Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 202/МА2025/00022

 

 

 

 

 

 

2026 09 26 202/МА2025/00022

 

И.н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 308/ШШ2025/00501 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч:  И.н нэхэмжлэлтэй,

хариуцагч: ДГАШШ

ДГШШ 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/582 тоот мэдэгдлээр үнэлгээ тогтоосон улсын бүртгэлийн ... дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/02 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М.н давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э., А.Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э.ний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00184 дугаартай захирамжаар Б.З.с 236,575,000 Төгрөгийг И.-д олгохоор, барьцаа хөрөнгө болох 320 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг ДГАШШШ газрын 25 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.М явуулж байна. Дээрх дурдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ 800,000,000 төгрөг, түүнээс доош үнэлгээтэй байдаг байхад ДГАШШ нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 03/582 тоот мэдэгдэлдээ /2025 оны 4-р сарын 21-нд хүлээн авсан/ Б.З. дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт дээгүүр буюу 2,027,788,510 төгрөгөөр үнэлсэн байна. Ийнхүү үнэлгээг тогтоосон нь зах зээлийн ханшид нийцэхгүй, үнэлгээг тогтоохдоо тухайн барилгын бодит байдлаас зөрүүтэй/ 136/Ш32023/00184 дугаартай шүүгчийн захирамж болон ...тоот үл хөдлөхийн гэрчилгээ дээр 320 метр квадрат гэсэн байхад ДГАШШ томилсон үнэлгээчин үнэлгээг гаргахдаа 640 метр квадратаар тооцож үнэлгээ гаргасан/ байх бөгөөд тус Үнэлгээний олон улсын стандарт (YОУС) болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй байгаа нь энэхүү үнэлгээгээр дуудлага худалдааны анхны үнийг тогтоовол төлбөр авагч И.н эрх ашгийг ноцтой зөрчихөөр байна. Иймд ДГАШШГ газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/582 тоот мэдэгдэлд дурдсан Б.З.н өмчлөлийн Ү-071300584 тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө.н татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б..З...-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн .. 320 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авах мэдэгдлийг өгөхөд төлбөр төлөгч Б.З. нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2.000.000.000 /хоёр тэрбум/ төгрөгөөр, төлбөр авагч И.нь 500.000.000 /таван зуун сая/ төгрөгөөр үнийн санал ирүүлж, талууд харилцан тохиролцоогүй тул 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23080130/11 дугаар Шинжээч томилох тогтоолоор үнэлгээ тогтоолгохоор Болор үнэлгээ ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгоход 2.027.788.510 /хоёр тэрбум хорин долоон сая долоон зуун наян найман мянга таван зуун арав/ төгрөгөөр үнэлснийг талуудад танилцуулсан. Төлбөр авагч И.д үнэлгээний мэдэгдлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албаны ...дугаараас гүйцэтгэх захирал А.Э.9... дугаар луу залгаж болон...дугаар viber хаягаар шинжээчийн дүгнэлтийн хамт явуулж мөн тус өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. "... түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан байдаг тул дээрх хөрөнгийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/02 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч талуудад 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлт үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т зааснаар нэхэмжлэгч И. нэхэмжлэлтэй, хариуцагч ДГАШШГ холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/582 тоот мэдэгдлээр үнэлгээ тогтоосон улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болонДГАШШГГ газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/02 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДГАШШГГ"-аас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "И..-д олгож,

Зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө төлөөлөгч Г.М.н гаргасан давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үл хөдлөх хөрөнгөд өмнө нь Хаан үнэлгээ компанийн Г гэдэг шинжээчийг томилж оролцуулахад хоёр тэрбум нэг зуун хорин нэгэн сая төгрөгөөр үнэлэгдэж орж ирж байсан. Сая Б үнэлгээ компаниар тогтоолгоход мөн адил хоёр тэрбумаар давхар үнэлэгдсэн. Үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргадаггүй. Үнэлгээний компаниар гаргуулсан учраас шинжээчийг оролцуулж үнэлгээг ямар аргачлалаар үнэлснийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрччихсөн байгаа юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу 2022 онд батлагдсан хууль хийгээд түүнийг дагаж гарсан уг маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг хийхтэй холбогдуулаад нарийвчлан зохицуулсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалыг баталсан Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалд заасан журмыг тус тус зөрчсөн гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах үндэслэл мөн.

2.Тодруулбал И-иас Дорноговь аймаг дахь ШШГГ холбогдуулан ...Б.З.н өмчлөлийн ...дугаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх буюу нэхэмжлэлдээ ДГАШШГГ гүйцэтгэх газрыг хариуцагч гэж тодорхойлсон.

Анхан шатны шүүх энэ үндэслэлээр И-ийн нэхэмжлэлтэй, ДГШШ газарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахаар шийдвэрлэсэн ч нэхэмжлэлийн хувийг хариуцагч болох хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны бүрэн эрх олгогдоогүй, итгэмжлэлгүй этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх талаар хуульчилсан ба үүнд хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд нь өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримтыг шүүхэд үзүүлнэ гэжээ.

Хэрэгт авагдсан баримтыг үзвэл төлөөлөл буюу итгэмжлэл олгогдоогүй этгээдэд нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулсан байна.

Хэдийгээр хариуцагч ДГШШШ-н Т.Х.с 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 01/1143 дугаар бүхий ...ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Н.Ө, 32 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Мнарт төлөөлөх эрхийг олгосон баримт болох итгэмжлэл хэрэгт байх боловч энэ нь хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан хугацаа болох 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш байх тул төлөөлөл олгогдсон эрх бүхий этгээдүүдэд нэхэмжлэлийн хувийг гардуулсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй, түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, хариу тайлбарыг аваагүй учир итгэмжлэл олгогдоогүй этгээдээс гаргасан хариу тайлбар, татгалзлыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм.

3.Түүнчлэн Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ...2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 136/ГХ2023/00043 дугаар гүйцэтгэх хуудасны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлтийг хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн талаарх эрх зүйн актыг гарган танилцуулснаар талуудын тэгш эрхийг хангах үүрэгтэй ба энэ үүргийг хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зөрчлийн тухайд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба үүнтэй холбоотой шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэх учиртай.

Мөн Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй, хариуцагч тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөөгүйн зэрэгцээ анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримт болох ...шинжээч оролцуулж, нотлуулах шаардлагатай тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нь тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 163.3-т заасныг зөрчсөн байх тул эдгээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 308/ШШ2025/00501 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН

 

ШҮҮГЧИД А.САЙНТӨГС

 

Н.БОЛОРМАА