Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч К.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Б-д холбогдох эрүүгийн 1925000210034 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, К.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч К.Б-г 2018 оны 12 сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 18-66 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Зоригтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Б-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна ” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-5-р хуудас/ -Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-16-р хуудас/

-Шүүгдэгчийн согтуурлыг шалгах багажаар шалгасан хуудас /хх-ийн 19-20-р хуудас/ - Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 2-3 тоот хашааны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/

-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 19-20-р хуудас/ -82-83 ОРХ тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон эзэмшигч Б.Отгонбаярын жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 29-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч П.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний 14 цаг өнгөрч байхад Хүрэнбулаг багт байдаг ажлаасаа гараад Эрдэнэ багт байдаг гэррүүгээ явж байсан ба Их залуу багийн самбар өнгөрөөд 3 замын уулзвараар зүүн тийшээ эргэтэл миний машины урдуур саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд миний машины урд талыг баруун талын хойд хаалгаараа мөргөөд уг машин хөндөлсөөд тэнцвэрээ алдсан ба би сандарсандаа баруун тийш нь дартал жалга руу миний машин мөргөсөн Приус машины хамт орчихсон. Ингээд би машинаасаа гартал уг машин хажуу тал руугаа хазайчихсан байхаар нь би хүмүүстэй зүүн талаас нь түлхэж 4 дугуйн дээр нь буулгасан. Улмаар цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн... “ гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/ -Гэрч Т.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн ..”Гэнэт л миний урд талд К.Бүрэнбаатарын машины баруун талаас нь мөргөсөн. Гэтэл мөргөлдсөн 2 машин зэрэгцэж яваад Эрдэнэ баг руу салдаг 3 замын уулзварын урд талын жалга руу орчихсон.Тэгэхээр нь би ойролцоо очоод машинаа зогсоогоод очтол Бүрэнбаатарын машин зүүн талаараа налчихсан байхаар нь хүмүүстэй нийлж түлхэж дугуйн дээр нь босгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ -Насанд хүрээгүй хохирогч Б.Зоригтбаатарын хууль ёсны төлөөлөгч Т.Пагмадуламын мөрдөн байцаалтад өгсөн... замын баруун талд шороо зам хоёрыг голлоод нэг машин зогсож байсан. Тэр үед манай нөхөр дээрх машиныг дөнгөж тойрч гарах үйлдэл хийгээд эргээд эгнээндээ орох үед жолоочийн арын хэсэг рүү араас нь гэнэт хүчтэй мөргөсний улмаас бидний сууж явсан машин чигээрээ явсаар замын урд талд байх жалга руу унасан. Осол гарах үед би жолоочийн урд талын суудал дээр харин хүү маань арын суудал дээр ганцаараа зорчиж явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 52 дугаартай: Б.Зоригтбаатарын биед баруун гарын шуу ясны далд хугарал, баруун гарын богтос ясны мултрал, баруун хөлийн өвдгөнд цус хуралт үүсчээ. Гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын шуу ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун гарын богтос ясны мултрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун өвдгөнд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт... /хх-ийн 46-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 51 дугаартай: Т.Пагмадуламын биед тархи доргилт, духанд шарх, нүүр 2 хөлийн өвдөгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгарал үүсчээ. Гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, духанд шарх, нүүр 2 хөлийн өвдөгөнд цус хуралт, гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт... /хх-ийн 51-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 47 дугаартай: К.Бүрэнбаатарын биед баруун мөрөнд зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл үүсчээ. Гэмтэл мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй”... гэх дүгнэлт... /хх-ийн 57-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 43 дугаартай: П.Отгонбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй”... гэх дүгнэлт... /хх-ийн 61-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 15 дугаартай: К.Бүрэнбаатарын биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй болно.”... гэх дүгнэлт... /хх-ийн 68-р хуудас/ -Ашид Билгүүн ХХК-ний шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн,”... 315 дугаар 18-66 УНЛ тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ нийт 2,674,000 төгрөг” гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 73-76-р хуудас/ -Ашид Билгүүн ХХК-ний шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 310 дугаартай”... П.Отгонбаатарын 82-38 ОРХ тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ нийт 985,000 төгрөг” гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 81-82-р хуудас/ -Ашид Билгүүн ХХК-ний шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1704 дугаартай”... П.Отгонбаатарын 82-38 ОРХ тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ нийт 255,000 төгрөг” гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 86-87-р хуудас/ -Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаартай,... К.Бүрэнбаатарын ВС ангилалын 958176 дугаартай үнэмлэх хүчинтэй байна, П.Отгонбаатарын В ангилалын 578706 дугаартай үнэмлэх хүчинтэй байна. Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг, камерын бичлэг зэргээс үзэхэд 18-66 УНЛ Улсын дугаартай Тоуота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан К.Бүрэнбаатар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 82-38 ОРХ улсын дугаартай Тоуота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Отгонбаатар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл байхгүй байна. Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг, фото зураг зэргээс үзэхэд тормозны мөргүй байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. 18-66 УНЛ Улсын дугаартай Тоуота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан К.Бүрэнбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэл насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь ММ5 150 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтлана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байгаа боловч осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарсан гэх замын нөхцөл байдал нь осол гарахад нөлөөгүй байна. Уг осол нь 18-66 УНЛ Улсын дугаартай Тоуоtа приус маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан К.Бүрэнбаатар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 дэх заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна”гэх дүгнэлт /хх-ийн 92-р хуудас/. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд,камерын бичлэг зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэг шүүдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч К.Бүрэнбаатар нь 2018 оны 12 сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 18-66 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй Б.Зоригтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 12 сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 18-66 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Зоригтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм бурутай байх тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна. Би хавдарын өвчнөөр эмчийн хяналтад байдаг гэжээ. Шүүгдэгч К.Бүрэнбаатарын энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжтэй болгоомжгүй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч К.Бүрэнбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг торгох ялын доод хэмжээгээр хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Шүүгдэгч тодорхой ажил эрхэлдэггүй, өвчний улмаас эмнэлгийн хяналтад, группт байдаг зэрэг байдлууд эмнэлгийн баримтаар тогтоогдсоныг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Пагмадулам шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн болно. Иргэний нэхэмжлэгч П.Отгонбаатар шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд мэдүүлэгтээ “...Бүрэнбаатарын зүгээс 1,200,000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан. Одоо надад ямар нэг гомдол санал байхгүй” гэжээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шань овгийн К.Б-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар К.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Д.АРИУНЦЭЦЭГ