Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/92

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Д.Даваасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 1825008800064 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Б-д 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ж.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 сарын 13-14-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн Зээлийн 2-15 тоотод гэртээ эхнэр Д.Даваасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ба 2011 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б-н мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын 13-14-ний шөнө эхнэр Даваасүрэнгийн толгойг хагалж хөл гарыг нь хөх няц болгосон. Байнга зоддог болохоо хүлээн зөвшөөрч байна. Архи уучихаараа л зодоод байдаг юм. 2018 онд хамрыг нь гэмтээж байсан. Харамсаж гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Даваасүрэнгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: 2009 оноос хойш амьдарч байгаа. 2009 оны 12 сард хүү төрүүлсэн. Дараагийн жилээс нь Б-н харьцаа муудаж захирч зандрах, загнах, түлхэх, цохих зэргээр аашлах болсон. Үг нь пизда янхан гичий гэх нь

амны уншлага болсон. Заримдаа янхан ч гоёдоно гэдэг. Нэг удаа би яагаад янхан гэж дуудах болсоныг асуухад “чам шиг өөрөөрөө төрөөгүй, нүүрэндээ сэвхтэй, олон абортанд орсон хүүхнүүдийг хэлдэг” гэсэн. Ээжийгээ янхан гэж дуудаж байсан тул надад гайхаад байх зүйлгүй байсан. Ээж аавынхаа дэргэд ингэж дууддаг байсан. Эрүүлдээ ч өшиглөж цохино, хажуудаа байгаа юмыг авч шиддэг. Ээж нь намайг “амь бөхтэй” гэдэг. Хүүгээ бодож л тэвчиж ирсэн. Хүү нь аавтайгаа амь нэг, ойр байдаг тул өрөвдөөд байдаг. Архийг нэг уувал хэдэн өдөр үргэлжлүүлэн ууна. Мөнгө нэхэж авч уудаг. Увсын ёс гээд надад заримдаа эхэлж архи өгдөг. 12 сарын тэр өдөр урд өдөр нь архи уусан байсан. Үргэлжлүүлэн уусан. Ээжийн амбаарыг эвдэх гээд байхаар нь би боль гэхэд намайг цохиж унагасан. Цонх хаалга нүдэж эвдсэн. Гартаа отверка барьсан байсан. Толгой руу цохиж цус урссан. Би гарч гүйж хажуу айлын хүн цагдаа дуудсан. Би Улаанбаатарт 1-р эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Хамар  мурийж нүдний уг гэмтсэн. Ойлгох болов уу гэж олон жил харсан. Орон дотроо ч хатуу ширүүн дарамттай байдаг. Цагдаа дуудахаар улам бүр ширүүсдэг. Мөнгө авчрахаар тэр нь эргээд дарамт болдог. Байнга л өшиглөж нударч ёворч явдаг. Цаашид тэвчиж чадахгүй. Нүүр ам ёровгор доровгор шарх сорвитой болсон. Цаашид ч эмчлүүлнэ. Гомдолтой гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 14-15-р хуудас/          

-Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбатын... “Манай аав Б байнга шахуу архи уудаг. Архи уухаараа их муухай болдог бөгөөд манай ээжийг ална шүү муу гөлөг минь гэж зоддог. Манай ээжийг архи уух болгондоо зоддог бөгөөд ээжийн нүүр, гар хөл нь байнга хөхөрсөн явдаг юм. Тэгээд манай ээжийг бас архины шилээр цохьдог бөгөөд ээжийг архи уу гээд архи хийж өгөөд уулгаад байдаг юм. Би ээжийг зодоод байхаар ааваа болиочээ гэж уйлдаг боловч намайг ерөөсөө тоохгүй зодоод байдаг юм. Заримдаа манай ээж гэрээсээ гараад зугтаадаг бөгөөд би бас гэрээсээ гараад хойно байдаг эмээгийн гэрт ордог юм. Би хэзээ, хэзээ зодсоныг хэлж мэдэхгүй байна. Архи уух болгондоо ээжийг зоддог бөгөөд намайг бол үе үе зоддог юм. Манай ээж намайг Улаанбаатар хотод сургуульд оруулж өгсөн бөгөөд би Улаанбаатар хотод байгаадаа баяртай байгаа. Энд би гэртээ байхаасаа айж байна. Аав архи уугаад ээжийг зодоод намайг айлгаж байгаа болохоор надад хэцүү байдаг юм”... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

-Гэрч Д.Даваа-Энхийн... “Манай эгч Даваасүрэн Б-тай суугаад 10-аад жил болж байна. Энэ хугацаанд Баттулга байнга архи дарс ууж гэр орондоо агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ зодож танхайрч ирсэн. Баттулга мөнгө олдох юм бол архи уудаг бөгөөд архийг дандаа ганцаараа уудаг. Тэгээд согтохоороо эхнэрээ зодож танхайрч зугаагаа гаргаж байдаг. Манай эгч Даваасүрэнгийн нүүр, ам, биеийн бусад хэсэг нь байнга хөхөрсөн байдаг. Заримдаа зодуулаад босож чадахгүй хэвтэрт орсон байдаг. Би архи уугаад агсам согтуу тавьж манай эгчийг зодож байхад зөндөө удаа орж хэрүүл хийж байсан. Тэгээд цагдаа дуудах сургаар зугтаад яваад өгдөг юм. Одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, ямарч байсан байнга зодож байдаг. Сүүлдээ бараг зодуулж байх ёстой юм шиг болсон. Сүүлд санаж байгаагаар 2018 оны 12 дугаар сарын эхээр Даваасүрэн эгч Баттулга зодоод байхаар нь манай гэрт орж ирээд унтаж байсан чинь араас нь архины шил барьж орж ирээд хамрыг нь сэт цохиж байсан, би хамгаалаад дийлээгүй юм. Тэгээд дараа нь хэд хоногийн дараа ажлаа тараад ирсэн чинь манай эгчийн тархи толгой нь хагарчихсан байж байсан бөгөөд төмөрөөр Б цохьсон гэж хэлж байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

- Гэрч О.Кадалбекийн... “Манай аавын гэр Баянбулаг багийн Зээлийн 2-15 Б тоотод байдаг юм. Манай баруун талын хаалга буюу 15-А тоотод Б гэдэг залуугийн гэр нь байдаг хөрш айл гэдэг утгаар нь танина. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би аав Олимпадын хамт гэртээ байж байхад аав город ороод ирье гээд хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгээд тун удалгүй буцаад аав ороод ирсэн. Тэгэхээр нь би аавыг яасан гэсэн чинь хажуу айлын Даваасүрэн цус нөжөө гоожуулаад манай хашаанд ороод ирсэн байна гэж хэлсэн. Баттулга зодоод тархийг нь хагалсан гэнэ гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгэхээр нь би аавын араас гараад харсан чинь Баттулгын эхнэр Даваасүрэн манай гражын хажууд толгойноос нь цус гараад цус болчихсон зогсож байсан. Тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь Баттулга төмрөөр гэлүү нэг юмаар цохьсон гэж хэлээд цагдаа дуудаад өгөөч гэж манай  аавд хэлсэн. Тэгээд манай аав хальт гараад цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь цагдаа дуудсан юм бол одоо ирэх байх цагдаа иртэл манайд ороод байж байх юм уу гэсэн чинь яах юм бэ танайд гай болж магадгүй гээд гражны хажууд зогсоод байсан бөгөөд Баттулга хашаан дотроо Даваасүрэн пизда гээд хашгираад байсан юм...Ер нь хамт нийлж архи уугаад хоорондоо хэрэлдэж Баттулга эхнэр Даваасүрэнг зоддог. Даваасүрэнгийн нүүр нүд байнга хөх няц болсон явдаг юм”... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/

-Гэрч С.Алтанцэцэгийн... “Би Орхон аймгийн Баянбулаг багт хэсгийн ахлагч ажил хийдэг. Зээлийн 2 дугаар хэсгийг 18 жил хариуцан ажиллаж байна. Би Баттулгын гэр бүлийг хэсгийн ахлагчийн хувиар танина. Энэ хоёр байнга шахуу нийлж архи уудаг. Нэг ажил хөдөлмөр хийгээд хэдэн төгрөг олохоороо архи уучихдаг юм шиг байна лээ. Тэгээд хоорондоо хэрэлдээд Баттулга эхнэрээ зоддог юм. Хааяа таарахаар Даваасүрэнгийн нүд, нүүр нь хөхөрсан явдаг юм. Би тааралдаад уулзахаар Даваасүрэн Баттулга ажил хийгээд хэдэн төгрөг олж ирээд архи уугаад тэгээд намайг зодчих юм гэж хэлдэг. Даваасүрэн нэг удаа надтай ирж уулзаад Баттулга намайг зодоод машинаар хөөсөн гээд уруул нь хавдсан орж ирсэн, тэгэхээр нь би цагдаад өг гээд хэлээд явуулж байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

-2018 оны 12 сарын 18-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн...Д.Даваасүрэнгийн биед духанд шарх, нүүр, хоёр чихний дэлбээ, хоёр гарын бугалга, нуруу, цээж, хоёр хөлийн гуя, шилбэнд олон тооны цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Духанд шарх, нүүр, хоёр чихний дэлбээ, хоёр гарын бугалга, нуруу, цээж, хоёр хөлийн гуя, шилбэнд олон тооны цус хуралт нь 2018 оны 12 сарын 13-ны өдөр үүссэн байхаар байна”... гэх дүгнэлт /37-38-р хуудас/

       -Баянбулаг багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 85-р хуудас/.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн шинжээчийн дүгнэлт зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн Зээлийн 2-15 тоотод гэртээ эхнэр Д.Даваасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн  зодож биед нь духанд шарх, нүүр, хоёр чихний дэлбээ, хоёр гарын бугалга, нуруу, цээж, хоёр хөлийн гуя, шилбэнд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан ба 2011 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодож биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл үүсгэсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Баттулгын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчирхийлэл үйлдэн байнга зодох гэмт хэргийн шинжтэй, санаатай ,бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй зүйлчлэл зөв, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдсон байна гэж дүгнэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 сарын 13-14-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн Зээлийн 2-15 тоотод гэртээ эхнэр Д.Даваасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ба 2011 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Хуучин гэмтлүүд илэрсэн. Эмэгтэй хүнийг хөнгөн хувцас өмсөх боломжгүй болтол дарамталдаг. Авчирсан цалингаа эргэж нэхэж архи ууж дарамталдаг. Шүүгдэгчийн буруу хангалттай тогтоодсон тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугаа хүлээж байгаа. Гэм буруугийн талаар маргаангүй. Шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн, анх удаа хэрэгт холбогдсон, гэмшиж байгаа зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэнэ үү. Ээж нь элгээ тайруулсан одоо дахин хагалгаанд орох гэж байна. Эдгээр байдлыг харгалзана уу гэжээ.

Хохирогч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ:10 жил хамт амьдрахдаа нэг ч удаа намайг сонсож байгаагүй. Байнга доош нь хийж байсан. Хүнтэй уулзахдаа ч “ишш манай энэ халтар”гэх жишээний. Орон дотроо ч дарамталж байдаг. Би хүнтэй уулзахдаа ч нүүр амнаасаа ичдэг. Нил шарх сорви. Нэр хэлэхдээ ч байнга доромжлол дагуулдаг. Надад итгэл үнэмшил алга гэжээ.

Шүүгдэгч Ж.Баттулгын гэмт үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч шүүхэд нийт 716,390 төгрөгний хохирлын баримт гаргаснаас эмнэлгийн шинжилгээ оношлогоо, эм тарианы зардал 319,019 төгрөгийг шүүгдэгчээс төлүүлэхээр шийдвэрлэв. Харин 162,300 төгрөгний замын зардал болон шатахууны зардлын баримт нь хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд холбоотой болох нь үндэслэлтэйгээр нотлогдохгүй, мөн албумин тарианы 235,000 төгрөгний баримт нь хохирогчийн эмчилгээнд хэрэглэгдсэн үндэслэл нь эмчилгээний баримтаар давхар нотлогдохгүй байна. Иймд 162,300 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 235,000 төгрөгний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд завсарлага авч хохирогчид 320,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй,48 цаг албадан саатуулагдсныг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 162,300 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 235,000 төгрөгний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж хэлэлцэхгүй орхисугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ