Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00227

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08747 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 77,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2020 оны 01 сарын 13-ны өдөр ******* худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах 08 тоот түрээсийн гэрээг байгуулж, ******* олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн 08 дугаартай цайны газрыг тус компанид түрээслүүлж байсан.

1.2. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь компанийн ерөнхий захиралд мэдэгдэхгүйгээр ******* болон ******* гэх хүмүүстэй тохиролцож, ******* ХХК-ийн түрээсэлж байсан ******* олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн 08 дугаартай цайны газрыг *******д шилжүүлэн түрээслүүлэхээр 2020 оны 05 сарын 13-ны өдөр ******* нь өөрийн Хаан банк дахь ******* тоот дансаар 10,000,000 төгрөг, ******* гэх хүн нь өөрийн Хаан банк дахь ******* тоот дансаар мөн өдөр 70,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 22-ны өдөр 7,500,000 төгрөгийг тус тус *******аас авсан байна.

1.3. Ийнхүү 2020 оны 06 сарын 03-ны өдөр ******* компанийг төлөөлөн *******тай ******* худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн гэрээ байгуулан, түүнд цайны газрыг шилжүүлсэн байна.

1.4. ******* ХХК-ийн зүгээс энэ талаар мэдсэн даруйдаа 2023 оны 07 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон *******ийг ******* олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, *******д цайны газрыг чөлөөлөх талаар мэдэгдэл өгсөн.

1.5. Харин ******* нь *******д өгсөн 10,000,000 төгрөг болон *******т өгсөн 77,500,000 төгрөг, нийт 87,500,000 төгрөг, ******* худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах 08 тоот түрээсийн гэрээ байгуулснаас учирсан хохирол 16,000,000 төгрөгийг тус тус манай компаниас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 00143 дугаар шийдвэрээр *******аас *******ийн авсан 10,000,000 төгрөг, *******ын авсан 77,500,000 төгрөг, цайны газарт хийгдсэн заслын ажилд зарцуулсан 6,860,274 төгрөг, нийт 94,360,274 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж *******д олгохоор эцэслэн шийдвэрлэж, ******* ХХК нь *******д 94,360,274 төгрөгийг төлсөн.

1.6. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээд хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул *******аас 32,500,000 төгрөг, *******гаас 45,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан үйл баримт. маргаанд дурдагдсан 77,500,000 төгрөгийн асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 00143 дугаарт шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 00465 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн юм.

2.2. Тодруулбал, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ******* ХХК-ийг үндэслэлгүйгээр гэрээ цуцалсны хохиролд тооцон 77,500,000 төгрөгийг *******д төлөх агуулгаар шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар тус хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга:

3.1. *******гийн тухайд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ХХК нь өөрийн түрээсийн гэрээний эрхийг *******аар дамжуулан *******д худалдсан. Ингэж худалдахдаа худалдааны төвийн захирал *******ийн зөвшөөрлөөр хийгдсэн байдаг.

3.2. Энэ эрх шилжүүлэх явдал нь хууль болон гэрээгээр хязгаарлагдаагүй. ******* ХХК нь хууль бусаар гэрээг цуцалснаас бусдад төлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн *******гаас төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 32,500,000 төгрөг, хариуцагч *******гаас 45,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 545,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж. хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 545,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх ... Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй гэж заасантай нийцэхгүй ..., ... хариуцагч *******, ******* нар нь ... 08 дугаар цайны газрын түрээслэгч, эсхүл тухайн цайны газрын түрээсийн эрхийг худалдах, шилжүүлэх эрхтэй этгээд байсан гэх үндэслэл тогтоогдоогүй. гэж хуулийг буруугаар тайлбарлаж, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

5.2. Хуулийн 88.3-т заасан эрхийн үр шим гэх ойлголт нь эрх бүхий этгээдэд энэхүү орлого нь эрхээ зориулалтын дагуу ашигласны дүнд бий болдог. Өөрөө хэлбэл, ******* ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох 08 тоот цайны газраа бусдад хөлслүүлсний дагуу үр шимийг нь хүртэж байгаа бөгөөд уг үр шимийг хариуцагч нар аваагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөр агуулгатай байхад хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарласан гэж үзэж байна.

5.3. Хариуцагч ******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан бөгөөд маргаан бүхий цайны газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байдаг. Гэтэл хариуцагч *******г 08 тоот цайны газрын хууль ёсны эзэмшигч биш, түрээсийн эрхийг бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй этгээд байсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж хэргийн үйл баримтыг буруугаар дүгнэсэн.

5.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны 101/ШШ2023/00143 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 210/МА2023/00465 дугаар магадлалаар ******* нарт төлсөн 87,500,000 төгрөгийн 45,000,000 төгрөгийг хариуцагч *******гаас нэхэмжилж, энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шаардсан байдаг.

5.5. Гэтэл дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр, энэхүү гэрээ байгуулах эрхийг Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дахь хэсэгт заасны дагуу худалдан авч гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд уг хүчин төгөлдөр гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан нь ******* ХХК-ийг буруутай гэж үзэж гэрээнээс татгалзсантай холбоотойгоор *******д учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнээс татгалзаж, *******д хохирол учруулчхаад уг төлбөрөө хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

5.6. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдаж болохыг зөвшөөрсөн хариуцагч ******* нь өөрийн 100 хувьцаа эзэмшдэг ******* ХХК-ийн эзэмшдэг түрээсийн эрхийг худалдах саналаа *******т илэрхийлж, улмаар ******* нь энэхүү эрхийг *******д худалдсан байх бөгөөд үүнийг ******* худалдааны төвийн захирал буюу төлөөлөх эрх бүхий этгээд болох ******* хүлээн зөвшөөрч, гэрээг шинэчлэн байгуулсан.

5.7. Түрээсийн эрхийг худалдсан үйл баримт, ******* ******* худалдааны төвийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан, уг худалдааны төвд түрээсийн эрхийг худалдах тохиолдолд нийтлэг байдаг, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон хүчин төгөлдөр гэрээнээс татгалзсан нь ******* ХХК буруутай байсан талаар дээр дурдсан шийдвэр, магадлалд дурдсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй., 120 дугаар зүйлийн 120.4-т ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

5.8. Нөгөөтээгүүр анхан шатны шүүх хариуцагч *******г түрээсийн гэрээ байгуулах эрхээ бусдад худалдаж, тэр хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь ******* ХХК нь түрээсийн талбайгаа анхны түрээслэгчтэйгээ гэрээ байгуулахдаа буюу гэрээ байгуулах эрх олгохдоо зах зээлийн үнэлгээгээр худалдаж гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш cap бүр түрээсийн төлбөрийг авдаг байсан. Тиймээс анхны түрээслэгч нь худалдан авсан тул өөрөө цаашид ашиглах боломжгүй болсон үедээ уг эрхээ бусдад худалддаг, энэхүү харилцааг нэхэмжлэгч ******* ХХК мэдэж байсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч, түрээсийн гэрээндээ эрхээ худалдахыг хориглосон зохицуулалт өнөөдрийг хүртэл оруулаагүйг шүүх анхаараагүй.

5.9. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түрээсийн гэрээг бусдад шилжүүлэх эрхгүй байсан, ******* худалдааны төвийг төлөөлж гэрээ байгуулсан ******* нь төлөөлөх эрх бүхий этгээд биш байсан гэж маргадаг боловч энэ нь хэргийн баримтаар няцаагддаг бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан *******ийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан бол тухайн ажилтнаасаа шаардах, хохирлыг төлүүлэх эрх нь нээлттэй байхад өөрийн буруугаас шалтгаалан гэрээнээс татгалзаж, бусдад төлөх төлбөрөө хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9.14-т Хариуцагч нар Түрээсийн гэрээний эрх худалдахыг хуулиар хориглоогүй, ******* зах дахь лангуу болон цайны газрын түрээсийн эрх худалдах нь хуулиар хориглогдоогүй, ******* зах дахь лангуу болон цайны газрын түрээсийн эрхийг худалдах явдал элбэг байдаг гэх тайлбар нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй гэж заасантай нийцэхгүй.

6.2. Тодруулбал *******, ******* нар нь ******* худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байрлах 08 дугаар цайны газрын түрээслэгч, эсхүл тухайн цайны газрын түрээсийн эрхийг бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй этгээд байсан гэх үндэслэл тогтоогдоогүй, ... өөрт байхгүй эрхээ *******д шилжүүлж түүнээс хариу төлбөрт 77,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. Дээрх 77,500,000 төгрөгийг ******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу *******д төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу буцаан шаардах эрхтэй гэжээ.

6.3. Шүүхийн дээрх дүгнэлт нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Учир нь энэхүү маргаантай холбоотой асуудал буюу *******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох Түрээсийн гэрээг хууль бусаар цуцалж гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 94,360,274 төгрөгийг гаргуулах маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00143 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 210/МА2023/00465 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.

6.4. Түүнчлэн тус шийдвэрийг ******* ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянасан ба тэдний давж заалдах гомдолд ... *******ыг мөнгө авсан талаар болон анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх замаар гомдлоо гаргасныг давж заалдах шатны шүүх хангахгүй орхисон. Ингэхдээ 00465 дугаартай магадлалын хянавал хэсгийн 3-т Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, нотлох баримтыг зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 4.ё-д Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т дэх хэсэгт эрх шаардлага худалдаж болохыг зөвшөөрсөн бөгөөд цайны газрын түрээсийн гэрээ байгуулах ашиглах эрхийг 87,500,000 төгрөгөөр худалдан авсан гэх нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Иймд түрээсийн гэрээ болон эрх худалдах харилцааны талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэх хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй. гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл ******* нь 08 тоот цайны газрын түрээсийн гэрээ байгуулах эрхийг 77,500,000 төгрөгөөр худалдсаныг өмнөх шатны шүүхүүд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж дүгнэсэн. Энэ шийдвэр магадлал, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

6.5. Түүнчлэн тухайн нөхцөл байдалд хавтаст хэрэгт авагдсан баримтаар ******* нь 08 тоот цайны газрыг өөрийн ах *******тай хамтран ******* ХХК-ийн өмнөөс ******* ХХК-тай 08 тоот цайны газрыг түрээслэх гэрээ байгуулан ажилладаг байсан. Дараа нь тус компанийн хувьцааг хариуцагч *******д шилжүүлсэн ба ******* нь тодорхой хугацаанд 08 тоот цайны газрыг ажиллуулж байгаад тус эрхээ худалдахаар болж *******тай харилцан тохиролцож ******* нь 08 тоот цайны газрыг 2 сарын хугацаанд ажиллуулж байгаад тус цайны газрын түрээсийн гэрээ байгуулах эрхийг *******д худалдсан ийнхүү худалдсан орлогоосоо 45,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал *******д байдаг. Тус ******* ХХК нь ч мөн ******* ХХК-тай 08 тоот цайны газрыг түрээслэх гэрээтэй байсан. Үүнийг өмнөх шатны шүүхүүд холбогдох нотлох баримтуудыг зөв үнэлж шийдвэртээ тусгасан.

6.6. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасныг зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж тус тус заасан байдаг. Хариуцагчийн зүгээс энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр удаа дараа тайлбарлахад шүүхээс үүнийг анхаараагүй.

6.7. Өмнөх шатны шүүхийн шийдвэрийг яаж үгүйсгэж байгаагаа огт дурдаагүй, тухайн шийдвэрт заасан үйл баримт хууль хэрэглээг хэрхэн ойлгож ******* хууль ёсны дагуу үндэслэлтэйгээр мөнгө авсан байна гэх үйл баримтыг үгүйсгээгүй, энэ талаарх үндэслэлээ огт тайлбарлаагүй атлаа ******* нь үндэслэлгүйгээр мөнгө авсан байна гэж дүгнэснийг огт ойлгохгүй байна. Өмнөх шатны шүүхийн маргаанд ч *******ын дансны хуулга тодорхой байсан, ******* ХХК-ийн гэрээ ч авагдсан байсан эдгээр баримтуудыг зөв дүгнэж шийдсэн. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШШ2025/08747 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ******* ХХК гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 77,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. 2023 онд шийдэгдсэн асуудлыг шүүх дахин шийдвэрлэсэн гэх агуулга дурдагдсан. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК нарын хооронд тухайн маргаан үүссэн. Түрээсийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан учруулсан хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай маргаан байсан. Тухайн үед 2023 онд түрээсийн гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэн "*******" ХХК-ийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

7.2. Тус маргаанд ******* нь 77,500,000 төгрөгийг ******* гэх хүнээс өөрийн дансаар шилжүүлж авсан гэх үйл баримт тогтоогддог. 2023 оны шүүхийн шийдвэрийн дагуу ******* нь 77,500,000 төгрөг авсан гэдэг нь тогтоогдсон учраас өнөөдрийн маргаанд үүнийг дахин нотлох шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн. Энэхүү шийдвэрээр мөнгө төлсөн үйл баримтыг тогтоохгүй ч түрээсийн гэрээний хохирол шийдвэрлэсэн үндэслэл нь хууль бусаар бусдын хөрөнгийг олж авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой өнөөдрийн маргаанд хамаарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2 маргааны нэхэмжлэлийн шаардлага өөр юм. Өмнө нь шийдвэрлэгдсэн гэх асуудал үндэслэлгүй болох нь харагдаж байна.

7.3. Хариуцагч ******* 77,500,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авахдаа түрээсийн гэрээ байгуулах, эрхийг худалдаж авсан төлбөр гэж тайлбарладаг. Үүнээс өмнө 45,000,000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн үйл баримт мөн тогтоогдсон. Гэтэл төлбөрийг хүлээн авах эрхтэй этгээд нь хуульд зааснаар тухайн хөрөнгийн хувьд бусдын өмнө бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй. Эрх эзэмшигч, буюу тухайн эрхэд хамаарах этгээд нь хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч байна гэж Иргэний хуульд заасан үндсэн агуулгаар тайлбарлагддаг.

7.4. Өөрөөр хэлбэл, 2023 оны шийдвэрээр түрээсийн гэрээгээр түрээслэх хөрөнгийн хувьд хариуцлага хүлээх, ёстой этгээд нь ******* ХХК-ийг тодорхойлсон. Бүрэн хариуцлага хүлээх этгээд нь ******* ХХК байна гэж үзсэн учраас тухайн хөрөнгөд хамаарах төлбөр, орлого, үр шим байгаа тохиолдолд дээрх агуулгаар ******* ХХК эзэмших үндэслэлтэй.

7.5. Гэтэл ******* ХХК-тай ямар нэгэн гэрээний харилцаанд орж байгаагүй, компанийн ажилтан биш, компанийн түрээслэгч биш хэн ч танихгүй ******* гэх хүн гарч ирээд ******* ХХК-ийн өмчлөх эрхтэй хөрөнгийг бусдад түрээслэх эрх борлуулсан гэх нэрийдлээр 77,500,000 төгрөгийг өөрийн дансанд авсан. Өөрөөр хэлбэл, хууль бусаар бусдын хөрөнгийг эзэмшилдээ авч үр шимийг нь хувьдаа авч байгаа хэлбэр гэж бидний зүгээс үзэж байна. Бид өмчлөгчийн хувиар хуульд заасан болон гэрээгээр хүлээсэн бүх эрсдэлийг хүлээж байгаа учраас орлого, үр шимийг авах ёстой гэх үндсэн агуулгаар тайлбарласан. Үүнийг шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байна.

7.6. Иргэний эрх зүйн зөрчигдсөн эрхийг сэргээх зарчмын үндсэн агуулга нь зөрчигдсөн эрхээс өмнөх байдлыг сэргээх юм. Иргэний хуульд гэм хор учруулсан болон гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хохиролтой харилцаануудыг зохицуулсан байдаг.

7.7. Хуульд зааснаар хэн нэг этгээдээс үндэслэлгүй хөрөнгө олж авсан этгээд түүнийг буцаан төлөх үүргийг хөрөнгө эзэмшигчийн өмнө хүлээх үүрэгтэй. Тухайн үүргийн хүрээнд ******* болон ******* нар нь 77,500,000 төгрөгийг хувааж авснаар тухайн хөрөнгийн өмчлөгч ******* ХХК-д үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгөө буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

7.8. Мөн хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ХХК түрээслэх эрхийг худалддаг, хариуцагч нарын тайлбараар дээрх практик байдаг нь нотлогдсон гэж тайлбарласан. Гэтэл тус практикийг ******* ХХК хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд бид тус хөрөнгийг түрээсэлж, түрээсийн төлбөр авдаг. Гэтэл дундаас нь танихгүй хүмүүс орж ирээд түрээслэх эрхийг бусдад шилжүүлж төлбөр авч байгаа нь хууль бус юм. Энэ нь ******* ХХК-ийг хохироож байгаа үйлдэл юм. Хохироосон асуудлаас үүдэлтэйгээр, 2023 онд бид 94,000,000 төгрөгийг ******* гэх хүнд төлсөн. 94,000,000 төгрөгт *******ын авсан 77,500,000 төгрөг багтсан. Энэ төлбөрийг бид ******* төлсөн асуудал байгаа.

7.9. Мөн ******* ХХК-ийг хамгийн анхны түрээслэгчдээ худалдсан гэж дурдсан. Бид эрхээ худалдсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, эрх худалдсантай холбоотой үйл баримт байхгүй. Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг баримталж уг хэргийг шийдвэрлэхгүй гэж тайлбарласан. Бидний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй гэж харж байна.

7.10. Түүнчлэн, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шударга бусаар эд хөрөнгө эзэмшилдээ хүлээж авсан этгээд хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар үүрэг гүйцэтгэхийг даалгах, хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан 77,500,000 төгрөгийг нэхэмжлэгч талд буцаан шилжүүлэх хууль зүйн үндэслэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хариуцагч *******аас 32,500,000 төгрөг, хариуцагч *******гаас 45,000,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00143 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас 94,360,274 төгрөг гаргуулж, *******, ******* нарт олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 210/МА2023/00465 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь ... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр *******, ******* нарын авсан 77,500,000 төгрөгийг хариуцагч нарын өмнөөс ******* ХХК нь *******д буцаан төлсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн *******аас 32,500,000 төгрөг, хариуцагч *******гаас 45,000,000 төгрөг тус тус гаргуулна гэж, хариуцагч нар нь ... нэхэмжлэгч ******* ХХК нь *******тай байгуулсан түрээсийн гэрээнээс хууль бусаар татгалзсантай холбоотой шүүхийн шийдвэрээр *******д төлсөн төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргах эрхгүй гэж тус тус тайлбарласан.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байгааг анхааралгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр *******аас 32,500,000 төгрөг, хариуцагч *******гаас 45,000,000 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

5.1. ******* худалдааны төвийн өргөтгөлийн 8 тоотод байрлах цайны газрын түрээсийн гэрээ байгуулж, ашиглах эрхийг хариуцагч нар нь 87,500,000 төгрөгөөр *******, ******* нарт худалдаж, уг мөнгөн хөрөнгөөс хариуцагч ******* 32,500,000 төгрөг, хариуцагч ******* 45,000,000 төгрөг, гэрч ******* 10,000,000 төгрөг тус тус авсан үйл баримтад талууд маргаагүй.

 

5.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00143 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Харин дээр дурдсанаар гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг шаардах эрхтэй юм. Учир нь маргаж буй түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Тодруулбал, худалдах худалдан авах гэрээг дараагийн түрээсийн гэрээ байгуулах зорилгоор хоорондоо холбоо хамааралтайгаар байгуулсан байна. Мөн хариуцагч *******ын өмгөөлөгч нь ийнхүү түрээсийн гэрээг байгуулах эрхийг худалдсан нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д нийцнэ гэж тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нар нь гэр бүлийн гишүүд тул *******ын нэрээр хариуцагч ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, улмаар хариуцагч ******* ХХК нь гэрээнээс татгалзсан байна. Иймд түрээсийн гэрээ байгуулах зорилгоор эрх худалдан авсан төлбөр нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд хамаарах тул хариуцагч ******* ХХК-аас 87,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэж,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 210/МА2023/00465 дугаар магадлалын үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдаж болохыг зөвшөөрсөн бөгөөд цайны газрын түрээсийн гэрээ байгуулж, ашиглах эрхийг 87,500,000 төгрөгөөр худалдан авсан гэх нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь дээрх 87,500,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утгад эрх шилжүүлэх төлбөр гэж тодорхой бичсэн, мөн тус төлбөрийг шилжүүлсний дараа түрээсийн гэрээ байгуулж, цайны газрын эзэмших эрх нэхэмжлэгч нарт шилжсэн нь цаг хугацааны хувьд шалтгаант холбоотой, Түрээсийн гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгч *******, ******* нарыг буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд хариуцагч ******* ХХК-аас 94,360,274 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. гэж тус тус дүгнэжээ.

 

5.3. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч нарын цайны газрын түрээсийн гэрээ байгуулж, ашиглах эрхийг 87,500,000 төгрөгөөр худалдсан үйлдлийг Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны дагуу үйлдэл гэж үзсэн төдийгүй, нэхэмжлэгч ******* ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас гэрээнээс татгалзсан үндэслэлээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 87,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

5.4. Нэхэмжлэгч байгууллага нь өөрийн буруутай үйлдлийн улмаас бусадтай байгуулсан гэрээнээс татгалзсанаар өөрт учирсан хохирлыг хариуцагч нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Тодруулбал, гэрээнээс татгалзсан, цуцалсан үйлдэл нь гэрээний талуудын нэг талын үүрэг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шалтгаалсан бол нөгөө талдаа учирсан хохирол төлөх үүргийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зохицуулсан ба дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн гэрээний улмаас бусдад хохирол учруулсан болохыг тогтоосон тул уг хохирлын мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь шаардах эрхгүй юм.

 

Хариуцагч нарын бусадтай байгуулсан эрх худалдах, худалдан авах гэрээг шүүх Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзсэн тохиолдолд уг гэрээгээр бусдаас авсан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй байна.

 

6. Хариуцагч нарын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00143 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 210/МА2023/00465 дугаар магадлалаар маргааны үйл баримттай холбоотой эрх зүйн дүгнэлтийг өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарна.

 

Харин, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр хариуцагч *******аас 32,500,000 төгрөг, хариуцагч *******гаас 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй нь зөв.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч *******, ******* нараас 77,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******аас 32,500,000 төгрөг, хариуцагч *******гаас 45,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гаас төлсөн 382,950 төгрөг, хариуцагч *******аас төлсөн 320,460 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Г.НЯМСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР