| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0766/Э |
| Дугаар | 778 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 778
2019 10 10 2019/ШЦТ/778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Шүүгдэгч Р.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овгийн Рагчаабазарын Төвшинтөгсөд холбогдох эрүүгийн 1911022111023 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, “Жи си ар” ХХК-д бетон арматурчин ажилтай, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан Уул 2-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шарайд овгийн Р Т/................
Шүүгдэгч Р.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Т нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 42-12 тоотод хамтран амьдрагч Б.Пүрэвдуламтай маргалдан, гараараа нүүрэн тус газар нь цохиж Б.Пүрэвдуламын биед нь “духанд нь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Р.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх
Шүүгдэгч Р.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2016 оны 05-06 дугаар сарын хооронд хөдөө Дорнод аймагт ажиллаж байгаад Б.Пүрэвдуламтай танилцаж 1 сар гаруй хамт ажилласан юм. 2017 оны 08 сараас хойш нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сараас хойш би одоо ажиллаж байгаа Оюу толгойн “Жи сир ар” ХХК-д 28 хоног ажиллаж 14 хоног амардаг ээлжийн ажилд орж бид 2 байнга цуг амьдарч байгаагүй. Түүнээс хойш манай 2018 оны 05 сарын 08-ны өдөр манай хүү Анар төрж одоог хүртэл ийм маягаар амьдарч байна. Би хааяа амралтаараа гэртээ ирсэн үедээ хаа нэг гарч орох гэхээр Пүрэвдулам намайг их цагддаг ба би ч өөрийгөө буруу илэрхийлснээс болж үл ойлголцол үүсдэг. 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16:00 цагийн орчимд гэртээ унтаж байтал манай хүү Анар ирээд тоглоомон машинаар нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би цочиж босч ирээд хүүгийнхээ бөгс рүү нь зөөлхөн алгадаад аавыгаа яаж байгаа юм бэ гэсэн. Би дотроо хүүхдээ цохьё гэж бодоогүй юм. Тэгсэн миний энэ үйлдэл Б.Пүрэвдуламд эвгүй харагдсан юм шиг байна лээ. Тэр үед манай хүүхэд орилж хашгирсан зүйл болоогүй байхад над руу хүүхэд алгадлаа гээд бид хоёрын дунд маргаан үүсч эхэлсэн. Тэгээд уг маргааныг тэвчилгүй Б.Пүрэвдуламыг гараараа толгойн тус газарт нь нударсан. Тэрнээс болж надтай харилцан барьцалдаж аваад хоорондоо ноцолдсон. Сүүлдээ би өөртөө гар хүргэхгүйн үүднээс Пүрэвдуламыг орон дээр хоолойг нь шахаж боосон. Учир нь манай хүний уур дээд цэгтээ хүрчихсэн над руу дайраад байсан бөгөөд би асуудлыг намжаахаар ийм үйлдэл хийчихсэн юм. Ноцолдож байх үедээ түүний биед учирсан гэмтлийг би үүсгэсэн гэхдээ санаатайгаар үүсгээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа тайвшираад ирэхээр тавьтал цагдаа дуудна гэхээр нь би гэр орондоо тайван амарч болохгүй юу гээд гараад явсан ба намайг гарсан хойгуур цагдаа дуудсан байсан...” гэх /хх-ийн 29-30х/,
Хохирогч Б.Пүрэвдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Хамт амьдрах хугацаанд манай нөхөр надад гар хүрч цохиж зодож асуудал гаргаж байгаагүй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16:00 цагийн үед гэртээ нөхөр хүүхдийн хамтаар байж байсан бөгөөд манай нөхөр унтаж байх үед хүүхэд очоод тоглоомон машинаар нүүрэн тус газар нь цохьчихсон. Тэгсэн Төвшинтөгс цочиж босч ирээд хүүгийнхээ нуруун тус газар нь нэг удаа аяархан цохьсон манай хүүхэд уйлаагүй. Гэхдээ л би хүүхдээ цохьчихлоо яаж байгаа юм гээд гүйгээд очтол миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь миний бас уур хүрээд маргаан үүсч хэсэг маргалдаад орон дээр сууж байхад Төвшинтөгс миний хоолойг боож толгой руу 2 удаа цохиод авахаар нь зөрүүлээд цохих гэхэд миний гарыг бариад толгой руу дахин 2 удаа цохьсон. Тэгээд миний дээр гарч суугаад хоолойг цамцаар заамдаж байгаад больсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн чинь хувцасаа өмсөөд гараад явчихсан...” гэх /хх-ийн 14-15х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9995 дугаартай дүгнэлт:
-Б.Пүрэвдуламын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн үүсэх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 20х/,
Шүүгдэгч Р.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31х/,
Шүүгдэгч Р.Тийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32х/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 24-25х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33х/,
Хохирогч Б.Пүрэвдуламын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 38х/,
Шүүгдэгч Р.Тийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 39х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 41х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Р.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овгийн Рагчаабазарын Төвшинтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Төд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Р.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД