуцагч Ү.М-ээс 673,200 /зургаан зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөг, иргэний хариуцагч Х.Н-аас 832,500 /найман зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг, иргэний хариуцагч А.Т-аас 832,500 /найман зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж Мал хамгаалах санд /Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 1,907,200 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч М.Х-аас 3,002,500 төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, Мал хамгаалах санд /Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Я.Сьезд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын М.Х-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. М.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан “Хайнга хандах” гэмт хэрэг гэж үзэж байна. Уг зүйл ангид албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол гэсэн шинжийг дурдсан. Энэ нь шүүгдэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байх хугацаанд бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулалд авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ өөрийн нэр дээр 2018, 2019 онуудад 445 хонь илүү бичиж, 664,300 төгрөг, эхнэр Ү.М-ийн нэр дээр 2018, 2019 онуудад 413 толгой хонийг зохиомлоор бичиж 673,300 төгрөг, хүү Х.Н-ны 2018, 2019 онуудад 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг, төрсөн ахынхаа хүү А.Т-ы нэр дээр 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, нийт 1928 толгой хонийг зохиомлоор худал бичиж, нийт 3,002,500 төгрөгийн хохирол учирсан гэж гэм буруутайд тооцсон. Гэтэл эрүүгийн хэрэгт М.Х, Ү.М, Х.Н, А.Т нарын 2018, 2019 онуудад зохиомлоор бичсэн гэх хонины тооны жагсаалтуудыг “****” ХХК-аас падаан бичсэн нь тогтоогдсон.

Уг жагсаалтыг “****” ХХК-ийн менежер М.Е үйлдэж файлаар М.Х-д явуулсан байна. Уг жагсаалтыг М.Х сайтар хянан үзээгүй буюу хайнга хандаж, шууд аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний газарт цахимаар илгээсэн байна. Ингэхээр М.Х нь “****” ХХК-аас ирүүлсэн жагсаалтыг хянан үзээгүй ажилдаа хайнга хандсан, хонины ноос тушаасан гэх падааныг өөрөө гардан бичээгүй, өөртөө болон хамаарал бүхий этгээдэд хонины ноосны урамшуулал авахаар падаан бичиж өгөхийг “****” ХХК-д нөлөөлсөн тухай нотолгоо хэрэгт аваагдаагүй нь М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. М.Х-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгчөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 231300095 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол”-ыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 48 минутад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина баталсан байна.

Бүртгэлийн 173 дугаартай тогтоолын олсон, үндэслэх, тогтоох хэсэгт “...****нь эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглах...” тухай дурджээ. Энд **** сумын **** гэсэн өгүүлбэр байхгүй байна. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 340 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор хүчингүй болгожээ. Гэтэл аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай тогтоолын үндэслэх, тогтоох хэсэг эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй... тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов” гэжээ.

Энэ нь М.Х-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа мөрдөгч, хяналтын прокурор, аймгийн ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг нотолж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаарх өмгөөлөгч, шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдсан асуудалд хууль зүйн талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй явдалд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан “Хайнга хандах” гэмт хэрэг гэж үзэж байна. Уг зүйл ангид албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол гэсэн шинжийг дурдсан.

Бүртгэлийн 173 дугаартай тогтоолын олсон, үндэслэх, тогтоох хэсэгт “...**** нь эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглах ...” тухай дурджээ. Энд **** сумын **** гэсэн өгүүлбэр байхгүй байна. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 340 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор хүчингүй болгожээ. Гэтэл аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай тогтоолын үндэслэх, тогтоох хэсэг эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй... тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов” гэжээ.

Энэ нь М.Х-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа мөрдөгч, хяналтын прокурор, аймгийн ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг нотолж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаарх өмгөөлөгч, шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдсан асуудалд хууль зүйн талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй явдалд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ. “Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч М.Х ****-аар ажиллаж байх хугацаандаа, тус сумын ****-ээр ажиллаж байсан Б.С-тай дамжуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг үйлдлийн аргыг ашиглан үйлдсэн хэргийг шийдвэрлэхдээ хоёр өөр байдлаар дүгнэж шүүгдэгч М.Х-ын үйлдлийг албан тушаалын гэмт хэрэг гэж, шүүгдэгч Б.С-ыг үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй байдаг бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

Шүүгдэгч Б.С-ны ажлын байрны тодорхойлолт болон Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журамд заасны дагуу “Хөдөө аж ахуйн тасаг нь энэ журмын 2.16-д заасан баримт, тодорхойлолтыг хүлээн авч малчны овог нэр, хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ зэргийг магадлан хянаж, жагсаалт үйлдэн ****-аар баталгаажуулан мэдээллийг 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор урамшууллын цахим системд үнэн зөв оруулан, анхан шатны баримт, тайлан, нэгдсэн жагсаалтын хамт аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэхээр журамласан байна.

Гэтэл шүүгдэгч нар нь энэ үүргийг биелүүлэлгүй зориуд санаатайгаар ноосны урамшууллын хэмжээг журамд заасныг зөрчиж, малын А дансанд огт хонин байхгүй А.Т, Х.Н, Ү.М нарт байгаа мэтээр бичиж, шүүгдэгч М.Х-ын малын тоон дээр нэмж худал бичиж, өөрийн үзэмжээр урамшууллыг журамд заасан өндөр дүнгээр дур мэдэн олгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

Шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад дээд шатны прокурорын зүгээс “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн” тогтоолын хувийг хэрэгт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргасан байдаг. Хэргийн материалтай танилцахад дээд шатны прокурорын зүгээс гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн тогтоолын хувийг хэрэгт хавсаргаагүй боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар гомдол гаргагчид өгсөн хариу мэдэгдэх хуудасны хувийг хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй нь шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд саад учруулахгүй бөгөөд энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд үндэслэлгүйгээр шүүгдэгч Б.С-ы үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүгдэгч М.Х нь ****-аар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ өөрийн нэр дээр 2018, 2019 онуудад 445 хонь илүү бичиж 664,300 төгрөг, эхнэр Ү.М-ийн нэр дээр 2018, 2019 онуудад 413 толгой хонийг зохиомлоор бичиж 673,200 төгрөг, хүү Х.Н-ы нэр Дээр 2018, 2019 онуудад 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг, төрсөн ахынхаа хүү А.Т-ы нэр дээр 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож нийт 1928 толгой хонийг зохиомлоор худал бичиж, нийт 3,002,500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь ****-ээр ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ 2020 онд Ү.М-ийн нэр дээр 256 толгой хонийг зохиомлоор бичиж 499,500 төгрөг, Х.Н-ы нэр дээр 335 толгой хонийг зохиомлоор бичиж 654,750 төгрөг, А.Т-ы нэр дээр 386 толгой хонийг зохиомлоор бичиж 753,000 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгож нийт 997 толгой хонийг зохиомлоор худал бичиж, нийт 1,907,200 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

3. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугларсан ба хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч М.Х-ыг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Я.Сьездын хяналтын журмаар гаргасан “...М.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан “Хайнга хандах” гэмт хэрэг,  Прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай тогтоолын үндэслэх, тогтоох хэсэг хэрэгт авагдаагүй, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа мөрдөгч, хяналтын прокурор, аймгийн ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг нотолж байна, давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаарх өмгөөлөгч, шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдсан асуудалд хууль зүйн ямар нэгэн дүгнэлт өгөөгүй явдалд гомдолтой байна” гэх агуулга бүхий гомдлыг хэргийн үйл баримтад тулгуурлан хянаж үзлээ.

4. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.

Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.Х нь ****-аар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ өөрийн нэр дээр 2018, 2019 онуудад 445 хонь илүү бичиж 664,300 төгрөг, эхнэр Ү.М-ийн нэр дээр 2018, 2019 онуудад 413 толгой хонийг зохиомлоор бичиж 673,200 төгрөг, хүү Х.Н-ы нэр Дээр 2018, 2019 онуудад 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг, төрсөн ахынхаа хүү А.Т-ы нэр дээр 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож нийт 1928 толгой хонийг зохиомлоор худал бичиж нийт 3,002,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаал”-ын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс М.Х нь “****” ХХК-аас ирүүлсэн жагсаалтыг хянан үзээгүй ажилдаа хайнга хандсан, хонины ноос тушаасан гэх падааныг өөрөө гардан бичээгүй, өөртөө болон хамаарал бүхий этгээдэд хонины ноосны урамшуулал авахаар падаан бичиж өгөхийг “****” ХХК-д нөлөөлсөн тухай нотолгоо хэрэгт аваагдаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй, хайнга хандсан гэх байдлаар өмнөх шатны шүүхүүдэд гэм буруугийн асуудлаар маргасаар иржээ.

Албан тушаалтан хайнга хандах гэдгийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй үйлдэл гэж ойлгох бөгөөд М.Х нэг удаагийн бус 2018, 2019 онуудад өөрийн болон эхнэр Ү.М

, хүү Х.Н-ын, төрсөн ахынхаа хүү А.Т нарын нэр дээр хонины тоог илүү болон зохиомлоор бичиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч М.Х-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн  шинжийг үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээ төрүүлэхүйц баримт хэрэгт авагдаагүй байна.

6. Хоёр шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Х-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Я.Сьездын хяналтын журмаар гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх утга бүхий гомдол хангагдахгүй.

7. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Шүүхээс шүүгдэгч М.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцэхүйц хэмжээнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан байна.

8. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол 3 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр талд авагдсан хэдий ч уг тогтоолын үргэлжлэл 198 дугаар талд авагдсан байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгагдсан этгээд Б.С-ыг ****-ээр ажиллаж байхдаа, Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ малчин болон мал бүхий өрхийн малын тоо, тушаасан ноосны хэмжээ зэргийг магадлан хянахгүйгээр 2020 онд Ү.М-ийн нэр дээр 256 толгой хонь бичиж 499,500 төгрөг, Х.Н-ы нэр дээр 335 толгой хонь бүртгэж 654,750 төгрөг, А.Т-ы нэр дээр 386 толгой хонь бичиж 753,000 төгрөгийг Мал хамгаалах сангаас тус тус олгох нөхцөлийг бүрдүүлж, 1,907,200 төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон,  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу малчин, мал бүхий иргэдийн бүрдүүлсэн баримт бичгийг магадлан хянаж, жилийн эцсийн мал тооллогын А данстай тулгаж, цахим системд үнэн зөв оруулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн обьектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэл бүхий болжээ.

Цагаатгагдсан этгээд Б.С нь ****-ээр ажиллаж байхдаа Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас  уг сангаас 2020 онд Ү.М 499,500 төгрөг, Х.Н-ын 654,750 төгрөг, А.Т 753,000 төгрөгийг авсан болох нь Ү.М-ийн ХААН банкны **** дугаартай, Х.Н-ы ХААН банкны **** дугаартай, А.Т-ы ХААН банкны **** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгануудаар тогтоогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 79-97, 98-116,117-119, 122-128, 148-156,162-169, 171- 175, 180-187 дэх тал/

Иргэний хариуцагч Ү.М, Х.Н, А.Т нар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан болохоо хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн, хөрөнгийн үнэлгээ болон хохирлын тооцоог гаргах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтын хүрээнд гаргуулж, Мал хамгаалах санд /Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ олгох нь зүйтэй.

10. Иймд иргэний хариуцагч Ү.М-ээс 499,500 төгрөг, Х.Н-аас 654,750 төгрөг, А.Т-аас 753,000 төгрөгийг тус тус гаргуулан Мал хамгаалах санд /Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ олгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолын 10 дахь заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 1,907,200 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ү.М-ээс 499,500 төгрөг, Х.Н-аас 654,750 төгрөг, А.Т-аас 753,000 төгрөгийг тус тус гаргуулан Мал хамгаалах санд /Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр магадлал, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

               ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                            Ч.ХОСБАЯР