| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 136/2024/00300/И |
| Дугаар | 202/МА2025/00019 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 202/МА2025/00019
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 308/ШШ2025/00398 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Ан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Д холбогдох,
Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлуудыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А / цахимаар/, хариуцагч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох
1.2.Өөрийн өмчлөлийн .......... 54м2 орон сууцыг 2021 оны 05 дугаар сард Д.Д.д анх 70,200,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.
1.3.Орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцохдоо орон сууцны эзэмшлийг 2021 оны 05 дугаар сард худалдан авагч талд шилжүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2021 оны намар бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон. тохиролцсон.
1.4.Худалдан авагч тал болох Д нь орон сууцны үнэ тохирсон хугацаанд бүрэн төлөөгүй төдийгүй түүний хүсэлтийн дагуу төлөх хугацааг удаа дараа хойшлуулсан боловч элдвийн шалтаг тоочиж үүргээ биелүүлээгүй.
1.5.Худалдан авагч Д.Дд 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн. Бидний хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тул 2024 оны 5 сарын 11-ний өдөр Д.Дтэй харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээг нөхөн байгуулж,
1.6.Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 44,265,200 төгрөгийг 2021 оны 5 сараас 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны /3 жил/ хөлс буюу үүргийн гүйцэтгэлд тооцохоор харилцан тохиролцсон.
1.7.Орон сууц хөлслөх гэрээ 2024 оны 06 сарын 1-ний өдөр дуусгавар болж, Д.Дс байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч 2024 оны 6 сарын 4-ний өдөр ... шүүхийн албадан гаргах бичиг ирсэн хойно л гарна." гэсэн чат ирүүлсэн. Иймд Д.Д болон түүний гэр бүлийнхнийг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн заримыг зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ".... Тухайн гэрээ байгуулагдах үед дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахлын үе үүссэн байсан. Хүнд нөхцөл байдал бий болсон."...гэрээ байгуулагч аль аль талууд урьдчилан таамаглах боломжгүй байдлаар хууль эрх зүй, улс төр эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас ажил гүйцэтгэгч болон захиалагч аль аль талд эдийн засаг санхүү төлбөрийн хувьд чадваргүй болох гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой болох алдагдалтай ашиггүй байх зэргээс болоод гэрээний үүргээ биелүүлэхгүй байх ийм нөхцөл шалтгаан бий болсон.
2.1.Миний бие Д.Д нь орон сууц зарна гэсэн зарлалын байранд очиход орон сууц түрээслэгч нь байсан ба асуухад дээрх сууцыг худалдах хүн нь нэ утсаар нь холбогд гээд утсыг нь өгсөн. Ингээд Г.А гэдэг хүнтэй утсаар холбогдож 2021 оны 05 дугаар сард Д.........53 м.кв орон сууцыг 70,200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон.
2.2.Зөвхөн утасны цаана, наанаас тохиролцож би 2021 онд орон сууцны үнэ болох 44,265, 200 төгрөгийг амаар тохиролцсоны дагуу төлж, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 480,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг шилүүлж, нийт 45,245,200 төгрөгийг худалдагч Г.А.н дансанд хийсэн. Үүнийг Г.А. ч хүлээн зөвшөөрдөг юм.
2.3.Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр миний бие өөрийн биеэр Дархан хот орж А.тай очиж уулзахад орон сууцны үнэ өссөнтэй холбогдуулан үнийн дүнгийн 50 хувиар нэмэн тооцохоор болж 70,200,000 төгрөг дээрээ 35,000,000 төгрөг нэмэн 105,200,000 төгрөг болгож өөрийн дураараа хэлцлээ өөрчлөн надаар гарын үсэг зуруулсан.
2.4.2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дархан хот орж уулзахад Г.А.нь богино хугацаанд дахин орон сууцныхаа үнийг гэнэт эрс нэмэгдүүлэн орон сууцны үнийг 1 м.кв-ыг нь 2,500,000 төгрөгөөр тооцон 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор өмнө өгсөн 45,000,000 төгрөг дээрээ 90,000,000 төгрөг нэмж авахаар хэлцэл гэсэн бичгийг өөрийн гараар бичиж надад өгөхөд нь би гарын үсэг зураагүй. Г.А.нь мөн тэр өдөртөө тухайн цагт 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дээрх орон сууцыг хөлслөх гэрээ гэж өөрийн гараар бичиж миний өмнө нь өгсөн 45,200,000 төгрөгийг орон сууцны хөлсөнд суутгах авахаар тохиролцов гэж бичиж надаар гарын үсэг зуруулах гэхэд нь би зөвшөөрөөгүй ба гарын үсэг үс зураагүй.
2.5.Г.А.тай орон сууц хөл хөлслөх тухай тохиролцоогүй, бид хоёр орон сууц хөлслөх талаар ямар ч гэрээ хийгээгүй, гэрээг нөхөн хийх гэрээ байгуулсанд тооцох үндэслэл байхгүй юм.
2.6.Анх тохиролцсоноосоо эрс өөрчлөн байрны үнээ огцом өсгөж, надаас өгсөн 45,200,000 төгрөгийг орон сууцны түрээсийн хөлс болгох, орон сууцныхаа үнийн м.кв-ны үнийг одоогийн ханш 2,500,000 төгрөгөөр тогтоож хэлцэл хийсэн мэтээр нөхөн гарын үсэг зуруулахыг оролдох, зэргээр миний ашиг сонирхолд үл нийцэх байдлаар дур мэдэн өөрчилж, хэт өндөр үнээр шаардах эрхийг давуу байдлаа ашиглан өөртөө олж авсан, үүнээс шалтгаалан үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, орон сууц нь банкны барьцаанд одоог хүртэл байгааг Г.А. нь орон сууцыг худалдах бус түүгээр дамжуулан мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байгаа байдал илэрхий болж, иргэн миний хуулиар тогтоосон эрх ашгийг илтэд хохироож байна.
2.7.Г.А.с гаргасан орон сууцнаас албадан нүүлгэн гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ мөн өдрийн 1м.кв үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож 135,000,000 төгрөгийг гаргуулахаар тохиролцсон хэлцэл зэргийг хүчин төгөлдөр бусд тооцож өгөхийг хүсье. Би анхны тохиролцсоны дагуу 70,200,000 төгрөгөөр худалдан авч, төлөөгүй үлдсэн 24,945,200 төгрөгийг төлөх болно гэжээ.
3.Хариуцагч Д.Д.н сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа, үндэслэлийн агуулгаа: Д. миний бие нь орон сууц худалдах зар мэдээллийн дагуу А. гэгчтэй утсаар холбогдож одоогийн амьдарч байгаа ......54 м, кв орон сууцыг 2021 оны 5 сард 70200000 далан сая хоёр зуун мянган/төгрөгөөр худалдан авч үнэ өртгийг нь 2021 оны 09 сард төлж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахаар тохирч ам хэлэлцээр итгэлцлээр худалдах худалдан авах гэрээг хийсэн билээ.
3.1.А. нь байрны төлбөрийг төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг ипотекийн зээлээс чөлөөлөн авч өгөх боломжтой гэсэн бөгөөд тиймээс ч миний хувьд үүргийн гүйцэтгэлээ зохих ёсоор хэсэгчлэн гүйцэтгэсний ар дээр уг байрны гэрчилгээгээ авч эргэж барьцаанд тавин үлдэгдэл мөнгөө төлөх зорилготой утсаар холбогдсон боловч тэрээр миний урьдчилж өгсөн 45 сая гаруй төгрөгийг ипотекийн зээлдээ биш зориулалтын бус өөр байдлаар хэрэглээндээ зарцуулчихаад эс тоосон байдлаар надад хандаж гэрчилгээг гаргах ямар ч боломжгүй учраас яаралтайгаар үлдэх төлбөрийг төлж дуусгах шаардлагатай гэсэн тул энэ л үеэс би үлдэгдэл мөнгийг яаралтай өгсөн ч миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх эсэх нь тодорхой бус юм байна гэсэн ойлголтыг авч эдүгээг хүрсэн болно.
3.2.Энэ хугацаанд А.. нь өөрөө хуульч хүн болохоор хуулийн хий цоорхойг ашиглан янз бүрийн шахалт дарамт шаардлагыг надад хууль бусаар үзүүлсэн төдийгүй миний мэдээгүй, үзээгүй хараагүй бусдын шахалтаар хүчинд автагдан хийсэн өөрийнх нь бодлоор бодвол гэрээ хэлцэл гэх юм байлгүй үл ойлгогдох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж байрнаас албадан гаргуулах хэмжээний шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбогдуулан миний бие нь ИХШХШт хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг үндэслэн дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
3.3.Хэдийгээр миний бие нь тохирсон хугацаандаа орон сууцны хөлс мөнгийг төлөөгүй боловч 2023 оны 5 сар гэхэд байрны төлбөрт нийт төлбөл зохих өртгийн 60 гаруй хувийг төлж гэрээнд заагдсан гүйцэтгэлийн үүргийнхээ дийлэнх хэсгийг зохих ёсоор гүйцэтгэж биелүүлсэн болно. Харин үүрэг гүйцэтгэгч миний хувьд үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангаагүй шалтгаан нь дээр дурдсан өөрөөр хэлбэл нөгөө талын үүрэг гүйцэтгүүлэгчийн шууд хамаарал бүхий хүчин зүйлийн нөхцөл байдал буюу гэрээгээр тохирсон ёсоор байрны төлбөрт өгсөн мөнгө төгрөгийг зориулалтаар ипотекийн зээл төлөлтөд шууд хамруулж зарцуулалгүйгээр, миний зүгээс тавих зохих ёсны шаардлагыг хязгаарлаж хэт нэг талын давуу эрх хууль бус хандлагын уршгийг буй болгосонтой холбоотой юм. Иймд иргэн Д.Д. намайг ... 54 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, агуулгаа: Д.Д.нь орон сууцны үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүйдээ намайг буруутгах агуулга бүхий зүйл бичсэн байна. Г.А. би 2021 оны 05 дугаар сард өөрийн өмчлөлийн ...54м2 орон сууцыг сард бүрэн төлж дуусгасны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан Д.Д.д 70,200,000 төгрөгөөр худалдах, орон сууцны үнийг 2021 оны 09 дүгээр дурдсан, үйл баримтын талаар маргаагүй.
4.1.Мөн Д.Д. нь харилцан тохиролцсон хугацаандаа орон сууцны үгийг бүрэн төлж чадаагүй тухайгаа дурдсан байна. Орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул түүнийг өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй.
4.2.Орон сууцны үнийг санхүүгийн ямар боломжид үндэслэн яаж төлж дуусгах нь худалдан авагчийн эрхийн асуудал бөгөөд ипотекийн зээлд хамрагдаад орон сууцны үнийг төлөх боломжтой талаар Д.д хэлэхэд "...ББСБ-аас найздаа зээлдүүлчихсэн учраас зээл бүтэхгүй байна..." гэж надад хэлж байсан.
4.3.Д.Д. ипотекийн зээлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүд хангагдахгүй, зээлд хамрагдах боломжгүй байгаа тухайгаа ярьж байсан хэрнэ одоо болохоор надаас шалтгаалж зээлд хамрагдаж чадаагүй гэж ойлгомжгүй зүйл бичжээ. Худалдан авагч орон сууцны үнийг бүрэн төлснөөр банкны барьцаанаас чөлөөлж, өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Бидний хооронд өөр тохиролцоо хийгдээгүй. Хариуцагч Д.Д. сөрөг нэхэмжлэлдээ намайг "...янз бүрийн шахалт дарамт шаардлага үзүүлсэн төдийгүй, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн..." гэжээ. Үнэхээр ийм хууль бус үйлдэл гаргасан бол зохих байгууллагад нь хандаж, шалгуулах бүрэн боломжтойг дурдаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Д.Д.н эзэмшлээс . 54м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү0713005296 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А.д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д.с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А.д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгч Г.А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь үүргийн гүйцэтгэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас өмчлөгчөөр тогтоогдох хууль зүйн үндэслэлгүй. Хоёрдугаарт нэхэмжлэгч буюу худалдагч миний бие үүргийг хэлцлээс татгалзсан, үүргийн хэлцэл дуусгавар болсон тул өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэл байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс үүргийг гүйцэтгэлийн 60 хувийг биелүүлсэн гэж байна. 60 хувийг төлсөн төлөөгүй гэдэг дээр маргахгүй байгаа. Тэгэхээр өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэл байхгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Давж заалдах гомдлыг агуулга нь анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж өгнө үү гэж байгаа. Шүүх худалдах худалдан авах гэрээг хоёр үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Гэрээг бичгийн хэлбэрийг шаардлага хангахгүй байна, нотариатаар батлуулах үүрэгтэй гэсэн. Хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдгээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Худалдах худалдан авах гэрээг заавал бичгийн хэлбэрээр хийнэ гэсэн хэлбэрийг шаардлага тавигдаагүй. Тусгайлсан шаардлага тавигдаагүй байхад өмчийн хэлцэл хийхэд баримталдаг хуулийн зохицуулалтыг хэрэглэж өмчийн хэлцлийг үүргийг хэлцлээс ялгахгүй дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хуулийн шаардлага барьцаалагч буюу хаан банкнаас гуравдагч этгээдэд өмчөө шилжүүлэхдээ барьцаалагчаас зөвшөөрөл авах талаар хуулийн шаардлага байхгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дүгээр зүйлийн 236.1.3-т зааснаар талуудын өмнөх худалдан худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд урьд төлсөн тэр 44,265,200 төгрөгийг тооцохоор гэрээ байгуулсан байгаа. Бид харилцан, ярилцаж тохиролцоод орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Миний зүгээс Д.д шударга бус хандсан нөхцөл байдал огт байхгүй. Миний байранд 4 жил, 4 сар амьдарч байна. Тухайн гэрээг байгуулахгүй, гарын үсэг зурахгүй байх эрх нь Д..д байсан гэв.
8.Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гомдлын нэг дэх үндэслэлд санал нэг байгаа юм байна. Худалдах, худалдан авах гэрэг хүчин төгөлдөр бусад тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм байна. Шаардах эрхтэй гэрээний үүргээ хариуцагч тал зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж байна. Шүүгчид дотоод итгэлээр буюу гэрээний үүргийг зохих ёсоор биелэгдсэн гэдгийг ямар журмаар яаж хөндөгдөх вэ гэдгийг хэрэгт авагдсан баримтад үнэлэлт дүгнэлт өгөх байх. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны үүднээс гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломжгүй болсон. Үүнийг хууль хэрэглээний алдаа гарсан гэж үзэх үндэслэлгүй, хүчин төгөлдөр бусад тооцсон гэрээний асуудлыг ярьж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хөндлөнгийн дарамт шахалтад автаж, аргагүй эрхэд гарын үсэг зурсан байдаг. Гэрээ хоёр хувь үйлдэгдсэн ч хариуцагчид өгсөн гэрээний хувь дээр зөвхөн А.н гарын үсэг зурагдсан хариуцагч гарын үсгээ зураагүй байдлаар хэрэгт авагдсан байгаа. Нөгөө талаас гэрээг хэд хэдэн хувь үйлдэж, үйлдсэн хувь бүрд гарын үсэг зурах шаардлага хангаагүй нөхцөл байдал илэрдэг тул хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болсон. Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.А., хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан нөхцөл байдлыг анхаараагүй, үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөх замаар шийдвэрт өөрчлөлт орууллаа.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар Г.А. ........ 54 мкв орон сууцыг худалдах тухай зарыг Facebuuk-д тавьсны дагуу Д.Дзараас мэдэж, утсаар ярилцаж харилцан тохиролцсоны дагуу 2021 оны 05 дугаар сард уг орон сууцны үнийг 70,200,000 төгрөгөөр тохирч худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан, үнийг худалдан авагч Д.Д 2021 ондоо багтааж төлж дуусгахаар тохирсон боловч 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөрөөс 44,265,200 төгрөгийг төлж, байрны үнийг бүрэн төлж дуусгаагүй тул Г.Агэрээ цуцлах тухай саналаа Д.Дд шуудангаар бичгээр хүргүүлсэн. Үүний дараа зохигчид 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр биеэр уулзацгаасан ба орон сууц хөлслөх болон орон сууц худалдах, худалдан авах хэлцэлд үнийг нэмэх зэрэг хэлцлүүдийг нэхэмжлэгч талаас гараар бичиж хариуцагчид санал болгосон үйл баримтууд болсон боловч Д.Д төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч Г.А орон сууцны төлбөрт төлсөн 44,265,200 төгрөгийг 4 жилийн хугацаанд амьдран суусны хөлсөнд тооцуулах, орон сууцнаас Д.Дг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж өгөхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцны .... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, ХААН банк Г.А.нарын хооронд байгуулагдсан уг орон сууцыг ипотекийн зээлийн гэрээгээр худалдан авсан тухай гэрээ, зээлийн төлбөр төлөх хуваарь, Г.А.с зээлээ төлдөг тухай түүний ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай Г.А.н мэдэгдэл, түүнийг Монгол шуудан ХХК-иар хүргүүлсэн тухай шуудангийн төлбөрийн баримт, 2024-05-11-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ, Г.А.албаны орон сууцанд амьдардаг тухай гэрээ, албан тушаалтны 2020 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт уг орон сууцыг хөлслүүлсний орлогод 3600,000 төгрөг авсан гэж мэдүүлсэн тухай, зээлийн төлөлтийн тухай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 05 сарын 11-ний өдөр гараар бичиж 2 тал гарын үсэг зурсан гэх хоёр төрлийн хэлцэл, зохигчдын хоорондоо гар утасны мессежээр харилцаж байсан тухай гар утасны гэрэл зураг зэрэгт тус тус үндэслэсэн.
Хариуцагч Д.Д.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж ...орон сууц худалдах худалдан авах гэрээг утсаар ярьж амаар тохирч хийсэн, 2021-2023 онд нийт 44,265,200 төгрөгийг төлсөн, ...2023 оны 05 дугаар сарын 5-нд А.тай Дарханд очиж уулзахад байрны үнэ өссөн тул 35,000,000 төгрөг нэмж 105,200,000 төгрөгөөр тохирсон тухай болгож надаар гарын үсэг зуруулсан, мөн 2024 оны 05 дугаар сарын 11-нд хэлцлээ өөрчилж миний төлсөн мөнгийг орон сууц хөлслөх төлбөрт тооцож, орон сууцыг хөлслөх хэлцэл болгож надаар гарын үсэг зуруулахыг хүссэн би зураагүй, дахин мөн өдрөө хэлцлээ өөрчилж орон сууцны үнийг 2,500,000 төгрөг болгож 06 дугаар сарын 01-ний дотор 90,000,000 төгрөгийг нэмж өгнө гэсэн хэлцлийг хийж надаар гарын үсэг зуруулахыг хүссэн, би зураагүй ...иймд А.с гаргасан орон сууц хөлслөх, орон сууцны үнийг 135,000,000 төгрөг болгосон тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, анх тохирсон 70,200,000 төгрөгийн үнээс төлөөгүй үлдсэн 24,945,200 төгрөгийг төлнө гэж эхлээд маргасан ба хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад ...орон сууцны үнийн 60%-ийг төлсөн тул ....... 54 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү" гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ зохигчдын хооронд 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн Орон сууц хөлслөх гэрээ, Хэлцэл гэсэн гараар бичсэн хэлцэлд хариуцагч гарын үсэг зурагдаагүй хэлцлүүд, хариуцагчаас орон сууцны үнийг нэхэмжлэгчийн харилцах данс руу шилжүүлж байсан тухай банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга зэрэгт тус тус үндэслэсэн.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ...талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан байх талтай боловч гэрээ хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрлөөр хийх байтал зөвшөөрлийг аваагүй зэрэг үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болсон тул 2024 оны 05 дугаар сарын 11-нд байгуулсан Орон сууц хөлслөх, Орон сууцны үнийг нэмэгдүүлж худалдах, худалдан авах гэрээн өөрчлөлт оруулсан Хэлцэл зэрэг нь мөн хүчин төгөлдөр бус гэж үзэж орон сууцыг Д.Д.н эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Г.А.д шилжүүлэх, сөрөг нэхэмжлэлийг мөн энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Д.Д.н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан эс зөвшөөрч ...шүүхийн дүгнэлт нь илтэд буруу болсон, ... нэхэмжлэгч Г.А.нь хариуцагчаас төлсөн 44,265,200 төгрөгийг орон сууцны ипотекийн зээлийн төлөлтөд зориулалтаар нь хэрэглээгүй, сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн агуулга бүхий үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн.
Нэхэмжлэгч Г..А ...зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ нь 2 тал харилцан тохиролцож байгуулсан байхад хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн үндэслэлээр мөн давж заалдах гомдол гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл зохигчид 2021 оны 05 дугаар сард .....54 мкв орон сууцыг Г.А Д.Д.д 70,200,000 төгрөгөөр худалдахаар харилцан амаар тохирсон тул орон сууцыг Д.Д.д хүлээлгэн өгсөн.
Орон сууцны үнийг Д.Д.2021 ондоо төлж дуусгах, төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг Г.А. түүнд шилжүүлэхээр харилцан үүрэг хүлээсэн боловч Д.Д 2021-2023 оны хооронд 44,265,200 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг тохирсон ёсоор төлөөгүй тул Г.А.2024-02-24-ний өдөр гэрээг цуцалж байгаагаа бичгээр мэдэгдсэн, мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн байна.
Үүний дараа зохигчид биеэр уулзаж Орон сууц хөлслөх, орон сууцны үнийг нэмэгдүүлсэн тухай Хэлцэл гэх аман хэлцлүүдийг нэхэмжлэгчээс санал болгосон боловч тохиролцоонд мөн хүрээгүй зэрэг үйл баримтуудад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хариуцагчаас орон сууцны үнэд төлсөн 44,265,200 төгрөгийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан.
6.Талуудын хороонд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууц худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн байна гэж үзнэ.
Хэдий Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх гэж хэлбэрийн шаардлагыг хуульд заасан боловч талууд харилцан тохиролцож хийсэн орон сууцыг Г.А. худалдахаар Д.Д.д өгсөн, Д.Д.төлбөрийн зохих хувийг Г.А.д төлсөн үйл баримтыг талууд хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Энэ нөхцөл байдал нь гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон буюу Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан гэрээ байгуулсанд тооцох нөхцөл бий болсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх зохигчдын хийсэн энэ хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь буруу болсон.
Талуудын хооронд хийсэн худалдах худалдан авах гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц байх тул тэдгээрийн хоронд хуульд заасан хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
Хариуцагч Д.Д.орон сууцны үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч Г.А. 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцалсан тухайгаа бичгээр хүргүүлсэн нь түүнийг гэрээнээс татгалзсан байна гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний аль нэг тал татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг үүссэн тул орон сууцыг Г.А.д буцаан олгож, Г.А.с орон сууцны үнэд төлсөн 44,265,200 төгрөгийг Д.Д.д олгох байдлаар гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаврыг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
7.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бичигдсэн Орон сууц хөлслөх гэрээ, орон сууцны үнийн дүнг нэмэгдүүлсэн тухай Хэлцэл гэх гараар бичигдсэн хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлтэй.
Талууд анхнаасаа л орон сууц худалдах, худалдах авах гэрээг амаар байгуулж, үнийг 70,200,000 төгрөг гэж тогтоосон.
Хариуцагч Д.Д.тохирсон ёсоор байрны үнийг хугацаандаа төлөөгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцлах санал хүргүүлсний дараа гэрээнд өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгчээс хоёр янзаар тавьсан боловч талууд тохиролцоонд хүрээгүй байна гэж үзнэ.
Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгч Г.А.н орон сууцны үнэд Д.Д.с төлсөн 44,265,200 төгрөгийг 2021 оны 05 дугаар сараас одоог хүртэл эзэмшиж ашигласны хөлсөнд тооцуулна гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
8.Хариуцагч талаас гаргасан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохоор шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэсэн нь үндэслэлтэй болсон боловч тогтоох хэсэгт энэ тухай шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлсний дараа орон сууцны өмчлөгчийн эрхийг шилжүүлэхээр тохиролцсон нь талуудын тайлбаруудаар тогтоогдсон, хариуцагч Д.Д. үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон байх тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Г.А. ХААН банк ХК, нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу зээлээ төлж байгаа, зээлийн төлөлтөд саад учраагүй нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон тул хариуцагч талаас гаргасан Д.Д.с орон сууцны үнэд төлсөн мөнгийг банкны ипотекийн зээлийн төлбөрт А. төлөөгүй гэсэн тухай маргаан нь мөн үндэслэлгүй юм.
9.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, нэхэмжлэгч, хариуцагч талуудаас тус тус гаргасан давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасанд хамаарч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 308/ШШ2025/00398 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар .... 54 мкв, улсын бүртгэлийн Ү-0713005296 дугаартай орон сууцыг хариуцагч Д.Д.с орон сууцыг чөлөөлүүлж нэхэмжлэгч Г.А.д олгох, Г.А.с орон сууцны үнэд төлсөн 44.265,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Д.д олгохоор тус тус гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах, хариуцагч Д.Д.с гаргасан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсүгэй гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 70,200 төгрөгүүдийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧ А.САЙНТӨГС